Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2017/0320

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Г

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *******, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *******, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын даргын эсхүл Зах зээлийн судалгааны газрын даргаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , Ж.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Миний бие 1995 онд Монгол улсад Төрийн албаны тангаргийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байхдаа өргөсөн бөгөөд 16 жил төрийн алба хашсан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч, 2013 онд Төрийн албаны Тэргүүний ажилтан цол  тэмдгээр шагнагдсан. Би Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2009 оноос мэргэжилтэн, улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот тушаалаар ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, 25 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхөөр заасан үндэслэлүүдийн аль ч үндэслэл нь миний хувьд бодитоор бий болоогүй.

Миний бие ажлаас чөлөөлөгдөх үедээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний хяналт зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргаар ажиллаж байсан, уг албан тушаалын орон тоо нь тус газрын одоогийн бүтцэд хадгалагдан үлдсэн төдийгүй 2 хуваагдан Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газар, Зах зээл судалгааны газар нэртэй болж харин ч 2 даргын орон тоо бий болсон.

Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тоог өмнөх орон тооноос нь хасалгүйгээр хэвээр нь үлдээж, 36-аар баталсан байдаг. Гэтэл тус газрын орон тоо хасагдаагүй байтал бүтцийн өөрчлөлт гэх нэрийн дор төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэснийг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэпггэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Иймд   төрийн  захиргааны  жинхэнэ  албан  хаагч  миний зөрчигдсөн эрхийг

сэргээж, өмнө нь ажиллаж байсан газрын даргын орон тоон дээр эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн олгуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , Ж.С  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 103 дугаар тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Үүний дагуу байгууллагийн нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, улмаар зохих ажил, албан тушаалд хуваарилан томилсон. Харин Л.Ггийн хувьд түүний эрхэлж байсан ажил, албан тушаал болох Өрсөлдөөний хяналт зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын үүрэг өөрчлөгдөж, үргэлжпүүлэн ажиллах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл шинэ бүтэц, зохион байгуулалтаар Өрсөлдөөний хяналт зохицуулалт, зах зээлийн судалгааны газар байхгүй болж, өөрчлөгдөн зохион байгуулагдсан.

Үүний хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016.11.02-ны өдрийн б/134 дугаартай тушаал гарч, Л.Г д гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Гэвч Л.Г Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба гомдлыг хянан чэлцээд 2016.12.12-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр Л.Гг ажлын байраар хангахыг мэдэгдсэн. Үүний дагуу агентлагийн даргын 2017.1.3-ний өдрийн ******* дугаартай тушаалаар Л.Гг Төрийн захиргаа, удирдлагын газрын стратегийн төлөвлөлт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагчаар томилсон, улмаар гарсан шийдвэрийн талаар удаа дараа мэдэгдэж ажлаа хийхийг хүссэн боловч хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүй албан үүргээ биелүүлээгүй тул агентлагийн даргын 2017.1.11-ний өдрийн ******* дугаартай тушаалаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно

Л.Г нэхэмжлэлдээ “... захиргааны санаачлагаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхөөр заасан үндэслэлүүдийн аль ч үндэслэл нь миний хувьд бодитоор бий болоогүй” гэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар

хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан зохицуулалтын хүрээнд бодит нөхцөл байдал үүссэн учир Л.Гд гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Л.Г нэхэмжлэлдээ "... Миний бие нь ажлаас чөлөөлөгдөх үедээ Шударга Өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний хяналт зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалын орон тоо нь тус газрын одоогийн бүтцэд хадгалагдан үлдсэн төдийгүй 2 хуваагдан Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газар, Зах зээлийн судалгааны газар нэрээр байгаа бөгөөд харин ч 2 даргын орон тоо бий болсон" гэсэн байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн зохион байгуулагдсан нь бүтцийн нэгж /газар/ 2 хуваагдаж, улмаар нэг даргатай байсан бол хоёр даргатай болсон мэтээр нэхэмжпэгчийн зүгээс тайлбарласан нь үндэслэлгүй юм. Тодруулбал, өмнө байсан нэгж болон бүтцийн өөрчлөлт хийгдсэнээс хойно бий болсон нэгжийн удирдлага тус бүр өөрийн онцлог бүхий ажлын байрны тодорхойлолттой, өөр чиг үүрэгтэй юм.

Түүнчлэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батапна” гэж заасны дагуу Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд 2016 оны 103 дугаар тушаал гарган өөрийн харъяа агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Л.Ггийн нэхэмжпэлийн шаардлагыг судлан үзэхэд тухайн шийдвэртэй маргаагүй байна.

Тэгвэл эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу хийгдсэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр Л.Гд нэг удаагийн тэтгэмж олгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, улмаар албан үүргээ биелүүлээгүй тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг нь хууль зөрчөөгүй болно.

Харин  ч  Л.Г  өөрийн хэт  явцуу  эрх ашигт хөтлөгдөн үүрэгт ажлаа

зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Л.Ггийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *******, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *******, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын даргын эсхүл Зах зээлийн судалгааны газрын даргаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...намайг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй...миний урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдаж үлдсэн...орон тоо хасагдаагүй байхад бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн...” гэж, харин хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 103 дугаар тушаалаар тус газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн...нийт албан хаагчдыг чөлөөлж зохих албан тушаалд томилсон...Л.Ггийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөж, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй...шинэ бүтэц зохион байгуулалтаар Өрсөлдөөний хяналт зохицуулалт, зах зээлийн судалгааны газар байхгүй болсон...Төрийн албаны зөвлөлөөс Л.Гг ажлын байраар хангахыг мэдэгдсэний дагуу ******* дугаар тушаалаар ахлах мэргэжилтэнгээр томилсон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ биелүүлээгүй тул ******* дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

1.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны   байгууллагын   тогтолцоо,  бүтцийн  ерөнхий  бүдүүвч”-ийг  шинэчлэн

батлах тухай 12 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаар бүхий “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар  Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн орон тооны хязгаарыг баталсны дотор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны хязгаарыг 36 байхаар тогтоожээ.

Дээрх тогтоолыг үндэслэн Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Засгийн газрын агентлангийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг шинэчлэн баталж, уг батлагдсан бүтцийн дагуу албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг даргад даалгаснаар тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар тушаалаар албан тушаалын жагсаалтыг баталж, Өрсөлдөөний хяналт зохицуулалт, зах зээлийн судалгааны газар нь

-Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газар

-Зах зээлийн судалгааны газар болж зохион байгуулагдахаар шийдвэрлсэн байна.

 Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалт, Шадар сайдын 2016 оны 103 дугаар тушаал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны ******* дугаар тушаалыг тус тус удирдлага болгон Агентлагийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, албан тушаалын жагсаалт шинээр батлагдсан гэх үндэслэлүүдээр Өрсөлдөөний хяналт зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга Л.Гг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд агентлагийн даргын эрх хэмжээг заасан байх ба 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан  тушаалд  шилжүүлэх,  сэлгэн  ажиллуулах,  шагнаж  урамшуулах, сахилгын

шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” эрхтэйг тодорхойлжээ. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байна. Эдгээрээс үзвэл Шадар сайдын 2016 оны 103 дугаар тушаалаар үүрэг болгосны дагуу хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга 2016 оны ******* дүгээр тушаал гаргаж нийт ажилтнуудыг түүний дотор Л.Гг ажлаас чөлөөлсөн нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан захиргааны акт байх бөгөөд уг захиргааны актыг гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Шадар сайдын 2016 оны 103 дугаар бүхий “Албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж ажиллах”-ыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад үүрэг болгосон захиргааны актын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *******, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын даргын болон Зах зээлийн судалгааны газрын даргаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлагын тухайд:

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны ******* дүгээр тушаалыг үндэслэж гарсан мөн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн б/08 дугаар бүхий “Ажилд томилох тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг тус газрын Төрийн захиргаа удирдлагын газрын Агентлагийн стратегийн төлөвлөлт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “....зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ. Энэ тохиолдолд тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан нь сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шууд томилсон нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Л.Ггийн урьд эрхэлж байсан албан тушаал-Зах зээлийн судалгаа, өрсөлдөөний зохицуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, зохион байгуулалтын бүтцээр шинэчлэн өөрчлөгдсөн гэх Зах зээлийн судалгааны газрын даргын ажлын байрны тодорхойлолт, Шадар сайдын 2016 оны 103 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зохион байгуулалтын бүтэц, нэгжийн чиг үүргийн 4 дэх хэсэгт заасан Зах зээлийн судалгааны газрын Үндсэн зорилго, Үйл ажиллагааны  үндсэн чиглэл зэргийг харьцуулан дүгнэж үзвэл Л.Ггийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн гэх үндэслэлтэй.  

Тухайлбал тус газрын Зах зээлийн судалгааны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэж байсан чиг үүрэгтэй таарч байхын дээр уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгааг үндэслэн нэхэмжлэгчийг Зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзэв.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр тушаалаар “...албан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэх үндэслэлээр Л.Гг тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын Агентлагийн стратегийн төлөвлөлт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. Нэхэмжлэгчийг уг ажилд томилсон тушаалыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Л.Гг ажлаас халах тухай тушаалыг мөн хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *******, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Гг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд томилж, ажилгүй хүлээлгэсэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойшхи хугацааны цалин олговрыг олгон, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.Ггийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *******, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Гг тус газрын Зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.Ггийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг /олгосон тэтгэмжийн зөрүүгээр/ хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаас 40100 /дөчин мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.Д