Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2021/00553

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2021/00553

Жаргалагт сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, сум, ******* багт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, сум, ******* баг, *******ы 1 дүгээр гудамж ******* байрны ******* тоотод оршин суух, ******* т ын /ПЮ87052171/-д холбогдох,

Орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 /долоон сая таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал Ц.Батхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2016 онд баригдсан Эсба Интернэйшнл ХХК-ийн 2-80 айлын орон сууцны ******* тоот 59,3 м.кв, 2 өрөө орон сууцыг Б. нь худалдан авсан бөгөөд орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууц захиалах гэрээ ёсоор 1 м.кв орон сууцны үнийг 1,350,000 төгрөгөөр тохиролцож нийт 80,055,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 75,055,000 төгрөгийг төлж үлдгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлнө гэсээр өдий хүрсэн. Орон сууцны захиалгын гэрээнд захиалагч нь орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн хэмжээгээр алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Уг хэлцлийн үүрэг гүйцэтгэгч буюу Б. нь орон сууц захиалах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу Эсба Интернэйшнл ХХК нь шаардах эрх нь нээлттэй байгаа. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэхь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн үндэслэлээр үндсэн төлөх 5,000,000 төгрөгний алданги болох 2,500,000 төгрөг шаардаж байгаа болно.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүсэн үеэс эхлэн тооцох бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил тул тухайн Б.тай байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүйг дурьдах нь зүйтэй. Тухайн нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар явуулах боломжгүй тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа болно.

Иймд Б.аас орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсба ******* ХХК нь иргэн Б.тай 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж Эсба ******* ХХК-ийн 80 айлын орон сууцны ******* тоот 59,3 м.кв талбай бүхий байрыг хариуцагчид зарсан. Гэрээнд зааснаар 1,350,000 төгрөгөөр худалдсан. Нэхэмжлэлдээ м.кв талбайг нь 1,100,000 төгрөгөөр бодож, нийт 60,230,000 төгрөгөөр гэрээ байгуулж, тохиролцон хариуцагчаас үлдэгдэл 5,000,000 төгрөг, 5, 6 жилийн хугацааны алданги 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Мөн улсын комисс ажиллаагүй, мэдэхгүй гэсэн байна. Хариуцагч нь дулаан Бадамлах дөл ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан. Хэрэв барилга ашиглалтанд орох боломжгүй байсан бол миний гарын үсэг биш, хуурамч баримт бичиг гэж үзэж байгаа бол энэ талаар зохих журмын дагуу маргаж болно. Өөрөө гарын үсэг зурж хүлээж аваад, байр ашиглалтанд хүлээж авах биш журмын дагуу дулааныг хэмжих, дулаан алдагдлыг тогтоодог байх. Хэрэв ашиглалтанд хүлээж авах боломжгүй байсан бол гарын үсэг зурахгүй байх боломжтой байсан. Бид 5, 6 жилийн турш таны боломжийг харж, удаан байсан. Өнөөдөр ийм тайлбар хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 7,500,000 төгрөгөөс 650,000 төгрөг хасаж байгаа учир нь айлуудад 650,000 төгрөгөөр балконы хаалт хийж өгч байсан. Тус хаалт нь тухайн айлд хийгдээгүй тул тус мөнгийг хасч, үлдэгдэл мөнгийг шаардаж байна. Барилга ашиглалтанд авах боломжгүй, гэрээ, лифтний талаар Эсба ******* ХХК-тай маргалдах боломжтой. Гэрээний дагуу шаардвал 1,350,000 төгрөгөөр тооцвол илүү мөнгө нөхөх ёстой. 5,000,000 төгрөг, түүний 5, 6 жилийн хугацааны алданги 2,500,000 төл гэх шаардлагыг тавьж байгаа. Иймд, үндсэн төлбөр 5.000.000 төгрөгөөс 650.000 төгрөг хасч 4.350.000, алданги 2.175.000 төгрөг, нийт 6.525.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: той миний бие Эсба ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.

Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Эсба 1-80 айлын ******* тоотыг анх 2016 оны 10 дугаар сард худалдан авсан. Уг байрыг анх худалдан авахад цууралт өгчихсөн, дулаан алдалт ихтэй, балконы хаалтгүй, дээврээс нь ус гоождог мөн лифтгүй байсан.

Байр худалдан авахдаа энэ талаар хэлэхэд лифт тавьж өгнө мөн балконы хаалт хийж өгнө, халаалт, цууралтыг янзалж өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл янзалж өгөөгүй. Дээрх гэмтлийг янзалж өгнө үү гэж удаа дараа Эсба Интернэйшнл ХХК-д хэлсэн боловч засаж өгөөгүй тул Төгс Уян Шил ХХК-иар 2019 онд Балконы хаалт-ыг өөрийн зардлаар хийлгэсэн. Балконы хаалтын нийт зардал 1,300,000 төгрөг болсон.

Өвөлд маш хүйтэн, дулаан алдалт ихтэй тул өвлийн улиралд гэртээ амьдрахад их хэцүү, хүүхэд ханиад хүрээд, даараад сууж чаддагүй. Нэмэлтээр хэд хэдэн тень залгаж байж өвлийг арай гэж давдаг. Дулаан их алддагаас шалтгаалж тень залгахаас өөр араггүйд хүрдэг. Ингэж тень их залгахаар сарын тогны мөнгө маш их гардаг. Сард бараг дунджаар тогны мөнгөнд 150,000-200,000 төгрөг төлдөг. Хэрэв анх байрыг худалдан авахад дулаан алдалтыг засаж өгсөн бол сард тогны мөнгө ингэж их гарахгүй байсан. Мөн лифт хийж өгнө гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. Нялх хүүхэд болон өндөр настай хүмүүс дээш, доош буухад их хүндрэлтэй байна. Зуны улиралд бороо орохоор дээврээс ус гоождог мөн кордоор усаар дүүрдэг. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж хана мөөгөнцөрдсөн.

Иймд Эсба ******* ХХК нь Болконы хаалт-ны үнэ болох 1,300,000 төгрөгийг мөн халаалт, лифт, цууралтыг тус тус янзалж өгвөл надаас нэхэмжилсэн Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн байна.

...Би 5,000,000 төгрөгийн хувьд манайх хамгийн дээд давхарт байдаг, дээрээсээ борооны ус орж ирж, хана мөөгөнцөртсөн. Балконы хаалтын хувьд би өөрөө хийсэн. Гаднаас дулаан алддаг, халаалтгүй тул цахилгаан халаалт тавьсан. Лифт хийгээгүй. Би 5, 6 жил дээш, доош алхсан дээр алданги авч болохгүй юу? Халаалт үнэхээр хэцүү байдаг. Сүүлд хүүхэд хуурайшихаар нь би цахилгаан халаалт тавьсан. Би 5,000,000 төгрөгийг төлөх ёстой. Тухайн үеийн 650,000 төгрөгийн балконы хаалтын хувьд одоо үнийн хөөрөгдөлд орсон. Би худал үнэ тавиагүй. Балконы хаалт хийгээд, лифт тавьвал 5,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэв.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Эсба ******* ХХК нь хариуцагч Б.аас Орон сууц захиалах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны шатанд нийтдээ 7,500,000 төгрөгийн тооцоотой байгаагаас Эсба ******* ХХК нь балконы хаалтыг хийгээгүй учир 650,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагчаас үлдэгдэл төлбөр 4,350,000 төгрөг, алданги 2,175,000 төгрөг, нийт 6,525,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулав.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Уг байрыг анх худалдан авахад цууралт өгчихсөн, дулаан алдалт ихтэй, балконы хаалтгүй, дээврээс нь ус гоождог, мөн лифтгүй байсан. Анх байрыг худалдан авахдаа энэ талаар хэлэхэд, лифт тавьж, балконы хаалт хийж, халаалт, цууралтыг янзалж өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл янзалж өгөөгүй. Энэ талаар удаа дараа шаардсан боловч засаагүй, 2019 онд балконы хаалтыг өөрийн зардлаар 1,300,000 төгрөгөөр хийлгэсэн. Эсба ******* ХХК нь балконы хаалтын үнэ болох 1,300,000 төгрөгийг, мөн халаалт, лифт, цууралтыг тус тус янзалж өгвөл надаас нэхэмжилсэн Орон сууцны үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн, татгалзах зүйлгүй... гэж маргана.

Зохигчдын хооронд 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр №******* дугаартай Орон сууц захиалах гэрээ байгуулагдаж гэрээнд захиалагчаар Б., гүйцэтгэгч Эсба интернейшнл ХХК-ийн захирал Ц.Батхишиг нар гарын үсэг зурж, гэрээний 1.2-т Гүйцэтгэгч нь сумын ******* багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны 2 байр, 1 орцны 9 давхарын ******* тоот 59,3 м2 талбай бүхий байрыг/м2-1,350,000 төгрөгөөр захиалагчид худалдана гэж, 1.3-т Захиалагч нь нэг дүгээр зүйлийн 2-т дурдсан орон сууцны үнийг энэхүү гэрээний 3.2-т заасны дагуу гүйцэтгэгчид төлнө гэж тус тус тохиролцож, орон сууцыг хүлээж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Эсба ******* ХХК-ийн 2-80 айлын орон сууцнаас 59,3 м2 талбайтай байрны үллдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг байгаа гэдэгт зохигчид маргаагүй.

Ховд аймгийн сумын 12-р баг, ******* баг, хотхон Эсба 2-80 айлын орон сууцны ******* тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 59,3 м2 талбайтай, хоёр өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б., Д. нар бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000206494 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1617005188 дугаартай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр уг ******* тоот байр нь 9 давхарт байрладаг болох нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалах гэрээ, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдов.

Хариуцагчаас балконы хаалтыг Төгс уян шил ХХК-иар хийлгэсэн гэж тус компанийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1,300,000 төгрөгний төлбөрийн нэхэмжлэхийн эх хувийг, мөн байрны доторх хананы цууралт болон орцны коридорын дээврээс ус алддаг талаарх хэсгийг харуулсан гэрэл зураг зэргийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэл болгон нотлох баримтаар гаргаж, Орон сууц захиалах гэрээний дагуу гүйцэтгэгч компани Эсба ******* ХХК нь балконы хаалт хийгээгүй, өвөлдөө хүйтэн, хананы цууралттай, лифт байхгүй гэх татгалзал нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Учир нь, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б., Д. нар нь 59,3 м2 талбай бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдож, орон сууцыг хүлээж авах үедээ уг хөрөнгийн доголдлын талаар мэдсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах гэрээний 3.3-т Орон сууц баригдаж дууссаны дараа зураг төсөл болон энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн эсэхийг шалгаж, холбогдох баримт бичгүүдийн хамт өөрийн өмчлөлд шилжүүлэн авна, 3.4-т Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгчээс шаардах эрхтэй болохыг тус тус заасан байх ба захиалагч Б. нь 59,3 м2 талбай бүхий байрыг хүлээж авахдаа хананы цууралттай, дулаан алдалт ихтэй, балконы хаалтгүй, дээврээс ус гоождог, лифт суурилуулаагүй орон сууцыг худалдаж авахаас татгалзах эрхтэй байжээ.

Тус байранд лифт суурилуулаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдсон, нэхэмжлэгч Эсба ******* ХХК-иас лифт суурилуулаагүй шалтгааныг тус байранд амьдарч байгаа оршин суугчид төлбөрөө бүрэн төлөөгүйгээс болсон гэж тайлбарладаг тул хариуцагчаас байрны дулаан алдалт, хананы цууралт, дээврээс ус гоождог, лифт суурилуулаагүйгээс хохирол учирсан болон учирч болзошгүй гэж үзвэл энэ тухай гүйцэтгэгч компаниас хохирлоо гаргуулахаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрэээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж, 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах гэрээний 4.1-д Захиалагч нь орон сууцны урьдчилгааг хугацаанд нь төлөөгүй төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж тусгагджээ. Тэрээр, талуудын тайлбараар болон орон сууц захиалах гэрээний 3.2 дахь заалт дахь хүснэгтийн 2-т урьдчилгаа үнийн дүн 30 хувь буюу 24,016,500 төгрөгийг төлсөн гэсэн бичилттэй байгаа тул нэхэмжлэгч урьдчилгаа дүнгийн алданги нэхэмжлэх эрхгүй. Харин үндсэн төлбөртэй холбоотой анзын гэрээг Орон сууц захиалах гэрээндээ тохиролцоогүй байх тул алданги гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж тодорхойлсон ч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан үүсээгүй, гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардах эрх тасалдсан хугацаа буюу хамгийн сүүлд 2019 онд төлбөр төлсөн хугацаагаар тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч бэлэн мөнгөөр болон ажил үйлчилгээ гүйцэтгэх /өөрийнхөө байранд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр балконы хаалт хийсэн зардал/ байдлаар байрны үнийг төлж байсан бөгөөд уг зардлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд төлбөрийн үлдэлдэл 5,000,000 төгрөгнөөс хасаж тооцсон нь хариуцагчаас төлбөрийн үлдэгдлийг төлж байсан гэж үзнэ. Харин хариуцагчаас балконы хаалтыг 1,300,000 төгрөгөөр хийлгэсэн гэх, нэхэмжлэгч талаас балконы хаалт гэж 650,000 төгрөг хассантай холбоотой өөрт нь хохирол учирсан, хохирол учирч болзошгүй гэж үзвэл зөрүү мөнгийг нэхэмжлэгч байгууллагаас тусдаа нэхэмжлэл гаргах замаар хохирлоо ариглуулах боломжтой болохыг дурдвал зохино.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц захиалах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 4,350,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Эсба ******* ХХК-нд олгож, алданги 2,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Эсба ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.аас 84,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эсба ******* ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч Б.аас Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 4,350,000 (Дөрвөн сая гурван зуун тавин мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эсба ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн алданги 2,175,000 (Хоёр сая нэг зуун далан таван мянган) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эсба ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 84,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эсба ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН