Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;

улсын яллагч: Б.Цэцэгмаа;

иргэдийн төлөөлөгч: Н.Баттогоо;

шүүгдэгч: М.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Мөнхболдын Гантулгад холбогдох 201625021393 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 90А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагар хорих ялаар , мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэхь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заанаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 332 дугаартай шүүгчийн захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 5 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,  ЖЛ82012711 регистерийн дугаартай, Цагаангууд овогт Мөнхболдыг Гантулга.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн  яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч М.Гантулга нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 138 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дүгээр зүйлийн 145.1, 152 дугаар зүйлийн 152.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06 нд “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар суллагдсан бөгөөд ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 дугаар байрны 13 давхрын техникийн өрөөнд хохирогч Н.Баттогтохтой баарны тооцоо хийхээс буюу үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зэвсэг /хутга/ хэрэглэн хацар, хүзүү, хэвлий, бугуй, сарвуу гуянд нь 7 удаа зүсэж хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж, танхайрсан,

яллагдагч М.Гантулга нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 138 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дүгээр зүйлийн 145.1 дэх хэсэг, 152 дугаар зүйлийн 152.1 дэхь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 06-нд “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар суллагдсан бөгөөд ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр эрүүгийн 201625021393 дугаартай хэрэгт шалгагдан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх явцдаа прокурорын шатнаас 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ны өдөр хүртэл оргон зайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 06-ны оройн 22 цагийн үед хохирогч Баттогтох бид хоёр бааранд тооцооноос болж маргалдахад намайг зодсон. Би цусаа гоожуулаад унаанд суугаад гэртээ харьсан. Гэтэл Баттогтох “араас чинь очъё” гэж хэлсэн. Тэгээд Баттогтох гэрт орж ирээд намайг зодохоор нь айсандаа хутга гаргаж ирээд Баттогтохтой ноцолдож байхдаа зүссэн байсан. Бүх асуудал Баттогтохоос эхэлсэн. Баттогтох бид хоёр хамт ажил хийгээд манай эгчийн гэрт хамт амьдардаг байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн хувьд би нутагтаа 2011 оноос хойш очоогүй болохоор оччихоод айж ичсэндээ ирж чадаагүй гэв. 

 

хохирогч Н.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 12-14/: “… Гантулга бид 2 сансрын “Аялгуу” гэдэг караокенаас гарахдаа тооцооноос болоод жоохон маргалдсан. Бид тооцоогоо төлчихөөд намайг харих гээд явж байтал Гантулга араас миний утас руу залгаад “ганц шил архи аваад ир, чи намайг зодсон байна” гэхээр нь “юун зодох вэ, чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд “очиж харъяа даа, яасан юм бол” гэж бодоод алхаад очсон. Явсаар байгаад Гантулгын эгчийнх нь ажилладаг 77 дугаар байранд ирсэн. Уг байрны 13 давхарт гартал техникийн давхрын хаалга нь хаалттай харагдсан. Тэгэхээр нь “байхгүй юм байх” гэж бодоод нэг давхар руу доош бууж байхдаа Гантулгын утас руу залгасан чинь “бид хоёр шатан дээр гараад зогсож байя” гэсэн. Би дээшээ 13 давхар руу буцаж гартал тэр хоёр шатан дээр зогсож байсан. Тэгээд техникийн давхрын уг өрөө рүү нь ороод буйдан дээр суух гэтэл Гантулга гэнэт жижиг гялтганасан цагаан хутга гаргаж ирээд миний зүүн талын нүдний доод хэсэгт дээрээс доош чиглэлтэй хутгаараа зүссэн. Би зугтаад хойшоо орон дээр уначихсан. Тэгтэл дээрээс хутгаа бариад л дайраад байсан. Тэр үед маш их сандарсан, миний дээрээс дараад баруун хөхний дээр болон хэвлийн баруун тус газар, дараа нь зүүн гуяны ар хэсэгт хутгаар зүссэн, тэгснээ хүзүүний зүүн талын хэсэгт зүссэн. Тэгээд би арайхийж Гантулгын хутга барьчихсан гарыг нь барьж аваад “аваач ээ” гээд орилсон чинь хүргэн ах Эрдэнэбат нь гүйж ирээд Гантулгын гараас хутгыг нь авч харагдсан …” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 17/: “... 2016 оны 05 дугаар сарын 07-ны өглөө эрт 07 цагийн орчим гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь манай эрэгтэй дүү Баттогтох зүүн хацрандаа, хэвлийн доор хэсэг, гэдсэндээ, гарын сарвуунууддаа хутгаар зүсэгдчихсэн шархнууд харагдаад гар нь хөдлөхийн аргагүй болоод цус гарчихсан байж байсан …” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Уянгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 19-20/: “... 2016 оны 05 дугаар сарын 07-ны өглөө үүрээр 06 цагийн орчимд миний төрсөн эрэгтэй дүү Баттогтох нь хаалга тогшоод орж ирсэн. Орж ирэхэд нь манайх харанхуй байсан тул гэрэл асаатал Баттогтох нь цус нөжтэйгээ зууралдчихсан орж ирсэн байсан. Тухайн үед хөлөө чирчихсэн, гэдсээ барьчихсан, нүүр гар нь цус болчихсон орж ирэхээр нь “яасан юу болсон бэ” гээд асуутал “хутгалуулчихлаа” гэсэн, “хэн юм бэ” гэтэл “нэг нутгийн танил залуу болох Гантулга намайг хутгалсан” гэсэн ...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Гантулгын буруутай үйлдлийн улмаас хохирогч Баттогтохын биед “хацар, хүзүү, хэвлий, бугуй, сарвуу гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, зулгаралт” бүхий хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6285 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/, М.Гантулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:       

 

Прокуророос шүүгдэгч М.Гантулгыг 2016 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах 77 дугаар байрны 13 давхарын техникийн өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн зэвсэг хэрэглэж буюу хохирогч Н.Баттогтохыг хутгаар зүсэж, биед нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь эргэлзээтэй, учир дутагдалтай байна.

 

М.Гантулга, Н.Баттогтох нар 2016 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Аялгуу” нэртэй караокед орж Н.Баттогтохын төрсөн өдрийг тэмдэглэж  пиво уусан. Улмаар өөр өөрсдийн уусан пивоны мөнгийг төлөхөөс үүдэн өөр хоорондоо маргалджээ. Харин маргаан үүссэн нөхцөл байдлын талаар шүүгдэгч, хохирогч нар тухайлбал, хохирогч Н.Баттогтох “…”тооцоогоо хийе” гэхэд М.Гантулга “чи хий” гэж хэлсэн…тэгээд тооцоогоо хувааж төлсөн…”, шүүгдэгч М.Гантулга “…Н.Баттогтох нь “миний төрсөн өдөр учир чи тооцоо хий” гэхээр нь “үгүй, хувааж төлнө” гэхэд Н.Баттогтох намайг зодсон…” гэх зэргээр өөр өөрөөр мэдүүлжээ.

 

Хэдийгээр хохирогчид худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулсан байх боловч гэмт хэргийн улмаас “…бие эрхтэн, эд хөрөнгийн” хохирол үзэж эрхээ сэргээлгэх шаардлага тавьж байцаан шийтгэх ажиллагаанд хэргийн нэг тал болон оролцож буй этгээдийн мэдүүлгийг нөгөө талын гэм бурууг нотлох гол баримт гэж үзэх нь учир дутагдалтайгаас гадна тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй.

 

Мөрдөн байцаалтад хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлсэн гэрч В.Эрдэнэбатын /хх-ийн 21-22/: “…2016 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө цагийг сайн санахгүй байна, гэртээ эхнэр хүүхдийн хамт унтаж байтал хаалга тогшсон. Манай эхнэр Батцэцэг очиж хаалга тайлж өгсөн чинь эхнэрийн төрсөн дүү Гантулгын хамараас цус гарсан бололтой нүүр нь цус болсон орж ирсэн…Гантулга манайд орж ирээд цусаа арилгаж угаасан, тухайн үед Гантулга гаднаас орж ирэхдээ 1 шил архи авчихсан байсан тул би Гантулгыг унтуулахаар дээшээ 13 давхарт байдаг техникийн давхарын өрөө рүү Гантулгатай цуг гарсан…Гантулга бид 2 уг архийг хуваагаад ууж байтал Гантулга хажууд Цогтоолой буюу Баттогтохтой утсаар яриад байсан. Тэр 2-ын хэн нь хэн рүүгээ түрүүлж залгаж ярьж эхэлснийг мэдэхгүй, нэг харахад хоорондоо утсаар мөнгө төгрөг төлсөнгүй гээд мөнгөний асуудал яриад маргаад байсан…20-30 минутын дараа Баттогтох нь бид 2-ын байгаа 77 дугаар байрны 13 давхарт хүрээд ирсэн…Гантулга, Баттогтох нар 13 давхарын техникийн өрөөний буйдан орон дээр зэрэгцээд суучихсан “мөнгө төгрөг төлсөнгүй” гээд маргаад байсан. Тэгснээ хоорондоо барьцалдаж аваад дээр доороо ороод зодолдсон. Би “надад ямар хамаатай юм бэ” гэж бодоод салгаагүй. Салчих байх гэж бодсон чинь Баттогтох нь гэнэт “намайг хутгалчихлаа” гэж орилсон.Тэгэхээр нь би дундуур нь 2 тийш салгасан…” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Батцэцэгийн /хх-ийн 23/: “…Шөнө манай дүү Гантулгын хамар, нүүрнээс нь цус гарчихсан байдалтай ганцаараа орж ирсэн. “Баттогтох намайг зодчихлоо” гэсэн чинь манай нөхөр Эрдэнэбат нь “Гантулгыг унтуулчихаад ирье” гээд манай 77 дугаар байрны 13 давхарын техникийн өрөө рүү явцгаасан юм….Манай нөхөр Эрдэнэбат бууж ирээд “Баттогтох сая ирээд энэ 2 зодолдох гээд байхаар нь салгаад явуулчихлаа” гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй…” гэх мэдүүлэг,

 

М.Гантулгын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 36-37, 39/: ”…Баттогтох нь намайг “миний төрсөн өдөр, чи наад төлбөрийг нь хий” гэхээр нь “үгүй ээ 2-лаа хувааж төлнө” гээд кассын хажууд зогсож байхад Баттогтох миний нүүр рүү гараараа 2 цохисон, тэр үед би газарт унасан бөгөөд миний цээж рүү өшиглөсөн. Би тал мөнгийг нь буюу уусан 2 шил пивоны мөнгөө кассанд өгчихөөд түрүүлээд гараад явсан. Тухайн үед миний хамараас цус гараад байхаар нь арччихаад такси бариад эгчийн 77 дугаар байранд ирсэн. Байрны гадна дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн “Стандарт” нэртэй архи аваад эгчийн нөхөр Эрдэнэбатыг дагуулаад 13 давхарт гарсан. Эрдэнэбат ах бид 2 архиа хувааж ууж байтал Баттогтох миний утас руу залгаад байсан. Би “эгчийнд ирсэн байна” гэтэл “би яваад очъё” гэхээр нь “хэрэггүй, намайг ямар болтол зодсоноо мэдэж байгаа биз дээ” гээд утсаа салгасан…Хаалга тайлсан чинь Баттогтох ганцаараа орж ирсэн. Орж ирэнгүүтээ “чи муу хаяж явахдаа яадаг пизда вэ” гээд миний нүүр рүү гараараа цохисон…Хамгийн гол нь Баттогтох “миний төрсөн өдрөөр чи бүх тооцоог хийсэнгүй” гэж над руу дайрч зодоод байхаар нь хутгаар хатгасан юм…” гэх мэдүүлэг зэргээр  хохирогч Н.Баттогтохын мөрдөн байцаалтад “…М.Гантулга нь ямар ч шалтгаангүйгээр намайг хутгалж гэмтээсэн…” гэх агуулга бүхий мэдүүлгийн эх сурвалж үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл М.Гантулгын үйлдэл нь тодорхой сэдэлттэй, хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “төлбөр тооцоо хийсэнгүй” гэх үргэлжилсэн маргаан, маргааны улмаас хохирогч нь шүүгдэгчийг эхэлж зодсон, энэ үйлдэлд нь дургүйцэж хохирогчийг хутгаар гэмтээсэн гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэхгүй байх тул онцлох учир шалтгаангүйгээр эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг хутгалж гэмтээн танхайрсан гэж үзэх боломжгүй, харин М.Гантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй. М.Гантулга энэ үйлдэлдээ хутга хэрэглэсэн эсэх нь хэргийн зүйлчлэлийг тодорхойлоход ач холбогдолгүй байна.

 

Ийм учраас М.Гантулгад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй бөгөөд түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн М.Гантулга нь ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад эрүүгийн 201625021393 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 08 дугаар сарын 11-нээс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл давтан прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 332 дугаар шүүгчийн захирамж, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол, албадан ирүүлэх тухай дрокурорын тогтоол, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол, гэрч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “... Гантулга ах манайд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчимд байх /яг өдөр хоногийг нь санахгүй байна/ манай гэрт ирсэн. Би Гантулга ахаас “хаанаас ирж байгаа юм” гэж асуухад “аймгийн төвд архи ууж байгаад баригдаад ирлээ” гэж хэлсэн. Гантулга ах манайд ирээд надтай хамт мал харалцаад байж байтал 2017 оны 02 сарын эхээр төвөөс цагдаа ирээд аваад явсан. Гантулга манайд байх хугацаандаа хэрэгт шалгагдаж байгаа талаараа надад юм яриагүй …” гэх мэдүүлэг /хх-ийн 92/,

 

гэрч Н.Намжилдолгорын   мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... 2016 оны намар нэг өдөр /сар өдрийг нь санахгүй байна/ намайг гэртээ байж байтал манай хүү Гантулга Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар баг 4 дүгээр хороололд байх гэртээ ирээд 3-4 хоноод явсан. Гантулга надад хэлэхдээ “ээж би хэрэгт холбогдчихсон явж байнаа” гэж хэлээд аар тодорхой юм ярилгүй “хот явлаа” гээд явсан. Тэрнээс хойш надтай ердөө холбогдоогүй …” гэх мэдүүлэг /хх-ийн 76/,

 

гэрч М.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… М.Гантулга надтай 2016 оны 08 дугаар сараас хойш огт холбоо бариагүй. … М.Гантулгад найз нөхөд гээд байх юм байхгүй. Хааяа архи уугаад алга болчихдог би сайн мэдэхгүй байна” /хх-ийн 96/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч М.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар ялтай байхдаа мөрдөн байцаалын ажиллагаанаас санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Гантулгад ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч Н.Баттогтох өөрт учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөрт нийт 197 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд хэрэгт хохиртой холбоотой баримт өгөөгүй байна.

 

Хохирогч Н.Баттогтох дээрх 197.000 төгрөгийн төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч М.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч М.Гантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

давтан үйлдлээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гантулгыг 03 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гантулгад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гантулга 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай .

  

6. Хохирогч Н.Баттогтох 197.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх болон цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Гантулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Гантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

       ШҮҮГЧИД                                                          Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

Б.ДУЛАМСҮРЭН