| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2024/03163/И |
| Дугаар | 001/ХТ2025/00231 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2025/00231
“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04312 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2025/01496 дугаар магадлалтай,
“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“ЦМ” ХХК-д холбогдох
Арилжааны гэрээний үүрэгт 206.2 м.кв талбай бүхий газар шилжүүлэх болон эд хөрөнгийн доголдлыг арилгаж, газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ 64,975,680 төгрөг төлөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Арилжааны гэрээний дагуу илүү шилжүүлсэн 107 м.кв цементэн талбайг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч З.Буяндаваа, Б.Бат-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч “ЦМ” ХХК-д холбогдуулан дутуу шилжүүлсэн 206,2 м.кв талбайг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах, хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нэгж талбарын *** дугаартай газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөлгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн болохыг тогтоож, дуудлага худалдааны анхны үнэ болох 64,975,680 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “ЦМ” ХХК нь нэхэмжлэгч “Ц” ХХК-д холбогдуулан 107 м.кв цементэн талбайг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04312 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ЦМ” ХХК-д холбогдох дутуу шилжүүлсэн 206,2 м.кв талбайг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах, дуудлага худалдааны анхны үнэ болох 64,975,680 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч “ЦМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ц” ХХК-д холбогдох 107 м.кв талбайг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,272,444 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2025/01496 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан арилжааны гэрээний үүрэгт Сонгинохайрхан дүүрэг, *** хаягт байрлах агуулахын зориулалттай байшингийн зүүн талын цементэн 107 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч “Ц” ХХК-д шилжүүлж өгөхийг хариуцагч “ЦМ” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Эд хөрөнгийн доголдлыг арилгаж, газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ 64,975,680 төгрөг төлөхийг хариуцагчид даалгах” тухай хэсэг болон нэхэмжлэгч “Ц” ХХК-д холбогдох “Арилжааны гэрээгээр илүү шилжүүлсэн 107 м.кв цементэн талбайг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай” хариуцагч “ЦМ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,272,444 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,272,444 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЦМ” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч З.Буяндаваа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Арилжааны гэрээний холбогдох зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын анхны арилжааны гэрээгээр тодорхойлсон 6154 м.кв газрыг хариуцагч нь нэхэмжлэгчид бүрэн шилжүүлж өгсөн. Мөн 107 м.кв цементэн талбайг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн болох нь тус газар дээр хэмжилт хийсэн “Г” ХХК-ийн 2024.08.01-ний өдрийн албан бичиг кадастрын зургаар нотлогдож байна. Талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээний 3.13-т “А тал Б талд 6154 м.кв-аас гадна агуулахын байшингийн зүүн талын цементэн талбайг нэмж шилжүүлэхээр тохиролцов. Б тал цементэн талбайтай дүйцэхүйц газрыг бэлдэж, холбогдох зардлыг гаргана” гэж заасан бөгөөд “ЦМ” ХХК нь гэрээний гол нөхцөл болох 6154 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг “Ц” ХХК-д шилжүүлэхдээ 107 м.кв цементэн талбайг 6154 м.кв талбайд оруулан өгсөн байх ба цементэн талбайг шилжүүлэх үүрэг биелэгдсэн тул нэхэмжлэгч нь нэмэлтээр 206,2 м.кв талбайг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхгүй байна. Учир нь нэмэлтээр шилжүүлэн өгөх талбайн хэмжээ нь цементэн талбайн хэмжээгээр хязгаарлагдаж байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхгүйгээр гэрээний дагуу шилжүүлж өгсөн газрыг дахин гаргуул гэж шийдвэрлэж байгаа нь хариуцагч “ЦМ” ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Мөн нэхэмжлэгч анхнаасаа 107 м.кв цементэн талбай нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн шаардлага өөр байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр хэргийг шийдвэрлэж нэхэмжлээгүй талбайг олгож шийдвэрлэж ноцтой алдаа гаргасан.
4.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Арилжааны гэрээний зүйл нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж болох бүх хөрөнгө буюу эд юмс, эдийн бус баялаг, эд хөрөнгийн эрх байна. Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийг үнэ нь тэнцүү биш бол зөрүүг мөнгөөр тооцож болохоор зохицуулсан. “ЦМ” ХХК-ийн “Ц” ХХК-тай байгуулсан гэрээний 1.3-т үйлчилгээний зориулалттай 1620 м.кв талбайтай барилга, агуулахын зориулалттай 432 м.кв талбайтай барилга, өөрийн эзэмшлийн 7323 м.кв газраас 6154 м.кв газрыг хэсэгчлэн шилжүүлэх, тэдгээрийн холбогдох эрхийн гэрчилгээ, бичиг баримтын хамт Б талд шилжүүлнэ” гэж гэрээний гол нөхцлийг тохирсон. Энэ утгаараа талууд 2022.09.30-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний 3.4-т зааснаар 7323 м.кв талбайтай хэсгээс 6154 м.кв талбайтай хэсгийг шилжүүлж, 1163 м.кв талбайтай хэсэг үлдэнэ гэж харилцан тохиролцсон. Гэрээний дагуу “ЦМ” ХХК нь арилжааны гэрээний 1.3-т заасан үүргээ биелүүлж өөрийн эзэмшлийн 7323 м.кв газраас 6154 м.кв газрыг “Ц” ХХК-д шилжүүлж өгсөн нь тогтоогдсон. Арилжааны зүйлийг талууд бодитой солилцсон бөгөөд гэрээний үүргийн биелэлт бүрэн хангагдсан, мөн арилжааны гэрээний зүйл болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр солилцох эд хөрөнгийн талаар давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг анхаарч үзэхгүйгээр шилжүүлж өгсөн талбайг дахин шилжүүлж өгөхийг даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь арилжааны гэрээний зохих зохицуулалтыг зөрчиж байна.
4.3 Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан хуулийн зохицуулалтыг хоёр өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.
Талуудын хооронд харилцан тохиролцсон гол нөхцөл нь арилжааны гэрээний 1.3, 1.4-т зааснаар хязгаарлагдаж байгаа нь илэрхий, тодорхой байгаа бөгөөд газрын хэмжээг гэрээнд үг, үсгээр заагаагүй, дүйцэхүйц газрыг сонгож харилцан тохиролцохоор, Б тал нь дүйцэхүйц газар, холбогдох зардлыг даахыг үгийн шууд утгаар тайлбарласан байтал Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан зохицуулалтыг давж заалдах шатны шүүхээс буруу хэрэглэж, хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй магадлал гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасан зохицуулалтыг үндэслэн дүгнэлтийг хийсэн байх боловч давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж, хэрэгт авагдсан баримтыг ноцтойгоор буруу дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй.
Гэрээний дагуу газрыг шилжүүлсэн зургийг “Ц” ХХК-тай байлцаж хийсэн ба “Ц” ХХК-ийн 2022.08.19-ний өдрийн албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандсанаас үзэхэд арилжааны гэрээ байгуулагдсан өдөр буюу 2021.12.25-ны өдрөөс хойш Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах хүртэл буюу 2022.09.30-ны өдрийг хүртэл 9 сар гаруйн хугацаа өнгөрсөний дараа ч өөрийн эзэмшилд авч буй газраа дутуу шилжүүлэн авсан гэдгээ мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн газрыг шилжүүлэн авснаас хойш 2024 онд шүүхэд хандсан нь доголдолтой гэж үзэж шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байгааг шүүх анхаарч үзээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасан зохицуулалтыг үндэслэн дүгнэлт хийсэн боловч давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус зөрчиж буюу хэрэгт авагдсан баримтыг ноцтойгоор буруу дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн “Г” ХХК-ийн 2024.08.01-ний өдрийн А/240 тоот албан бичигт үндэслэн манай компаниас 107 м.кв газрыг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Анх нэхэмжлэгчээс "... “Арилжааны гэрээ”-ний 3.13-д заасны дагуу агуулахын зүүн талд байрлах 144 м.кв цементэн талбайг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, улмаар 2024.11.18-ны өдөр “ . Арилжааны гэрээ”-ийн 1.3-т заасан үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй учир дутуу шилжүүлсэн 206,2 м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах’’-ыг хүссэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан бөгөөд өөрчилж буй нэхэмжлэлдээ “П” ХХК-ийн тамга, тэмдэг, төлөөлөх бүрэн эрхээр баталгаажаагүй кадастрын зураг гэх зүйлийг гаргаж өгсөн.
Хариуцагч, нэхэмжлэгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлээ дэмжиж талбайн хэмжээний асуудлаар өргөн хүрээтэй мэтгэлцсэн бөгөөд манай компаниас “ЦМ” ХХК-д илүү талбай нэмж өгсөн 107 м.кв газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс маргасан ч давж заалдах шатны шүүхээс маргахгүй гэж тайлбарлаж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.
Манай компанийн “Ц” ХХК-тай байгуулсан Арилжааны гэрээний 1.3-т "... ***А тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 1620 м.кв талбайтай барилга, ... ***Б тоот хаягт байрлах агуулахын зориулалтай 432 м.кв барилга, ... Өөрийн эзэмшлийн 7323 м.кв газраас 6154 м.кв газрыг хэсэгчлэн шилжүүлэх тэдгээрийн холбогдох эрхийн гэрчилгээ, бичиг баримтын хамт “Б" талд шилжүүлнэ” гэж гэрээний гол нөхцлийг тохирсон. Энэ ч утгаараа талууд 2022.09.30-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан бөгөөд тус гэрээний 3.4-т зааснаар 7317 м.кв талбайтай хэсгээс 6154 м.кв талбайтай хэсгийг шилжүүлж 1163 м.кв талбайтай хэсэг нь үлдэнэ гэж харилцан тохиролцсон байна.
Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ “1.3-т заасан үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд гэрээний 1.3-т заасан үүргээ “ЦМ” ХХК-аас бүрэн биелүүлж ирсэн, харин ч газрын хэмжээний асуудлаар “Ц” ХХК нь хүлээн зөвшөөрч Газрын албатай харилцаж, холбогдох баримтаа хүлээлгэн өгч, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авч, гэрээ байгуулсан байна. Хэдийгээр Арилжааны гэрээний 3.13-т “А тал Б талд 6154 м.кв-с гадна агуулахын байшингийн зүүн талын цементэн талбайг нэмж шилжүүлэхээр тохиролцов. Б тал Цементэн талбайтай дүйцэхүйц газрыг бэлдэж холбогдох зардлыг гаргана” гэж тусгасан боловч цементэн талбайн хэсгийг “Ц” ХХК-д газрыг шилжүүлэхдээ 6154 м.кв талбайд багтаан бүрэн шилжүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд, гэрч Д.Б-ын мэдүүлгээр нотлогддог.
Нөгөөтэйгүүр цементэн талбайтай газрыг Б тал буюу “Ц” ХХК-аас бэлдэж, холбогдох зардлыг тусгасны үндсэн дээр цементэн талбайн хэсгийг гаргаж өгөх байсан ч энэ талаарх баримтыг хэрэгт нэг ч гаргаж өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлгүйгээр магадлал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн талуудын хооронд харилцан тохиролцсон гол нөхцөл нь Арилжааны гэрээний 1.3, 1.4-т зааснаар хязгаарлагдаж байгаа нь илэрхий, тодорхой байгаа бөгөөд газрын хэмжээг гэрээнд үг, үсгээр заагаагүй, дүйцэхүйц газрыг сонгож харилцан тохиролцохоор, Б тал нь дүйцэхүйц газар, холбогдох зардлыг даахыг үгийн шууд утгаар тайлбарласан байтал Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан зохицуулалтыг давж заалдах шатны шүүхээс буруу хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй магадлалыг гаргасанд гомдолтой байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2025/01496 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04312 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-д зааснаар хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын гомдлыг гаргаж байна.
Арилжааны гэрээний талаар: “Ц” ХХК, “ЦМ” ХХК-иудын хооронд 2021.12.25-ны өдөр №А/2112 дугаартай “Арилжааны гэрээ” байгуулагдсан ба уг гэрээний зорилго нь талуудын өмчлөлд хөрөнгө харилцан шилжүүлэхтэй холбоотой үүсэх эрх, үүрэг, хүлээх хариуцлага тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршиж байгаа бөгөөд энэхүү гэрээний дагуу талууд харилцан бие биенийхээ өмчлөлд хөрөнгийг шилжүүлснээр уг гэрээний харилцаа дуусгавар болсон.
Газар эзэмшүүлэх гэрээний талаар: Талуудын хооронд 2022.09.30-ны өдөр 0599 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдаж эрх шилжүүлэгч нь эрх хүлээн авагчид өөрийн эзэмшилд байгаа хүчин төгөлдөр гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулах зорилготойгоор байгуулагдаж нотариатаар гэрчлүүлсэн.
Мөн газрыг шилжүүлсэн зургийг “Ц” ХХК-тай хамт байлцаж хийснээс гадна “Ц” ХХК-ийн 2022.08.19-ний өдрийн 104 дугаартай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан зэргээс үзэхэд “Арилжааны гэрээ” байгуулагдсан өдөр буюу 2021.12.25-ны өдрөөс хойш “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдах хүртэл буюу 2022.09.30-ны өдрийг хүртэл 9 сар гаруй хугацаа өнгөрсөний дараа ч өөрийн эзэмшилд авч буй газраа дутуу шилжүүлэн авсан гэдгээ мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Нэхэмжлэлийн талаар: “Ц” ХХК нь хамгийн анх шүүхэд “ЦМ” ХХК-д холбогдуулан 2024.04.29-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 2021.12.25-ны өдрийн “Арилжааны гэрээ”-ний 3.13-д заасны дагуу агуулахын зүүн талд байрлах 144 м.кв цементэн талбайг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нэгж талбарын *** дугаартай газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөлгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн болохыг тогтоож, уг доголдолыг арилгаж, дуудлага худалдааны анхны үнэ болох 64,975,680 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хариуцагчид даалгах, цонхны үнэ 112,293,168 төгрөгийг хариуцагчаас гаргуулах зэрэг 3 агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс “2021 оны 12 сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Арилжааны гэрээ”-ний 1.3 дахь хэсэгт заасан үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй учир дутуу шилжүүлсэн 206.2 м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах, хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөлгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн болохыг тогтоож, уг доголдолыг арилгаж, дуудлага худалдааны анхны үнэ болох 64,975,680 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хариуцагчид даалгах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй шаардлагаар буюу арилжааны гэрээний үүрэгт агуулахын зориулалттай байшингийн зүүн талын, цементэн 107 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч “Ц” ХХК-д шилжүүлж өгөхийг хариуцагч “ЦМ" ХХК-д даалган шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлсны дагуу анхан шатны шүүхээс шаардлагын хүрээнд буюу 206.2 м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон боловч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээгээр бус цементэн 107 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч “Ц” ХХК-д шилжүүлж өгөхийг хариуцагч “ЦМ” ХХК-д даалган шийдвэрлэж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтуудтай нийцэхгүй байна.
Хэрэгт авагдсан гэрээнүүд харилцан уялдаатай байхад давж заалдах шатны шүүх зөвхөн “Арилжааны гэрээ”-ний “3.13-т “А тал Б талд 6154 м.кв-аас гадна агуулахын байшингийн зүүн талын цементэн талбайг нэмж шилжүүлэхээр тохиролцов. Б тал цементэн талбайтай дүйцэхүйц газрыг бэлдэж, холбогдох зардлыг гаргана.” гэдэг хэсгийг дангаар нь сонгон авч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлахдаа мөн зүйлийн бусад заалтыг анхаараагүйгээс хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2025/01136 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч З.Буяндаваа, Б.Бат-Эрдэнэ нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч З.Буяндаваа, Б.Бат-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.
9. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч “ЦМ” ХХК-д холбогдуулан 206.2 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах, хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөлгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн болохыг тогтоож, дуудлага худалдааны үнэ болох 64,975,680 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... “Ц” ХХК нь 2021.12.25-ны өдөр А/2112 дугаартай арилжааны гэрээг “ЦМ” ХХК-тай байгуулсан. Тус гэрээгээр [хоёр үл хөдлөх эд хөрөнгө], өөрийн эзэмшлийн 7323 м.кв газраас хэсэгчлэн 6154 м.кв газар эзэмших эрх, үүнээс гадна цементэн талбайг эрхийн гэрчилгээ, бичиг баримтын хамт шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч газрыг шилжүүлэхдээ 206.2 мкв талбайг дутуу шилжүүлж гэрээний 1.3, 3.13-т заасан үүргээ зөрчсөн. ... 6154 м.кв газрыг шилжүүлэхдээ зохих журмын дагуу төлөх ёстой дуудлага худалдааны анхны үнэ болох 64,975,680 төгрөгийг төлөөгүй нь доголдолтой зүйл шилжүүлсэнд тооцно ...” гэж тайлбарласан.
10. Хариуцагч “ЦМ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... 7323 м.кв газраасаа хэсэгчлэн 6154 м.кв газар эзэмших эрх шилжүүлэхээр тохирсон ... 6154 мкв талбайд нэхэмжлэгчийн маргаж байгаа цементэн талбай багтсан. ... анх энэ талбайг өгөх тохиролцоо байгаагүй, хожим тэдний хүсэлтээр нэмж өгөхөөр болсон тул гэрээнд “... 6154 мкв-аас гадна ...” гэж тусгагдсан байна. Энэ нь техникийн алдаа ... гэрээ байгуулах үед 7323 м.кв талбайгаас өөр өөрт хамаарах хэсгийн анхны дуудлага худалдааны үнээ төлөхөөр тохирч гэрээний үнийг бууруулсан.” гэж мэтгэлцсэн.
11. Хариуцагч “ЦМ” ХХК нь нэхэмжлэгч “Ц” ХХК-д холбогдуулан 107 м.кв хэмжээтэй цементэлсэн талбайг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Манай компани анхны тохиролцсон болон нэмэлт цементэн талбайн газрыг "Ц" ХХК-д шилжүүлж өгсөн ... үүний хариуд газар эзэмших эрхийн үнийг төлөх, мөн цементэн талбайтай дүйцэхүйц өөр газрыг бэлтгэх, зардлыг гаргахаар гэрээний 3.7, 3.13-т тохирсон боловч энэ үүргээ биелүүлээгүй өнөөг хүрсэн. ... цементэн талбайн хэмжээ 107 м.кв ... энэ талбайгаа буцаан шаардах эрхтэй.” гэж тайлбарлажээ.
12. Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийг дэмжсэн үндэслэлээр эс зөвшөөрөн маргасан бөгөөд хариуцагч 6154 м.кв эзэмших эрхтэй газар, нэмэлтээр цементэлсэн талбайг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч бодит байдалд 6153 м.кв газар эзэмших эрх шилжүүлж, бусад үүргээ биелүүлээгүй тул 107 м.кв газрыг буцаан шилжүүлэх үүрэггүй гэж үзсэн байна.
13. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... Талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн.
13.1 “ЦМ” ХХК нь газрын дуудлага худалдааны анхны үнийг зохих байгууллагад төлөөгүйгээр бусдад худалдсан тул гэрээний зүйлийг эд хөрөнгийн доголдолтой байсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь газрын дуудлага худалдааны үнийг төлөгдөөгүй болохыг мэдэж байсан бөгөөд зарах үнэ 3,5 тэрбум төгрөгийг буулгаж, дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг 2022.09.30-ны өдөр шилжүүлэн авсан, нэхэмжлэлийг 2024.05.01-ний өдөр шүүхэд гаргасан тул 6154 м.кв газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй байгаа доголдлыг нэхэмжлэгч нь тухайн газрын эрхийг шилжүүлэн авахдаа мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тул доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан дуудлага худалдааны анхны үнэ 64,975,680 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
13.2 Арилжааны гэрээний дагуу “ЦМ” ХХК нь 6154 м.кв газрыг “Ц” ХХК-д шилжүүлэн өгөхдөө 107 м.кв цементэн талбайг оруулан тооцож шилжүүлэн өгснөөр үүрэг биелэгдсэн тул нэхэмжлэгч нь 206,2 м.кв талбайг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхгүй тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан дутуу шилжүүлсэн 206,2 м.кв талбайг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
13.3 Хариуцагч нь агуулахын байшингийн зүүн талын 107 м.кв цементэн талбайг 6154 м.кв талбайд оруулан шилжүүлэн өгсөн ... “Ц” ХХК нь цементэн талбайтай дүйцэхүйц газрыг цементэлж өгөх, холбогдох зардлыг гаргах үүргээс чөлөөлөгдөх тул үүргийн зөрчилтэй холбоотойгоор учирсан хохирлоо гаргуулахаар хариуцагч нь шаардах эрхгүй. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 107 м.кв талбайг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.
14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, агуулахын зориулалттай байшингийн зүүн талын 107 м.кв цементэн талбай бүхий газрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж, бусад шийдлийг хэвээр үлдээн, зохих өөрчлөлтийг шийдвэрт оруулсан. Магадлалд үндсэн нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж өөрчилсөн үндэслэлээ дараах агуулгаар дүгнэжээ. Үүнд:
“... Талуудын хооронд хүчин төгөлдөр, арилжааны гэрээний харилцаа үүссэн. ... Анхан шатны шүүх 6154 м.кв талбай бүхий газарт 107 м.кв талбай бүхий цементэн талбай багтсан гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. ... Талууд Арилжааны гэрээний 3.13-т “А тал Б талд 6154 м.кв-аас гадна агуулахын байшингийн зүүн талын цементэн талбайг нэмж шилжүүлэхээр тохиролцов. Б тал цементэн талбайтай дүйцэхүйц газрыг бэлдэж, холбогдох зардлыг гаргана” гэж заасныг үгийн шууд утгаар нь тайлбарлавал хариуцагч “ЦМ” ХХК нь гэрээнд заасан 6154 м.кв талбайгаас гадна цементэн талбайг нэмж нэхэмжлэгч “Ц” ХХК-д шилжүүлэх, нэхэмжлэгч нь тухайн цементэн талбайтай дүйцэхүйц газрыг цементэлж өгөхөөр харилцан тохиролцсон. Кадастрын зургаар хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 6154 м.кв газрын агуулахын зориулалттай барилгын зүүн талын цементэн талбайн хэмжээ 107 м.кв болохыг тогтоосон. [Гэрч Д.Б-ын мэдүүлэг, гэрээний дээрх тохиролцоо]-оос үзвэл хариуцагч нь гэрээний дагуу 107 м.кв цементэн талбайг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй. Арилжааны гэрээний холбогдох заалтыг ийнхүү тайлбарлах нь Иргэний хуулийн 198.1, 198.2-т нийцнэ.” гэх ялгаатай дүгнэлт хийжээ.
15. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсгийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэснээс нэгэнт шилжүүлсэн газарт багтаж байгаа 107 м.кв газрыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр заасан, нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан хариуцагч талын гомдлоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцлээ.
16. Зохигчийн хооронд 2021.12.25-ны өдөр №А/2112 дугаартай Арилжааны гэрээ байгуулагдаж талууд харилцан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон. Энэ гэрээний дийлэнх хэсэг биелэгдэж, гагцхүү газар эзэмших эрхийг хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гэрээний зүйлийн хэмжээ, чанар, талуудын хүлээх үүрэг зэрэг асуудлаар маргаан өрнөснийг хоёр шатны шүүх зөв тогтоосон.
Хариуцагч “ЦМ” ХХК нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирсон газар эзэмших эрх нь нийт 6154 м.кв талбайтай газрыг хамаарна гэж үзсэн бол нэхэмжлэгч “Ц” ХХК 6154 м.кв газраас гадна нэмэлтээр 206.2 м.кв газрыг шилжүүлэх үүрэгтэй гэж маргасан. Нэхэмжлэгч энэ нь гэрээний дагуу үүссэн шаардах эрх гэж үзэн дээр дурдсан Арилжааны гэрээний 3.13 дахь заалтыг эш татан тайлбарлаж байна. Уг заалтад “А тал Б талд 6154 м.кв-аас гадна агуулахын байшингийн зүүн талын цементэн талбайг нэмж шилжүүлэхээр тохиролцов. Б тал цементэн талбайтай дүйцэхүйц газрыг бэлдэж, холбогдох зардлыг гаргана.” гэжээ.
Тодруулбал, А тал буюу хариуцагч “ЦМ” ХХК нь Б тал буюу нэхэмжлэгч “Ц” ХХК-д өөрийн эзэмших эрх бүхий Сонгинохайрхан дүүрэг, *** хаягт байрлах, нэгж талбарын ***, улсын бүртгэлийн *** дугаартай 7323 м.кв газраас 6154 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэж 6153 м.кв газар эзэмших эрхээ шилжүүлсэн, энэ газар дээр нэмж ямар нэг хэмжээтэй газар шилжүүлэх үүрэггүй, гэрээ байгуулах явцад анхны тохиролцоо хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, ингэхдээ маргааны зүйл болж байгаа агуулахын зүүн талд байрлах цементэлсэн талбайг шилжүүлэх хүсэл зориг хариуцагчид байгаагүй боловч нэхэмжлэгч агуулахыг нэмэлтээр авах болсонтой уялдан түүний зүүн талд байрлах цементэлсэн талбайг авах хүсэлт гаргасныг бид зөвшөөрч шилжүүлсэн. Энэ талбай одоо нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа 6153 м.кв-д багтсан, тохиролцоо хожим өөрчлөгдсөнөөс шалтгаалан “6154 м.кв-аас гадна” гэх үг техникийн алдаа хэлбэрээр гэрээнд засагдалгүй үлдсэн.” гэж маргасан.
Хариуцагчийн энэ тайлбар нотлох баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх эсрэг дүгнэлт хийжээ. Хоёр шатны шүүх гэрээний заалтыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 болон 198.2 дахь хэсгийг тус тус хэрэглэсэн байна.
Хариуцагчийн газар эзэмших эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэх тайлбарыг үгүйсгэж нэхэмжлэгч тал 6153 м.кв талбайг шилжүүлсэн нь үнэн боловч агуулахын зүүн талд байрлах цементэн талбайг нэмж шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байна.
Гэрээний холбогдох заалт болох 3.13 дахь заалтын “... 6154 м.кв-аас гадна агуулахын зүүн талын цементэн талбайг нэмж ...” гэснийг үгийн шууд утгаар нь тайлбарлавал нэхэмжлэгчийн маргаж байгаа агуулга үндэслэлтэй мэт ойлгогдоно. Гэвч нэхэмжлэгч 6153 м.кв-ыг бодитой эзэмшиж байгаа үйл баримтад маргаагүй, харин өөрт нь шилжиж ирээгүй гэх талбайг агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зүүн талд байх цементэлсэн хэсэг талбай гэж заан, маргааны зүйлийн нэг бүрийн шинжийг тодорхойлж байна.
Энэ хэсэг талбайн бодит байдлыг дүрсэлсэн гэрэл зураг хавтаст хэрэгт хангалттай авагдсан, талууд чухамхүү уг газрын тухайд маргаж байгаа талаараа санал нийлсэн. Гэвч маргааны зүйл болсон цементэлсэн талбайн бодит хэмжээг 107 м.кв, 144 м.кв, 191 м.кв гэх мэтээр гурван өөрөөр тайлбарлаж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргадаг. Хэрэгт “Г” ХХК-ийн 2024.08.01-ний өдрийн А/240 дүгээр албан бичиг болон түүнд хавсаргасан кадастрын зураг авагдсан бөгөөд уг зургаар маргаж байгаа агуулахын зориулалттай барилгын зүүн талын цементэн талбайн хэмжээ 107 м.кв болохыг тогтоосон байна. Талууд маргааны зүйл болсон цементэлсэн талбай ийм хэмжээтэй тухайд маргахгүй талаараа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласныг магадлалд дурджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дутуу шилжүүлсэн 206.2 м.кв газраас 191 м.кв нь дээр дурдсан цементэлсэн талбай мөн гэж тайлбарласан боловч уг талбайн бодит хэмжээг 107 м.кв гэж тогтоосон байдалд маргахгүй болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар илэрхийлсэн гэж үзнэ.
Дээр дурдсан нөхцөл байдлыг товчлон дурдвал зохигч дутуу шилжүүлсэн гэж маргаж байгаа 206.2 м.кв газрын 191 м.кв гэж үзсэн хэсэг нь бодит байдалд 107 м.кв хэмжээтэй байх ба ингэснээр 84 м.кв /191-107/ газартай холбоотой асуудлаар шүүхээс тухайлсан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.
17. Нэхэмжлэгч бодитоор 6153 м.кв газар шилжиж ирснийг зөвшөөрдөг боловч уг газарт 107 м.кв газар ороогүй гэх тайлбараа хавтаст хэрэгт авагдсан “П” ХХК-ийн хэмжиж тогтоосон кадастрын зургаар дэмжинэ гэж мэтгэлцэж байна. Хавтаст хэрэгт авагдсан “П” ХХК-ийн зургаас үзвэл маргааны зүйл болсон цементэлсэн талбай нь 6153 м.кв газрын баруун дээд буланд бүхэлдээ догол үүсгэн байрлаж байх ба “П” ХХК тэрхүү доголын нийт талбайг 191 м.кв, үүнээс цементэлсэн талбай нь 116 м.кв гэсэн хэмжилт хийжээ. Гэвч зохигч уг цементэлсэн талбайн хэмжээ 107 м.кв гэж зөвшөөрсөн, энэ талаарх “Г” ХХК-ийн хэмжилтийг маргахгүй болохоо тайлбарласан.
Иймд цементэлсэн талбайг 107 м.кв гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Харин анхан шатны шүүх энэ талбай нэхэмжлэгчийн бодитой эзэмшиж байгаа 6153 м.кв талбайд багтсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх эсрэг дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт “Г” ХХК, “П” ХХК-иудын хийсэн хэмжилт, кадастрын зургаас гадна “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хавсралт кадастрын зураг авагдсан ба тус зурагт цементэлсэн талбайн захын цэгүүдийг хэмжин тогтоосон байна. Энэ гурван зурагт авагдсан цементэлсэн талбайн захын цэгүүдийг тогтоосноос үзвэл маргаан бүхий 107 м.кв газар нэхэмжлэгч “Ц” ХХК-д шилжин очсон газар болох 6153 м.кв газарт багтаж байна.
Тодруулбал, “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хавсралт кадастрын зурагт цементэлсэн талбайн баруун дээд өнцөг буюу хамгийн захын цэгийг Ү-5305165.38:Х-633359.96 гэж, “Г” ХХК-ийн гаргасан кадастрын зурагт мөн цэгийг Х-5305165.349:Ү-633359.963 гэж, “П” ХХК-ийн хэмжилтэд Х-5305165.380 (Ү хэмжилт гаргацгүй) гэж тус тус тэмдэглэснээс үзвэл “Ц” ХХК-д шилжүүлэн аваагүй гэж маргаж буй цементэлсэн талбайг хариуцагч “ЦМ” ХХК бодитой шилжүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.
Иймд анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж, эрх зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсгийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх талуудын байгуулсан гэрээний 3.13-т заасан хэсгийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлана гэж үзэхдээ хэргийн бодит байдал, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, зохигчийн маргааны зүйлийн бодит шинжийг анхааралгүй, хуулийн холбогдох заалтыг алдаатай хэрэглэжээ.
18. Нэхэмжлэгч хариуцагчийг 206.2 м.кв талбайг дутуу шилжүүлсэн гэж тайлбарлахдаа 191 м.кв талбайд холбогдох шаардлагыг бодит байдал дээр 107 м.кв талбайтай цементэлсэн хэсэгт хамааруулсан бол үлдэх 15 м.кв /206.2-191/ талбайтай газрыг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ талуудын байгуулсан Арилжааны гэрээний 3.13 дахь хэсгийг үндэслэл болгосон бөгөөд уг заалтад “… 6154 м.кв-аас гадна … агуулахын зүүн талын цементэлсэн талбайг нэмж …” гэж томьёолсон байтал цементэлсэн талбайгаас гадна чухам ямар газарт маргаан үүсгэж байгаа нь тодорхой биш байна. Өөрөөр хэлбэл, тус заалтаас “цементэлсэн талбай”-н талаарх маргаан үүсэх нь шалтгаант холбоотой байж болох ч, нэмэлт 15 м.кв талбайг хаанаас, хэрхэн тооцон маргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, холбогдох үйл баримтыг ойлгомжтой, тодорхой илэрхийлж, тэдгээрийг дэмжих нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд тус үүргээ биелүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Иймд энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон хоёр шатны шүүхийн шийдэл зөв байна.
19. Хариуцагч давж заалдах шатны шүүх 107 м.кв талбайд холбогдох шаардлагыг хангахдаа нэхэмжлэлийн хүрээнээс хальж, талуудын зарчмыг алдагдуулсан гэх агуулгаар хяналтын гомдол гаргасан бөгөөд гомдлын энэ үндэслэлийг хангах боломжгүй. Давж заалдах шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ нэгэнт тодорхой хэмжээний газраас хэсэгчлэн бие биедээ шилжүүлэх агуулгатай гэрээ байгуулагдсаныг үндэслэж нэхэмжлэлд заасан хэмжээний газрыг дутуу шилжүүлсэн эсэх маргааныг хянасан байна. Энэ агуулгаар нэхэмжлэлд дурдсан газар нь тоо хэмжээний хувьд бүхэлдээ биш ч хэсэгчлэн хангагдах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт өгсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний хүрээ хязгаарас хальж, маргааны агуулгыг алдагдуулсан, улмаар талуудын зарчмыг зөрчсөн гэх үндэслэлийг бий болгохгүй.
20. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсгийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэснээс нэгэнт шилжүүлсэн газарт багтаж байгаа 107 м.кв газрыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр заасан нь алдаатай болсон гэх агуулга бүхий гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй орхин магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2025/01496 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “ЦМ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.17-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН