Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0152/З |
Дугаар | 128/ШШ2020/0470 |
Огноо | 2020-07-16 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2020/0470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, гомдол гаргагч Ж.Д, хариуцагч Ж.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нарыг оролцуулан Ж.Дгийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Цд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: Ж.Д /РД:____/.
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Ц.
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Ц 00*******, 00******* шийтгэлийн хуудсыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Ж.Д 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Санхүүгийн Зохицуулах Хороо /цаашид “Санхүүгийн зохицуулах хороо” гэх/-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ж.Ц нь иргэн А.Баас “А” ХК-д холбогдуулан гаргасан гомдлоор хоёр Зөрчлийн хэрэг үүсгэж, 2020 оны 01 сарын 23- ны өдрийн 00******* шийтгэлийн хуудсаар “А” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Д нь Хорооны 443 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын 3.2.2.11 дэх заалтыг заалтыг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 000******* шийтгэлийн хуудсаар “А” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Д нь хорооны 443 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын 3.2.2.11 дэх заалтыг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус 2,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан юм.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28.1-д “Хорооны дэргэд хорооноос гаргасан аливаа шийдвэртэй холбогдсон гомдлыг урьдчилан хянах, хорооны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид “Хяналтын зөвлөл” гэх/ ажиллана” гэж заасны дагуу 00*******, 00******* шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан улсын байцаагчийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2020 оны 01 сарын 28-ны өдөр, 2020 оны 02 сарын 07-ны өдөр Хяналтын зөвлөлд тус тус гомдол гаргасан.
Хяналтын зөвлөлөөс “өмнө нь гаргасан гомдлыг шийдвэрлэгдэж байгаа эсэх талаар 2020 оны 02 сарын 07-ны өдөр тодруулахад “гомдлыг санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба руу шилжүүлсэн тэндээс хариу өгөх байх" гэсэн хариулт өгсөн. Харин 2020 оны 02 сарын 07-ны өдрийн гомдлыг санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба руу шилжүүлснийг 2020 оны 02 сарын 18-ны өдөр Хяналтын Зөвлөлийн ажлын албанаас надад утсаар мэдэгдэж, Хяналтын зөвлөлийн дарга Р.Рын 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 2 дугаар албан бичгийг маргааш нь очиж авсан.
Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Дгийн 2020 оны 02 сарын 21-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 9/639 дүгээр албан бичгээр “Хяналтын зөвлөлд гаргасан хоёр гомдлыг шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг надад өгснөөр урьдчилан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа тул шүүхэд гомдол гаргаж байна.
00*******, 00******* шийтгэлийн хуудсууд нь илт хууль бус захиргааны акт болох тухайд: “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам” нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1-д “Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 6.1.2-т “бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, ...” гэсний дагуу батлагджээ.
Хууль тогтмоожийн тухай хуулийн 1.1-“... хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид “хууль” гэх/-ийг санаачлах” гэж зааснаар Улсын Их Хурлаас баталсан хууль, бусад шийдвэрийг хууль тогтоомж гэж үзэх тул “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам” нь хууль тогтоомж гэсэн ойлголтод хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл аль нэгэн төрийн байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомж гэж үзэх хууль зүйн боломжгүй нь дээрх хуулийн тодорхойлолтоос харагдаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйл “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчих” 11.10.3-д “Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол ... төгрөгөөр торгоно” гэж заасныг үзвэл зөрчилд холбогдогч этгээд нь Үнэт цаасны тухай хуулийн 20.1.1 -20.1.10-т заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.10.3 дахь хэсэгт зааснаар торгууль ногдуулах зохицуулалттай байна. Гэвч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.1-20.1.10-т болон бусад хууль тогтоомжийн дагуу “компани шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох эсвэл оролцож буй тохиолдолд олон нийтэд мэдээлэх” үүргийг хүлээгээгүй байна. Нэгэнт хууль тогтоомжоор хүлээлгээгүй үүргийг компани, түүний холбогдох ажилтан биелүүлэх ямар ч боломжгүй. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны журмыг хууль тогтоомжтой адилтгаж, компанид хууль тогтоомжоор хүлээлгээгүй үүргийг биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 11.10.3 дахь хэсэгт зааснаар торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
00******* шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгг зааснаар торгууль ногдуулж шийдвэрлэсэн ч мөн хуулийн 11.30 дугаар зүйл нь “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчих” гэсэн өөр хуулийн зөрчилд ногдуулах зохицуулалт төдийгүй 11.30.3 дахь хэсэг гэж Зөрчлийн тухай хуульд байдаггүй нь шийтгэлийн хуудас нь илэрхий
алдаатай, илт хууль бус болохыг илтгэж байна.
Түүнчлэн “А” ХК нь шүүхийн маргааны мэдээллийг өөрийн вэб сайт, Мийн вэб сайтаар олон нийтэд тогтмол мэдээлж байсан тул “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын 3.2.2.11 дэх заалтыг зөрчөөгүй.
Иймд Санхүүгийн Зохицуулах Хорооны Улсын байцаагч Ж.Ц 00*******, 00******* шийтгэлийн хуудсыг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч У.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М” ХК /www.mse.mn/-ийн цахим хуудсанд компанийн шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцож буй тухай мэдээллийг хүргүүлэхдээ /2019 оны 11 дүгэзр сарын 11-ний өдрийн байдлаарх/ “Ш" “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч, мөн дээрх компанид холбогдуулан нэхэмжлэгчээр оролцож буй тухай мэдээллийг орхигдуулж хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдад 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тухайн маргаанууд шүүхээр хянан шийдвэрлэгдэж дууссан гэх ойлголт төрүүлэх, үнийн дүн өндөртэй уг маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байгаа тухай мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 443 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”- ын 3 дугаар зүйлийн 3.2.2.11 дэх заалтыг зөрчсөн нь иргэн А.Баас ирүүлсэн гомдол, “М” ХК-ийн цахим хуудсанд байршуулсан “А” ХК-ийн мэдээлэл зэрэг баримтаар тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 00******* дугаар, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсуудыг үйлдэж холбогдох этгээдэд танилцуулж баримтжуулсан байдаг.
Энэхүү ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаарх мэдээллийг Хорооноос тогтоосон журмын дагуу нийтэд мэдээлэх”, “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 3 дугаар зүйлийн 3.2.2.11 -д “компани шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох”, 3.3-т “...Компани нь энэ журмын 3.2-т заасан аливаа үйл явдал, өөрчлөлтийн талаарх мэдээллийг тухайн үйл явдал, өөрчлөлт болсоноос хойш ажлын 1 өдөрт багтаан нийтэд мэдээлэх” гэж тус тус заасны дагуу мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасанд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан үйлдэл нь дээрх хууль, журамд нийцэж байгаа бөгөөд хуульд заагаагүй, хуулийг буруу хэрэгжүүлэх байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх шинжийг тодорхойлсон байдаг.
Өөрөөр хэлбэл, илт хууль бус актын бусад шинжүүд болох утга агуулгын хувьд илэрхий алдаатай, баталсан байгууллага тодорхойгүй, эрх хэмжээгүй этгээд гаргасан, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэнтэй адилтгах хэмжээний буюу бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэсэн байх тохиолдолд “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж болох боловч энэ тохиолдолд илт хууль бус шийтгэлийн хуудас гаргасан гэж үзэхгүй юм.
Тодруулбал, “...Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дугаар зүйлд зааснаар торгууль ногдуулж шийдвэрлэсэн нь илэрхий алдаатай, илт хууль бус” гэх тухайд байцаагчийн ногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгтээ хуулийн зүйл заалтыг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан болохоос шийтгэлийн хуудсыг бүхэлд нь илт хууль бусад тооцох хуульд заасан үндэслэлд хамаарах алдааг гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гомдол гаргагч Ж.Д тус шүүхэд хандаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Ц 00*******, 00******* дугаар бүхий шийтгэлийн хуудсуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлага гаргажээ.
Санхүүгийн Зохицуулах Хорооны Улсын байцаагч Ж.Ц 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар А ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Д нь Хорооны 2015 оны 443 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 3.2.2.11 дэх заалтыг зөрчсөн нь холбогдогчоос авсан тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гээд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгосон,
Мөн улсын байцаагч Ж.Ц 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар А ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Д нь Хорооны 2015 оны 443 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 3.2.2.11 дэх заалтыг зөрчсөн нь М ХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны, 11 сарын 14-ний өдрийн байдлаархи “А” ХК-ийн нэхэмжлэгч хариуцагчаар оролцож буй мэдээлэл, холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдож байна гээд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгосон нь тус тус тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3-д “Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаарх мэдээллийг Хорооноос тогтоосон журмын дагуу нийтэд мэдээлэх” гэж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1-д “Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 6.1.2-т “бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар батална...” гэж,Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 3 дугаар зүйлийн компанийн мэдээлэх мэдээлэл хэсгийн 3.2.2.11-д “компани шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох” тухай мэдээллийг нийтэд заавал мэдээлж байхаар тогтоосон, түүнчлэн журмын 3.3-д “...Компани нь энэ журмын 3.2-т заасан аливаа үйл явдал, өөрчлөлтийн талаарх мэдээллийг тухайн үйл явдал, өөрчлөлт болсноос хойш ажлын 1 өдөрт багтаан нийтэд мэдээлэх”-ээр тус тус тогтоожээ.
Гомдол гаргагчаас дээрхи 2 шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ “...Үнэт цаасны тухай хуулийн 20.1.1 -20.1.10-т заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.10.3 дахь хэсэгт зааснаар торгууль ногдуулах зохицуулалттай, энд компани шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох эсвэл оролцож буй тохиолдолд олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээлгээгүй, Санхүүгийн зохицуулах хорооны журмыг хуультай адилтгаж, компанид хууль тогтоомжоор хүлээлгээгүй үүргийг биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 11.10.3 дахь хэсэгт зааснаар торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт, 00******* шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгг зааснаар торгууль ногдуулж шийдвэрлэсэн нь утга агуулгын илэрхий
алдаатай, илт хууль бус” гэж тодорхойлон маргасныг хариуцагч, компани журам зөрчсөн нь тогтоогдсон тул шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй” гэж эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт болох 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоос үзвэл хариуцагч нь “А” ХК-ийг “шүүхэд нэхэмжлэгч хариуцагчаар оролцох тухай мэдээллээ тухай бүр бүрэн гүйцэд нийтэд мэдээлээгүй”-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу үнэт цаас гаргагчийн нь хувьд тус компанид холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн байх ба Зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг Ж.Ц болон хянан шалгагч Ц.Э нарын бүрэлдэхүүнтэй явуулахаар тогтоожээ.
Түүнчлэн хариуцагчийн гаргасан, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ээс үзвэл А ХК-д холбогдох зөрчлийн хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8, 3.1 дүгээр зүйлийг үндэслэн Гүйцэтгэх захирал Г.Ц болон Ж.Д нарын аль алиныг нь холбогдогч гэж үзэж мэдүүлэг авсан атлаа А ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Дд буюу хүнд холбогдуулж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл А ХК нь үнэт цаас гаргагч хуулийн этгээдийнхээ хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3-д заасан зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох ёстой байсан гэж үзнэ.
Мөн дээр дурдсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ээс үзвэл уг мэдүүлгийг хариуцагч Ж.Ца авсан атал мэдүүлэг авсан албан тушаалтнаар Ц.Э гарын үсэг зурсан байх тул А ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цын мэдүүлэг нь хүчин төгөлдөр, хууль ёсны гэж тооцогдохгүй, шүүх уг нотлох баримтыг үнэлэх боломжгүй.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаар тогтоолд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн гэж тэмдэглэсэн, мөн хариуцагч улсын байцаагчийн 00******* дугаар шийтгэлийн хуудсанд гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгг зааснаар торгууль ногдуулж шийдвэрлэсэн зэргээс үзвэл хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон шийтгэлийн хуудас нь, техникийн алдаатай гэхээс илүүтэй, утга агуулгын илэрхий
алдаатай захиргааны акт болжээ.
Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь гомдол гаргагчийн болон А ХК-ийн гаргасан гэж хариуцагчаас үзэж буй зөрчилтэй огт холбоогүй, заалт болохыг тэмдэглэж байна.
Мөн Санхүүгийн Зохицуулах Хорооны Улсын байцаагч Ж.Ц 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулахдаа үйлдсэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлээс үзвэл А ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Д нь...журмын 4.1-д “энэ журмын 2.3, 3.2-т заасан мэдээллийг өөрийн болон хөрөнийн биржийн цахим хуудаст байршуулах үүргийг төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гүйцэтгэх бөгөөд...мэдээллийн үнэн зөвийг компани хариуцна” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэж Ж.Дд 2 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан гэж тэмдэглэсэн, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулахдаа “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллаганы тэмдэглэл” үйлдээгүй байна.
Үүнээс үзвэл хариуцагчийн, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэл ногдуулсан нь утга агуулгын илэрхий алдаатай болсноос гадна зөрчлийн холбогдогчийг буруу тогтоосноор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул тухайн шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагчийн, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдээгүй, холбогдогчоорА ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цыг тогтоож Ж.Ца мэдүүлэг авсан атлаа Ц.Э гарын үсэг зурсан зэргээс үзвэл тухайн зөрчил үйлдэгдсэн эсэх, хэн үйлдсэн зөрчил болохыг хариуцагч хангалттай тогтоогоогүй, ингэснээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” 47.1.6-д” иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд уг актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр заасан.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн Зохицуулах Хорооны Улсын байцаагч Ж.Ц гаргасан, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн00******* дугаар, мөн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсуудыг тутга агуулгын илэрхий алдаатай, гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлээр тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж.Дгийн гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн Зохицуулах Хорооны Улсын байцаагч Ж.Ц гаргасан, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00******* дугаар, мөн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН