| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2020/0656/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1318 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2020/ДШМ/1318
О.Б-, Г.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Д.Батдорж,
шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Л.Батаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Д.Батдорж, шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Б-, Г.Т- нарт холбогдох эрүүгийн 2005016180848 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. О.Б-, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 854 дугаартай магадлалаар уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2. Г.Т-, 2002 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, ах нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
О.Б-, Г.Т- нар бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ever Green” зочид буудлын 205 тоот өрөөнд С.Б-гийн эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung A6 plus” загварын гар утас, Ө.О-ын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawai Y7” загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Б-, Г.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Б-, Г.Т- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Г.Т-д урьд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Т-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, О.Б-, Г.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Т- нь гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Д.Батдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Б-ын урьд ял шийтгүүлсэн хугацаа дууссан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, хэргийн нөхцөл байдлыг буруугаар төсөөлсний улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, өндөр настай эхийн хамт амьдардаг, эхийнх нь эрүүл мэндийн байдал муу, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. О.Б-д анхнаасаа гар утсыг авах санаа зорилго байгаагүй. Тухайн үед гар утсыг нь аваад айлгачхаад буцаагаад өгнө гэж бодсон. Хэргийн хууль зүйн үр дагаварыг андуурсан байдаг. Улмаар гар утсыг унтраагаагүй нээлттэй байлгаж байхад нь цагдаад мэдэгдсэн. Шүүгдэгч нар хэргээ өөрсдөө илчилсэн байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. О.Б-ын эхийн гаргасан өргөдлийг шүүх хүлээн аваагүй тул уг өргөдлийг хэрэгт хавсаргуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Г.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа ойлгож, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч О.Б- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хэд хэдэн үндэслэл байдаг ба үүнд шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд ял шийтгүүлж байсан эсэхийг харгалздаг. Шүүгдэгч нар хоёулаа урьд ял шийтгүүлж байсан. Анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэж болно. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хууль зүйн үр дагаварыг андуурсан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг байдал тогтоогдоогүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
О.Б-, Г.Т- нар 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ever Green” зочид буудлын 205 тоот өрөөнд С.Б-гийн эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung A6 plus” загварын гар утсыг хүч хэрэглэж, Ө.О-ын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawai Y7” загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч С.Б- нь “...өглөө 10 цагийн үед бид хоёр унтаж байхад Бүжинлхам үл таних эмэгтэйн хамт орж ирээд “манай найз банди согтуу байна, хувцсаа аваад явлаа” гээд гарахад зөрж үл таних хоёр эрэгтэй орж ирсэн. ... намхан залуу нь “манай найз охиныг яаж таньдаг юм, буудалд юу хийх гэж байсан юм” гэж асуухад нь би “ямар ч хамаарал байхгүй, Дорноговь аймгаас цуг ирээд очих газар байхгүй гээд байхаар нь цуг буудалд байрласан” гэж хэлсэн. Тэгтэл намайг “худлаа ярь” гээд толгойн тус газарт цохиод байсан. ... намхан залуу нь өндөр залуудаа хандан “миний хутгыг аваад ир, гуя руу нь шаачихъя” гээд байсан. Тэгсэн өндөр залуу нь “яах юм бэ, гарахдаа дүрчихээд гаръя” гэсэн. Тэгээд миний толгой руу аяга, үнсний сав зэргээр цохиод байсан. Ойролцоогоор 20-30 минут энэ байдал үргэлжилсэн. Тэгээд намхан залуу нь орон дээр байсан гар утсыг маань шүүрч аваад надаас нууц үгийг асуухаар нь би хэлж өгсөн. Тэгсэн хаалга тогших чимээ сонсоод нөгөө хоёр залуу өрөөнөөс миний гар утас болон манай найзын гар утас зэргийг аваад явсан. ... миний гар утас хар өнгийн “Samsung A6 plus” загварынх. ...” /хх 22-23/ гэж,
- хохирогч Ө.О- нь “...Бүжинлхам “хувцсаа авна” гэж хэлээд үл таних охинтой хамт орж ирсэн. ... тэр хоёрыг гарахад үл таних хоёр залуу зөрж орж ирээд намхан залуу нь Б-д хандан “манай найз охинтой яах гэж ирсэн юм бэ” гэж хэлсэн. Тэгснээ шууд Б-гийн толгойн тус газарт цохиод байсан. Намайг босох гэтэл намхан залуу нь “хутгална шүү” гээд байхаар нь би босч чадалгүй орондоо байж байсан. Тэгээд намхан залуу нь өндөр залуудаа хандаж “хутгаа гаргаад ир, Б-гийн гуя руу 2 шаачихъя” гээд зодоод байсан. Ойролцоогоор 20-30 минутын турш Б-гийн толгойн тус газарт гараараа болон аяга, үнсний саваар цохиод байсан. Өндөр залуу нь намайг “түрийвчээ гаргаад ир” гэхээр нь би босоод “түрийвчээ машинаас аваад ирье, хоёулаа цугтаа гаръя” гэхэд гарахгүй гээд байсан. Удалгүй хаалга тогштол өндөр залуу нь “та хоёр утсаа гаргаад ир” гэхээр нь би өөрийнхөө цэнэглэж байсан утсыг зааж өгсөн. Харин Б-гийн утсыг орон дээрээс өндөр залуу нь авсан. Тэгээд бид хоёроор нууц үгийг нь тайлуулаад аваад гарсан. ... миний гар утас хар өнгийн “Huawai Y7” загварынх. ...” /хх 26-27/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн бие, эд хөрөнгөд халдсан этгээдүүдийн гадна төрх байдал, тэдгээрийн үйлдэл оролцоо, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж онцлогийн талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:
- насанд хүрээгүй гэрч М.Бүжинлхамын “...Б-, Т- нар 10 орчим минутын дараа гарч ирээд “явъя” гээд гарсан. Буудлаас гарсны дараа Т- надад хандаж “нөгөө хоёрын чинь гар утсыг нь авчихлаа” гэж хэлсэн. Нөгөө хоёр гэдэг нь Б-, О- нарыг хэлж байгаа юм. ... таксинд суугаад Б-ын гэр лүү явах замд би арын суудалд Т-, Намуун нартай сууж ирэх үед Т- нь 2 гар утас гаргаж ирсэн бөгөөд Б-, О- нарын гар утас мөн байсан. ...” /хх 43-45/,
- шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн “...Буудлын гадна ирээд эхэлж Бүжинлхам, Намуун нар машинаас буугаад буудал руу орохоор нь Т- бид хоёр араас нь орсон чинь Бүжинлхамын орсон өрөөнд 30 гаран насны хоёр эрэгтэй хүн байхаар нь Бүжинлхамтай хардаад цаад талын орон дээр хэвтэж байсан эрэгтэйг гараараа толгой руу нь цохиж, хэл амаар айлгасан. Ингэж байгаад гарахдаа ширээн дээр байсан гар утсыг би авсан. Нөгөө гар утсыг Т- барьчихсан зогсож байсан. Т- бид хоёрт ямар нэг хутга байгаагүй юм. Бичлэг дээр хутганы талаар би ярьчихсан байна лээ. ...” /хх 68-69/,
- шүүгдэгч Г.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Буудлын 2 давхар луу гарч 205 тоот өрөө лүү орсон чинь хоёр эрэгтэй хүн орон дээр хэвтэж байсан. Тэгтэл Б- цаад талын орон дээр байсан эрэгтэйд хандаж “Дорноговийнхон хэн болсон юм” гэх мэтээр яриад надад “хутгаа аваад ир, хутга шаачихъя” гэхээр нь “хутгаар яах юм, гай болно” гэж хэлээд халаасандаа гараа хийсэн. Ингээд Б- нь цаад талын орон дээр хэвтэж байсан эрэгтэйн гар утсыг нь авч, би цэнэглэж байсан гар утсыг аваад гарцгаасан. ...” /хх 74-75/ гэсэн мэдүүлгүүд,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчоос эд хөрөнгөө алдсан газрыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/,
- шүүгдэгч Г.Т-гээс “Samsung A6 plus”, “Huawai Y7” загварын гар утаснуудыг хураан авсан тэмдэглэл /хх 8-10/,
- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 55-57/,
- тухайн газар, цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг харуулсан дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн “...01 минут 40 секундэд Б- нь хохирогч Б-гийн хацар луу алгадаж байгаа байдлыг гэрэл зургаар харуулав. ... 02 минут 02 секундэд хохирогч Б- нь хоёр гараараа толгойгоо дарсан байдалтай, мөн үснээс нь нэг гар зулгаасан байдалтай гэрэл зургаар харуулав. ... 04 минут 50 секундэд Б- нь хохирогч Б-гийн үснээс нь дараад байж байгаа байдлыг сумаар зааж гэрэл зургаар харуулав. ...” /хх 14-18/ гэсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Хүч хэрэглэхээр заналхийлж довтлох нь бодит байдалд хохирогчийн бие, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаардахгүйн гадна, заналхийлэл үр дүнд хүрсэн эсэх нь гэмт хэргийн шинжийг хангахад нөлөөлөхгүй бөгөөд энэ гэмт хэргийн бүрдэл нь гэмт этгээдийн өөрийнхөө санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс үл шалтгаалан хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж хуульчилсан.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч нар нь хохирогч нарын байрлаж байсан зочид буудлын өрөөнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж хаалгыг дотроос нь түгжин, улмаар “найз охиныг маань дагуулж зочид буудалд орлоо” гэх асуудлаар шалтаглан хохирогч нарын эрх чөлөө, эрүүл мэндэд хохирол учруулахаар үгээр айлган сүрдүүлж, “гуя руу нь хутгаар хатгачихъя, гарахдаа дүрчихээд гаръя” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлэн сэтгэхүйн дарамтад оруулсан, ингэхдээ О.Б- нь хохирогч С.Б-гийн толгойн тус газарт гараараа болон үнсний сав, аягаар удаа дараа цохиж хүч хэрэглэсэн, дараа нь тэд хохирогч нараас гар утасныхаа нууц үгийг тайлахыг шаардаж, өрөөнөөс гарахдаа гар утаснуудыг нь авч явсан зэргээр энэ гэмт хэрэгт хамтран оролцжээ.
Дээрх байдлыг үндэслэн, анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-, Г.Т- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Т-д урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгон тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээтэй.
Дээрх заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгоогүй юм.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Хэдийгээр шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, алдагдсан эд хөрөнгийг хохирогч нарт буцаан өгөх замаар учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх боловч тэд урьд нь “хүний эрүүл мэнд, өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авч байсан атал хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэгт шүүх дүгнэлт өгч, ял шийтгэл оногдуулжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Д.Батдорж, шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгч Л.Батаа нарын “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Д.Батдорж, шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН