Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/1289

 

Л.Д-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

хохирогч Ж.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

цагаатгагдсан этгээд Л.Д-, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн, С.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/561 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Ж.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Д-д холбогдох эрүүгийн 2009002440342 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Л.Д-, 1982 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, эгч, дүү, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Л.Д- нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн арын цонхоор Ж.А-ийг цээжин биеэ оруулан хүүхдүүдтэйгээ харилцаж байсныг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ойролцоо засмал зам дээрээс ертөнцийн зүгээр Нарны гүүрний хойноосоо урагш чиглэсэн замд автомашинаараа чирч эрүүл мэндэд нь баруун, зүүн шуунд цус хуралт, баруун тавхайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокуророос Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

            Прокурор И.Мөнхцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д- хохирогч А-ийг тээврийн хэрэгслийн цонхоор цээжин биеэ оруулаад хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа дүрс, бичлэгийг бэхжүүлснийг шүүгдэгчийн хүсэлтээр хэрэгт хавсаргасан ба цаашид үргэлжилсэн үйлдлийн талаар дүрс, бичлэг авагдаагүй. Гар утсаа гээгдүүлсэн гэж шүүгдэгч мэдүүлдэг. Хэрэг учралын талаар зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан шалгаж байгаад мөрдөн шалгах байгууллагын хэрэг бүртгэлтэд шилжүүлсэн байдаг. Тухайн хэрэг учрал болох үеийн замын камерын болон ойролцоох камеруудын бичлэгийг хуулбарлан авах зорилгоор зохих байгууллагуудад хандсан боловч цаг хугацааны хувьд хадгалах хугацаа дууссан байсан. Хохирогчийн зүгээс мэдүүлгийг газар дээр нь шалгах явцад туулсан замын хэмжээ, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байх бөгөөд үүнийг бэхжүүлж хэрэгт хавсаргасан. Хохирогч тээврийн хэрэгсэлд зүүгдэн амь тэмцэж яваад сүүлдээ шургаж орсон гэдэг. Гэтэл шүүгдэгчийн үйлдлээс тухайн гэмт хэрэг гарсан гэх шалтгаант холбоо байхгүй гэж шүүх дүгнэж байгаа нь өрөөсгөл, таамаглал дэвшүүлсэн, үйл баримтыг зөв үнэлж чадаагүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч Д- өөрийн үйлдлийг үгүйсгэж мэдүүлдэг болохоос өөрөөр түүний үйлдлийг үгүйсгэх нотлох баримт байдаггүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл шүүх дахин шинжилгээ хийлгэх, шинжээч томилох ажиллагаа явуулах, хэргийн бүрдэл дутуу, нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл байсан. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч Ж.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж хэргийн бодит байдалд зөв зүйтэй дүгнэлт хийж чадаагүй. Үүнд:

            1. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээч эмч эрх үүрэгтэй танилцаж, үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлсэн, шинжилгээ хийлгэх тогтоол манай байгууллага дээр ирж нэг хувь нь манай байгууллага дээр үлддэг гэж мэдүүлсэн боловч анхан шатны шүүх түүнд эрх үүрэг тайлбарлаж танилцуулаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Түүнчлэн анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзвэл хэргийг цагаатгах бус нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд зөв боловч анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд үл нийцэж байна.

             2. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Д- “А- маш хурдан /10 секунд/ цонхоор ороод ирсэн. Ингэхдээ дээрх гэмтлийг авсан байх. Би түүнийг чирээгүй” гэж мэдүүлдэг боловч шинжээч “10 секундын дотор цонхоор орсон бол цус хуралт, зулгаралт үүсэх боломжгүй. Харин нарийн ирмэгтэй /Автомашины шил гарч ирдэг хаалганы ирмэг/ зүйл дээр удаан хугацааны турш дарснаар дээрх цус хуралтууд үүсэх боломжтой” гэж хариулсан байдаг. Түүнчлэн хохирогчийн биед үүссэн нарийн урт хэмжээтэй цус хуралтууд нь автомашины хаалганы ирмэгний хэмжээтэй тохирдог ба хохирогч цонхонд хавчуулагдсан байдалтай гарны шуу буюу бугуйгаараа дарж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үүднээс Нарны гүүр хүртэл чирэгдэж явсан байдаг. Энэ хугацаанд автомашинаас унахгүйн тулд хаалганы нарийн ирмэгэнд /Автомашины хаалганы цонх гардаг хэсэг/ хоёр гарны шуун дээрээ бүх биеийн жингээ авч дээрх замыг туулсан байдаг. Чирэгдэж байхдаа амь тэмцэж автомашины цонхоор орсон. Шүүгдэгч Д- нь А-ийг автомашинд чирэгдэж явахдаа гадагш унах, унах явцдаа тархиндаа гэмтэл авах магадлал маш өндөр, мөн өөр бусад эрсдэл үүсч болзошгүйг мэдсээр байж хүнлэг бус авирлаж түүнийг автомашинаараа чирч гэмтэл учруулсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д-г гэм буруутайд тооцож өгнө үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Л.Д- “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

            Цагаатгагдсан этгээд Л.Д-гийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллах дүгнэлт нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгийг үндэслэж бичигдсэн. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгүүд нь дараах нөхцөл байдлуудаар үгүйсгэгдсэн тул цагаатгаж шийдвэрлэлээ гэж дүгнэсэн. Учир нь, шинжээчийн дүгнэлтэд прокурор болон хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан үндэслэлийг дурдахын сацуу шинжээчийг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авсан. Шинжээчээс хавтас хэргийн 154 дэх талд авагдсан гэмтэл учирсан гэх зургийг зааж “энэ гэмтэл нь чирэгдэх явцад учрахгүй” гэж мэдүүлсэн. Гэтэл яллах дүгнэлтэд энэ гэмтэл нь чирэгдэлтээс үүссэн гэмтэл гэж дүгнэсэн байсан учир шүүх шинжээчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг үндэслэл болгосон. Мөн хавтас хэргийн 2, 4 дэх талд авагдсан хохирогчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “намайг Нарны гүүр давуулаад Алтай хотхоны уулзвар хүртэл чирч явсан” гэсэн мэдүүлэг нь тухайн үед замын хөдөлгөөн зохицуулж байсан гэрч А.Билгүүний “энэ машин гүүр даваад орж ирсэн, орж ирээд боржур даваад миний хажууд зогссон, хаалгыг нь онгойлгож шаардлага тавихад “энэ хүн манай салсан нөхөр, машинаас гарахгүй байна” гэж хэлсний дагуу би шаардлага тавьж гаргасан” гэсэн мэдүүлгээс зөрдөг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлэг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон замын зохицуулагчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Түүнчлэн яллах дүгнэлтэд чирэгдсэн, чирсэн гэх үйл баримтаар Л.Д-г гэм буруутайд тооцсон. Гэтэл шүүх хавтас хэрэгт цугларсан үйл баримтуудаар чирэх үйлдэл хийгдсэн гэдгийг нотолсон нотлох баримтууд тогтоогдохгүй байна гэж үзсэн. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Д-гийн өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, тухайн хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдээгүй баримтуудыг шүүхийн шийдвэрт тусгах боломжгүй байсан. Энэ талаар шүүх хуралдаанд яригдсан. Л.Д- автомашинд цээжийг нь оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин чирэх асуудлыг нотолсон зүйл хэрэгт байхгүй. Хохирогч гулсаж орсон гэж мэдүүлдэг. Гэвч уг гэмтлийг гулсаж орохдоо авсан эсхүл чирэгдсэнээс авсан эсэхийг тогтоогоогүй. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед “Приус” загварын автомашин хэдэн см-ийн өндөртэй, хэдэн км чирсэн, тэр хугацаанд гэмтэл учрах боломжтой эсэх байдлыг огт тогтоогоогүй. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гарсан хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Л.Д-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан гэж байгаа ч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн Л.Д- гомдол, өргөдөл гаргасан гэж байгаа боловч хэрэгт байхгүй зэргээр нотлох баримтууд дутуу байсан тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Л.Д-г 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн арын цонхоор Ж.А-ийг цээжин биеэ оруулан хүүхдүүдтэйгээ харилцаж байсныг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ойролцоо засмал зам дээрээс ертөнцийн зүгээр Нарны гүүрний хойноосоо урагш чиглэсэн замд автомашинаараа чирч, эрүүл мэндэд нь баруун, зүүн шуунд цус хуралт, баруун тавхайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, мөрдөн шалгах ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаснаар уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр тухайн хуулийн холбогдох зүйл, заалтын хүрээнд явагдсан байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад нийцсэн ажиллагааг хууль ёсны гэж үзнэ.

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Д-гийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй мэдүүлгийн эх сурвалжийг магадлан үнэлсний үндсэн дээр Ж.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үр дагавар нь дан ганц Л.Д-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй болохыг зөв тодорхойлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.

            Тодруулбал, яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч Ж.А-ийн “...Д-гийн автомашины арын суудалд хоёр хүүхэд сууж байсан учир би хүүхдээ үнсэх гээд цонхоор нь цээжээ оруулсан чинь шууд хөдлөөд “чи яасан их Шүүхийн шийдвэрээр явдаг юм, ингээд уулз” гээд цонхондоо цээжин бие хавчаад хөдөлсөн, хөдөлж яваад Алтай хотхоны уулзвар хүрээд зогссон. Д- нь автомашинаараа чирч миний биед гэмтэл учруулсан. Хөрөнгийн маргаан, хувийн өс хонзонгоос болж намайг чирсэн. ... баруун, зүүн шуунд үүссэн зулгаралт, баруун тавхайд учирсан гэмтлүүд нь намайг автомашины баруун хойд талын цонхондоо хавчуулж чирснээс үүдэлтэй гэмтэл юм. Миний хөл тавхай бол асфальтан зам дээр чирэгдсэнээс болоод гэмтсэн. Би сүүлдээ амь тэмцээд автомашиныг явж байхад нарны гүүрний төгсгөл хэсэгт чихэж суусан үед үүссэн. ...” /1хх 4, 51/,

            гэрч А.Батмөнхийн “...А- надад хандан “ийм байдлаар хүүхдүүдтэйгээ уулзмааргүй байна, хэд хоногоор хамт баймаар байна” гэхээр нь би “шүүхийн шийдвэрт зааснаас өөр байдлаар уулзах боломжгүй, хоног хугацаа заасан тохиолдолд хоногоор авч явах боломжтой, та хоногоор уулзмаар байгаа бол шүүхэд дахиад хүсэлт гаргаж болно” гэж хэлээд явсан. Д- хаана байсныг санахгүй байна. Ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийсэн зүйлгүй байсан. Өөр мэдэх зүйл байхгүй байна. ...” /1хх 7/,

             гэрч А.Билгүүний “...намайг “Механик инженерийн сургууль”-ийн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байх үед Нарны гүүр давж орж ирсэн “Приус” загварын автомашин үйлчилгээний төв тал руугаа эргээд замын боржур даваад зогссон. Би яваад очиход жолооч нь эмэгтэй, жолоочийн хойд суудал дээр нэг эрэгтэй хүн сууж байсан. ... Би тэр залууг сайн ажиглаагүй, ямар ч байсан автомашинаас буусан. ...” /1хх 52/,

              Л.Д-гийн яллагдагчаар өгсөн “...зогсоолоос хөдлөөд зам руу орох гэсэн чинь А- урд зогсоод “намайг дайраад гар, би хүүхдүүдээ заавал авна” гэсэн. Би зогссон. Тэгтэл арын цонхон дээр ирэхэд хүүхдүүд цонх онгойлгосон чинь цээжин биеэ цонхоор оруулаад над руу дайрч давшлаад “би хүүхдүүдээ авч явна” гээд байхаар нь би хүүхдүүдээс “аавтайгаа явах юм уу” гэсэн чинь хоёр хүүхэд “явахгүй” гэсэн. Нарны гүүрэн дээр буусан. ... эхлээд намайг автомашинтайгаа зогсож байхад толгойгоо оруулж ирж хүүхдүүдтэй юм ярьж байгаад шууд цонхоор гулсаад машинд бүтэн биеэрээ орж ирээд суучихсан юм. ...” /1хх 5, 46-47/ гэсэн мэдүүлгүүд,

            мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 143-146/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7755 дугаартай “...Ж.А-ийн биед баруун, зүүн шуунд цус хуралт, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /1хх 9/ гэсэн дүгнэлт, уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч М.Золжаргалын “...тавхайн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн цохих, цохигдох, шүргэгдэх, үрэгдэх хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Тавхай гэдэг нь хөлний улны эсрэг тал буюу дээд талд зураас 1.0х0.5 см, 1.0х0.2 см хэмжээтэй зулгаралт байсан. ...” /1хх 143-146/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийхэд Л.Д- нь өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн арын цонхоор Ж.А-ийг цээжин биеэ оруулан хүүхдүүдтэйгээ харилцаж байсныг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ойролцоо засмал зам дээрээс ертөнцийн зүгээр Нарны гүүрний хойноосоо урагш чиглэсэн замд автомашинаараа чирч эрүүл мэндэд нь “баруун, зүүн шуунд цус хуралт, баруун тавхайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

            Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэн Нарны гүүрэн доогуур бүтэн тойрог хийж, “Алтай хотхон”-ны  уулзвар хүртэлх зайд хэд хэдэн гэрлэн дохио нэвтэрч, урт замыг туулахаар байх бөгөөд энэ хугацаанд хохирогч Ж.А-ийн цээжин бие хэсгийг тээврийн хэрэгслийн арын цонхонд хавчуулан чирч явсан гэх асуудал хэргийн бодит байдалтай нийцэхгүй.

            Харин шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг хохирогч Ж.А- нь тээврийн хэрэгслийн арын цонхоор цээжин бие хэсгээрээ гулсаж орох үедээ өөртөө авсан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал байна.

Харилцан эсрэг сонирхол бүхий хоёр талын өгсөн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал бөгөөд энэ тохиолдолд хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн гэрч А.Билгүүний мэдүүлэг нь хохирогч Ж.А-ийн мэдүүлгийг няцаажээ.

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулахад чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хөнгөн гэмтэл учруулсан үр дагавраар илрэх бөгөөд гэмт үйлдэл, үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байдаг.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд хохирол, хор уршигтай шалтгаант холбоо байхгүй гэж үздэг. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд, анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, уг баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн болохыг шалгаж, тэдгээрийн эх сурвалж болон агуулгыг тусгаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлсний эцэст Л.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон ба ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, “цагаатгах тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх агуулга бүхий давж заалдсан гомдол, эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/561 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Ж.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН