| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0065/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/348 |
| Огноо | 2024-07-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/348
2024 07 30 2024/ШЦТ/348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,
улсын яллагч Ж.Б,
хохирогч М.О, өмгөөлөгч Н.М,
шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *****-ийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 6, аав, ээж, дүү, нөхөр, хүүхдийн хамт ********************************* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Ж-ийн Д /РД; ************/,
Шүүгдэгч Ж.Д нь;
2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Bozzolo” /Воззоло/ худалдааны төвийн урд талын засмал зам дээр **-**ОРА улсын дугаартай “Toyota Aqua” /Тоёота Акуа/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,
12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,
16.1 дүгээр зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь “тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун алга, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед;
шүүгдэгч Ж.Д “...2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй, хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлнө.” гэв.
хохирогч М.О “...Өнгөрсөн оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг руугаа гарцаар гараад явж байтал энэ этгээд намайг дайрсан, тархиндаа маш хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн гэмтэлтэй, чамархайн хэсгээр дайралт авсан учраас хоёроос гурван хоног ухаан алдсан, нуруундаа хоёр хугаралтай, хугарлын хувьд дэглэм сайн барьж, хэвтрийн дэглэм сахиж, эмчилгээ сайн хийх юм бол хагалгаагүй бороолох боломжтой гэж эмч хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт 9 хоног, “Очир-Увидас” нөхөн сэргээн засах сувиллын эмнэлэгт нэлээн хэд хонож байж тэргэнцэртэй явдаг болж хот руу явсан байгаа, хотод очоод төв гэмтлийн эмнэлэгт үзүүлээд Хан-Уул дүүргийн эмч, хэсгийн эмч нарын зааврын дагуу эмчилгээ байнга хийгдсэн тул хөл дээрээ боссон. Д-ын хувьд анх эмнэлгээс маш их өвдөлттэй, зөөлөн эдийн хавдартай гарахад сувилалд хүргэж өгч байсан учраас тухайн үед миний биеийн байдал ямар байсныг сайн мэдэж байгаа гэж бодож байна. Одоо толгой байнга өвдөж, нойргүйдлийн хувьд байнга эм ууж байгаа, хүзүү, нурууны хэсэгт хугаралтай, тонгойж бөгтийхөд маш их өвдөлттэй, нойргүйдэл байгаа, шөнийн 3-4 цагт сэрүүлэг тавьсан юм шиг сэрээд байгаа, замаар гарахад дайрчих байхдаа гэсэн айдас маш их байна. Сэтгэцийн эмч хамгийн багадаа 2-3 жил энэ айдас байдаг, бясалгал хийгээд эмчилгээнд явбал гайгүй болно гэж хэлж байсан. Ж.Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амьд явах, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн үйлдэл хийж гэмт хэрэгт холбогдчихоод намайг хохирсон зэргээрээ мөнгө олох гэж байна гэсэн бодлоор хандаад байгаа, надад огт тийм бодол байхгүй, би эмч хүн, өвчтэй хүн ямар их сэтгэлийн зовуурьтай, шаналал мэдэрдэг гэдгийг биеэрээ мэдэрч үзсэн хүн. Нэхэмжилж байгаа 9.000.000 төгрөгөө хурдан гаргуулж авмаар байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч М.О-ын “…Осол болсон өдөр би гэр хорооллын эцсээс таксинд сууж “Bozzolo” худалдааны төвийн эсрэг талын автомашины зогсоол дээр буусан. Тухайн үед би хайрцагтай зүйл барьчихсан, хар өнгийн цүнх үүрээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан тээврийн хэрэгсэл намайг мөргөсөн. Би машинд мөргүүлээд ухаан алдсан, яаж эмнэлэгт очсон талаар мэдэхгүй. Миний биеийн байдал хүнд, өөрөө явж чадахгүй, тэргэнцэрт сууж бие засаж, толгой, нуруу их өвчтэй, нүдний хараа муу, нүд бүрэлзээд байна, оюун ухаан мартамхай, сэтгэл санаа их хямарч байна. Осол болсон өдрөөс хойшхи эмчилгээний зардал, эмнэлгийн зардал зэргийг намайг мөргөсөн этгээд тодорхой хэмжээгээр төлсөн. ...Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, ...сэтгэцэд учирсан хор уршгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-26, 28 дахь тал/,
гэрч О.Д-ын “...ээж М.О 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймагт ирсэн, хаагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилгыг нэг газраас нөгөө газарт зөөх гэж явсан. ...2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед миний утас руу ээж М.О-ын төрсөн эгч М.Б залгаж “...ээж нь Орхон аймагт зам тээврийн осолд ороод ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна” гэж хэлсэн, би Улаанбаатар хотоос гарч Орхон аймагт 17 цаг өнгөрч байхад ирээд шууд аймгийн БОЭТ-ийн Гэмтлийн тасагт очиход ээж маань намайг танихгүй, биеийн байдал нь хүнд, хөдөлж чадахгүй байдалтай...“тархиндаа гэмтэл авсан, зулай хэсгээсээ цуурч эхэлж байна” гэж эмч хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч Б.Б-ын “…2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 08-09 цагийн хооронд ажил дээрээ байхад миний утас руу эхнэр Ж.Д залгаж “...“Bozzolo” дэлгүүрийн урд талд хүн мөргөчихлөө, хүрээд ирээч” гэж хэлсэн. Би ажлаасаа гараад “Bozzolo” дэлгүүрийн урд очиход цагдаа нар ирчихсэн байсан, эхнэр Ж.Д-аас юу болсон талаар асуухад “ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд эмнэлэгт очиж шинжилгээ өгөх гээд явж байхад гэнэт хүн гарч ирсэн, тэр хүнийг мөрчихлөө.” гэж хэлсэн. Цагдаагийн алба хаагч эхнэр Ж.Д-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалгахад 1.01%-ийн согтолтой гарсан. ...Эхнэр Ж.Д 2023 оны 8 дугаар сарын 22-ны орой найз нартайгаа хамт бааранд орж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ...цагдаа нарын хамт хяналтын камерын бичлэгийг үзэхэд манай эхнэр Ж.Д явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөсөн нь бичигдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,
Ж.Д-ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 23-ны өглөө 07.50 цагт хадам аав Баяртын гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг 7 дугаар хорооллын 3-39 тоотоос гарч Бүсийн оношлогоо эмчилгээний төв рүү явах гээд нөхрийн нэр дээр бүртгэлтэй, гэр бүлийн эзэмшлийн **-**ОРА улсын дугаартай “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, “Bozzolo” худалдааны төвийн урд талын засмал замаар хөдөлгөөнд оролцож байхдаа явган хүний гарцаар гарч байсан эмэгтэй хүнийг анзаарч хараагүй, шууд мөргөж зогссон. Тухайн үед би тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан ба зам тээврийн осол гаргасны дараа хохирогч эгчийн хажууд очиж биеийн байдлыг нь асуучихаад өөрийнхөө утаснаас эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед зорчих хэсгийн хөдөлгөөн дунд зэрэг байсан, зам тээврийн осол гаргасан өглөө би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, харин урьд өдөр нь буюу 2023 оны 8 дугаар сарын 22-ны шөнө найз нарын хамт бааранд орж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнийн 00 цагийн үед хадам аав Баяртын гэрт очиж амарсан. Осол гаргасны дараа цагдаа нар намайг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.01% гэж гарч ирсэн. Зам тээврийн осол гаргаснаас хойш хохирогчийн эмчилгээний бүх зардлыг би төлж байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/,
хэргийн газарт буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Bozzolo” худалдааны төвийн урд талын засмал зам дээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 7-9, 10-11, 12-14 дэх тал/,
амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар шүүгдэгч Ж.Д-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг, мөн түүний согтолтын зэргийг нь шалгахад 1.01%-ийн согтолттой байсныг тогтоосон баримт /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,
эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,
хүний биеэс биологийн дээж /цус/ авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/,
“Bozzolo” худалдааны төвийн урд талын засмал зам дээрх хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Bozzolo” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгээс “zam ruu harsan heseg” бичлэгийг үзэхэд ертөнцийн зүгээр худалдааны төвийн урд талд байх дөрвөн эгнээ, хоёр урсгалтай, явган хүний гарцыг харуулсан хяналтын камерын бичлэг байв. Уг бичлэгийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас эхлүүлж шүүж үзэхэд 08:04:50 секундэд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд цайвар, цагаан өнгийн суудлын автомашин зогсож байх ба түүний баруун хойд талын хаалганаас дээгүүрээ цайвар өнгийн цамцтай, доогуураа хар өнгийн өмдтэй эмэгтэй хүн гарч, тээврийн хэрэгслийн багажнаас эд зүйлс гаргаж байв. ...дээгүүрээ цайвар өнгийн цамцтай, доогуураа хар өнгийн өмдтэй эмэгтэй бараан өнгийн цүнх үүрч хоёр гартаа эд зүйлс бариад явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад 08:05:48 секундэд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд бараан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл шууд мөргөж эмэгтэй хүн агаар дээр нэг удаа эргэж газар унаж байв.” гэсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 17-21 дэх тал/,
уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 4023 дугаартай; “...Шинжилгээнд ирүүлсэн “23/эм Ж.Д” гэж хаягласан цусанд 0.8 промилли спирт илрэв. Цусан дахь 0.8 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 730 дугаартай; “...М.О-ын биед тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
Орхон аймгийн Автотээврийн төвийн шинжээч нарын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 55-61 дэх тал/,
Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Б-ийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаартай; “...**-**ОРА улсын дугаартай “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгслийн жолооч Ж.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,
12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,
16.1 дүгээр зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж. уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Явган зорчигч М.О нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.” гэсэн магадлагаа /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
хохирогч М.О Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 93-123 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Ж.Д, Л.Б, С.Э нарын гаргасан 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн; “...Магадлуулагч М.О нь дээрх гэмт хэргийн улмаас “гэмтлийн дараах дарамтат эмгэг, сэтгэл гутрах, сэтгэл түгших хам шинж /Р43.1/ гэх эмгэгтэй болсон байна. Энэ сэтгэцийн эмгэгийн дараах шинж тэмдгүүд түүнд тод илэрч байна. Нойргүйдэл, сэтгэл гутрал, уур бухимдал, сэтгэл тогтворгүйдэл, сэтгэл зовинол, сэтгэл түгшил, сэтгэл зориггүйдэл, цочролын хам шинж, айдас түгшүүр, вегетатив хам шинж, сульдлын хам шинж. Магадлуулагч М.О-т сэтгэл засал болон сэтгэл зүйн эмчилгээ мөн сэтгэцийн эмчийн хяналтанд эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 233-235 дахь тал/,
хохирогч М.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 5 дугаар зэрэг гэж тогтоосон шинжээч Ц.А, Э.М нарын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 250 дахь тал/,
хохирол, төлбөртэй холбоотой;
хохирогч М.О-аас гаргасан, эм эмчилгээнд зарцуулсан зардал 641.415 төгрөг, хоол, ахуйн хэрэгцээнд зарцуулсан зардал 252.560 төгрөг, асаргаа болон замын зардалд 2.870.000 төгрөг, олох ёстой байсан орлого 1.000.000 төгрөг, нийт 4.764.015 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохирол төлбөрийн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 126, 127-165 дахь тал/,
эмчилгээнд зарцуулсан зардал 2.863.596 төгрөг, ослын улмаас ажил эрхэлж чадаагүйн цалин 2023 оны 10, 11, 12 сар болон 2024 оны 1 дүгээр сарын цалин 4.000.000 төгрөг, нийт 6.863.596 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохирол төлбөрийн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 8, 9-17, 20, 21-27 дахь тал/,
2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 13.498.555 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохирол төлбөрийн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 137, 138-168 дахь тал/,
шүүгдэгч Ж.Д-аас гаргасан, хохирол төлсөн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 171-205 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 135 дахь тал/,
шүүгдэгч Ж.Д-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 76 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 78 дахь тал/,
жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 86, 88 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хохирогч, гэрч, нараас болон Ж.Д-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ж.Д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс гадна,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч М.О-ын “…явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан тээврийн хэрэгсэл намайг мөргөсөн.” гэх,
гэрч О.Д-ын “...2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед миний утас руу ээж М.О-ын төрсөн эгч М.Б залгаж “...ээж нь Орхон аймагт зам тээврийн осолд ороод ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна” гэж хэлсэн.” гэх,
гэрч Б.Б-ын “…2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 08-09 цагийн хооронд ажил дээрээ байхад миний утас руу эхнэр Ж.Д залгаж “...“Bozzolo” дэлгүүрийн урд талд хүн мөргөчихлөө, хүрээд ирээч” гэж хэлсэн. Би ажлаасаа гараад “Bozzolo” дэлгүүрийн урд очиход цагдаа нар ирчихсэн байсан, эхнэр Ж.Д-аас юу болсон талаар асуухад “ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд эмнэлэгт очиж шинжилгээ өгөх гээд явж байхад гэнэт хүн гарч ирсэн, тэр хүнийг мөрчихлөө.” гэж хэлсэн.” гэх,
Ж.Д-ын өөрийнх нь өгсөн “...**-**ОРА улсын дугаартай “Toyota Aqua” загварын тээврийг хэрэгслийг жолоодож “Bozzolo” худалдааны төвийн урд талын засмал замаар хөдөлгөөнд оролцож байхдаа явган хүний гарцаар гарч байсан эмэгтэй хүнийг анзаарч хараагүй, шууд мөргөж зогссон, ...Осол гаргасны дараа цагдаа нар намайг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.01% гэж гарч ирсэн.” гэх мэдүүлгүүд,
хэргийн газарт буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Bozzolo” худалдааны төвийн урд талын засмал зам дээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг зам дээрх хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 4023 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “23/эм Ж.Д” гэж хаягласан цусанд 0.8 промилли спирт илрэв. Цусан дахь 0.8 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 730 дугаартай “...М.О-ын биед тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,
Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Б-ийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаартай “...**-**ОРА улсын дугаартай “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгслийн жолооч Ж.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,
12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,
16.1 дүгээр зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.” гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Ж.Д, Л.Б, С.Э нарын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “...Магадлуулагч М.О нь дээрх гэмт хэргийн улмаас “гэмтлийн дараах дарамтат эмгэг, сэтгэл гутрах, сэтгэл түгших хам шинж /Р43.1/ гэх эмгэгтэй болсон байна.” гэсэн,
хохирогч М.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 5 дугаар зэрэг гэж тогтоосон шинжээч Ц.А, Э.М нарын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтүүд болон хохирогч М.О Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ж.Д-ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэлд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Д өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйлдсэн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна
тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16.1 дүгээр зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэх заалтуудыг зөрчсөн түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Оын эрүүл мэндэд “тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт” бүхий хүнд хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас уг гэмт хэрэг гарсан гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул
шүүх шүүгдэгч Ж.Д-ыг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг 1.01%-ийн согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ж.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч “…анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлөхөөр илэрхилснийг, жирэмсэн зэргийг нь харгалзан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна уу.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
1.01%-ийн хөнгөн зэргийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал, гэм буруутай үйлдлийнх нь улмаас хохирогч М.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч өнөөдрийн байдлаар хор уршиг арилаагүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрт 4.483.985 төгрөг төлсөн байдал, цаашид 9.000.000 төгрөгийн хохирол, төлбөрийг болон сэтгэцэд учирсан хохиролд 41.250.000 төгрөг нийт 50.250.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал,
мөн биеийн эрүүл мэндийн байдлын хувьд 2024 оны 8 сартай жирэмсэн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т “согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байсныг Улсын Их хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж буюу “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөн найруулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,
1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,
497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.
Хохирогч М.О нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 13.498.555 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг нотлох баримтуудын хамт гаргаж 2 дахь хавтаст хэргийн 137, 138-168 дахь талуудад хавсаргуулсан боловч шүүх хуралдааны үед хохирогч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган 9.000.000 төгрөгийг нэхэмжлэхэд шүүгдэгч Ж.Д уг дүнг хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр маргаангүй болсон.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж,
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Шүүх дээрх аргачлалд дурьдсан дагуу, шинжээч Ц.А, Э.М нарын “хохирогч М.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 5 дугаар зэрэглэлд хамаарах”-ыг тогтоосон дүгнэлтийг үндэслэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 82.500.000 төгрөгөөс тавдугаар зэрэглэлийг 31-99% гэж тогтоосон хүрээнд нь 50 хувиар тооцож, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг 41.250.000 төгрөгөөр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Bozzolo” худалдааны төвийн урд талын засмал замын хяналтын камерын бичлэгтэй хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан хохирогчийн гэх хэсэг үсийг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ж.Д-д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, гэм хорын хохирол, сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,
мөн түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг тус тус Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ж-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Д-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Д-д 1 /нэг/ жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг,
хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Д хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял биечлэн эдлүүлэхийг,
шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
8.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дүгээр зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Даас 50.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.От олгосугай.
9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ж.Д-д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, гэм хорын хохирол, сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг,
мөн түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
10.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Bozzolo” худалдааны төвийн урд талын засмал замын хяналтын камерын дүрс бичлэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан хохирогчийн гэх хэсэг үсийг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э