Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа;

улсын яллагч: Ш.Насанжаргал;

шүүгдэгч: Б.Энхбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэсүрэн, Б.Тунгалагнаран нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасанжавын Энхбаярт холбогдох эрүүгийн 2016250230809 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Пинк товер” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 512 дугаар байрны 60 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ХМ81062936 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Баасанжавын Энхбаяр.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Б.Энхбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны орой эхнэр Доржпагмыгаа О.Батчулуунтай хардсаны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 512 дугаар байрны 66 тоотод оршин суух О.Батчулууны хаалгыг сүхээр цохиж гэмтээн, бусдын эд зүйлийг санаатайгаар гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаяр мэдүүлэхдээ: Би гэр бүлийнхээ хүнтэй 10 жил амьдарч байгаа. Бид нар хүүхэдгүй учир Хадбаатар эмчид үзүүлсэн. Тэгээд бид нар хүүхэдтэй болсон ч хүүхдээ алдаад санаа сэтгэлээр унаад найз Алтансүхийг дуудаад архи уусан. Тэгээд би эхнэртэйгээ маргаж, эхнэр маань гараад явсан байсан. Би тухайн үед гарч явсан гэдгийг нь мэдээгүй. Би гэртээ ганцаараа үлдээд утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би дээд талын айлынхаа хаалгыг нь сонсох үед манай хүний дуу гараад байсан. Би нилээн удаан хаалгыг нь тогшиход хаалгаа тайлж өгөөгүй. Би буцаад гэр рүүгээ явах үед сүх харагдахаар нь аваад нөгөө айлын хаалгыг тогшсон. Гэтэл Батчулуун хаалгаа онгойлгож хараад буцаад орсон. Би ч буцаад гэртээ орсон. Би архи уусан байсан тул ийм зүйл хийсэн. Миний хувьд хаалгыг нь эвдэх санаа байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58/, хохирогч О.Батчулуун /хх-ийн 19-20, 54/, гэрч Л.Алтансүх /хх-ийн 21/, О.Мягмаржаргал /хх-ийн 22/, Э.Доржпагма /хх-ийн 23-24/, Б.Даваажав /хх-ийн 25/, М.Одонгэрэл /хх-ийн 48/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26/, Б.Энхбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31, 49-50/, Б.Энхбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, Б.Энхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, Б.Энхбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-40, 61/, хохирол төлсөн баримт /хх-ийн 44/, шинээр өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 14 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Энхбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны орой эр, эмийн хардалтаас буюу өөрийн эхнэр Э.Доржпагмыг “айлд ороод гарч ирсэнгүй” хэмээн   Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 512 дугаар байрны 66 тоот О.Батчулууны гэрийн хаалгыг сүхээр цохиж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн болох нь:

 

хохирогч О.Батчулууны /хх-ийн 20/: “ … Манайх “Хангай” хотхонд амьдраад 2 жил гаран болж байна. 2015 оны өвөл Дэлгэрмаатай орцондоо тааралдаад манай доод талын байранд амьдардаг болохыг нь мэдсэн. Нэг орцонд амьдардаг болсноо мэдэлцсэнээс хойш Дэлгэрмаа манайхаар орж гарах болсон. Дэлгэрмаа бид хоёр хуучин нэг сургалтанд хамт суралцаж байгаад танилцаж дотно харьцаатай болсон. Бидний дотно харьцаа нэг их удаан үргэлжлээгүй л дээ ... 2016 оны 11 дүгээр сарын 27-ны орой Дэлгэрмаа манайд 20 цагийн үед орж ирсэн. Тэгээд “нөхөр найз нартайгаа наргиж байна. Би жоохон уйдаад тэгээд ороод ирлээ” гэж байсан. Тэгээд юм яриад хоол унд идээд байж байтал хаалга маш хүчтэй цохих шиг болсон. Тэгэхээр нь хаалгаа онгойлгоод харахад нэг том биетэй эрэгтэй хүн гартаа сүх барьчихсан зогсож байсан. Дэлгэрмаад “эрэгтэй хүн байна” гэсэн чинь хаалганы нүхээр харчихаад “манай нөхөр байна аа, хаалгаа битгий тайлаарай, би гарч ирэхдээ жаахан ам зөрж муудчихаад гарч ирсэн юм” гэж байсан. Тэгсэн тэр том биетэй залуу “Дэлгэрмаа чи гараад ир, би чамайг хэнтэй байгааг чинь мэдэж байна шүү, миний эхнэрийг гаргаад ир, та хоёрыг мэдэж байна шүү” гээд орилоод хаалга балбаад байсан. Нилээн удаан балбасан. Манайхыг балбаж байснаа хажуу айлын хаалгыг бас балбаад байсан. Тэгсэн Дэлгэрмаа “цагдаад мэдэгдье” гээд цагдаад дуудлага өгч байсан. Тэр том биетэй залуу манай хаалгыг болон хажуу айлын хаалгыг балбаж байгаад яваад өгсөн. Тэгсэн удалгүй цагдаа нар ирсэн. Манай хаалгыг нилээн удаан балбасан учраас хаалганы гол хэсэг эвдэрсэн. Миний биед учирсан гэмтэл байхгүй, харин хаалга эвдэрсэн …” гэх мэдүүлэг ,

 

гэрч Л.Алтансүхийн /хх-ийн 21/: “ … Би сар өдрөө санахгүй байна. Найз Энхбаяр маань “сэтгэл санаа тавгүй байна, хүрээд ир” гэхээр нь би гэрт нь очсон юм. Намайг очиход Энхбаяр эхнэртэйгээ цуг байсан. Энхбаяр бид хоёр конъяк ууж байхад Энхбаяр эхнэртэйгээ маргалдаад байх шиг байсан. Тэгээд эхнэр нь гараад явсан. Бид хоёр конъякаа ууж дуусгаад би харихаар явсан …” гэх мэдүүлэг,

гэрч Э.Доржпагмын /хх-ийн 23-24/: “... Энхбаяр найз Алтансүхийг дуудаад архи уугаад байсан. Архи ууж байхдаа л үгээр идээд “чамайг мэдсэн, найзыг чинь мэдсэн” энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би “олон юм яриад яахав” гэж бодоод хувцсаа өмсөөд дээд давхарт байдаг найз Батчулууныд орсон. Намайг ороход эхнэр, хүүхэд нь байхгүй, Батчулуун ганцаараа байсан. ... Бид хамт сууж зурагт үзэж, хуучнаа дурсаж нилээн удаан суусан. Тэгсэн хаалга тогших шиг болсон. Бид 2 хаалга биш байх гээд нэг их тоогоогүй. Тэгсэн нилээн тогшоод байхаар нь Батчулуун хаалгаа онгойлгож харснаа “танихгүй эрэгтэй хүн байна” гэхээр нь хаалганы дурангаар харсан чинь манай нөхөр Энхбаяр байсан. Тэгэхээр нь би Батчулуунд “манай нөхөр байна, хаалгаа тайлаад хэрэггүй, бид хоёрыг мэдсэн юм шиг байна лээ, түрүүн гэрээс гарахад тийм юм ярьж байсан” гэж хэлсэн. Тэгээд нилээн удаан тогшихдоо намайг дуудаад “Дэлгэрмаа гараад ирээ, би та хоёрыг мэдэж байна шүү” энэ тэр гээд орилоод байсан. Тэгэхээр нь хашраая гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. ... Гартаа сүх барьсан байсан. Манай гэрт сүх байхгүй, тэр сүхийг хаанаас авсныг мэдэхгүй байна. ...Намайг бага байхаас маань эхлээд манай гэрийнхэн “Дэлгэрмаа” гэж дууддаг байсан. Одоо ч гэсэн манайхан намайг Дэлгэрмаа гэж дууддаг …” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Даваажавын /хх-ийн 25/: “ … Би 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Бэлх-111” дугаартай машинт эргүүлийн чиглэлд ахлагч Отгонбаярын хамтаар 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цагийн үед “Бэлх-10”-аас “Хангай хотхоны 512 дугаар байрны 8 давхарт хутгатай хүн яваад байна” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиход орцонд ямар нэг хүн байхгүй дуудлага өгөгчийн утас руу залгахад уг дуудлага өгсөн хүний гэрийн хаалгыг эвдсэн байсан. Хаалга эвдсэн хүн доод айлын хүн байсан гэдгийг заалгаад тэр айлын хүнийг гэрээс авч “Дэнжийн 1000”-ын саатуулах байранд саатуулсан. Тэр хүн их согтолттой, өөрийгөө удирдах чадвар муу байсан. Сүхийг саатуулсан хүнээс өөрөөс нь хурааж авсан …” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Одонгэрэлийн /хх-ийн 48/: “… Би тэр өдөр гэртээ байгаагүй. 508 дугаар байранд найзындаа байхад манай нөхөр над руу залгаад “согтуу сүх барьсан залуу хажуу талын айлын болон манай хаалгыг чанга нүдээд байна. Чи битгий орж ирээрэй, би цагдаа дуудсан, явахаар нь орж ирээрэй” гэж ярьсан. Намайг гэртээ ирэхэд манай хаалга жоохон газар хонхойгоод орчихсон байсан. Хажуу айлын хаалга ямар байсныг санахгүй байна …” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

 

Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, гэмтээсэн үйлдлээр уг гэмт хэрэг төгсөх бөгөөд заавал бага бус хэмжээний материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй юм.

 

Мөн “бүтэн хаалга” гэдэгт иж бүрэн, эвдрээгүй, гүйцэт, дутуу биш (бүтцийн хувьд хавтас, бариул, нугас, цоож гэх мэт) эд зүйлийг хамааруулж үзнэ.  Хаалганы хавтас, бариул зэргийг тусад нь салгаж үнэлгээ тогтоох боломжгүйгээс гадна Б.Энхбаяр айлын гэрийн хаалгыг сүхээр цохиж хавтас, бариулыг эвдэж гэмтээсэн байхад уг хаалгыг зориулалтын дагуу ашиглагдаж байгаа, шинж байдлаа бүрэн алдаагүй гэж дүгнэх боломжгүй.

Хавтаст хэргийн 47 дугаар талд Б.Энхбаярт холбогдох хэргээс өөр хэргийн “байцаан шийтгэх ажиллагаа явуулах” мөрдөн байцаагчийн тогтоол хавсаргагдсан зөрчил байгаа боловч энэ нь шүүгдэгч Б.Энхбаярт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтой нөлөөлөхгүй, байцаан шийтгэх хуулийн зөрчилд тооцогдохгүй болно.

 

Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “…хохирогчийн гэрийн хаалга зориулалтын дагуу ашиглагдаж байгаа, шинж байдлаа бүрэн алдаагүй учир Б.Энхбаярыг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэж үзэхгүй, хохирлын хэмжээ бага бус хэмжээнд хүрэхгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан…” гэх зэргээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Б.Энхбаярын дээрх шууд санаатай гэмт үйлдлээс шалтгаалан бусдын эд хөрөнгө гэмтэж, чанар үр дүн нь алдагдаж эд хөрөнгийг түр хугацаагаар, зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болсон, өмчлөгчид хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнд энэ зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн материаллаг хохирол нөхөн төлөгдсөн баримт хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч Б.Энхбаяр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов. Харин түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Баасанжавын Энхбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Энхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ