Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2021/00578

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2021/00578

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан , айлын орон тоотод оршин суух, ******* /РД:ПЭ77062319/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, , гудамж, Жаргалант тоот оршин суух, овогт ******* /-д холбогдох,

13,000,000 /арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой ийн нутаг, Ургамал захын үүдэнд байрлах Цамарав хүнсний дэлгүүрийг иргэн *******аас 13 сая төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, гэрээний үнэ 13 сая төгрөгийг шилжүүлсэн.

Уг Цамарав дэлгүүрийг худалдан авч хүнсний худалдаа явуулах зорилгоор 500,000 гаруй төгрөгийн засвар хийж, 7 сая төгрөгөөр Баян-Өлгий аймгаас жимс, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон.

Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орсон борооны улмаас дэлгүүрийн дээврээр ус орж, худалдан авсан хүнсний бараа гэмтэж, худалдах ямар ч боломжгүй болсон. Энэ талаар *******д хэлэхэд 12 сая төгрөгийг буцааж шилжүүлье гэсэн боловч удалгүй мөнгө байхгүй шүүхэд хандвал ханд гэсэн хариу өгсөн. Миний бие худалдан авсан дэлгүүрийн дээврээс ус алддаг талаар мэдээгүй, энэ талаар ******* надад хэлж байгаагүй юм.

Түүнчлэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орсон борооны улмаас хажуу талын цайны газар, дэлгүүрүүдийн хана урсаж, дээвэр нурсан тул газрын эзэн ******* ...тэр хавийн цайны газар дэлгүүрүүдийг буулгаж, доорх газрыг нь өөр зориулалтаар ашиглах болсон, миний эзэмшлийн газар тул дуртай өдрөө танай дэлгүүрийг буулгаж, газраа чөлөөлүүлнэ... гэж надад хэлсэн. Миний бие эд хөрөнгийн болон эрхийн доголдолтой дэлгүүрийг өндөр үнээр худалдан авч ямар ч ашиг орлого олоогүйн дээр завсар хийсэн мөнгө болон худалдан авсан хүнсний бараагаар хохирч байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д ...Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй..., 256.1-д ...Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй... гэж зааснаар *******аас гэрээний үнэ 13 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тольтон бургууд овогт Тогтохын нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой ийн нутаг дэвсгэрт Ургамал захын үүдэнд байрлах Цамарав дэлгүүрийг *******аас 13,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг амаар хэлцэл хийж авсан. Улмаар гэрээний үнэ 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг дэлгүүрийг худалдан авч, хүнсний худалдаа явуулах зорилгоор 500,000 төгрөгийн засвар хийж, 7,000,000 төгрөгөөр Баян-Өлгий аймгаас жимс, хүнсний бүтээгдэхүүн авч ирж үйл ажиллагаагаа эхлүүлэх явцад 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бороо орсон. Улмаар борооны ус орж, хүнсний бараа гэмтэн ашиглах боломжгүй болсон. Энэ талаар хариуцагчид хэлэхэд 12,000,000 төгрөгийг буцаан шилжүүлнэ гэсэн боловч дахин холбогдоход Мөнгө байхгүй. Шүүхэд ханд гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандсан гэдэг. Худалдаж авсан дэлгүүр нь зуны борооны улмаас хажуу талаар нь ус орж, дотор нь байсан бараа бүтээгдэхүүнүүд муудаж, усанд автсан. Нэхэмжлэгч нь Дэлгүүр худалдаж авахаар шилжүүлсэн 13,000,000 төгрөгөө буцааж авна. Эд хөрөнгө нь эрхийн доголдолтой гэдгийг надад мэдэгдэхгүйгээр өгсөн гэж тайлбарладаг. Иргэний хуульд заасан үндэслэлэээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хариуцагчид шилжүүлсэн 13,000,000 төгрөгөө буцаан авах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

...Хууль зүйн үүднээс хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд 13,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь 13,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагатай байгаа... гэв.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтохын нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд 13 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Н.******* миний бие нь Ургамал захын үүдэнд байрлах Цамарав дэлгүүрийг 2017 онд Эрдэнэчулуун гэдэг хүнээс тухайн үед 12 сая төгрөгөөр худалдан авч байсан. Үүнээс хойш тус дэлгүүртээ жимс жимсгэнэ болон хүнсний бүтээгдэхүүн зардаг байсан. Ингээд 2018 оны 12 сард хүүхэд төрүүлсэн бөгөөд үүнээс хойш дэлгүүртээ өөрийн биеэр зогсож чадаагүй бөгөөд хүнд түрээслүүлж тухайн хүн тавилга зардаг байсан. Энэ үед дэлгүүр түрээслэж байсан хүнээс дээвэр дээрээс дусаал гардаг хэмээн ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. 2021 оны 04 сараас эхлэн дэлгүүрээ өөр хүнд түрээслэж тэр хүн маань хүнсний ногоо зардаг байсан. Ингээд байж байтал ******* нь 2021 оны 06 сарын эхээр надтай утасаар ярьж дэлгүүрийг үзэж хараад 2021 оны 06 дугаар сарын -ны үеэр надтай уулзаад тус дэлгүүрийг 13 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би дэлгүүрээ түрээслэж байсан хүнээ гаргаад дэлгүүрээ султгаад *******т хүлээлгэн өгсөн. Худалдаж аваад нэлээд 15 хоногийн дараа буюу 06 дугаар сарын 27-ны үеэр надруу залгаад дэлгүүрийн дээвэр дээрээс ус шүүрээд бараа норсон гэж хэлсэн тухайн үед норсон бараагаа аваад ир харж үзий гэсэн боловч надад үзүүлээгүй. Би тэгэхээр нь дэлгүүр дээр очоод үзэж харий гэсэн боловч бас бараагаа үзүүлээгүй бөгөөд би тухайн үед дэлгүүрийн дээврийг харахад тийм ноцтой дээвэр дээрээс ус гоожсон зүйл байхгүй байсан. Тэр үед би дэлгүүрийн дээврийг янзлаад засаад өгий гэсэн боловч буцаана мөнгөө авна гэсэн. Би тухайн дэлгүүрийг зарах үед түрээслэж байсан хүнээ гаргаад түрээсийн мөнгөө дутуу аваад энэ хүнд зарсан. Дэлгүүрийн хувьд урьд өмнө нь дээврээс дусаал дусаж байгаагүй. *******ын хувьд өөрөө олон удаа үзэж хараад авсан. Тухайн үед би т дэлгүүрийн хажуу хана дагаад их бороо орсон үед а зэрэг ус шүүрдэг гэдгийг өөрт нь тодорхой хэлсэн. Миний хувьд *******тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд амаар ярилцаж тохиролцоод худалдсан. Би дэлгүүрийн дээврээс ус гоождог гэдгийг нууж хэлээгүй зүйл байхгүй урьд өмнө нь дээврээ- дусаал дусаж байгаагүй. Газрын эзэн тай тухайн үед өөрөө худалдан авахаас өмнө уулзаж ярилцсаны дараа надаас худалдаж авсан гийн хувьд тэр хавийн дэлгүүр цайны газруудрыг нурааж буулгана гэсэн зүйл байхгүй тэр нурсан гээд байгаа цайны газар нь засвар хийгээд одоо хэвийн үйл ажиллага явуулж байна. Миний хувьд тухайн дэлгүүрийн мөнгийг буцааж өгөх боломжгүй миний ээжийн бие өвдөөд Улаанбаатар хот руу зүрхний хагалгаанд орж байгаа тул эмчилгээний зардалд зарцуулсан байгаа.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлд Дараах тохиолдолд худалдан авагч шаардах эрхээ алдана гэж заасан байна Иргэний хуулийн 255.1.1 ...Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан байна. Тухайн үед хэдэн өдөр үзэж хараад өөрөө худалдан авах санал гаргасан. Иргэний хуулийн 255.1.3 Тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглаж журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн гэсэн байна. Тухайн үед маш их хэмжээний бороо орж Ховд аймгийн хэмжээнд маш олон газар усанд автсан. Энэ нөхцөл байдал нь байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйлийн улмаас бий болсон тул миний бие дэлгүүрийн төлбөрийг буцаан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайн үед дэлгүүрээ түрээслэж байсан үүнээс гадна өөр хүнд мал оролцуулаад зарах гэж байхад өөрөө надад худалдаач би бэлэн мөнгөөр нь авна гээд авсан байдаг.

...Би *******тай 2021 оны 05 дугаар сарын сүүлээр ярьсан. Дэлгүүр маань Ургамал захын үүдэнд байрладаг, хүн түрээсэлдэг байсан. ******* нь дэлгүүрийг гаран хоног үзэж явсан. Би нэг удаа уулзсан. Ингэж үзэж, харчихаад 2021 оны 06 дугаар сарын эхэн үеэр дэлгүүрийг авахаар болж, эхнэртэйгээ хамт намайг дуудаж, дэлгүүр дээр очиход Би маргааш дэлгүүрийг авмаар байна. Өнөөдөр бараагаа зөөж гарга гэсэн саналыг надад тавьсан. Би өмнө нь дэлгүүрээ хариуцагчид 15,000,000 төгрөгөөр зарна гэхэд 13,000,000 төгрөгөөр авахаар тохирсон. Би хариуцагчид бүх үнэн байдлыг хэлсэн. Бид хүний газарт байдаг. Газрын түрээсээ төлж үйл ажиллагаа явуулдаг, дэлгүүрийг би худалдаж авсан, газрын гэрчилгээ байхгүй гээд бүх үнэн байдлыг тайлбарлаж хэлсэн. Манай газрын асуудал эрхэлдэг даргатай хариуцагч уулзсан байсан. Улмаар хариуцагч нь эхнэртэйгээ хамт ирж Дэлгүүрээ султга гэхээр барааг нь зөөж гаргуулаад хариуцагч нь түлхүүрийг аваад явсан. Үүнээс хойш маргааш нь мөнгөө хийсэн. Хариуцагчийг дэлгүүрийг авахад нь бүх зүйлийг хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрийн үед их хэмжээний бороо орсон. Бүх нийтээрээ усанд автсан. Миний дэлгүүр урьд нь дээрээсээ ус дусдаггүй байсан. Би үнэн байдлыг нь буюу Хажуугаар нь ус гоождог. Гэхдээ дээврээс нь гоождоггүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Улмаар дэлгүүрийг авч, үйл ажиллагаагаа явуулаад 15, 16 хоногийн дараа над руу 2021 оны 06 дугаар сарын үеэр Дусаал орсон. Дэлгүүрээ буцааж ав гэж ярьсан. Тухайн үед ээжийн маань бие өвдсөн тул эмнэлэгт ээжийгээ сахиж байсан. Би зах дээр байдаг хүнийг Ороод хараад өгөөч гэхэд дэлгүүрийг хараад надад Ус ороогүй байна. Эхнэр нь бараагаа зараад сууж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэгт ээжийгээ үлдээчихээд очиж харахад ус болсон шинжгүй байсан. Би Яндангийн хажуугааар ус ордог. Хажуу талаараа дусаал шүүрдэг гэж хэлсэн. Хариуцагчаас би Норсон барааг чинь үзье гэсэн боловч надад үзүүлээгүй. Тэгэхэд нь би Нэгэнт хэлж, тохирч авсан. Би одоо мөнгийг өгч чадахгүй, мөнгийг зарцуулсан гэж тайлбарласан. Зах дээр тухайн борооны улмаас том хаалганаас нэг гуанзны шувуун дээвэртэй байшингийн ус гоожиж хааяа руу нь орж, тухайн гуанзны хаяа нурсан. Хариуцагч нь Гуанз нурсан байна, үүнийг нь бүгдийг нь нураана гэсэн гэхэд нь н. гэх хүнээс асуухад Нураана гэсэн зүйл яриагүй, өөрсдөө засаж үйл ажиллагаагаа явуул гэж хэлсэн. Тухайн гуанзнууд нь байшингаа засаад 2021 оны 09 дүгээр сараас хойш үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Би мөнгийг нь буцааж өгөх боломжгүй. Тухайн үед тохирсон. Мал оролцуулж 15,000,000 төгрөгөөр заръя гэхэд хугацаа шаардагдах тул ээжийн эмчилгээнд зарах мөнгөгүй байсан болохоор бэлэн мөнгөнд 13,000,000 төгрөгөнд зарсан... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Зохигч нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр амаар харилцан тохиролцож, үүний дагуу хариуцагч нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой ийн нутаг дэвсгэрт байрлах Ургамал захын үүдэнд байрлах Цамарав нэртэй хүнсний дэлгүүрийг худалдаж, хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 13,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний төлбөр 13,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дансаар төлж барагдуулсан, хариуцагч нь Цамарав нэртэй хүнсний дэлгүүрийг хүлээлгэн өгсөн болох нь талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд талуудын хооронд амаар хэлцэл байгуулагдсан, уг хэлцэл нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэх тайлбар нь үндэслэлгүй байх бөгөөд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэл тогтоогдохгүй байх тул энэхүү гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах иргэний эрх зүйн гэрээний харилцаанд хамаарч байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч буюу гэрээний худалдагч тал нь тухайн хүнсний дэлгүүрийг худалдахдаа тус эд хөрөнгийн доголдлын талаар буюу дэлгүүрийн дээврээс ус ордог талаар мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр орсон борооны улмаас дэлгүүрийн дээврээр ус орж, дэлгүүр доторх хүнсний бараа бүтээгдэхүүн гэмтэж, худалдах ямар ч боломжгүй болсон гэж, хариуцагч энэ талаар тайлбарлахдаа ...нэхэмжлэгч буюу худалдан авагч *******ын хувьд өөрөө олон удаа үзэж хараад авсан. Тухайн үед би *******т дэлгүүрийн хажуу хана дагаад их бороо орсон үед а зэрэг ус шүүрдэг гэдгийг тодорхой хэлсэн... гэж маргажээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д ...Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах...,

256 дугаар зүйлийн 256.1-д ...Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй... гэж тус тус худалдан авагчийн худалдан авсан эд хөрөнгө нь доголдолтой тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар заасан.

Худалдан авагч тал болох нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож худалдан авсан Цамарав нэртэй хүнсний дээлгүүрийг чанарын болон эд хөрөнгийн доголдолтой буюу дээврээс ус гоождог гэдгээ шүүхийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар баримтаар нотлох үүргийг хүлээж байна.

Нэхэмжлэгч талаас хэрэгт тухайн Цамарав хүнсний дэлгүүрийн урд талын болон хажуу талын бусад объект, мөн тус дэлгүүрийн дээвэр хэсгийг харуулсан гэрэл зургуудыг нотлох баримтаар ирүүлжээ.

Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Соёл-Эрдэнэ, Н.Буянхишиг нараас гэрчийн мэдүүлэг авч, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс Ховд хот орчмоор 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд цаг агаарын мэдээллийг нотлох баримтаар гаргуулан авч, хэрэгт хавсаргасан болно.

Энэхүү Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 488 дугаартай албан бичгийн хавсралтад; Ховд хот орчмоор 2021 оны 06 дугаар сарын 27, 28, 30-ны өдрүүдэд бороо орсон үзүүлэлт бүртгэгдсэн бөгөөд 28, 30-ны өдрүүдэд орсон бороог их хэмжээний бороо гэж тайлбарласнаас үзэхэд, зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бороо ороогүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч зохигчид шүүх хуралдааны шатанд бороо яг 6 сарын хэдний өдөр орсон талаар санахгүй байгаа гэж илэрхийлсэн, түүнчлэн тухайн өдөр буюу дэлгүүрт бороо осрон гэх өдрийг бороо ороогүй гэж талууд маргаагүй болно.

Гэрч Н.Буянхишиг ...******* бид хоёр явж очиход таазнаас битүү ус гоожсон, мөн хана дагаж ус орж, дэлгүүрийн шал усаар дүүрээд чихэр, печенүүд усанд автсан, дахиж хэрэглэгдэх боломжгүй болсон байсан... гэж, гэрч Б.Соёл-Эрдэний ...******* бид хоёр зах очиж н.Даваадорж гэх хүн рүү мөнгийг нь шилжүүлж, гялгар цаас худалдаж авсан. Ингээд *******ын хүүхдийн хамт бид гурав дэлгүүрийн дээвэрт гялгар цаасыг хучиж борооны уснаас хамгаалсан. Дэлгүүрийн дотор нь орж үзэхэд борооны ус хана дагаад, мөн яг дээрээс нь болон олон газраас ус гоожиж, дэлгүүрийн дотор талын шал нь усаар дүүрч, хүнсний бараанууд усанд автсан байсан... гэж тус тус мэдүүлсэн.

Шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, гэрч нарын мэдүүлгээр болон хэрэгт авагдсан гэрэл зургуудаар тухайн дэлгүүрийн дээврээс их хэмжээний борооны ус орсон гэж үзэх боломжгүй гэж дүгнээд хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг хүлээн авч, татгалзал нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. Учир нь, гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой бөгөөд гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзлээ.

Нөгөө талаар нэхэмжлэгчээс тухайн дэлгүүрийн гадна талын болон дээвэр хэсгийн гэрэл зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч зохигчдын маргаж буй тус дэлгүүрийн дотор талд ус орсон гэх, дээврээс их хэмжээний ус гоожиж, бараа бүтээгдэхүүн цаашид ашиглагдах боломжгүй болсон гэх үйл явцыг харуулсан баримтаа гаргаж өгөөгүй, энэ талаар бусад нотлох баримтаар нотолж чадаагүй.

Түүнчлэн, талууд анх худалдах-худалдан авах гэрээг амаар тохиролцохдоо тус дэлгүүрийн дээврээс хана дагаж ус ордог талаар хариуцагчаас нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан гэж тайлбарладаг бөгөөд энэ талаар гэрч Н.Буянхишиг /нэхэмжлэгч *******ын эхнэр/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үгүйсгээгүй болохыг дурдвал зохино.

Иймд, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдаж авсан хүнсний дэлгүүр нь эд хөрөнгийн доголдолтой гэж тайлбарлах боловч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болох Цамарав хүнсний дэлгүүр нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар биет байдлын доголдолтой эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Харин дэлгүүрийн доорх газар нь бусдын хууль ёсны эзэмшил, өмчлөлд байгаа талаар нэхэмжлэгч талаас тайлбартаа дурьддаг боловч энэхүү үйл баримт нь тухайн дэлгүүрийг эрхийн доголдолтой гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй ба зохигчид анх худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийгээгүйгээс үзэхэд, газар нь бусдынх гэдгийг мэдэж байсан гэж үзэх боломжтой байна. Мөн нэхэмжлэгч ******* нь тухайн дэлгүүрийн дээврээс ус гоождог шалтгааны улмаас дэлгүүрийг буцааж, 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон болохыг дурдлаа.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдолгүй баримт болох хэргийн 23-27-р талд авагдсан баримтуудыг үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 251 дүгээр зүйлийн 251.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******аас 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН