| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00597/И |
| Дугаар | 152/ШШ2022/00100 |
| Огноо | 2022-02-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 152/ШШ2022/00100
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх ,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, ТБ ХХК-ийн,
Хариуцагч: Т овогт Л-гийн Д,
Хариуцагч: Т овогт Б-ийн Б-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1,841,654.41 төгрөг, хүү 218,286.06 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 2,063,940.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н цахимаар, хариуцагч Л.Д, Б.Б нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Л.Д, Б.Б нар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкнаас 160800145845 тоот данстай, 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 46 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч Л.Д, Б.Б нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 6 дугаарт заасан үүргээ байнга зөрчиж 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 419 хоног хэтрүүлсэн байна. Иймээс Л.Д, Б.Б нартай байгуулсан цалингийн зээлийн гэрээний 6.3 дугаар зүйлийн заалтыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 1.841.654,41 төгрөг, хүүгийн төлбөр 218.286,06 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр 2.059.940,47 төгрөг төлөгдөөгүй байна. Уг зээлнээс Б.Б нэг ч төгрөг аваагүй гэх боловч Л.Д-гийн данснаас Б.Б-ын данс руу 1.000.000 төгрөг орсон, гарсан гүйлгээ байсан. Энэ нь манай банкнаас ирүүлсэн хуулга дээр байгаа. Иймд хариуцагч Л.Д, Б.Б нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 2.059.940,47 төгрөг, нотариатчийн зардал 4.000 төгрөг, нийт 2,063,940.47 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох 2.063.940,47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хамт ажилладаг Б.Б-ыг гуйж хамтран зээлдэгч хэсэгт гарын үсэг зуруулсан. Уг зээлнээс Б.Б нэг ч төгрөг аваагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний данснаас 1.000.000 төгрөг Б.Б-ын дансанд орсон гэж үндэслэлгүй зүйл ярьж байна. Ийм зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Д бид 2 нэг байгууллагад хамт ажилладаг байсан. Нэг өдөр Л.Д Б.Б эгчээ би зээл авах гэсэн юм, та зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар гарын үсэг зураад өгөөч гэхэд нь би Танай нөхөр гарын үсэг зурдаггүй юм уу? Нөхөр чинь яасан юм бэ гэхэд Л.Д Манай нөхөр цалингийн зээлтэй, зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсний улмаас гэрээнд гарын үсэг зурах эрхгүй болчихсон. Та надад тус болооч гэсэн учраас би зээлийн гэрээнд түүний гуйлтаар гарын үсэг зурсан. Л.Д-гийн Төрийн банкнаас зээлж авсан мөнгөөс би нэг ч төгрөг аваагүй. Иймд зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Д-гийн данснаас миний данс руу 1.000.000 төгрөг орсон гэж байна. Энэ худлаа, би нэр төрөө сэргээлгэж авмаар байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Л.Д, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1,841,654.41 төгрөг, хүү 218,286.06 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 2,063,940.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Л.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч Б.Б Л.Д-гийн гуйлтаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Л.Д-гийн Төрийн банкнаас зээлж авсан мөнгөөс би нэг ч төгрөг аваагүй. Иймд зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.
Хариуцагч Л.Д, Б.Б нар ТБ ХХК-аас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Л.Д-гийн цалинг барьцаалж, 160800145845 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 46 сарын хугацаатай зээлдсэн байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Хариуцагч Б.Б Л.Д-гийн гуйлтаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Л.Д-гийн Төрийн банкнаас зээлж авсан мөнгөөс би нэг ч төгрөг аваагүй. Иймд зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Д-гийн зээлийн дансны хуулгыг хариуцагчаас нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн.
Хариуцагчаас ирүүлсэн Л.Д-гийн зээлийн дансны хуулгыг харахад дээрх зээл нь Л.Д-гийн дансанд орж, тухайн зээлийг зарцуулсан, тухайн зээлээс Б.Б-ын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Уг зээлнээс Б.Б нэг ч төгрөг аваагүй гэх боловч Л.Д-гийн данснаас Б.Б-ын данс руу 1.000.000 төгрөг орсон, гарсан гүйлгээ байсан. Энэ нь манай банкнаас ирүүлсэн хуулга дээр байгаа гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн хамтран зээлдэгч Б.Б нь зээлдэгч Л.Д-тэй хамтарч зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлагагүй байхад хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулсан нь учир дутагдалтай.
Мөн талууд гэрээний 2.1.5-д ...Талууд зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт 1 зээл эргэн төлөлтийн хуваарь-аар харилцан тохиролцож баталгаажуулсан болно гэж, зээл эргэн төлөлтийн хуваарьт Зээлдэгч Л.Д Төрийн банкнаас авсан 10,000,000 зээл, түүний үндсэн хүүг доорх хуваарийн дагуу төлж барагдуулна гэж тохиролцсон байх тул өөрийн цалинг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй Б.Б-д тухайн зээлийн үүргийг хамааруулах боломжгүй байна.
Ийнхүү хариуцагч Б.Б-ыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй байх тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг Б.Б хамтран хариуцах үндэслэлгүй.
Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Л.Д гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Л.Дгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1,841,654.41 төгрөг, хүү 218,286.06 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 2,063,940.47 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Л.Д-гээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1,841,654.41 төгрөг, хүү 218,286.06 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 2,063,940.47 төгрөг гаргуулж ТБ ХХК-д олгож, хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн хариуцагч Л.Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ханагж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д-гээс 47,973 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Л.Д-гээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1,841,654.41 төгрөг, хүү 218,286.06 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 2,063,940.47 төгрөг гаргуулж ТБ ХХК-д олгож, хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д-гээс 47,973 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ