Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0702

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/439 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлая. Тушаал гаргах үндэслэл нь орон тоо батлагдаагүй гэдэг нөхцөл, мөн ашиг сонирхол үүссэн гэдэг 2 үндэслэл байсан.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заалтыг үндэслэсэн байдаг. Тус заалт нь хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол гэсэн заалтыг баримталсан. Тус заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг авч ажиллуулахыг хориглуулах заалт юм. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг томилохыг хориглосон заалт байгаа юм. Нэгэнт томилогдоод ажиллаж байгаа үед ажлаас чөлөөлөхтэй холбоотой асуудалд хамааралгүй. Мөн Н.Бын хувьд албан тушаалын чиг үүргийн хувьд захиргаа хангамж хариуцсан орлогч гэх албан тушаалтай. Үүнд албан хаагчийг шийтгэл оногдуулах зэрэг захиргааны шийдвэр гаргадаггүй. Мөн албан хаагчийн мэргэжлийн чиг үүрэгт хамаарах хяналт шалгалт хийдэггүй. Хариуцлага хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эхнэр нь тухайн шүүхийн шинжилгээний албанд шинжээч эмчийн албан тушаалтай. Энэ 2 нь хоорондоо гэрлэсэн байдаг. Тэгэхээр гэрлэлтээ бүртгүүлснээр тухайн хүн ажлаас чөлөөлөх асуудал болсон. Энэ бол нэгт ашиг сонирхлын хувьд нэг нь нөгөөдөө хяналт тавьдаг чиг үүргийн этгээд биш. Мөн төрийн албан хаагчийг анх томилж байхад хориглох зохицуулалт болохоос биш нэгэнт томилогдоод ажиллаж байгаа хүнд хамааралгүй.

Хоёрт орон тоо хасагдсан буюу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг үндэслээд чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар орон тоо хассан шийдвэр байхгүй. Харин хууль зүйн сайдын 216 дугаар тушаалаар үйл тус байгууллагын орон тооны дээд хязгаарыг нэмэгдүүлсэн болохоос биш хасаж багасгасан асуудал байхгүй. Яг энэ тушаалаар дэд даргын орон тоог хассан зүйл байхгүй. Ийм учир хууль зүйн үндэслэлийн хувьд хэрэглэх ёсгүй зохицуулалт хэрэглэсэн.

Ийм учир ашиг сонирхлын асуудал үүснэ гэсэн ойлголт байхгүй. Хоёрт энэ гэр бүл батлуулсан нь ажлаас халах үндэслэл болохгүй. Нөгөө үндэслэлийн хувьд ямар нэгэн байдлаар орон тоо байхгүй болсон биш. Анхнаасаа байж байгаад байхгүй болсон орон тоо биш. Зарим аймагт нь байдаг. Зарим аймагт нь байдаггүй ийм ялгавартай гэж хэлж болохоор албан тушаал юм байна. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд ийм байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллагын бүтэц орон тоог Хууль зүйн дотоод хэргийн сайд баталдаг. Манай байгууллагын дүрэм гэж байгаа. Энэ дүрмийн 4 дэх хэсэгт Хууль зүйн дотоод хэргийн сайд түр захирлыг томилж, бүтэц орон тооны дээд хязгаарыг батална гэж заагаад өгсөн байгаа. Манай байгууллагын бүтэц орон тоо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шинэчлэн батлагдсан байгаа. Үүнд сайд зөвхөн аймгийн шүүхийн шинжилгээний албаны орон тоо, албан тушаалын цол ангиллыг батлаад, манай байгууллага нь өөрсдөө дотроо хаанаа юу хэрэгтэй вэ шийдээд захирлын тушаалаар аймгуудын орон тооны дээд бүтцийг баталдаг байгаа.

Орхон аймгийн хувьд 12 орон тоотой байж байгаад өнөөдрийн байдлаар 11 болсон байгаа. Тус захиргааны асуудал эрхэлсэн дэд даргын орон тоо энэ жижигхэн, бага хамт олонтой байгууллагад байх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь чиглэлийн ахлах мэргэжилтэн гэж байгаа. Дээрээс нь нь ахлах шинжээч байгаа. Ийм цөөхөн бүрэлдэхүүнтэй газар дэд дарга шаардлагагүй гэдэг үүднээс орон тоог байхгүй болгосон байгаа юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхол зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьснаар бол хяналт тавилт хийдэггүй. Хариуцлага хүлээлгэдэггүй гэсэн. Гэхдээ хяналт шалгалтыг дэд дарга хийнэ. Тухайн албан хаагчид арга хэмжээ авах талаар хэлэлцэх, материал бэлдэхэд зайлшгүй шаардлага болдог. Ийм учир энэ заалтыг үндэслэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, мөн захирлын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд тус тус томилжээ.

Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/439 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 62 дугаар зүйлийн 62.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүрмийн 5.1.2 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/216 дугаар тушаал зэргийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно гээд 31.1.3-д хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтууд нь төрийн албанд анх томилогдоход хамаарах зохицуулалт, нэхэмжлэгч нь гэр бүлийн хүнээ мэргэжил арга зүйгээр хангадаггүй, тус албанд өөр гэр бүлийн хүмүүс ажилладаг, уг орон тоо нь өмнө ч байгаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дэд даргын хувьд мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана, Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан аймгуудын шүүхийн шинжилгээний албаны орон тоонд дэд даргын албан тушаал байхгүй гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч нь тус албанд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, эхнэр Ч.Буянзаяа нь 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус тус томилогдож, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтуудыг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь дээрх хуулийн зохицуулалт нь төрийн албанд шинээр болон шилжин томилогдоход хамааралтай зохицуулалт бөгөөд хамтран ажиллагсад нь гэр бүл болсноороо ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болох учиргүй.

Нөгөөтэйгүүр Төрийн албан тухай хуулийн 46 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх, 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд тухайн үндэслэлүүдэд хамт ажилладаг хүнтэйгээ гэр бүл болсон гэх үндэслэл тусгагдаагүй.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тушаалаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүрмийг баталсан бөгөөд тус дүрмийн 4.1-д Хууль зүй, дотоод хэргийн сайд Хүрээлэнгийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, захирлыг томилно гэж заасан бөгөөд мөн сайдын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/216 дугаар тушаалаар баталсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын 5 дугаар хавсралтаар аймгийн шүүхийн шинжилгээний алба, хэсгийн орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг хүснэгтээр баталж, уг хүснэгтээр аймгуудын шүүхийн шинжилгээний албыг 11 орон тоотой байхаар тогтоож, үүнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан тус албаны Захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаал тусгагдаагүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, түүний орон нутаг дахь салбар албадын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах эрх нь зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн сайдад байхаар хуульчилжээ.

Уг эрхийн хүрээнд гаргасан дээрх шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцжээ.

Учир нь нэхэмжлэгчийн томилогдохыг хүсч буй албан тушаал нь тухайн байгууллагын бүтэцд байхгүй, өмнө нь ч байгаагүй, нэхэмжлэгч нь тухайн салбарын нарийн мэргэшил буй криминалистик, анагаах ухааны мэргэжил эзэмшээгүй тул түүнийг өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжгүй байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан хуульд заасан бусад үндэслэлд хамаарахаар байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлага өөрөө хуульд нийцсэн, үндэслэл бүхий байж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/42 тушаалаар баталсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын 4 дүгээр хавсралтаар аймгийн шүүхийн шинжилгээний алба, хэсгийн орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг хүснэгтээр баталж, уг хүснэгтээр аймгуудын шүүхийн шинжилгээний албаны 11 орон тоотой байхаар тогтоосон.

Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/61 дүгээр тушаалаар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны орон тоо, албан тушаалын ангилал, цалин, цолны зэрэглэлийг тогтоохдоо өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, тус албанд Захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалыг нэмж улмаар нэхэмжлэгчийг тус албан тушаалд томилсон болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4-д тус тус заасныг баримтлан Н.Бын нэхэмжлэлтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд холбогдуулан гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/439 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Захиргаа, хангамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсугэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ