| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0324/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/330 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/330
2024 07 18 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Г-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймаг Бүрэнтогтох суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, ************************ ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ******************** оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Д овогт Ч-ийн Г /РД; ************/,
Шүүгдэгч Ч.Г нь;
Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар тус ангийн Мото буудлагын батальоны хангалт үйлчилгээний салааны тээврийн тасгийн ШТМ-ын нярав жолооч, дэд ахлагч цолтойгоор томилогдон ажиллаж байх хугацаандаа удаа дараа ажил тасалж, улмаар 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчаар уламжлуулан Хуурай замын цэргийн командлагчид “ажлаас чөлөөлж өгнө үү" гэх өргөдлийг гаргаж, тухайн өдрөөс эхлэн ажлаа тасалж, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Ч.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан мэдүүлгээс гадна,
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаартай албан бичиг, цэргийн албан хаагчийн дэлгэрэнгүй судалгаа /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
гэрч Б.М-ын “...Манай ангид цацраг химийн биологиос хамгаалах салаанд ажилладаг Ч.Г нь 2024 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн албан ажлаа тасалсан, олон удаа таслаад байсан учир мэдэгдэх хуудас өгсөн боловч тухайн өдрөөс хойш ажлаа хаяад, анги байрлалаа орхиод явсан учир албаны даргад нь мэдэгдэх хуудсыг өгсөн. Тэгээд Ч.Г руу утсаар залгаж анги байрлал дээр дуудаж хууль эрх зүйн зөвлөгөө өгч гарын үсэг зуруулж сонсох ажиллагаа хийж, тухайн үед ажил тасалсан албан хаагчдын бүртгэлд бүртгэсэн. Ч.Г “ахиж ажлаа таслахгүй” гээд ам өчгөө өгөөд ажилдаа орсон боловч 2024 оны 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 06-ныг хүртэл ажилдаа ирээгүй, анги байрлалаа орхиж явсан учир Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Ч.Г ажлаас гарах өргөдлөө хүний нөөцөд өгч байсан боловч ажлаас чөлөөлсөн албан бичиг ирээгүй байхад анги байгууллагаа хаяж явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
гэрч Т.Э-ын “...Ч.Г чөлөө, зөвшөөрөл авахгүй ажлаа таслаад алга болчихдог, хойноос нь утсаар залгаад юу болсон талаар тодруулахад “ээжийн бие тааруу, би Хөвсгөл аймагт байна” гэж дандаа худал шалтаг шалтгаан хэлээд ерөөсөө ажилдаа ирдэггүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
гэрч Г.Б-ын “...Ч.Г 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өдий хүртэл анги байрлал дээрээ ирээгүй алга болсон. ...Ч.Г надад өргөдлөө өгөх гээд орж ирэхдээ “би өвчтэй ээжийгээ асрахын тулд ажлаасаа гарч байна, ахиж ажилдаа ирж чадахгүй” гэж хэлээд өргөдлөө өгсөн. Тэгээд өргөдлийн дагуу судлахад ээж нь зайлшгүй асаргаанд байх хүн биш байсан учраас “ар гэрийн гачигдлаар халагдах үндэслэл болохгүй” гэдгийг нь хэлсэн боловч үл тоогоод ажлаа хаяад явсан. ...Ч.Г 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр надад өргөдлөө өгсөн, тухайн өдөр би ангийн захирагчид орж танилцуулаад нууцын ажилтандаа өгөөд цаашаа холбогдох дээд байгууллага руу шилжүүлдэг. Манай анги өргөдөл гомдол хүлээж авснаас хойш 1 сарын хугацаанд шийдвэрлэдэг, ...тушаал шийдвэр гартал ажлаа хийх ёстой талаар хэлсэн боловч огт хүлээж аваагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
яллагдагч Ч.Гын “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2024 оны 5 дугаар сараас эхлэн ажилдаа дур сонирхолгүй болж, ...ажлаа болон анги байрлалаа орхих өргөдөл бичээд хүний нөөцөд өгчихөөд явсан, уг нь ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажиллах ёстой байсан юм билээ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Г.Б-аас гаргаж өгсөн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Захирагчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/77 дугаартай, “Ч.Г-ыг ахлагчийн албанд авч, цэргийн цол олгох тухай” тушаал, тус ангийн 2024 оны 5 дугаар сарын офицер, ахлагч нарын ирцийн бүртгэл, ажил тасалсан албан хаагчдын бүртгэл, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн бүртгэл /хавтаст хэргийн 40-49 дэх тал/, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/429 дугаартай тушаал /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явах гэмт хэргийг ахлагч үйлдсэн.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,
тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч Ч.Г ухамсарлан ойлгосон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Бусад асуудал;
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Ч-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явах гэмт хэргийг ахлагч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.Г-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Г-д мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э