Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/343

 

 

 

2024      07          26                                          2024/ШЦТ/343

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,   

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ********* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Н-ийн Б /РД; ***********/,

Шүүгдэгч Н.Б нь;

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 08-ны шөнө 05.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэр “Энжоё” буудлын хойд талд явган хүний зам дээр насанд хүрээгүй хохирогч Б.О-ыг “та нар одоо ах нар луугаа ингэдэг болчихсон юм уу” гэж хэлж  зодохоор дайрч, улмаар хохирогч зугтахад араас нь хөөж хувцаснаас татан газар  унагааж, эрүүл мэндэд нь “хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Н.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн эөвшөөрч байна. Би найзуудтайгаа буудалд орж уугаад манай найзуудын таньдаг хоёр хүүхэд хэгжүүн зан гаргаад ах нарынхаа өөдөөс гар зөрүүлээд, хэл амаар доромжлоод байсан. Би О гэх хүүхдийг барьж авах гэж байгаад хувцаснаас нь татаад унагаачихсан.” гэх /хавтаст хэргийн  61 дэх тал/ мэдүүлгээс гадна,

мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-13 дахь тал/,

насанд хүрээгүй хохирогч Б.О-ы “...2024 оны 5 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн үед би найз Т, эгч Т, Т нартай Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг “Энжоё” буудалд хонох зорилготой орсон. Буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2024 оны 5 дугаар сарын 08-ны шөнө 05.00 цагийн үед Тэмүүжин алга болчихоор нь хайх зорилготой гурван давхраас хоёр давхар луу буугаад нэг өрөө рүү ортол Тэмүүжин дөрвөн ахтай архи ууж байсан. Намайг тухайн өрөө рүү ортол ах нар архи өгөөд би уусан, ууж байгаад 07 цагийн үед тэд нар Тэмүүжинг “хүүхдээрээ байгаарай, дүү нараа” гээд Нямсайхан нь Тэмүүжинг алгадаад байсан. ...Б гэх ах хувцсаа тайлчихсан “та нар одоо ах нар луугаа ингэдэг болчихсон юм уу” гээд гүйгээд ирэхээр нь айгаад зугттал араас хувцаснаас татаад би унахдаа толгойгоороо уначихсан. гэх /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

гэрч Б.М-ийн “...2024 оны 5 дугаар сарын 08-ны шөнө 05.00 цагийн үед би өөрийн найз Б, Н, Э нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэр “Энжоё" буудал руу ороод бид дөрөв “Сэнгүр” нэртэй 2.5л гурван пиво хувааж уусан. ...гаднаас Т гэх залуу орж ирээд Н-тай мэнд ус мэдээд бид нартай архи уусан, ...гадаа хүмүүс маргалдах чимээ гарсан, Н дэлгүүрийн хаалганы хажууд зогсож улаан малгайтай Э гэх залуугийн нүүр лүү нэг удаа цохиод авсан.” гэх /хавтаст хэргийн 24 дэх тал/,

          насанд хүрээгүй гэрч М.Т-ийн ...2024 оны 5 дугаар сарын 08-ны шөнө 05.00 цагийн үед буудалд байж байх үед хоёр давхрын нэг өрөөнөөс хүмүүс муудалцаж байгаа мэт дуу чимээ гарсан, юу болоод байгааг харах зорилготой тус өрөө рүү орох үед Н, Э, Б бас нэг ах нар архи ууж байсан. ...Н нь яагаад хэгжүүрхээд байгаа юм, хүүхдээрээ байна шүү” гээд намайг 2-3 удаа алгадсан, Б гэх залуу бас хажуугаас алгадаад байсан. ... Н, Б нар миний араас хөөгөөд намайг зодох гээд байсан. ... Оы толгойноос цус гараад байсан, би юу болсон талаар асуух үед “Б намайг татаж унагаагаад зам дээгүүр чирчихлээ, миний толгойг хагалчихлаа” гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 28 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч М.Э-ын “...2024 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 07.00 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Булгийн 19-02 тоотод байж байх үед Т над руу чат бичээд “андаа хаана байна, би “Энжоё” буудлын гадаа байна, хүнтэй маргалдаж зодолдох гээд байна, хүрээд ир” гэсэн, би явж очоод Т-тэй уулзаад “Энжоё” буудлын эсрэг талын дэлгүүрийн гадаа очсон. ...дэлгүүрийн гадаа зогсож байтал О гүйгээд араас нь нэг ах цамцнаас татаад толгойгоор нь унагаачихсан. ...Оы үс, цамц нь цус болчихсон байсан, яагаад цус болсон талаар асуухад “намайг хувцаснаас татаж унагаагаад, би унахдаа толгойгоороо уначихсан, тэгээд толгойноос цус гарсан” гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 30 дахь тал/ мэдүүлгүүд,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б-ийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 470 дугаартай; “...Б.О-ы биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд, нэг удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хуйханд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн  33-34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй хохирогч Б.О болон түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирол, төлбөртэй холбоотой баримт гаргаагүй, нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эд мөрийн баримтаар хураасан хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Н-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эд мөрийн баримтаар хураасан хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э