| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00479/И |
| Дугаар | 153/ШШ2021/00559 |
| Огноо | 2021-11-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2021/00559
| 2021 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2021/00559 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 1-1 тоотод оршин суух, ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 1-1 тоотод оршин суух, ******* /*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд *******тай гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2003 онд хүү *******, 2005 онд охин *******, 2009 онд охин нар төрсөн.
Гэр бүл болоод эхний 3 жил орчим амьдрал хэвийн байсан боловч ******* нь архи уудаг болж, улмаар ямар ч шалтгаангүйгээр хардаж хаалга үүд түгжиж аваад зоддог болсон. Зоддоггүй, хэрүүлгүй байх үе ховор болсон. Сүүлийн жилүүдэд эрүүл байх үедээ ч хэрүүл өдөж улмаар зодох болсон. Өнгөрсөн жилээс том хүү ******* нь намайг өмөөрч аавтайгаа зөрчилддөг болсноос ******* нь том хүүгээ Чи миний хүүхэд биш, явж эцгээ олж ав, ээжээ аваад зайл гэж хөөж туух болсон. Би хүүхдээ аваад олон арван сараар ах дүү нарынхаараа хэсч амьдарч үзлээ. Энэ хугацаанд ******* буруугаа хүлээж, надаас болон хүүхдүүдээсээ уучлалт гуйж үзээгүй. 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* архи ууж агсам согтуу тавьж намайг хүүхдүүдийн хамтаар хөөснөөс хойш бид миний төрсөн ахынд амьдарч байна. ******* нь 2021 оны 01 дүгээр сард миний бугуйг шилээр зүсч хөнгөн гэмтэл учруулж шүүхээс ял шийтгүүлсэн хүн. Би одоо шөнө бүр нойргүй хоносоор байтал зүрх өвддөг, нүүр нүд, хөл гар байнгын хавантай болсон. Ноднин зүрхний оношоор 10 хоног эмчлүүлсэн.
Би Ховд аймгийн шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргаж бидний дунд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж звлэрэлгүйгээр дуусгавар болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охидууд болох О Уранзаяа, нарыг эх миний асрамжинд үлдээж шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.
...Бид 2002 онд хуримаа хийсэн. Том хүүхэд маань 2003 онд төрсөн, 18 настай. Дараагийн хүүхэд ******* 2005 онд төрсөн, 11-р ангид сурдаг. Бага хүүхэд маань 2009 онд төрсөн. Бид гэр бүл болоод 19 жил болоход 18 жилийн турш намайг дарамталсан. Эхний жилүүдэд зоддог байсан. Сүүлийн жилүүдэд худал үгээр гүтгэж, гэрт байх боломжгүй болгосон. Сүүлийн 2 жил хүүхдүүдээ дарамталдаг болсон. Иймд 3 хүүхдээ бодож гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргасан... гэв.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Т.Энхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Би гэрлэлтээ цуцлуулахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2002 онд Т.Энхцэцэгтэй гэр бүл болсон. 2011 он хүртэл хөдөө мал дээр байсан. Тэр үед бидний дунд хэрүүл маргаан байдаг байсан. 2011 онд Ховд аймагт орж ирсэн. Үүнээс хойш би барилга дээр ажиллаж амьдралаа авч явж байгаа. 2019 оноос хойш Т.Энхцэцэгийн зан ааш хувирч өөрөө намайг зоддог болсон. 2011 оноос хойш би Т.Энхцэцэгт гар хүрч, зодоон цохион хийж үзээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Бид 2002 онд гэр бүл болсон. 2011 он хүртэл манайх хөдөө байсан. Хөдөө байхдаа би тоглоом тоглодог байсан. Гар хүрдэг байснаа хүлээн зөвшөөрсөн. 2011 оноос би амьдралаа бодъё гээд аймгийн төвд орж ирж, барилгын ажил хийж амьдралынхаа төлөө зүтгэж байгаа. Эхнэр маань 2017 оныг хүртэл ажилгүй байсан. Би 3 хүүхдээ хоосон хонуулаагүй өнөөдрийг хүргэсэн. Эхнэр маань 2017 онд оёдлын үйлдвэрт ажилд орсон. 2011 оноос хойш бид маргаантай байснаас биш зодож цохьдог зүйл байгаагүй. 2019 оноос хойш эхнэрийн маань зан хувирч намайг өөрөө зоддог байсан. Энэ жилийн хавраас хойш миний хөдөлмөрийн чадвар алдагдсан. 2019 онд намайг гэрт байж байхад согтуу орж ирээд намайг Архи уу гэхэд нь би Маргааш ажилтай гэхэд чих рүү сандлаар цохьж, чих дүлий болсон. Мөн 2021 оны хавар намайг бас зодож, улмаар би юм сонсохоо больсон. Хавраас хойш зан ааш нь хувирч байгаа. 2020 оноос хойш ходоод өвдөж эхэлсэн тул эмнэлэг үзүүлэхэд ходоодны шархтай болсон. Сүүлийн сар орчмын хугацаанд би хоол идээгүй. Намайг асарч тойлно гэж бодож надаас сална гэж бодсон байх. Би 2011 оноос хойш эхнэртээ гар хүрч үзээгүй. Хэрүүл маргаан гарч байсан. 2019 оноос хойш нэхэмжлэгч утсаар өөр хүнтэй ярьдаг байсан. Надад зарим мессежээ хүртэл үзүүлсэн. Ямар ч хүн эхнэр нь өөр хүнд Би чамд хайртай. Чамтай амьдармаар байна гэхэд уурлана. Би энэ талаар ярилцах гэж үзэхэд надтай ярилцдаггүй, өөрийнхөөрөө байдаг. Миний хоёр чих сонсголгүй болсон тул сэтгэл санаагаар унаж, архи уудаг. Гэхдээ би эхнэрээсээ мөнгө авч архи ууж үзээгүй. Эхнэрээ ямар ажил хийдэг, хэдэн төгрөгийн цалин авдгийг би мэдэхгүй. Би гэр бүлийн нарийн ширүүн асуудалд оролцож үзээгүй. Надад гэр бүлээ цуцлуулах шаардлага байхгүй. Эхнэр маань маргаан болоход өөрөө гарч явж, өөр газар хонож архи уудаг. Надтай адил л архи уудаг... гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрлэлтээ цуцлуулахгүй гэж маргажээ.
*******, ******* нар нь 2002 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2003 онд хүү *******, 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдөр охин *******, 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр охин нар нь төрсөн, одоо 2003 онд төрсөн хүү ******* нь 18 насанд хүрсэн ба 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин *******, 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин нар нь эх *******тэй хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчдийн тусдаа амьдарч байгаа болон Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын баталгаат хуулбар зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хүүхдийн асрамжийн талаар маргаж, гэрлэлт цуцласан тохиолдолд хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж маргасан хэдий ч 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин *******, 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин нар нь эх *******ийн хамт амьдарч байгаа болон хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 291 дүгээр тодорхойлолт, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын баталгаат хуулбар зэргийг харгалзан үзээд охин *******, нарыг эхийн асрамжид үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин *******, 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин нарыг эх *******ийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч *******ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг *******аас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх ******* нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан *******, Борнууд овогт Тугалын Отгонбаяр нарын гэр бүлийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан охин *******, нарыг эх *******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нь зохигчдод хэвээр үлдэхийг тайлбарласугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 11.9, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН