| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0332/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/340 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/340
2024 07 24 2024/ШЦТ/340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн 2425000000404 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “**********” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ********** тоотод оршин суух, урьд;
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан,
О овогт Б-ын Г /РД; **************/,
2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч Б.Г нь;
2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1.74 хувийн согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн **-**ОРБ улсын дугаартай “Toyota prius-10” /Тоёота приус-10/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Б.Г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
цагдаагийн дэд ахлагч Б.Б-ийн 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын ашиглах зөвшөөрөлтэй “Alcotest 7510” загварын амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар шүүгдэгч Г.Г-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг, мөн түүний согтолтын зэргийг нь шалгахад 1.74%-ийн согтолттой байсныг тогтоосон эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
Жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/899 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 13, 14, 17-19 дэх тал/,
Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-21, 22 дахь тал/,
гэрч Б.Б-ийн “...2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг автобусны буудлын эцэс орчимд зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд хөдөлгөөнд оролцож явсан **-**ОРБ улсын дугаартай “Toyota prius-10” загварын тээврийн хэрэгслийг зогсоон шапгахад Б.Г гэх эрэгтэй жолоодож явсан, тус жолооч өөрөөсөө гадна эхнэр нь гэх нэг эмэгтэй хүнтэй явсан бөгөөд эрхээ хасуулчихсан байсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Түүнээс “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү” гэж асуухад “нэг шил архийг дөрвүүлээ хувааж уусан” гэж хэлсэн, драйгер багажаар түүний согтолтыг шалгахад 1.74 хувийн согтолттой гарахаар нь тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт Б-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шүүхийн шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг,
мөн шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг тус тус Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э