Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2022/00009/И |
Дугаар | 152/ШШ2022/00101 |
Огноо | 2022-02-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 152/ШШ2022/00101
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх ,
Нэхэмжлэгч: Х овогт М-ын О-гийн,
Хариуцагч: УА УДХС ТӨХК-д холбогдох,
Өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдсон нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 6,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УА УДХС ТӨХК-ийн сүлжээний нассосны ээлжийн машинчаар ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. УА УДХС ТӨХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/56 дугаар тушаалын 2 дахь хэсэгт "М.Од эрчим хүчний салбарт 20 жил ажилласнаар тооцож 20,480,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг ерөнхий нягтлан бодогч /Н.Сарнай/-т зөвшөөрсүгэй" гэж заасны дагуу 20,840,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг надад олгосон. Энэхүү мөнгөн тэтгэмж нь Хамтын гэрээ болон Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрт заасан хэмжээнээс 6,400,000 төгрөгөөр дутуу олгогдсон. Учир нь:
1. " УА УДХС ТӨХК-ийн Хамтын гэрээний 6.7 дахь хэсэгт "Компанид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар ажпаас чөлөөлөгдсөн ажилтанд эрчим хүчний салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно" гэж заасан.
2. Эрчим хүч, геологи, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбарын ажил олгогч эздийн байгууллага хооронд байгуулсан Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын Гурван талт хэлэлцээрийн 3.2 дахь хэсэгт "Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Салбарын аж ахуйн нэгж байгууллагууд нь Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажилтан, албан хаагчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх, мөнгөн шагнал олгох, дагалдан ажилтны цалин хөлсийг тогтооход хэрэглэнэ" гэж заасан.
3. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолын 1-т "Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320,000 төгрөг байсныг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосон.
Дээрхээс харвал УА УДХС ТӨХК-ийн Хамтын гэрээний 6.7-д заасны дагуу эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420,000 төгрөгийг 1,6 дахин нэмэгдүүлсэнтэй /420.000*1.6=672.000/ тэнцэх хэмжээний төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй /672.000*2=1.344.000/ тэнцэх төгрөгөөр тооцож ажилласан жил тутмаар тооцон /1.344.000*20=26.880.000/ нийт 26,880,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх үүссэн. Харин УА УДХС ТӨХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/56 дугаар тушаалын 2 дахь хэсэгт заасан 20,840,000 төгрөгийн тэтгэмж нь эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын 1 дэх хэсгээр хүчингүй болсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 /320.00*1.6=512.000/ /512.000*2=1.024.000/, 1.024.000*20=20.480.000 төгрөгөөр тооцож надад олгогдох ёстой 26,880,000 төгрөгөөс 6,400,000 төгрөгөөр дутуу олгосон байна. Иймд УА УДХС ТӨХК-ийн Хамтын гэрээний 6.7 дахь хэсэг, Эрчим хүч, геологи, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбарын ажил олгогч эздийн байгууллага хооронд байгуулсан "Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ын Гурван талт хэлэлцээрийн 3.2 дахь хэсэг, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасны дагуу эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 672.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн /672.000*2=1.344.000/ миний эрчим хүчний салбарт ажилласан 20 жилээр /1.344.000*20=26.880.000/ тооцож өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох ёстой байсан нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 26,880,000 төгрөгөөр тооцож олгогдоогүй үлдсэн 6,400,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,350 төгрөг, нийт 6,517,350 төгрөгийн хамт хариуцагч УА УДХС ТӨХК-аас нөхөн гаргуулах хүсэлтэй байна. Энэхүү нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь эрчим хүчний салбарт ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүн бүрд ижил үйлчилдэг тогтоол шийдвэр, Хамтын гэрээгээр баталгаажсан эрх юм. Миний бие эрчим хүчний салбарт 20 жил ажиллаж залуу нас, эрдэм мэдлэг, ур чадвараа улс эх орондоо зориулсан билээ. Гэтэл надад олгогдох ёстой байсан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг буруу тооцож, дутуу олгосонд гомдолтой байна. Иймд миний хүсэлтийг хангаж, нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,517,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулан миний зөрчигдсөн эрхийг сэргээж, авах ёстой мөнгөн тэтгэмжийн зөрүүг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт нөхөн олгуулж өгнө үү. Мөн хариуцагч Б.А нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед надтай утсаар холбогдож, та буруу ойлгосон байна гэж хэлсэн. Би хариуд нь танай нягтлан бодогч хүчингүй болсон тогтоолыг барьж буруу тооцоод байгаа юм гэтэл Б.А ихэд уурлаж таныг одооноос эхлэн ахмадуудад үзүүлдэг бүх хөнгөлөлт, урамшууллаас хаслаа, танд бид юу ч өгөхгүй, та надтай заргалдаад юу ч олж авахгүй гэж заналхийлсэн. Иймд хариуцагчийн зүгээс гаргаж буй хууль бус үйлдэлтэй холбогдуулан миний бие өмгөөллийн үйлчилгээ авахад хүрсэн бөгөөд тус үйлчилгээг 500,000 төгрөгөөр авсан тул тус өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.О нь УА УДХС ТӨХК-ийн сүлжээний насосны ээлжийн машинчаар ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Манай компани нь 2019 онд батлагдсан хамтын хэлэлцээрт зааснаар тооцож УА УДХС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор зорилтот түвшин, бизнес төлөвлөгөөндөө тусгаснаар сүлжээний насосны ээлжийн машинчаар ажиллаж байсан М.О-д Эрчим хүчний салбарт урьд нь бөгөөд тус компанид ажиллаж байсан 20 жилд ногдох /320000*1,6=512000/, /512000*2=1.024.000/, /1.024.600*20=20.480.000/ төгрөгөөр тооцож олгосон. Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд нь 2022 оны зорилтот түвшин, бизнес төлөвлөгөөг батлахдаа хамтын хэлэлцээрт тусгасан төсвийг тусгаж өгдөг. Манай компани нь 2022 оны зорилтот түвшин бизнес төлөвлөгөөгөө батлахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулагад үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 18-нд хамтын хэлэлцээрээ шинэчилж Төлөөлөн удирдах зөвлөлд явуулсан болно. Уг шинэчлэн найруулсан хамтын хэлэлцээр нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх хэлэлцээр юм. Иймээс М.О-д олгогдсон тэтгэмж нь 2019 оны хамтын хэлэлцээрийн 3.2-т заасан болон 2021 оны зорилтот түвшин, бизнес төлөвлөгөөнд батлагдсаны дагуу олгогдсон. Иймд дутуу олгогдсон гэх 6,400,000 төгрөгийг хуулийн хүрээнд олгох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагьг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн М.О, өмгөөлөгч Б.Лхагважав нар хоорондоо хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр харилцан тохиролцон өмгөөллийн үйлчилгээ авч байгаа тул өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг манай компани хариуцах үндэслэлгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О нь хариуцагч УА УДХС ТӨХК-д холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 6.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 6,900,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Шүүх өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 6.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч тал Манай компани нь 2019 онд батлагдсан хамтын хэлэлцээрт зааснаар тооцож УА УДХС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор зорилтот түвшин, бизнес төлөвлөгөөндөө тусгаснаар сүлжээний насосны ээлжийн машинчаар ажиллаж байсан М.Од Эрчим хүчний салбарт урьд нь бөгөөд тус компанид ажиллаж байсан 20 жилд ногдох /320000*1,6=512000/, /512000*2=1.024.000/, /1.024.600*20=20.480.000/ төгрөгөөр тооцож олгосон. Манай компани нь 2022 оны зорилтот түвшин бизнес төлөвлөгөөгөө батлахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулагад үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 18-нд хамтын хэлэлцээрээ шинэчилж Төлөөлөн удирдах зөвлөлд явуулсан болно. Уг шинэчлэн найруулсан хамтын хэлэлцээр нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх хэлэлцээр юм. Иймд дутуу олгогдсон гэх 6,400,000 төгрөгийг хуулийн хүрээнд олгох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагьг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн М.О, өмгөөлөгч Б.Лхагважав нар хоорондоо хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр харилцан тохиролцон өмгөөллийн үйлчилгээ авч байгаа тул өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг манай компани хариуцах үндэслэлгүй болно гэж маргажээ.
УА УДХС ТӨХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/56 дугаар М.О-г ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалаар Байгууллагын хамтын гэрээний 6.7 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 45.11.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн 1 дэх заалтаар нассосны ээлжийн машинч М.О өндөр насны тэтгэвэр гарах болсон тул 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дахь заалтаар М.О-д эрчим хүчний салбарт 20 жил ажилласнаар тооцож 20,480,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсөн байна.
УА УДХС ТӨХК-ийн хамтын гэрээний 6.7-д "Компанид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд эрчим хүчний салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно" гэж заажээ.
УА УДХС ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр УА УДХС ТӨХК-ийн 2021 оны бизнес төлөвлөгөөг батлах тухай тогтоолоор тус компанийн бизнес төлөвлөгөөг баталж, дээрх хамтын гэрээг ажил олгогч нь бүртгүүлэхээр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байх ба тухайн хамтын гэрээг бүртгэх эрх бүхий этгээд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэж, гарын үсэг зурсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 15 дугаар зүйлийн 15.1-д Ажил олгогч нь өөрийн оршиж байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хамтын гэрээг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэхээр хүргэнэ гэж, мөн зүйлийн 15.4-т Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д Хамтын гэрээ, хэлэлцээр нь энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж тус зааснаас үзэхэд УА УДХС ТӨХК-ийн хамтын гэрээ нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлснээр хүчин төгөлдөр болжээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор "Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосон байх тул нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн хамтын гэрээний 6.7-д заасан тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөгөөр тооцон өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 6,400,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагчийн Сүлжээний насосны ээлжийн машинчаар ажиллаж байсан М.О-д Эрчим хүчний салбарт урьд нь бөгөөд тус компанид ажиллаж байсан 20 жилүүдэд ногдох /320000*1,6=512000/, /512000*2=1.024.000/, /1.024.600*20=20.480.000/ төгрөгөөр тооцож олгосон. Манай компани нь 2022 оны зорилтот түвшин бизнес төлөвлөгөөгөө батлахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулагад үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 18-нд хамтын хэлэлцээрээ шинэчилж Төлөөлөн удирдах зөвлөлд явуулсан болно. Уг шинэчлэн найруулсан хамтын хэлэлцээр нь 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэх хэлэлцээр юм. Иймээс М.Од олгогдсон тэтгэмж нь 2019 оны хамтын хэлэлцээрийн 3.2-т заасан болон 2021 оны зорилтот түвшин, бизнес төлөвлөгөөнд батлагдсаны дагуу олгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагьг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд М.О нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхтэй боловч тухайн эрх нь өөрийн сайн дурын үндсэн дээр хэрэгждэг тул өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Хариуцагчийн Мөн М.О, өмгөөлөгч Б.Лхагважав нар хоорондоо хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр харилцан тохиролцон өмгөөллийн үйлчилгээ авч байгаа тул өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг манай компани хариуцахгүй гэх татгалзал үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч М.О-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч УА УДХС ТӨХК-аас өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 6.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УА УДХС ТӨХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 6,400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 119,228 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.О-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч УА УДХС ТӨХК-аас өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 6.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УА УДХС ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 119,228 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Од олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ