Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/1319

 

Н.А-, А.Б- нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/645 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Н.А-, А.Б- нарт холбогдох эрүүгийн 1809029080808 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Н.А-, 1981 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

            - Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 25000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, эдгээр ялыг хөнгөнийг хүндэд нь багтааж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сарын ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосон ба Хөвсгөл аймгийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 501 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 13 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоосон ба Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжаар уг ялыг нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуульд нийцүүлж суллагдсан, 

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар уг ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасч суллагдсан,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сар 20 хоногийн хорих ялаар шийтгүүлж, одоо хорих 461 дүгээр ангид уг ялаа эдэлж байгаа,

            2. А.Б-, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, одоо хорих 461 дүгээр ангид уг ялаа эдэлж байгаа,

             Н.А- нь 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт иргэн Г.Б-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж гар утсыг нь дээрэмдэн авч 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Н.А-, А.Б- нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны урд талын талбайд иргэн Ж.Б-ын хоолойг боох, нүүр лүү нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж “Эл Жи К-4” загварын гар утсыг нь дээрэмдэж 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.А-, А.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.А-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Б-ийг бусадтай бүлэглэн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.А-ыг 3 жил 6 сарын хорих ялаар, А.Б-ийг 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн Н.А-ын нийт эдлэх ялыг 7 жил 6 сар 23 хоногийн хугацаагаар, А.Б-ийн нийт эдлэх ялыг 5 жил 14 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-ын цагдан хоригдсон 239 хоног, А.Б-ийн цагдан хоригдсон 239 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.А-аас нийт 1.208.000 төгрөгийг гаргуулж үүнээс 1.112.000 төгрөгийг хохирогч Г.Б-т, 96.000 төгрөгийг хохирогч Ж.Б-д, А.Б-оос нийт 96.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д тус тус олгож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Самбуу, Өнөрөө, Энхээ нараас гэрчийн мэдүүлэг авахыг хүсэхэд прокурор хүлээн аваагүй. Намайг дээрэм хийгээгүйг эдгээр хүмүүс гэрчилнэ. Мөн сэжигтэн таньж олуулах ажиллагаа хийсэн гэх боловч үнэн хэрэгтээ ийм ажиллагаа хийгдээгүй. Би өөрөө А-ыг зааж өгсөн. Мөрдөгч, прокурорын зүгээс намайг загнаж, зандарч үг хэлэх эрхийг маань хорьсон. Яллагдагч А-аас нэг ч удаа мэдүүлэг аваагүй байхад сүүлд түүний өгсөн гэх “...би хүнтэй маргалдсан. Тэгтэл Б- хажуунаас ална хядна гээд тэр хүний эд зүйлийг аваад явсан. Би Б-той хамт үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” мэдүүлгийг хэрэгт тусгасан байсан. Намайг хэргийн материалтай танилцахад энэ мэдүүлэг байгаагүй. Шүүх хуралдаан дууссаны дараа А-аас “Чи яагаад эр хүн шиг хэргээ хүлээхгүй, худлаа яриад байгаа юм бэ” гэхэд “Чи намайг зааж өгөөгүй бол би баригдахгүй байсан юм. Тэрэнд чинь уур хүрээд чамайг хэрэгт хамааралгүй гэж хэлж чадсангүй” гэж хариулсан. Иймд хэргийг хянан үзэж эрх зүйн байдлыг маань дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч А.Б- нь энэ хэрэгт холбогдолгүй талаар удаа дараа гомдол гаргаж байсан боловч гомдолд нь хариу өгөөгүй. Тэрээр Н.А-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Тухайн үед Н.А- хохирогчтой ноцолдож, эд хөрөнгийг нь дээрэмдэж байхад А.Б- очсон байдаг. Тохиолдлын шинж чанартай энэ гэмт хэрэгт оролцсон. Хохирогчид гэмтэл учраагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад таньж олуулах ажиллагаа хийгдсэн. Хохирогч өмссөн хувцас болон царай зүсээр нь А.Б-ийг шууд зааж таньсан байдаг. Иймээс А.Б-ийн үйлдэл оролцоог харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Л.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх асуудлыг дахин хянаж үзнэ үү.” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Б- нь Н.А-тай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн өгсөн 2 удаагийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгч Н.А- нь А.Б-той бүлэглэж үйлдсэн талаараа мэдүүлсэн байдаг. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Н.А- нь 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар зочид буудал”-ын урд талын цэцэрлэгт Г.Б-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж “IPhone 7 plus” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.А-, А.Б- нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордон”-ы урд талын талбайд Ж.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн хүч хэрэглэн довтолж “LG K4” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Хохирогч Г.Б- нь “...2018 оны 6 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед Өгөөмөр захын урд өөрийн эзэмшлийн 80-59 УНИ улсын дугаартай, цайвар ногоон өнгийн “Prius 20” загварын автомашинтай явж байхад 40 гаран насны эрэгтэй хүн гар өргөж суусан. Тэр хүн “ах нь гарчихаад ирье, оронд нь утсаа үлдээе” гэхээр нь “яах юм бэ, би хүлээж байя” гэж хэлсэн. Тэгтэл тэр ах автомашинаас буугаад Улаанбаатар зочид буудлын урд цэцэрлэгийн хайсны дэргэд нэг бүдүүн эмэгтэйтэй уулзсан. Тэр эгч нөгөө ахыг тэвэрч газар унагаагаад утсыг нь ухсан. Тэр ах босож ирээд цаашаагаа явахаар нь би араас нь очоод “сая таны халаасыг ухаад байсан” гэж хэлтэл “мөнгө байгаа” гэж цаашаа яваад бутны цаагуур ороод алга болчихоор нь араас нь ортол миний араас нэг эрэгтэй хүн намайг боож газар унагаасан. ... миний гартаа барьсан хар өнгийн “IPhone 7 plus” загварын гар утсыг булааж аваад цаашаа гүйгээд явсан. ...” /1хх 18-20/ гэж,

- хохирогч Ж.Б- нь “...Багшийн дээдээс талбай руу алхаж байх үед олон хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Би тухайн хүмүүсийг тойроод явж байтал нэг нь гүйж ирээд ... миний хоолойноос боосон. ... би эргэж хараад заамдалцаад зогссон. Тэр залуу “муу гөлөг минь ална шүү” гээд намайг хажуу талын цэцэрлэг рүү чирч ороод газар унагаагаад миний дээр гарч халаас руу дайраад байсан. Би халаасан дээрээ гараа тавиад гар утсаа өгөхгүй байж байтал хажуу талаас нь үл таних бүрх малгайтай залуу гарч ирээд “наадахыг чинь ална” гээд миний баруун шанаа орчим 1 удаа цохисон. Би “та нар ав ав” гээд халаасан дээрээс гараа авсан. Тэгтэл тэр хоёр залуу миний “LG K4” загварын гар утсыг аваад босоод явсан. ...” /1хх 52-53, 168/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн бие, эд хөрөнгөд халдсан этгээдүүдийн гадна төрх байдал, тэдгээрийн үйлдэл оролцоо, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж онцлогийн талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

- шүүгдэгч Н.А-ын яллагдагчаар өгсөн “...тухайн үед би хүнтэй маргалдсан. Тэгтэл А.Б- хажуунаас “ална, хядна” гэж ирээд тэр хүний эд зүйлийг аваад явсан. Энэ хэргийг би А.Б-ийн хамт үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /1хх 175/, шүүгдэгчээр өгсөн “...ганцаараа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 72/,

- шүүгдэгч А.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Багшийн дээдийн цэцэрлэгт дээр иртэл ... найз Самбуу, Өнөрөө, Энхээ гурав архи уугаад сууж байсан. ... Би тэд нартай мэндлээд зогсож байтал зүс таних Н.А- бид нар дээр ирж “тамхи байгаа юу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлээд явуулсан. Бид нарын хойгуур өнгөрч явсан үл таних залуугаас тамхи асуугаад цуг цаашаа дагаад явсан. Тэгтэл удалгүй тэр залуутай бургас руу ороод зодолдоод байсан. ... Тэгээд нэг хартал Н.А- доошоо гүйгээд яваад өгсөн. ...” /1хх 169-170/ гэсэн мэдүүлгүүд,

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 58-59, 172-173/,

- хохирогч Ж.Б-ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан “...Н.А-ын зургийг 4 гэж, А.Б-ийн зургийг 9 гэж дугаарлан хохирогчид үзүүлэв. ... хохирогч Ж.Б-аас “таныг зодож гар утас авсан гэх хүнийг таних уу, таних бол ямар содон шинж тэмдгээр нь таних вэ” гэж асуухад тэрээр “би хараад шууд танина, нэг нь 162 см өндөртэй, надтай адил нуруутай, саарал өнгийн костюм шиг пальто өмссөн, бор малгайтай, монхор хамартай, пальбгар царайтай байсан. Харин нөгөө намайг цохисон залуу нь хамар нь хугарсан, бор өнгийн царайтай залуу байсан гэснийг тэмдэглэлд тусган Н.А-, А.Б- нартай нүүрний хэлбэрээр ижил төстэй 3х4 хэмжээтэй нийт 12 хүний цээж зургийг 1-12 хүртэл дугаарлан бэлтгэж үзүүлэхэд шууд 4 гэсэн дугаартай хүнийг зааж “намайг түрүүлж боогоод, миний гар утсыг халааснаас авсан залуугийн зураг байна”, 9 гэсэн дугаартай зураг нь “цаанаас ирээд миний баруун шанаа орчим цохиод, ямар овоо пиз** вэ, наадахыг чинь хутгалаад алчихъя гэж хэлээд байсан залуу мөн байна” гэж зааж хэлснийг тэмдэглэв...” гэсэн тэмдэглэл, өөрийн бие, эд хөрөнгөд халдсан этгээдүүдийг зааж байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 47-48, 49-51/ зэргээр давхар нотлогдсон бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Шүүгдэгч А.Б- давж заалдсан гомдолдоо “...Самбуу, Өнөрөө, Энхээ нар намайг дээрэм хийгээгүйг гэрчлэх бөгөөд эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Энэ хэрэгт таньж олуулах ажиллагаа явуулсан гэх боловч үнэн хэрэгтээ ийм ажиллагаа хийгдээгүй. Би өөрөө Н.А-ыг зааж өгсөн. Мөрдөгч, прокурорын зүгээс намайг загнаж, зандарч үг хэлэх эрхийг маань хорьсон. ...” хэмээн маргадаг.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүгдэгч А.Б-оос тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлыг харсан Самбуу, Өнөрөө, Энхээ гэх хүмүүсийг зааж өгч чадаагүй бөгөөд хохирогч Ж.Б-ын өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлэг, түүнийг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, өөрийн бие, эд хөрөнгөд халдсан этгээдүүдийг зааж байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт зэргийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Таньж олуулах ажиллагааны явцыг тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. Тэмдэглэлд гэрч, хохирогч, яллагдагчийн биеийн байцаалт, таньж олох хүн, мал, амьтан, эд зүйл, тодорхой газар, орон байрны тухай болон бусад бүх ажиллагааг дэс дарааллаар нь үгчлэн бичнэ” гэж заасан бөгөөд таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдаж “тэмдэглэл” үйлдэн, гэрэл зургаар бэхжүүлсэн байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Н.А- хохирогчийн араас хоолойг нь боож унагаах, шүүгдэгч А.Б- нүүрэн тус газарт нь цохих зэргээр хамтдаа хүч хэрэглэн эсэргүүцлийг нь дарж, улмаар Н.А- халааснаас нь гар утсыг авч гэмт хэрэгт хамтран оролцжээ.

Дээрх байдлыг үндэслэн, анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч А.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар Н.А-т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, А.Б-ид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.А-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 6 сар 23 хоногийн хугацаагаар, шүүгдэгч А.Б-ид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 14 хоногийн хугацаагаар тус тус тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруугийн талаар гаргасан шүүгдэгч А.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/645 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                   ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН