Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 0149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч Б.Бүжинлхам

          Шүүгдэгч Ч.Баттулга

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         

          Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Баттулгад холбогдох 201714000144 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Зургаан зараа” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эцэг, эх, нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 2-4 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Цахир овогт Чүлтэмжамцын Баттулга /РД: ИО89062214/

 

          Шүүгдэгч Ч.Баттулга нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 23 цаг 40 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутагт Эко хорооллын урд талын авто зам дээр 86-15 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 8.2 дахь заалтыг зөрчин урсгал сөрж 54-40 ОРХ улсын дугаартай Тоёото Раум-6 маркын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Д.Сувданцэцэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ч.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ ослыг гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан. Тэр өдөр найзуудтайгаа уулзаад 2 шил архи уусан. Тэгээд харих гээд машинаа барьж явж байгаад осол гаргасан. Энэ хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Сувданцэцэгийн мөрдөн байцаалтын шөтөнд өгсөн: ....Би нөхөр Ганболдын хамт охиныгоо Шандаас очиж авах гээд орой 23 цаг өнгөрч байхад гэрээс гараад Эко хорооллын урд талын засмал зам дээр явж байхад өөдөөс ирж байсан буюу баруун талаас зүүн тийшээ явж байсан маш хурц гэрэлтэй авто машин урсгал сөрж ороод буцаад орохоор буцаад орохоор нь энэ машин яаж яваад байнаа гэж нөхөртөө хэлсэн. Тэр өдөр цасаар шуураад байсан болохоор нөхөр аажуухан явж байсан чинь нөгөө машин гэрэл маш хурц тусаад мөргөлдөх шиг болоод би хэсэг ухаан алдсан байсан. Намайг ухаан ороход түргэн тусламжийн машин ирсэн байсан. Намайг машинаас буулгах гэсэн чинь миний талын хаалга онгойхгүй би эсрэг талын хаалгаар буугаад түргэний тэрэгт мөлхөөд орсон гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

 

-Иргэний нэхэмжлэгч З.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хуучин тосгонд байх Мөнхтэнгэрийн ташуур ХХК-ний хашаанаас Шанд багт айлд очих санаатай өөрийн эзэмшлийн 54-44 ОРХ улсын дугаартай Тоёото Раум-6 маркын цагаан өнгийн авто машинтай өөрийн эхнэр Сувданцэцэгийг хажуудаа суулгаад зүүнээс баруун тийшээ явсан. Би 7 дугаар хороолол өнгөрөөгөөд Эко хорооллын урд талын засмал зам дээр 30 км цагийн хурдтай явж байхад өөдөөс маш тод хурц гэрэлтэй машин ирж явсан. Тэр машин нэг урсгал сөрж явж байгаад буцаад эгнээндээ орохоор нь эхнэртэйгээ энэ согтуу юм болов уу эсвэл бие нь муудаад байгаа юм болов уу яагаад урсгал сөрж ороод байгаа юм бол гээд машиныхаа хурдыг хасаад явж байсан чинь нөгөө машин чинь дөхөж ирээд эсрэг урсгалд ороод өөдөөс хурц гэрэл тусаад мөргөөд маш чанга чимээ гараад юу болсныг мэдэхгүй нэг хэсэг ухаан алдсан. Хэр удсаныг мэдэхгүй надаас танд утас байна уу гэхээр нь би сэрээд эхнэрээ дуудсан чинь үхэх гэж байна гэж байсан. Нэг хүн гар утас байна уу гээд байсан. Би өөрийнхөө утсыг хайгаад олоогүй. Би буцаад ухаан балартаад байж байхад эмнэлэг, цагдаагийн машин ирээд эхнэр бид хоёрыг авч явсан гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

 

-Гэрч Р.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: ...Би 2017 оны 02 сарын 18-ны өдөр Шанд багт хүн буулгаад буцаад баруунаас зүүн тийшээ явж байхад Эко хорооллын урд талд засмал зам дээр хоёр машин мөргөлдсөн байсан. Би машинаа өнгөрөөж зогсоогоод цагдаагийн жижүүрийн 7035102 дугаарт дуудлага өгөөд машинаас буугаад очиход Тоёото раум-4 маркын машин зорчигч суудаг талын хаалга татахад мөргөлдсөнөөс болоод зуураад онгойхгүй би хүчлэн татаад онгойлгоод харахад дотор нь настай эрэгтэй эмэгтэй хүн байсан. Эрэгтэй нь жолоочийн сандал дээр суусан байдалтай байсан намайг гайгүй юу гэж асуухад зорчигчийн сандал дээр сууж байсан эмэгтэй гайгүй гэж хариулж байсан. Мөргөлдсөн машин нь улаан өнгийн Субару порестор маркын авто машины жолооны ард нэг эрэгтэй хүн суусан байдалтай байсан. Би хөөе гээд дуудахад надад хариу өгөөгүй. Тэгэхээр нь болохгүй болсон байж магадгүй гэж буцаад нөгөө хоёр хөгшин дээр ирээд гайгүй юу гэж асуугаад байж байхад баруун талаар цагдаагийн машин ирээд юу болсон гэхэд намайг ирэхэд энэ хоёр машин мөргөлдсөн байхаар нь би дуудлага өгсөн. Нэг машинд нь настай хоёр хөгшин байна, нөгөө машинд нь нэг залуу байна гэж хэлсэн. ...Намайг очихоос өмнө мөргөлдсөн байсан, тэр орой цас хаяад дээр нь салхитай байсан гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,

 

-Гэрч О.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр найз Буянбатын хамт Баттулгын гэрт нь очиход гэртээ ганцаараа аав, ээж хот явсан гэж хэлж байсан. Бид 3 хэсэг байж байгаад дэлгүүр ороод нэг шил 0,75 граммын архи авчраад хувааж уусан. Бид нэг шил архиа ууж дуусаад дахиад нэг шил архи авч уухдаа хоол цай хийж идээд нилээн удаан суусан. Баттулгын гэрээс Буянбат бид хоёр орой 19 цаг өнгөрч байхад харих гээд гарсан. Манай найз Баттулга гэртээ унтана гээд үлдсэн. Баттулга маргааш нь утсаар залгаад өчигдөр машин барьж яваад осол хийсэн гэж хэлэхэд нь мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 211 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. З.Ганболдын биед хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт, 2 өвдөг, цээж, хүзүү, зүүн гарын сарвуу, бугуй, зүүн тавхайд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 37 ху/

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 215 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Сувданцэцэгийн биед хавсарсан гэмтэл, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, баруун 9 дүгээр хавирганы далд зөрөөгүй хугарал, зүүн сарвууны 1 дүгээр хуруу, баруун сарвууны 5 дугаар хуруу, далд зөрөөтэй хугарал, хэвлийн урд хана болон цээжний зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Баруун 9 дүгээр хавирганы далд зөрүүгүй хугарал, зүүн сарвууны 1 дүгээр хуруу, баруун сарвууны 5 дугаар хурууны далд зөрүүтэй хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 41 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 61 дугаартай дүгнэлтэнд: З.Ганболдын цусанд этилийн спирт 0% промиль процент илэрсэн гэсэн дүгнэлт /хх 47 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтэнд: Ч.Баттулгын цусанд этилийн спирт 5% промиль процент илэрсэн бөгөөд энэ согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 53 ху/,

 

-Замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтэнд:

 

1. Субару порестор маркын 86-15 УНЯ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан жолооч Ч.Баттулга нь МУ-ын замын хөдөлгөөний хууль, дүрмийн 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: 2.7.а / согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн, 8 дугаар бүлэг тээврийн хэрэгсэл байрлан явах: 8.2/ эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Тоёото раум маркын 54-40 ОРХ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан жолооч З.Ганболд нь МУ-ын замын хөдөлгөөний хууль, дүрмийн заалт зөрчөөгүй байна.

3. Субару порестор маркын 86-15 УНЯ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан жолооч Ч.Баттулга нь МУ-ын замын хөдөлгөөний хууль, дүрмийн 2.7.а, 8.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 58 ху/,

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 5 ху/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 6-7 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10, 16-17, 20, 21, 68-71, 84-95 ху/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан акт /хх 14-15, 18-19 ху/

-Хохирлын үнэлгээ /хх 63, 74 ху/

-Хохирлын баримт /хх121-131, 135-148 ху/,

-Иргэний нэхэмжлэгч З.Ганболд, хохирогч Д.Сувданцэцэг нарын өвчний түүх /хх 150-176 ху/

-Хохирол төлсөн баримт /хх 177 ху/

-Ч.Баттулгыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 104-107 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 119 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Баттулга нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутагт Эко хорооллын урд талын авто зам дээр 86-15 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 8.2 дахь заалтыг зөрчин урсгал сөрж 54-40 ОРХ улсын дугаартай Тоёото Раум-6 маркын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Д.Сувданцэцэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Сувданцэцэгийн “...Тэр өдөр цасаар шуураад байсан болохоор нөхөр аажуухан явж байсан чинь нөгөө машин гэрэл маш хурц тусаад мөргөлдөх шиг болоод би хэсэг ухаан алдсан байсан. Намайг ухаан ороход түргэн тусламжийн машин ирсэн байсан” гэсэн /хх 29 ху/, иргэний нэхэмжлэгч З.Ганболдын “...Би 7 дугаар хороолол өнгөрөөгөөд Эко хорооллын урд талын засмал зам дээр 30 км цагийн хурдтай явж байхад өөдөөс маш тод хурц гэрэлтэй машин ирж явсан. Тэр машин нэг урсгал сөрж явж байгаад буцаад эгнээндээ орохоор нь эхнэртэйгээ энэ согтуу юм боловуу эсвэл бие нь муудаад байгаа юм болов уу яагаад урсгал сөрж ороод байгаа юм бол гээд машиныхаа хурдыг хасаад явж байсан чинь нөгөө машин чинь дөхөж ирээд эсрэг урсгалд ороод өөдөөс хурц гэрэл тусаад мөргөөд маш чанга чимээ гараад юу болсныг мэдэхгүй нэг хэсэг ухаан алдсан” /хх 26 ху/ гэсэн мэдүүлгүүд, мөн гэрч Р.Энхтүвшин /хх 33 ху/, О.Гэрэлт-Од /хх 34 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Сувданцэцэгийн биед хавсарсан гэмтэл, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, баруун 9 дүгээр хавирганы далд зөрөөгүй хугарал, зүүн сарвууны 1 дүгээр хуруу, баруун сарвууны 5 дугаар хуруу, далд зөрөөтэй хугарал, хэвлийн урд хана болон цээжний зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт зэрэг гэмтлүүд үүссэнийг тогтоосон шинжээчийн 215 тоот дүгнэлт, Ч.Баттулгыг хөдөлгөөний хууль, дүрмийн 2.7.а, 8.2 дахь заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон 27 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Баттулгыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Баттулга нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал болон гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.

 

Хохирлын хувьд хохирогч Д.Сувданцэцэг нь эмчилгээний зардал 881.446 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Ганболд нь машины эвдрэлийн төлбөр 3.392.600 төгрөг, нийт 4.274.046 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Энэ хэрэгт хураагдсан Ч.Баттулгын №502497 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                               

ТОГТООХ  нь

 

1. Шүүгдэгч Цахир овогт Чүлтэмжамцын Баттулгыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2.т зааснаар шүүгдэгч Ч.Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Ч.Баттулгад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдсан шүүгдэгч Ч.Баттулгын №502497 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4.т зааснаар шүүгдэгч Ч.Баттулгад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Баттулгад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.БАЙГАЛМАА