| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0322/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/327 |
| Огноо | 2024-07-09 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/327
2024 07 09 2024/ШЦТ/327..................
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч П.Б-д холбогдох эрүүгийн 2425000790321 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
П.Б
Шүүгдэгч П.Б нь;
2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ******* тоотод үйл ажиллагаа явуулах “********” ХХК-ийн байранд “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын хүчингүй болсон хэвлэмэл маягт дээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23/02/985 дугаар бүхий тодорхойлолт хуурамчаар үйлдсэн,
уг тодорхойлолт хуурамч болохыг мэдсээр байж 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан ОРАОНӨГ/202309189 дугаартай тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо ашиглаж, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч П.Б “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрнө.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
“....“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Х тус төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах, гадагшаа чиглэсэн бүхий л албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулах эрхтэй. Хуурамчаар үйлдсэн гэх 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23/02/985 дугаартай албан бичигт Б.Х гарын үсэг зурах эрхгүй бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүхий эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын тусгай зөвшөөрөл олгох асуудлаар ажлын хэсэг хуралдахаа больсон учраас тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээж авахаар зохицуулсан тул тодорхойлолтыг цаасан хэлбэрээр гаргаж өгөхөө больсон учраас гүйцэтгэх захирал гарын үсэг зурах боломжгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 105 дахь тал/,
гэрч П.Н “...2009 онд “********” ХХК-ийг байгуулсан бөгөөд би 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр А биед эмчилгээ хийлгэхээр Тайланд улс руу явсан. ...Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас тендер зарлагдсан, намайг хөдөө явж байх үед менежер Б нягтлан Э нар цахим тендер илгээхдээ 2018 оны тусгай зөвшөөрөл олгох бичгийн хугацааг засаж хавсралтаар явуулсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
гэрч Д.О “...Аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/714 дугаартай захирамжаар уг ажлын үнэлгээний хороо байгуулагдаж, миний бие тус хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Тендер 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд цахим системээр зарлагдсан, тендерт “********” ХХК, “********” ХХК, “********” ХХК, “********” ХХК гэсэн дөрвөн компани оролцсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үнэлгээг хийж, тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангасан “********” ХХК-ийг үнэлгээний хороо шалгаруулсан, ирүүлсэн материал нь шаардлага хангасан байсан. ...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23/02/985 дугаартай албан бичгийг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй, тендерт оролцогчийн ирүүлсэн материалд үндэслэж үнэлгээ хийдэг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дахь тал/,
гэрч М.Ж “...2023 оны 12 дугаар сард Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тендерт манай компани оролцсон. Сонгон шалгаруулалтын дүн гарч “********” ХХК шалгарсан байсан, шалгарсан компанийн материалыг тендерт оролцогч компаниуд нээлттэй үзэж болдог, шалгарсан компанийн материалыг үзэхэд машин механизм, хүн хүчний шаардлага хангахгүй, дээр нь тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, мөн Барилгын үндэсний ассоциацийн хугацаа сунгасан албан бичиг хуурамч байхаар нь Сангийн яаманд гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 112 дахь тал/,
П.Б-гийн яллагдагчаар өгсөн “...тендерийн үнэлгээний хорооны шийдвэр гарахаас өмнө манай компанийн зөвшөөрлийн хугацаа сунгагдчих байх гэж бодоод өмнөх буюу 2018 оны компанийн зөвшөөрлийг сунгасан хурлын шийдвэрийн огноог засаад тендерт материалаа өгчихсөн юм. Ингэхдээ би ажлын компьютер дээр цахим хэлбэрээр хадгалагдаж байсан 2018 оны зөвшөөрлийг хэвлэж гаргаад огноог туузан штрикээр засаад өнгөтөөр канондоод скайнердаад явуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 122, 124 дэх тал/,
Б.С “...“********” ХХК Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23/02/985 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж явуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
холбогдох баримтууд /хавтаст хэргийн 5-12 дахь тал/,
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүхий эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам” /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,
“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны 23/02/985 дугаартай “********” ХХК-д хүргүүлсэн, “Тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Орхон аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн, “********” ХХК-ийн ОРАОНӨГ/202309189 дугаартай тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн материалын хуулбарууд /хавтаст хэргийн 54-62 дахь тал/,
“Legalinfo.mn” сайтад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 63-64, 65-67 дахь тал/,
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай “Журам шинэчлэн батлах тухай” тушаал /хавтаст хэргийн 68-93 дахь тал/,
“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 23/02 дугаартай “Албан бичгийн хэвлэмэл хуудасны загварыг батлах тухай” тушаал, түүний хавсралтууд /хавтаст хэргийн 96, 97-102 дахь тал/,
шүүгдэгч П.Б;
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 128 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 137 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нараас, мөн П.Б-гээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч П.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С “...манай байгууллагын хуучин лого бүхий хэвлэмэл хуудас дээр гүйцэтгэх захирал Б.Х гарын үсэг биш, өөр хүний гарын үсэгтэй, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23/02/985 гэсэн дугаартай тодорхойлолт байсан. ...“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын хувьд 2022 оны 9 дүгээр сараас лого, хэвлэмэл хуудсыг өөрчилсөн бөгөөд 23/02/985 гэсэн албан бичгийг манайхаас явуулаагүй.” гэх,
гэрч П.Н “...Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас тендер зарлагдсан, намайг хөдөө явж байх үед менежер Б нягтлан Э нар цахим тендер илгээхдээ 2018 оны тусгай зөвшөөрөл олгох бичгийн хугацааг засаж хавсралтаар явуулсан байсан.” гэх,
гэрч Д.О “...“********” ХХК-ийг үнэлгээний хороо шалгаруулсан, ирүүлсэн материал нь шаардлага хангасан байсан. ...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23/02/985 дугаартай албан бичгийг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй” гэх,
гэрч М.Ж “...Сонгон шалгаруулалтын дүн гарч “********” ХХК шалгарсан байсан, ...шалгарсан компанийн материалыг үзэхэд машин механизм, хүн хүчний шаардлага хангахгүй, дээр нь тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, мөн Барилгын үндэсний ассоциацийн хугацаа сунгасан албан бичиг хуурамч байхаар нь Сангийн яаманд гомдол гаргасан.” гэх,
П.Б-гийн өгсөн “...2018 оны компанийн зөвшөөрлийг сунгасан хурлын шийдвэрийн огноог засаад тендерт материалаа өгчихсөн юм. Ингэхдээ би ажлын компьютер дээр цахим хэлбэрээр хадгалагдаж байсан 2018 оны зөвшөөрлийг эхлээд хэвлэж гаргаад огноог туузан штрикээр засаад өнгөтөөр канондоод скайнердаад явуулсан.” гэх мэдүүлгүүд,
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүхий эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 23/02 дугаартай “Албан бичгийн хэвлэмэл хуудасны загварыг батлах тухай” тушаал, түүний хавсралтууд, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны 23/02/985 дугаартай “********” ХХК-д хүргүүлсэн, “Тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Орхон аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн, “********” ХХК-ийн ОРАОНӨГ/202309189 дугаартай тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн материалын хуулбарууд, “Legalinfo.mn” сайтад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай “Журам шинэчлэн батлах тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч П.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
“Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг бөгөөд
“хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэж дээрх баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, үүргээс чөлөөлүүлэх, давуу байдал үүсгүүлэх, эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах зорилгоор хэрэглэхийг ойлгоно.
Шүүгдэгч П.Б нь “********” ХХК-д менежерээр ажиллаж байхдаа тус компанийн барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, зохих ёсоор сунгагдаагүй байхад тендер сонгон шалгаруулалтад оролцох зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын хүчингүй болсон хэвлэмэл маягт дээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23/02/985 дугаар бүхий тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн,
уг тодорхойлолт хуурамч болохыг мэдсээр байж түүнийг ашиглан Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан 2023 оны ОРАОНӨГ/202309189 дугаартай тендер сонгон шалгаруулалтад оролцож, тендер сонгон шалгаруулалтад “********” ХХК шалгарсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б-гийн “********” ХХК-ийн барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, уг баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч П.Б-г “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал гаргаж,
шүүгдэгч П.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, улсын яллагчийн саналд хэлэх зүйлгүй.” гэсэн болно.
Шүүх шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.
Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэднийг хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э