| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 142/2024/00734/И |
| Дугаар | 001/ХТ2025/00184 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2025/00184
“Г” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/00277 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2025/00065 дугаар магадлалтай,
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“ЭҮ” ТӨҮГ-т холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үнийн зөрүү 632,251,448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Д.Б, Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Д.Б, Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан “ЭҮ” ТӨҮГ-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/349-21 дугаартай худалдах, худалдан авах гэрээний бодит гүйцэтгэлээс үндсэн тоноглолын үнийн зөрүү 632,251,448 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/00277 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2, 40.3.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан 690,922,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,770,521 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2025/00065 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/00277 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтад "...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 220 дугаар зүйлийн 220.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-с 189,509,778 / нэг зуун наян есөн сая таван зуун есөн мянга долоон зуун далан найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 442,741,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай..." гэж, шийдвэрийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,770,521 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 1,105,499 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3,770,521 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Д.Б, Б.Х нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах" гэж заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
4.1. “ЭҮ” ТӨҮГ болон “Г” ХХК-ийн хооронд 4,540,000,000 төгрөгөөр тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ 2021.06.08-ны өдөр 2/349-21 дугаартай байгуулагдсан.
Гэрээний 11 дүгээр зүйлд “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх нөхцөлийг хэрхэн зохицуулах” тухай тухайлан харилцан тохиролцсон байсан.
“Г” ХХК нь МҮХАҮТын 2021.08.11-ний өдрийн 02/389 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021.06.08-ны өдрийн 1 дугаар нэмэлт гэрээгээр 2021.10.20-ны өдөр хүртэл, 2022.02.10-ны өдрийн 2 дугаар нэмэлт гэрээгээр 2022.06.01-ны өдөр хүртэл, 2022.08.02-ны өдрийн 3 дугаар нэмэлт гэрээгээр 2022.09.01-ний өдөр хүртэл болгон хугацааг тус тус өөрчилсөн.
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хамааруулж олгосон байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд үнийг тохируулах тухай зохицуулалт байгаагүй тул гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй болно.
4.2. Гүйцэтгэгч “Г” ХХК нь тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод нийцсэн тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч суурилуулсан тул үйлдвэрийн газар гэрээнд заасан үнийг бүрэн шилжүүлсэн.
Гэтэл “Г” ХХК нь шүүхэд 2024.03.25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо "Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн (барилгын материалын үнэ) өөрчлөлтийг тооцох түр журмын 1.1 дэх хэсгийг дурдаад тендер шалгаруулалтын баримт бичгийн ТОӨЗ 2.1-т санхүүжилтийн эх үүсвэр: “ЭҮ” ТӨҮГ-ийн өөрийн хөрөнгө гэж заасан байхад дээрх журмын үйлчлэлд хамааруулан аудитын дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна..." гэж дурдсан хэдий ч тус журмын дагуу тооцоолсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн бодит зардал, тээврийн зардлыг “ЭҮ” ТӨҮГ-с нэхэмжилсэн.
Тус журам нь Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт Барилгын тухай хуулийн 24.4-т заасны дагуу өөрчлөлтийг тооцох үндэслэлийг хянаж, тогтоох үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахаар батлагдсан ба Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "Улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг" ойлгохоор заасан.
Харин “ЭҮ” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор байгуулагдсан, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохион байгуулдаг тул улсын төсвийн байгууллага биш юм.
Тиймээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох түр журмын 1.3-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4-т "Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараах тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно" гэж заасан зарчмын хүрээнд авч үзнэ гэж заасны дагуу гэрээний үнэд тохируулга хийхээр тохиролцсон эсэхээс хамаарч журмын дагуу төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох зохицуулалттай.
Маргаантай харилцааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (2005 оны) 40 дүгээр зүйлийн 40.1-т Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна гэж заасан.
Маргалдагч талуудын хороонд байгуулагдсан гэрээний 2.1-т Гэрээний нийт үнийн дүн 4,540,000,000 төгрөг. Энэ үнэд баглаа боодол, ачилтын зардал, хүрэх цэг хүртэлх тээвэрлэлт, гааль, татвар, бусад холбогдох зардал багтахаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл талууд гэрээний үнэд тохируулга хийх тухай харилцан тохиролцоогүй.
Иймд хуулийн 40.4.2-т "суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно", 41.1.2-т “энэ хуулийн 40.4.-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх"-ийг хориглосон нарийвчилсан хуулийн зохицуулалттай байтал давж заалдах шатны шүүх маргаантай харилцааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэлгүй Иргэний хуулийг баримтлан шийдвэрлэсэн.
Нөгөөтээгүүр Монгол Улс 1997 онд нэгдэн орсон 1980.04.11-ний өдөр батлагдсан “Бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай” НҮБ-ын конвенцын 79 дүгээр зүйлд “Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй нь түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг дээрх тал тус тус нотолбол тухайн тал үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй” гэж зохицуулсан.
Иймд Олон улсын конвенц болон иргэний хууль, мөн гэрээнд тусгаснаар талууд үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй байх зохицуулалттай, худалдагч талын гаргасан зардлыг худалдан авагч хариуцах тухай зохицуулалт байхгүй, үнийн өсөлттэй холбоотой эрсдэлийг хэрхэн хуваарилах болон гэрээний үнэд өөрчлөлт оруулж, тохируулга хийх тухай талууд харилцан тохиролцоогүй, худалдан авагч гэрээний үнийн дүнг өөрчлөн нэмэгдүүлж, худалдагчийн нэхэмжилсэн дүнгээр төлбөр тооцох үүрэг хүлээгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байтал Иргэний хуулийн 220.1 дэх заалтыг баримтлан давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар бүлгээр худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг тухайлан зохицуулсан, нэхэмжлэгч гэрээний хэрэгжилтийн явцад үнэ “Тохируулахгүй тогтмол байна” гэж заасны дагуу тус нөхцөлийг “Г” ХХК хүлээн зөвшөөрч тендерт оролцож гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024.12.25-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрээний хэрэгжилтийн явцад үнэ тохируулахгүй тогтмол байна гэсэн дээр маргахгүй гэж тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон хэдий ч давж заалдах шатны шүүх Олон улсын конвенц, нарийвчилсан хуулийг хэрэглэлгүй Иргэний хуулийг баримтлан хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.
Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2025/00065 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Д.Б, Б.Х нарын гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.18-ны өдрийн 001/ШХТ2025/00863 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ
6. Гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэнэ.
7.Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан 2021.06.08-ны өдрийн 2/349-21 дугаартай худалдах-худалдан авах гэрээний бодит гүйцэтгэлээс үндсэн тоноглолын үнийн зөрүү 521,694,449 төгрөг, тээврийн зардлын зөрүү 110,556,999 төгрөг, нийт 632,251,448 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ “Гэрээ байгуулагдсаны дараа бараа бүтээгдэхүүний үнэ болон олон улсын тээврийн үйлчилгээний үнэ огцом нэмэгдсэн тул бодит гүйцэтгэлээр дээрх ажил нь гэрээ байгуулсан үнийн дүнд багтахгүй байх, түүнээс нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. “ЭҮ” ТӨҮГ-т энэ талаар удаа дараа мэдэгдэж, төсвийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргаж байсан хэдий ч энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй. Бидний хувьд гэрээний үүргээ биелүүлэх, захиалагч байгууллагын саналыг харгалзан улсын томоохон үйлдвэрийн ажлыг боломжит хугацаанд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан гэрээнд зааснаас илүү өртгөөр ажлыг гүйцэтгэж 2022.08.29-ний өдөр дууссан бөгөөд 2022.11.18-ны өдөр захиалагч байгууллагаас гэрээг дүгнэж, өөрсдийн ашиглалтдаа хүлээн авч, ажлын акт гарсан” гэжээ.
8. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... “Г” ХХК нь МҮХАҮТын 2021.08.11-ний өдрийн 02/389 дугаартай гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021.06.08, 2022.02.10, 2022.08.02-ны өдрийн нэмэлт гэрээнүүдээр 2022.09.01-ны өдөр хүртэл өөрчилсөн. “Г” ХХК-аас цар тахлын улмаас бараа, тээврийн зардлын үнэ дэлхийн зах зээлд огцом нэмэгдсэн тул гэрээний үнийг нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлсэнтэй холбогдуулан, мөн ижил нөхцөл байдалтай компаниудын асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь олон улсын аудитын байгууллагаар гэрээний төсөвтэй холбогдуулан үнийн өсөлт, зах зээлийн ханштай уялдуулан тооцоолол хийлгүүлж, дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлтээр үнийн өсөлтийн зөрүү 42,725,349 төгрөг гэж гарсан. Үүний дагуу 42,725,349 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох саналыг тавьсан боловч тус компани эс зөвшөөрсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан гэрээтэй холбогдуулан гаргасан бодит зардлыг “ЭҮ” ТӨҮГ-аас гаргуулах тухай нөхцөлийг огт харилцан тохиролцоогүй, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарах эрсдэлийг худалдан авагч хариуцах үндэслэлгүй...” гэж тайлбарласан.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “ Нэхэмжлэгч “Г” ХХК болон “ЭҮ” ТӨҮГ-ийн хооронд “Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах” гэрээ тендерийн журмаар 2021.06.08-ны өдөр байгуулагдсан, гэрээ байгуулагдсаны дараа Ковид-19 цар тахлын хөл хорио, хил гаалийн асуудал, хийгдэж дууссан байх ёстой суурийн ажлууд дуусаагүй байсан зэрэг шалтгаанаар гэрээний хугацааг 2022.09.01-ний өдөр хүртэл 3 удаагийн нэмэлт гэрээгээр хугацааг тус тус сунгасан. Нэхэмжлэгч 2021.11.19, 2022.02.22-ны өдөр нэмэлт санхүүжилт хүссэн, хариуцагч байгууллага нь уг хүсэлтийг бусад ижил нөхцөл байдалтай компаниудын асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулсан, уг ажлын хэсэг нь олон улсын аудитын байгууллага болох "КПЭЖА” ХХК-аар дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлтээр нэхэмжлэгч байгууллагад үнийн өсөлтийн зөрүүг 42,725,349 төгрөг гэж тооцсон үнээр санал тавьсан, нэхэмжлэгч саналыг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч нь 2022.08.29-ний өдөр ажлыг дуусгаж, хариуцагч 2022.11.18-ны өдөр гэрээг дүгнэж, ашиглалтанд хүлээн авч, ажлын акт үйлдсэн. Гэрээнд талууд үнийн тохируулга хийхгүй байхаар тохиролцсон. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.2, 11 дүгээр зүйлийн 11.11 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ЭҮ” ТӨҮГазар нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд дээрх хуулийн заалтаар гэрээний үнийг тохируулах, бусад үндэслэлээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон” гэжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан, гэрээ байгуулагдсаны дараа дэлхий дахинд Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдсэнээс бараа бүтээгдэхүүний үнэ тендерт шалгарахаас өмнө өгч байсан үнийн саналаас өөрчлөгдөж, энэ талаар нэхэмжлэгч тал хариуцагчид мэдэгдэж байсан. Үнийн тохируулга хийхгүй гэсэн тохиролцоог хэт нэг талд тулгах нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д тусгасан “итгэл, үнэмшлийн” зарчимд нийцэхгүй. БТХны 2024.11.27-ны өдрийн 98/02 тоот дүгнэлтээр тогтоосон материалын үнийн өсөлтийн зөрүү 379,019,555 төгрөгийн 50 хувь 189,509,778 төгрөгийг хариуцагч "ЭҮ" ТӨҮГ хариуцах үүрэгтэй” гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
12. “Г” ХХК нь “ЭҮ” ТӨҮГ-тай 2021.06.08-ны өдөр 2/349-21 дугаартай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч талын Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт нийлүүлэх, угсралт, суурилуулалт, сургалт хийх ажлыг хийж гүйцэтгэсэн, худалдан авагч нь 4,540,000,000 төгрөгийг төлсөн, гэрээний хугацааг 3 удаа сунгасан талаар талууд маргаагүй. Талуудын хүлээсэн үүргийг дүгнэвэл тэдний хооронд холимог гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй төрөл болох худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан хэм хэмжээг анхаарна. Энэ агуулгаар хоёр шатны шүүх энэ маргаанд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаатай холбоотой хэм хэмжээг хэрэглэсэн нь зөв болжээ. Тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.
13. Талуудын хооронд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээний үнэд тохируулга хийх эсэх талаар маргасан, анхан шатны шүүх гэрээнд тохируулга хийх талаар тохиролцоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.
14. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрээний талууд үнийн тохируулга хийхгүй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэхгүй гэсэн алдаатай дүгнэлт хийжээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан нь үүрэг бүхий этгээд хүлээсэн үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зарчим болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулж гүйцэтгэх ажлыг гэрээнд заасан газар, гэрээнд заасан хугацаанд аливаа нэгэн доголдолгүйгээр гүйцэтгэх үүргийг, хариуцагч тал нь гэрээгээр тохиролцсон доголдолгүй бараа бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажлыг цаг хугацаанд нь хүлээн авч, гэрээгээр тохиролцсон үнийг цаг хугацаанд гэрээнд заасан журам болох төлбөр төлөх арга хэрэгслийг ашиглаж зохих хэмжээгээр төлөх үүрэгт хамаарах юм. Харин гэрээнд урьдчилан тохиролцоогүй нөхцөл байдалтай холбоотой гарч буй нэмэлт зардлын хариуцлагыг гэрээний талуудад хуваарилах асуудлыг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зохицуулаагүй болно.
15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БТХг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байх ба уг дүгнэлтээр “КПЭЖА” ХХК-ийн аудитын дүгнэлт алдаатай болсон, материалын үнийн өсөлт 416,921,510 төгрөг болсон” гэсэн нь гэрээнд тохируулга хийхгүй гэсэн тохиролцоо болон 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 40.4.1-д тус тус заасан захиалагчийн эрхэд нөлөөлөх, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан гэрээнд өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг өөрчлөн тогтоох үндэслэл болохгүй юм. Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч талын гомдол үндэслэлтэй боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээг залруулсан нь зөв.
16. Монгол Улсын Засгийн газрын 2020.02.12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Шинэ корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ба удаа дараагийн тогтоолоор уг хугацааг 2022.02.14-ний өдрийн 66 дугаар тогтоол гарах хүртэл хугацаанд сунгаж байсан байна. Энэ хугацааны дотор буюу 2021.06.08-ны талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, Ковид-19 цар тахал гарсан байсан ба уг нөхцөл байдал дэлхий нийтэд эдийн засгийн байдалд нөлөөлж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан, цаашид ч өсөх хандлагатай байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.
Энэ тохиолдолд гэрээний талууд уг нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжтой байсан бөгөөд гэрээнд энэ талаар талууд тохиролцох боломжтой байсан.
Гэтэл талууд гэрээний 11 дүгээр зүйлд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар тохиролцохдоо гэрээний 11.1-д давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргийн гүйцэтгэлд шууд нөлөөлсөн бол үүргээ биелүүлээгүйн хариуцлагаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөгдөнө, гэрээний үүрэг биелүүлэх хугацаа нь давагдашгүй хүчин зүйлийн үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно, гэрээний 11.2-т гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тал энэ тухайгаа уг нөхцөл байдал үүссэнээс хойш 10 хоногийн дотор нөгөө талдаа мэдэгдэнэ, мэдэгдээгүй бол уг нөхцөл байдлыг үндэслэл болгох эрхгүй, гэрээний 11.4-т гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нь 6 сараас дээш хугацаагаар үргэлжлэхээр байвал талууд энэхүү гэрээг бүрэн болон хэсэгчлэн цуцлах эрхтэй гэж зааснаас өөрөөр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үед авах арга хэмжээний талаар огт тусгаагүй байна.
17. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2023 онд батлагдсан хуулийг 2024.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан тул талууд гэрээ байгуулж байхад үйлчлээгүй байсан хуулийг анхан шатны шүүх баримталж дүгнэлт хийсэн нь алдаатай болсныг залруулах боломжтой.
18. Иймд талуудын маргаанд 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтууд хамаарна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 40.4.2-т зааснаар худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч суурь үнэ огцом өөрчлөгдсөн нөхцөлд талууд гэрээндээ тохируулга хийхээр тохиролцож болох боловч энэ талаар талууд тохиролцоогүй.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлж баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болохоор заасан бөгөөд энэ эрх нь зөвхөн захиалагчид хамааралтайгаас гадна улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих гэрээнд хэрэглэгдэх бөгөөд хариуцагч нь төсвийн байгууллага биш байна. Түүнээс гадна нэхэмжлэгч буюу худалдагч талд энэ эрхийг хуулиар олгоогүй.
Түүнчлэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт худалдан авах гэрээнд өөрчлөлт хийхийг хориглох үндэслэлд мөн зүйлийн 41.1.1-д “захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх”, 41.1.2-т “энэ хуулийн 40.4, 40.6-д зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх” нөхцөлийг тус тус заажээ.
19. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч тал гэрээний 11.2-т зааснаар гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол энэ тухайгаа уг нөхцөл байдал үүссэнээс хойш 10 хоногийн дотор гэрээний нөгөө талдаа мэдэгдэж, нөгөө тал нь хариу арга хэмжээ авахгүй бол Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардаж, мөн зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчлөгдөх нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх байжээ.
Нэхэмжлэгч талаас нэмэлт санхүүжилт хүсч 2021.11.19-ний өдрийн 326 тоот албан бичгээр “Тендерт орж байсан үетэй харьцуулбал үнэ нэмэгдсэн, гэрээний 80 хувийг гүйцэтгэж байхад төсөвт өртөг нэмэгдсэн”, 2022.02.22-ны өдрийн 016 тоот албан бичгээр “гэрээний үнийн дүнг 30 хувь нэмэгдүүлэх”, 2022.09.28-ны өдрийн 087 тоот албан бичгээр “үнийн зөрүү 355,009,027 төгрөг” талаар тус тус мэдэгдсэнийг өөрчлөгдсөн нөхцөл байдлаар гэрээ байгуулсан гэж дүгнэхгүй юм.
Өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй бол гэрээг үргэлжлүүлж, үүргийг гүйцэтгэж дуусгавар болгосон нь гэрээний нөгөө талаас үнийг нэмэгдүүлэн шаардах эрхийг олгохгүй юм.
20. Харин хариуцагч буюу захиалагч тал нэхэмжлэгчид үнийн өсөлтийн зөрүүд 42,725,348 төгрөгийг “КПЭЖА” ХХК-ийн 2022.08.29-ний өдрийн дүгнэлтэд үндэслэн санал болгосон байх бөгөөд уг үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
21. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь үнийн өсөлтийн зөрүү буюу хохирол шаардсан байх бөгөөд үүнийг Бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай 1980 оны НҮБ-ийн конвенцын 79 дүгээр зүйлд (1)-д “Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй нь түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг дээрх тал тус тус нотолбол тухайн тал үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй” гэж заасан үндэслэлд хамааруулахгүй. Тус заалт нь тодорхой шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэж чадаагүй талд хариуцлага хүлээлгэхгүй тухай зохицуулалт байх бол тус хэргийн хувьд гэрээнд тохироогүй хэлбэрээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал гэрээнд заасан үнийг бүрэн төлж, нэхэмжлэгчийн хүлээлгэж өгсөн бараа, бүтээгдэхүүн, ажлыг зохих ёсоор хүлээж авсан тул гэрээнд заасан үүргийн зөрчлийг гаргасан гэж дүгнээгүй болно.
22. Мөн 2024.07.22-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаж анхан шатны шүүх 2024.07.22-ны өдрийн 142/ШЗ2024/04177 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Шинжээч “БТХ” ТББ-аас 2024.08.09-ний өдөр шинжээчийн зардал 18,000,000 төгрөг болох тухай нэхэмжлэхийг, 2024.11.28-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг тус тус шүүхэд ирүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1.-д заасан шинжээчийн зардлыг хуваарилалгүй орхигдуулсан байна. Иймд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн зардлыг нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр хуваарилж нэхэмжлэгчээс 16,785,000 төгрөг, хариуцагчаас 1,215,000 төгрөгийг тус тус гаргуулж “БТХ” ТББ-д олгож дээрх алдааг залруулна.
23. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 42,725,349 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 589,526,099 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 207/МА2025/00065 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/00277 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас 42,725,349 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 589,526,099 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,770,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 733,923 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шүүхийн зардалд “Г” ХХК-с 16,785,000 төгрөг, “ЭҮ” ТӨҮГ-с 1,215,000 төгрөгийг тус тус гаргуулж “БТХ” ТББ-д тус тус олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ц.М, Д.Б, Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “ЭҮ” ТӨҮГ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.08-ны өдөр 1,105,499 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН