| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/161 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 15.5.3., 20.14.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Д.Ариун-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд /цахимаар/, Э.Ганбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Бадамхандад холбогдох 2316002170037 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Увс аймгийн ****** сумд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг *** хороо ****** *** гудамж ** тоотод хаягийн бүртгэлтэй, одоо ******* аймаг ****** сумын *** байр *** хороолол *** байр *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, З овогт Н.Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “эм худалдах ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон”, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “мизопростол” эмийг амь хохирогч С.Н-д 600,000 төгрөгөөр худалдан борлуулсан, мөн 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 6 сартай жирэмсэн амь хохирогч С.Н-д хэрхэн хэрэглэх зааврыг фэйсбүүк /facebook/ нийгмийн сүлжээнд өөрийн ашигладаг “******” хаягийн хувийн мессенжер болон гар утсаараа өгч хэрэглүүлсний улмаас умайн хөндийгөөс цус алдаж нас барсан болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө би жолоонд сурдаг байсан. Тэгээд өглөө 08 цаг 30 минут гээд жолоо руугаа яваад очоод байж байтал 10 цаг өнгөрч байсан байх манай нөхөр залгаад “...Н эгч сонин болчихлоо гялс хүрээд ир...” гэсэн. Тэгээд би ханиад хүрсэн байх гэж бодсон. Урд өдөр нь жоохон ханиад хүрсэн байсан. Тэгээд татсан юм байх гэж бодоод санаанд ч ороогүй. *****-ээс алхаад гэртээ ирэхэд гэрийн үүдэн дээр эмнэлгийн машин ирсэн байсан. Намайг гэр рүү оруулаагүй. Утаснаас нь Б-тэй чаталсан чатыг харсан. Цагдаа ирээд гэр рүү нь ороход зүүн талынх нь орон дээр манай эгч цус нөж болсон байсан ... Манай эгч бага насны буюу 10 настай, 3 настай хоёр хүүхэдтэйгээ, манай ахтай гээд дөрвүүлээ амьдардаг байсан. Тэр үед манай ах ******** сум руу идшээ хийх гээд явсан байсан. 10 дугаар цэцэрлэгт ажилладаг байсан. Өмнөх өдөр нь орж ирээд “...би маргааш ажилдаа явахгүй 3 хоног амарна...” гэсэн. Тэгэхээр нь “...тэг амраад ав...” гэсэн. “...Маргааш өглөө хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй унтана...” гэж хэлсэн учир би өглөө сэрээгээгүй шууд явсан...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Шүүгдэгч Н.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... Би “********” гэсэн фэйсбүүк хаяг нээж байгаад тэр групп дээр “эм авна” гээд бичсэн чинь “эм зарна” гээд Т гэдэг хүн холбогдож орж ирсэн. Тэгээд тэр хүнээс 750,000 төгрөгөөр эм худалдаж авсан. Өөрөө аяндаа зулбачихсан учраас эмээ хэрэглэхгүйгээр өөртөө байлгаж байгаад ****** руу зар бичих гээд ********* гэдэг фэйсбүүк рүүгээ орсон чинь “...эм авна, зарна...” гэсэн групп дээр “...эм авна...” гэсэн пост байхаар нь “эм зарна” гээд биччихсэн. Тэгээд талийгаач Н холбоо барьсан. “...хэдэн сартай жирэмсэн бэ...” гэхэд “...4 сартай, 5 сар руу дөхөж байгаа...” гэж хэлсэн. Өөрийнхөө мэдлэгийн хүрээнд “...эмийг ийм ийм хүнд хэрэглэхгүй шүү...” гэж зөвлөгөө өгсөн. Надаас “...дугаараа өгчих...” гээд дугаар авсан. Надтай холбогдоод амьдралынхаа тухай ярьсан, “...би 2 хүүхэдтэй нөхөргүй, одоо жирэмсэн байна надад туслаач...” гэсэн. Би “...эмнэлгийн хүний хажууд хэрэглэнэ, хажууд чинь хүн байна шүү...” гэж хэлсэн. Би юу ч бодож санаагүй тус болъё л гэж бодсон. Өөрөө бас жирэмсэн болж байсан болохоор ойлголцоод, юу ч бодоогүй муу санаа ч байхгүй дансаа өгөөд эмээ авсан. Фэйсбүүкээр холбогдоод дүрсээ харж ярихад хажууд нь нэг хүн байсан. Тэгээд “...чи ямар хүнтэй байгаа юм бэ, эмнэлгийн хүнтэй хамт байж хэрэглэнэ...” гэж хэлсэн. Тэгэхэд “...хамт хүн байгаа эмээ зарчих...” гэж хэлсэн ... Би угаасаа энэ үйл явдалд гэмшиж байна. Надад өөрийгөө өмгөөлөөд байх шаардлага байхгүй. Би угаасаа эм зарсан, тэр эмнээс болоод хүний амь нас эрсдчихсэн болохоор нэг их өөрийгөө өмгөөлөөд байх шаардлага байхгүй. Зүгээр л үйл явдлын талаар ярьж байна. Утсаар ярихад “...энэ хүүхдийн аав, миний хоёр хүүхэд...” байна гэж хэлсэн. Тэгэхэд хажууд нь хүн шивнэж ярьж байгаа нь сонсогдож байсан. Над руу яриад “...эмээ хүлээгээд авчихлаа...” гэсэн. Тэгээд дугаараа нууцалж залгаад “...чи мэдэх чадах хэмжээндээ зөвлөгөө өг, чи эмнэлгийн хүн учир мэдэж л байгаа байх, зөвлөгөө өг тэгэхгүй бол дансаар чинь мөнгө орж гарсан. Би чиний ажлыг чинь мэдэж байгаа, фэйсбүүкийн зураг бүгд байгаа...” гэсэн. Тухайн үед би ажилтай байсан учир ажлаасаа айгаад “...би мэдэх чадах хэмжээндээ зөвлөгөө өгнө, ямар нэгэн юм болбол чи эмнэлэгт хандана шүү...” гэж хэлсэн. Тэгээд эм хэрэглэхдээ ингэж ингэж хэрэглэнэ гэдэг зааврыг өгсөн. Тэр бол үнэн. Надад доошоо цус алдлаа гэж хэлээгүй. Би “...доошоо цус гараад байгаа юм уу...” гэж асуухад “...үгүй цусархаг салиа гарч байна...” гэсэн. Бид хоёр байнга утсаар ярьж байсан. “...Одоо яаж байна...” гэхээр “...би зүгээр байна, дөхүүлж байгаад эмч дуудна, чамд гай болохгүй...” гэж ярьсан. Шөнөжин утсаар ярьсан. Тэгээд үүрээр миний нойр хүрээд унтсан байсан. Гэхдээ тэр хооронд 30, 40 минут л унтсан байх. Тэгээд залгаад утсаа аваагүй, 5 цаг өнгөрч байхад “...би зүгээрээ, сая ухаан алдаж унасан байна...” гэсэн. Тэр үед “...чи дуудлага дуудчих...” гэж зөндөө хэлсэн. Тухайн үед “...хэнтэй байгаа юм бэ?...” гэхэд “...хоёр хүүхэдтэйгээ байна. Хүүхдийн эцэг нь ирнэ...” гэж хэлсэн. Хажууд нь том хүн байсан бол ийм зүйл болохгүй байсан байх...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3. Гэрч Э.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 12 минутад ****** ***** тоотод эмэгтэй хүн унтаад сэрэхгүй байна гэсэн дуудлагыг хажуу айлын А гэх хүн өгсөн. Дуудлагын дагуу очиж гэрт нь ороход гэр нь хүйтэн, нойлын суултуурт хар уут углаж түүний дотор их хэмжээний цус болон нөж, хулдаас дээр цус болон өтгөн, шингэн зүйл асгарсан, зүүн талын орон дээр ягаан халаадтай эмэгтэй хүн баруун тийш харж хэвтсэн байрлалтай байсан. Биед ил харагдах шарх сорви үгүй, бүх бие цонхигор цагаан, хэвлий хэсэг болон гар, өмд, хөнжил дэвсгэрийн даавуу нь цус болсон. Биед үзлэг хийхэд амин үзүүлэлт пульс болон даралт хэмжигдэхгүй, шуунд лугшилт тэмтрэгдэхгүй, зүрхний авиа сонсогдохгүй, хүүхэн хараа өргөссөн, бүх бие хөрч, хурууны үзүүрээс хөхөрч эхэлж нас барсан байдалтай байсан. Үзлэг хийж дуусчихаад эргэж харахад зуухан доогуур 6 ширхэг ууж дуудсан мизопростол эмийн капсул байсан ... Мизопростол эм нь зулбуулах, төрсний дараа цус тогтоохоор хэрэглэдэг. Энэ эм нь эмэгтэйчүүдийн эмчийн заавраар эмчийн хяналтад уудаг эм байгаа юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/
4. Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай хадам эгч Н манай хоёрынх нэг хашаанд байдаг юм. Тэгээд манай охин тэднийд орох гэхэд хаалга нь цоожтой байхаар нь цохиход тэдний том охин Э хаалга нээж өгсөн гэсэн. Тэгсэн хоёр охин орж ирээд ээж сэрэхгүй байна татаад нүд нь нээлттэй байна гэхээр нь би тэднийд ороход зүүн талын орон дээрээ нүд нь хагас нээлттэй юм шиг байхаар нь очиж татаж үзэхэд бие нь хөрсөн байдалтай байсан тул шууд нэгдсэн эмнэлгийн 103 дуудлага өгсөн... Өглөө охин Э-с юу болсон талаар асуухад “...ээж шөнө унтаж байхад унахаар нь би босож орон дээр нь гаргачихад газарт болсон цусыг нь цэвэрлэх гэхэд “ээж нь өглөө босоод цэвэрлэнэ чи унт” гэхээр нь унтаад өгсөн...” гэж хэлсэн... Манай хадам эгч 10 настай охин Э, 3 настай хүү А, төрсөн ах Ж нарын хамт амьдардаг байсан ... Талийгаач 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу өчигдөр 19 цагийн үед манайд байж байгаад гэртээ орж унтлаа гээд гарсан 2 хүүхэд манайд тоглож байгаад 22 цагийн орчимд одоо цэцэрлэгтээ явна А-г орж унт гэхэд охин Э нь А цэцэрлэгт явахгүй ээж ажилдаа явахгүй чөлөө авсан гэж хэлээд гэр рүүгээ орсон юм. 2 хүүхдээ гэртээ ороход ээж нь унтаагүй байсан гэсэн... Өглөө гэрт нь ороход том хүний бие засдаг суултуур нь дотор нэлээн цус болсон газарт цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 86 дугаар хуудас/
5. Гэрч Ц.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... С-н Н нь манай амаржих газраар үзүүлээгүй байсан ... Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаар тушаалын “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын” нэгдүгээр хавсралтад 433 дугаартай 22.7 Окситоцин болон умайн булчин агшаах эмүүд мизопростол шахмал, 200 мкг эм байдаг ... Мизопростол эм нь умайн булчинг агшаах зорилгоор болон жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт хожуу хугацааны зулбалтын үед Эрүүл мэндийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/387 дугаартай тушаал Үр хөндөлтийг зохицуулах журмын дагуу хийдэг ... Мизопростол эмийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хэрэглэнэ... Тус эмийг эмчийн жороор болон жоргүйгээр олгохгүй, нийтийн үйлчилгээтэй эмийн санд худалдан борлуулахгүй гэж Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаар тушаалын “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын" нэгдүгээр хавсралтад тусгагдсан байдаг ... 6 сартай жирэмсэн байсан байна ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/
6. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, шинжээч эмч Т.А 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаартай “... Амь хохирогч С.Н-н цогцост гэмтэл тогтоогдсонгүй... Талийгаач С.Н нь 24-25 долоон долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд мизопростол эмийн шалтгаант цагаас өмнө ураг зулбаж, умайн хөндийгөөс цус алдаж нас барсан байна...” гэх агуулга бүхий дүгнэлт./1-р хавтаст хэргийн 95-98 дугаар хуудас/
7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас/
8. Амь хохирогч С.Н-н гар утсанд үзлэг хийж шүүгдэгч, хохирогч нарын харилцан бичсэн мессежийг бэхжүүлэн авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 36-46 дугаар хуудас/
9. Амь хохирогч С.Н шүүдэгч Н.Б эзэмшлийн ХААН банк дахь ********* дугаартай дансанд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “*******” гэх утгаар 600,000(зургаан зуун мянга) төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга. /1-р хавтаст хэргийн 148 дугаар хуудас/
10. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 217 дугаартай “... Н.Б /РД:**********/ нь ЭБ****** сери, ********* дугаарын эх барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/207 дугаар тушаалаар 5 жилийн хугацаатай сунгуулсан байна ...” гэх агуулга бүхий албан бичиг. /1-р хавтаст хэргийн 67 дугаар хуудас/
11. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 229 дугаартай “...Н.Б /РД:**********/-д эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон талаарх мэдээлэл одоогүй болно ...” гэх агуулга бүхий албан бичиг/1-р хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол...” гэж, 3 дахь хэсгийн 3.1-т “...энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Б умайн булчин агшаах үйлчилгээтэй эм болох “мизопростол” эмийг амь хохирогч С.Н-д худалдаж, тухайн эмийг үр хөндөх зорилгоор хэрхэн хэрэглэх талаарх зөвлөгөө зааварчилгааг утас болон өөрийн фейсбүүкийн хувийн мессенжерээр өгч хэрэглүүлсний улмаас хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон”, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогчийн нас барах ” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангана гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, 1. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно” гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.19-т “эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу явуулахаар тус тус зохицуулжээ.
Гэтэл шүүгдэгч нь дээрх хуулиудын дагуу төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрөлгүй атлаа бусдад үр зулбуулах үйлчилгээтэй эмийг худалдан борлуулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан хууль бусаар эм худалдах гэмт хэргийн үндсэн шинж хангагдах бөгөөд уг эмний үйлчлэлийн улмаас хүн нас барснаар хүндрүүлэх шинж хангагдана.
Шүүгдэгч хууль бусаар эм худалдсан үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлах гэдэгт заавал Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон шинжийг мэдсэн байхыг шаардахгүй бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдлыг оюун санааны бүрэн эрх чөлөөний үндсэн дээр ойлгож, тухайн үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хууль бус мэдрэмжийг ухамсарлаж байхад хангалттай гэж үздэг.
Аливаа эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, түгээх үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж болохгүй гэдэг нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтний хувьд зайлшгүй мэдэж байх ойлголт юм. Ийнхүү үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж мөнгө олох зорилгоор бусдад эм худалдсан нь үйлдлийнхээ үр дагаврыг хүсэж үйлдсэн шинжийг хангаж байгааг илэрхийлж байна.
Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн тухайд, хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч эм худалдсан үйлдэлдээ санаатай хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Амь хохирогч С.Н нь 24-25 долоон долоо хоногтой буюу 6 сартай жирэмсэн байсан тул Үр хөндөлтийг зохицуулах журмын 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хожуу үеийн үр хөндөлтөд” хамаарч байна. Тус журмын 4 дэх хэсэгт заасны дагуу хожуу үеийн үр хөндөлтийг мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр жирэмслэлт нь эхийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон, ургийн эмгэг нь амьдралд үл нийцэх гажиг болох нь тогтоогдсон, 18 хүртэлх насны охид өөрөө хүсвэл эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, 40-өөс дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл, цусан төрөл ойртсон нь нотлогдсон, бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэлсэн тохиолдлуудад зөвхөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амаржих газар, Бүсийн оношилгооны төв, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээтэй эмч үр хөндөх ажилбарыг хийхээр журамласан бөгөөд дээрх тохиолдлуудаас бусад тохиолдолд жирэмсний хожуу хугацаанд таслахыг хориглосон байна.
Мөн Монгол улсын стандарт MNS5488:2019 буюу “Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ”-ний стандартын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эмээр ураг зулбуулах нь үр хөндөлтийн нэг арга болохыг тодорхойлж түүнд тавигдах стандартын шаардлагыг тогтоожээ. Уг стандартын дагуу холбогдох зөвшөөрөлтэй эмнэлгийн байгууллага, мэргэжлийн эмч стандартад заасан орчин нөхцөлд, зохих аргаар үр хөндөхийг зөвшөөрчээ. Энэ стандартаар хангагдаагүй нөхцөл байдалд үр хөндөх ажиллагааг хийх нь хууль бус үр хөндөх гэмт хэрэг гэж үзэх бөгөөд тусгай зөвшөөрөлгүй хүн үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн авч үзэхээр Эрүүгийн хуульд тодорхойлжээ. Хэдийгээр шүүгдэгч нь ****** дугаартай эрүүл мэндийн яамнаас олгосон эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч энэ зөвшөөрөл нь сувилагч мэргэжилтний хувиар эх барих эмчийн удирдлагад уг үйл ажиллагаанд оролцох зөвшөөрөл гэж ойлгох бөгөөд бие даан үр хөндөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл уг стандартын 6.4 дүгээр зүйлд “эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эмч үр хөндөх ажилбарыг хийнэ” гэж заасан бөгөөд үүнээс бусад тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар хийгдсэн ажиллагаа гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Б нь хохирогчид эмийн аргаар үр хөндөхөд ашигладаг “мизопростол” эмийг ямар нөхцөлд, хэрхэн хэрэглэх талаарх зааврыг дээрх журам болон стандартад зааснаас өөр байдлаар өгсний улмаас амь хохирогч С.Н нь мизопростол эмийн шалтгаант цагаас өмнө ураг зулбаж, умайн хөндийгөөс цус алдаж нас барсан тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ. Шүүгдэгч Н.Б хууль бусаар эм худалдсан, хууль бусаар үр хөндсөн үйлдлүүд дээрх гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан, хуурамч эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн-экспортолсон, импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан, түгээсэн бол” гэж, мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол” гэмт хэрэгт тооцохоор заажээ. Энэ нь хориглосон, зөвшөөрөөгүй, хугацаа дууссан, хуурамч эмийг тусгай зөвшөөрөлтэй ба зөвшөөрөлгүй худалдсан бүх тохиолдлыг гэмт хэрэг гэж үзэхээс гадна хориглоогүй, зөвшөөрөгдсөн, хугацаа дуусаагүй, хуурамч биш эмийг тусгай зөвшөөрөлгүй худалдвал гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан хоёр тусдаа гэмт хэргийн тухай ойлголт юм.
Шүүгдэгчийн амь хохирогчид худалдсан “мизопростол” эм нь хүний эмчилгээнд гагцхүү эмнэлгийн нөхцөлд, эмчийн хяналт дор хэрэглэгдэхийг зөвшөөрөх бөгөөд уг эм нь хугацаа дууссан, хуурамч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй байна. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “...мизопростол эм нь хүний эмчилгээнд хэрэглэхийг хориглоогүй, зөвшөөрөгдсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгуулах ...” агуулгатай дүгнэлтийг хангаагүй болно. Түүнчлэн шүүгдэгч нь амь хохирогчийн жирэмсний хугацаан дээр төөрөлдсөн эсэх нь түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль бусаар үр хөндөх гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэдгийг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэх агуулга бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /1-р хавтаст хэргийн 174 дүгээр хуудас/
2. Нас барсны ********** дугаартай гэрчилгээний хуулбар/1-р хавтаст хэргийн 53 дугаар хуудас/
3. Говь-Алтай аймгийн **** сумын 1-р багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/40 дугаартай “... ****** овогт ****** нь ам бүл 3 ******** багт оршин суудаг нь үнэн болно...” гэх агуулга бүхий албан бичиг./1-р хавтаст хэргийн 52 дугаар хуудас/
4. Н.Э, Н.А нарын төрсний гэрчилгээний хуулбар. / 1-р хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/
5. ******* аймгийн ******** сумын ***** багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаартай “... С.Б нь 5-17 тоотод ам бүл зургуулаа нөхөр, хүүхдүүд, бүтэн өнчин 2 зээ дүүгээ асран хамгаалж амьдардаг нь үнэн ... С.Б нь тодорхой эрхэлсэн ажилгүй нь үнэн болно ...” гэх агуулга бүхий дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 221 хуудас/
6. ******** аймгийн ******** сумын ***** дугаар цэцэрлэгийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай “... С.Н нь тус цэцэрлэгт 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байсан нь үнэн болно...” гэх агуулга бүхий дүгнэлт, цалингийн жагсаалт. /1-р хавтаст хэргийн 222-223/
7. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас. /1-р хавтаст хэргийн 224-225 дугаар хуудас/
8. ******** аймгийн ******** сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/278 дугаартай “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамжийн хуулбар. /1-р хавтаст хэргийн 226 дугаар хуудас/
9. Шүүгдэгч Н.Б оршуулгын зардалд 8,800,000 (найман сая найман зуун мянга)төгрөг шилжүүлсэн баримт. /1-р хавтаст хэргийн 238 дугаар хуудас/
10. Шүүгдэгч Н.Б Амбулаториор эмчлүүлэгсдийн карт.
11. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 32,500,000 (гучин хоёр сая таван зуун мянга) төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10,534,000 (арван сая таван зуун гучин дөрвөн мянга) төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн мэдээллийн 2 ширхэг баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн холимог хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 2(хоёр) жил 2(хоёр) сарын хугацаагаар хорих ял, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2(хоёр) жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4(дөрөв) жил 4(дөрвөн) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардахаас гадна мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэснийг зайлшгүй харгалзан үзсний үндсэн дээр хэрэглэхээр зохицуулжээ.
Иймээс шүүх уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан үүнийг нөхөн төлөх, арилгах боломжгүй гэж дүгнэн эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б амь хохирогчийн 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 449,391,200 (дөрвөн зуун дөчин есөн сая гурван зуун ерэн нэгэн мянга хоёр зуу)төгрөгийн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:
1. Амь хохирогч С.Н нь өөрийн хүүхдүүд болох Н.Э /10 нас 3 сартай/, Н.А /3 нас 10 сартай/ нарын хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй байсан бөгөөд тэрээр нас барахын өмнө буюу 2023 оны 11 дүгээр сард 1,210,000 төгрөгийн цалин хөлс авсан, тэжээгчээ алдсаны тэтгэмж 440,000(дөрвөн зуун дөчин мянга) төгрөгөөр тогтоогдсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Иймд хүүхдүүдийг 18 нас хүртэл авах тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд Н.Э-д 16,866,636(арван зургаан сая найман зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин зургаа) төгрөг, Н.А-д 31,166,610(гучин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун арав) төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэсний дагуу шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.
2. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурал Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмснээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна.
Тиймээс дээрх зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөн журмын 2.2-т зааснаар шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор заажээ.
Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзсэн гэмт хэргүүд нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлэг буюу эрүүл мэндийн эсрэг, 20 дугаар бүлэг буюу олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүдэд хамаарч байхад амь хохирогчийн бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй байна.
Дээр дурдсанаар заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй буюу амь хохирогчийн гэр бүлийн гишүүд болох Н.Э, Н.А нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжилгээний байгууллаганы дүгнэлт гаргаагүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, Н.Э, Н.А нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоолгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг металл халбага, 6 ширхэг эмийн хоосон капсулыг устгуулахаар”Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, “Galaxy wide-4” загварын гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бямбажавт олгож, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн ХААН банкны шилжүүлгийн 2(хоёр) ширхэг баримт болон түүний амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хуулбарлан тус тус хэрэгт хавсаргаж, амбулаториор эмчлүүлэгсдийн картыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ****** овогт Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 2(хоёр) жил 3(гурав) сарын хугацаагаар хорих ял, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2(хоёр) жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 2(хоёр) жил 3(гурав) сарын хугацаагаар хорих ял дээр 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2(хоёр) жил 1(нэг) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4(дөрөв) жил 4(дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан 4(дөрөв) жил 4(дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүдэгч Н.Б нь амь хохирогчийн оршуулгын зан үйлийн зардалд 8,800,000 (найман сая найман зуун мянга) төгрөг, бага насны хүүхдүүд болох Н.Э 18(арван найм) насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 16,866,636(арван зургаан сая найман зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин зургаа) төгрөг, Н.А 18(арван найм) насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 31,166,610(гучин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун арав) төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг металл халбага, 6 ширхэг эмийн хоосон капсулыг устгуулахаар”Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, галакси вайде-4/galaxy wide-4/ загварын гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б олгож, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн ХААН банкны шилжүүлгийн 2(хоёр) ширхэг баримт болон түүний амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хуулбарлан тус тус хэрэгт хавсаргаж, амбулаториор эмчлүүлэгсдийн картыг шүүгдэгчид буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА