Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 152/ШШ2022/00103

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх ,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн УС-н ЗД-ын,

    Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, ТГШ хоршоонд холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Улаангом сумын 200 айлын загвар хашаа төсөл гүйцэтгэх ажлыг эргэн төлөх нөхцөлтэй гарааны санхүүжилтийг ТГШ хоршооны захирал Б.Далай 30.000.000 төгрөгийг авсан. ТГШ хоршоо нь 2021 оны 1 дүгээр сарын байдлаар 6.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр орон нутгийн хөгжлийн сангийн авлага барагдуулах ажлын хэсэг байгуулагдан ТГШ хоршооны захирал Б.Далайтай ажлын хэсэг хуралдаж авлагатай хоршоонд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөр барагдуулах хугацаатай албан тоот хүргүүлсэн боловч тухайн иргэн нь төлж барагдуулаагүй. Иймд Орон нутгийн хөгжлийн сангийн авлага болох 6.000.000 төгрөгийг ТГШ хоршооны захирал Б.Д-аас гаргуулж, төрийн сангийн 100151952400 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн хөгжлийн сангаас авсан 30,000,000 төгрөгөөс 24,000,000 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд шилжүүлж 5,000,000 төгрөгийг нь Улаангом сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар гэрээний дагуу Таваг чулуу XXК-д өгсөн. Уг ажилд банк болон банк бусаас 120,000,000 орчим төгрөгийн зээл авч оруулсан бөгөөд энэ ажлаас болж алдагдал хүлээж 5 орчим жил хүнд байдалд байсан. Захиалагч тал нь тухайн газарт засмал зам тавьж, сургууль цэцэрлэг барина гэж надад болон иргэдэд худал мэдээлэл өгснөөс би биш энэ хашааг худалдаж авсан хүн бүр хохирсон. Иргэд худалдаж авсан болон миний хариуцаж байсан 20 орчим хашааны банз, 42 ширхэг хашааны гүйдэг хаалга хулгайд алдагдсан. Санхүүжилтээс үлдсэн 1,000,000 төгрөгийг төлж болно. Гэхдээ Улаангом сумын Тамгын газрын дарга айл өрхийн 00 бохир усны цооногт авгалдайн устгал хийлгэчихээд өгөхгүй байгаа ажлын хөлс 810,000 төгрөг, 2015 онд Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын хашаа бариулчихаад өгөхгүй байгаа 1,842,500 төгрөгөө өгөх эсвэл хасаж тооцох ёстой гэж үзэж байна гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Увс аймгийн УС ЗД нь хариуцагч ТГШ хоршоонд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

   Хариуцагч Б.Д Орон нутгийн хөгжлийн сангаас авсан 30,000,000 төгрөгөөс 24,000,000 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд шилжүүлж 5,000,000 төгрөгийг нь Улаангом сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар гэрээний дагуу Таваг чулуу XXК-д өгсөн. Санхүүжилтээс үлдсэн 1,000,000 төгрөгийг төлж болно. Гэхдээ Улаангом сумын Тамгын газрын дарга айл өрхийн 00 бохир усны цооногт авгалдайн устгал хийлгэчихээд өгөхгүй байгаа ажлын хөлс 810,000 төгрөг, 2015 онд Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын хашаа бариулчихаад өгөхгүй байгаа 1,842,500 төгрөгөө өгөх эсвэл хасаж тооцох ёстой гэж үзэж байна гэж маргаж байна.

   Увс аймгийн УС ЗД нь хариуцагч ТГШ хоршоотой тендер шалгаруулалт гэх нэртэй УГХАТ-03/2014 тоот гэрээ байгуулж захиалагч нь Улаангом сумын 200 айлын загвар хашаа төсөл гүйцэтгэх төслийг гүйцэтгүүлэх, эргэн төлөгдөх нөхцөлтэй гарааны санхүүжилт болох 30,000,000 төгрөгөөр эхлэн гүйцэтгэх бөгөөд 2 тал хашаа 2,500,000 төгрөг, 3 тал хашаа 3,250,000 төгрөг, 4 тал хашаа 3,500,000 төгрөгийн үнээс илүүгүй үнээр хэрэглэгдээд нийлүүлэхээр харилцан тохиролцжээ.

     Дээрх гэрээнээс үзэхэд ТГШ хоршоо нь 30 төгрөгийн санхүүжилт авч, хашаа барьж гүйцэтгээд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон мэт харагдаж байгаа боловч зохигч талууд 30,000,000 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас зээлдсэн, хашааг барьж дуусгаад зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарласан тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр байна.

     Зохигчид 30,000,000 төгрөгийн зээлээс 24,000,000 төгрөг төлсөн, одоо 6,000,000 төгрөг үлдсэн гэх үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч зээлийн үлдэгдлээс Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар гэрээний дагуу Таваг чулуу XXК-д өгсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцохоор тохирсон, үлдэх 1,000,000 төгрөгийг Улаангом сумын Улаангом сумын Засаг даргын тамгын газраас авах авлагаас хасч тооцуулна гэж маргаж байна.

    Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар жишиг хорооллын хашааг худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч тус сумын Засаг дарга нь худалдагч ТГШ хоршоо, гуравдагч тал Таваг чулуу ХХК-аас Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Жишиг хорооллын 11 гудамжны 13 тоот, 11 дүгээр гудамжны 15 тоот хаягт тус тус орших 0,07 га талбайтай 2 хашааг худалдан авахаар харилцан тохиролцсон байна. Мөн гэрээний 1-р заалтад ...Тухайн хашааны үнэ болох 5,000,000 төгрөгийг худалдагч тал болох ТГШ хоршоо нь Улаангом сумын Засаг даргын тамгын газраас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авсан зээлийн төлбөрөөс хасч тооцохоор... харилцан тохиролцжээ.

    Зохигч талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн Зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөгөөс Жишиг хорооллын хашааг худалдах-худалдан авах 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар гэрээний дагуу Таваг чулуу XXК-д өгсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцохоор тохирсон гэх тайлбарыг хүлээн авч зээлийн үлдэгдлээс тухайн 5,000,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

    Мөн хариуцагч Үлдэх 1,000,000 төгрөгөөс Улаангом сумын Улаангом сумын Засаг даргын тамгын газар нь айл өрхийн 00-ын бохир усны цооногт авгалдайн устгал хийлгэчихээд өгөхгүй байгаа ажлын хөлс 810,000 төгрөг, 2015 онд Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын хашаа бариулчихаад өгөхгүй байгаа 1,842,500 төгрөгийг хасаж тооцуулна гэж маргаж барьсан хашаа, хашаа барьсан тооцоо гэх баримтыг ирүүлсэн боловч тухайн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна ажлын хөлстэй холбоотой холбогдох гэрээг ирүүлээгүй байх тул үлдэх 1,000,000 төгрөгөөс ажлын хөлсийг хасаж тооцох боломжгүй байна.

   Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ТГШ хоршооноос зээлийн гэрээний гүйцэтгээгүй 1,000,000 төгрөг гаргуулж Орон нутгийн хөгжлийн сангийн 100151952400 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ буюу 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг хариуцагч ТГШ хоршооноос гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д заасныг баримтлан хариуцагч ТГШ хоршооноос зээлийн гэрээний гүйцэтгээгүй 1,000,000 төгрөг гаргуулж Орон нутгийн хөгжлийн сангийн 100151952400 тоот дансанд оруулж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч ТГШ хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөг гаргуулж Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ