Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/349

 

 

2024       07         30                                         2024/ШЦТ/349

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,      

улсын яллагч Ц.Л,

насанд хүрээгүй хохирогч Б.Т, хууль ёсны төлөөлөгч Б.Э,

шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Д.Ө-д холбогдох эрүүгийн 2425000880387 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Д.Ө

Шүүгдэгч Д.Ө нь;

2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан сэндвичэн барилга дээр цонхны рам суулгах ажил үүрэг гүйцэтгэж байсан насанд хүрээгүй Б.Т-д аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, тухайн ажлын байрны онцлогт тохирсон дүрэм, зааврыг дагаж мөрдүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 18 дугаар зүйлийн 18.2.7, 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8, 35 дугаар зуйлийн 35.1 дэх хэсгүүд болон БНБД12-04-06 тоот “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 13.11.“Шавардлага ба хуурай шавардлага, дүүжин тааз хийх, төрөл бүрийн хавтанцараар өнгөлгөөний ажил гүйцэтгэхэд ажиллагсдын зогсох түвшин газрын гадаргаас дээш 1.3м-с өндөр болмогц шат вандангийн хүрээнээс 1м-ээс багагүй өндөртэй хашлага тоноглох ба ажилчдыг хамгаалах бүстэй ажиллуулна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас ажил үүрэг гүйцэтгэж байсан Б.Т угсардаг шатнаас унаж,

эрүүл мэндэд нь “гавал ясны зүүн талд зулайн яснаас хөхлөг сэртэнгийн араар ламбдойд заадас дайрч дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн тал бөмбөлгийн дунд завсар, тенториумд цус хуралт, зүүн эгэм ясны хугарал, зүүн чамархайд шарх, зүүн чамархайд зулгаралт” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.Ө “...Манай компанид Б.Т ажиллахаар хүсэлт тавиад ирсэн, би хамгаалалтын малгай, бүс хэрэглүүлээгүй буруутай. Эмчилгээний төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, ийм хэрэг гарсанд харамсалтай байна.” гэв.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э “...Б.Т титан хагалгаанд орсон, одоогоор биеийн байдлын хувьд өвдөлттэй байгаа, доргиож болохгүй гэсэн. Цаашид нарийн шинжилгээнд хамрагдмаар байна, эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, сэтгэцэд учирсан хохирлыг 13 хувиар тогтоож өгнө үү.” гэв.

Мөрдөн шалгах ажиллгааны үед цуглуулсан;

насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн “...2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн оройн 18 цагийн орчим Э.Б бид хоёр хоёулхнаа байхдаа сэндвичэн барилгын цонхны рам суулгах гээд баригдаж буй барилгын дотор баруун талын хананд япон угсардаг шатыг хоёр давхар хүртэл өндөрлөсөн байсан. Би шатан дээр гараад цонхны рам суулгах зүсэлт хийх зураасыг харандаагаар зурж, зурсан зураасны дагуу Э.Б гар тастагчаар тасдаад явж байхад би зүүн хөлөөрөө хий гишгэн хөл алдаж шатны тавцан дээрээс унахдаа толгойгоороо газар савж унаад ухаан алдсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-н “...Хүүхдийн эрүүл мэндийн хувьд гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Ч-н “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлнэ” гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Т-гийн тусламж үйлчилгээний зардалд гарсан 7.531.700 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

          гэрч Э.Б-н “...Т бид хоёр...агуулахын барилгын баруун хойд талын дээд хананд цонхоо суурилуулах гээд япон угсардаг шатыг угсарч гарч зогсоод цоолох хэмжээнүүдээ хэмжээд харандаагаар цэг тавихад Т цэгүүдийг тэгш усаар холбон зурж, би зурсан шугамын дагуу жижиг гар тасдагчаар тасдаж сэндвич рүүгээ хараад зүсэж байхад Т гэнэт байхгүй болчихсон байсан. Буусан юм байхдаа гээд харахад биеийнхээ баруун талаараа эвхэрсэн байдалтай газар хэвтэж байхаар нь бууж очоод “босоорой ахын дүү” гэсэн чинь “байж байгаарай” гээд босож ирэхгүй байгаад байсан. ...“Эрдэнэтэд байдаг ах руугаа залгаарай” гэсэн чинь өөрийнхөө утаснаас залгаж...ярьсан чинь Т сайн ярьж чадахгүй, манарчихсан юм шиг байсан, би ахтай нь ярьж “Т шатнаас унаад мөр нь эвгүй болчихлоо, та ирж дүүгээ авах уу” гэхэд “за” гэж хэлээд удалгүй ирж авсан. Т бид хоёр аюулгүй ажиллагааны зааварчилгаа хэнээс ч аваагүй, өгөх хүн байгаагүй, ...Т бид хоёр цэнхэр, хар өнгийн ажлын өмд, цамцтай байсан. Хамгаалалтын малгай буюу каск, өндрийн бүс зүүж хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

          гэрч Б.Б-н “...“Аз лагшма” ХХК-ийн захирал Б утсаар холбогдоод Орхон аймагт агуулахын зориулалттай, 5.8м өндөртэй, 30 x 15м хэмжээтэй сэндвич барилгыг 56.250.000 төгрөгөөр бариулахаар болсон, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б гэх эмэгтэйн хүү Э.Б гэдэг залуутай бичгийн гэрээг манай эхнэр Ө байгуулсан. ...ажилтан Б, Т нар цонхны рам суулгах ажил гүйцэтгэх явцад Т угсардаг шатнаас унасан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

          Д.Ө-н яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг зөвшөөрч байна. ...Т, Б хоёр хоёулахнаа үлдэж цонхны рам суулгах явцад Т угсардаг шатнаас унаж, толгойдоо хүнд гэмтэл авсан байсан.’ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 138 дахь тал/,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 169 дугаартай; “...Б.Т-гийн биед гавал ясны зүүн талд зулайн яснаас хөхлөг сэртэнгийн араар ламбдойд заадас дайрч дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн тал бөмбөлгийн дунд завсар, тенториумд цус хуралт, зүүн эгэм ясны хугарал, зүүн чамархайд шарх, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндрөөс унах үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 57-60 дахь/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Э, Ц.Д нарын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 535 дугаартай; “...магадлуулагч Б.Т-гийн сэтгэцэд 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болсон ослын улмаас хор уршиг учирсан байна. Б.Т-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид мэдрэлийн болон сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

          Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай; “...1.Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим “Пэрфэкт-Айрон ХХК-ийн барьж буй сендвичин агуулахад цонхны рам суулгах явцад Б.Т нь угсардаг шатнаас унаж хүнд гэмтсэнийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. 2.Хохирогч Б.Т нь байгууллагын туслах ажилтны үүрэг гүйцэтгэдэг байна. 3.“Пэрфэкт-Айрон” ХХК-д ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, журам байхгүй байна. 4.Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааны журнал байхгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. 5.“Пэрфэкт-Айрон” ХХК-ийн захирал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан заасны дагуу хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангуулах үүрэгтэй. 6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 18 дугаар зүйлийн 18.2.7, 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8, 35 дугаар зүйлийн 35.1, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байпуулалт Үндсэн дүрэм, MNS4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.1, БНбД12-04-06 тоот “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 13.11 заалтуудыг тус тус зөрчсөн байна. 7.“Пэрфэкт-Айрон” ХХК-ийн захирал Д.Ө нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.“Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 35 дугаар зүйлийн 35.1.“Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хохирогч Б.Т нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7.“Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх.” заалтыг зөрчсөн.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт баригдаж сендвичэн барилгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-8, 9-10 дахь тал/,

эд зүйлд буюу угсардаг шатанд үзлэг хийсэн “...Төмөр дөрвөлжин япон угсардаг шат гэх нэршилтэй шатыг хоёр давхарлаж угсрахад нийт өндөр нь 3м 42см, өргөн нь 94см, урт нь 1м 84см болж байна. Давхарлаж угсарсан шатны хамгийн дээд тал нь 1м 70см урт, 40см өргөнтэй нэг ширхэг төмөр тавцан, доод талд нь нэг ширхэг тавцан тус тус байрлуулсан байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11, 12 дахь тал/,

хохирогч Б.Т-д Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын жагсаалт /хавтаст хэргийн 27 дахь тал/,

хохирогч Б.Т нь 2024 оны 1 дүгээр сарын 18-25-ны өдрийн хооронд Орхон БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 62-104 дэх тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Д.Ө-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Д.Ө дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Ө-н  “...би хамгаалалтын малгай, бүс хэрэглүүлээгүй буруутай.” гэх,

мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн насанд хүрээгүй хохирогчийн “...зүүн хөлөөрөө хий гишгэн хөл алдаж шатны тавцан дээрээс унахдаа толгойгоороо газар савж унаад ухаан алдсан.” гэх,

          гэрч Э.Б-н “...Т цэгүүдийг тэгш усаар холбон зурж, би зурсан шугамын дагуу жижиг гар тасдагчаар тасдаж сэндвич рүүгээ хараад зүсэж байхад Т гэнэт байхгүй болчихсон байсан. Буусан юм байхдаа гээд харахад биеийнхээ баруун талаараа эвхэрсэн байдалтай газар хэвтэж байсан. ...Т бид хоёр аюулгүй ажиллагааны зааварчилгаа хэнээс ч аваагүй, өгөх хүн байгаагүй, ...Хамгаалалтын малгай буюу каск, өндрийн бүс зүүж хэрэглээгүй байсан.” гэх,

          гэрч Б.Б-н “...ажилтан Б, Т нар цонхны рам суулгах ажил гүйцэтгэх явцад Т угсардаг шатнаас унасан байсан.” гэх,

          Д.Ө-н өөрийнх нь “...Т, Б хоёр хоёулахнаа үлдэж цонхны рам суулгах явцад Т угсардаг шатнаас унаж, толгойдоо хүнд гэмтэл авсан байсан.” гэх мэдүүлгүүд,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 169 дугаартай, “...Б.Т-гийн биед гавал ясны зүүн талд зулайн яснаас хөхлөг сэртэнгийн араар ламбдойд заадас дайрч дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн тал бөмбөлгийн дунд завсар, тенториумд цус хуралт, зүүн эгэм ясны хугарал, зүүн чамархайд шарх, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Э, Ц.Д нарын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 535 дугаартай, “...Б.Т-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлтүүд,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт баригдаж сендвичэн барилгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд буюу угсардаг шатанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Т-гийн өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Д.Ө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

          Шүүх хуралдааны үед хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

шүүгдэгч Д.Ө нь “Пэрфэкт-Айрон” ХХК-ийн захирлаар, хохирогч Б.Т нь тус компанид туслах ажилтнаар тус тус ажилладаг байх бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Б.Т нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан сэндвичэн барилгын агуулахад цонхны рам суулгах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа угсардаг шатнаас унаж, эрүүл мэндэд нь “гавал ясны зүүн талд зулайн яснаас хөхлөг сэртэнгийн араар ламбдойд заадас дайрч дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн тал бөмбөлгийн дунд завсар, тенториумд цус хуралт, зүүн эгэм ясны хугарал, зүүн чамархайд шарх, зүүн чамархайд зулгаралт гэмтэл” учирсан болох нь хавтаст хэргийн 57-60 дахь талд авагдсан Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 169 дугаартай дүгнэлтээр,

          мөн хохирогч Б.Т тухайн ажил үүргийг гүйцэтгэх үедээ хамгаалалтын малгай, бүс хэрэглээгүй болох нь хавтаст хэргийн 113-115 дахь талд авагдсан Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт болон хавтаст хэргийн 32-33 дахь талд авагдсан гэрч Э.Б-н “...Т бид хоёр аюулгүй ажиллагааны зааварчилгаа хэнээс ч аваагүй, өгөх хүн байгаагүй, ...Т бид хоёр цэнхэр, хар өнгийн ажлын өмд, цамцтай байсан. Хамгаалалтын малгай буюу каск, өндрийн бүс зүүж хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.Ө-н Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч Б.Т-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд учруулсан гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирлын хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байгаагаас гадна энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан, “Пэрфэкт-Айрон” ХХК-ийн захирал, шүүгдэгч Д.Ө нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг болон БНБД12-04-06 тоот “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 13.11.“Шавардлага ба хуурай шавардлага, дүүжин тааз хийх, төрөл бүрийн хавтанцараар өнгөлгөөний ажил гүйцэтгэхэд ажиллагсдын зогсох түвшин газрын гадаргаас дээш 1.3м-с өндөр болмогц шат вандангийн хүрээнээс 1м-ээс багагүй өндөртэй хашлага тоноглох ба ажилчдыг хамгаалах бүстэй ажиллуулна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан сэндвичэн барилга дээр цонхны рам суулгах ажил үүрэг гүйцэтгэж байсан насанд хүрээгүй Б.Т угсардаг шатнаас унаж, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,

түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүх шүүгдэгч Д.Ө-г “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Д.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Д.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Ө-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-г Пэрфэкт-Айрон” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар эрх хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүх шүүгдэгч Д.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, төлбөрийг нөхөн төлөхөөр илэрхийлснийг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус  харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Пэрфэкт-Айрон” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь найман сарын хугацаагаар хасаж, гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-н “Пэрфэкт-Айрон” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох эрхийг 8 /найм/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолох нь зүйтэй. 

Шүүгдэгч Д.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна. 

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгч Д.Ө-д холбогдох хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Д.Ө-с нийт 15.451.700 төгрөг гаргуулж,

7.920.000 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт,

7.531.700 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар,

мөн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэхэд шүүгдэгч нь “хохирол төлбөрийг 5 хоногийн дотор төлнө” гэдгээ илэрхийлээд шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цаг хүртэл завсарлуулсан.

Шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд,

шүүгдэгч нь 7.920.000 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт төлснөө,

Эрүүл мэндийн даатгалын санд 7.531.700 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э 7.920.000 төгрөг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн болно.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж,

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.4-д сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 2-р зэрэглэлийг 4-8% гэж тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тооцохоор,

3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж журамласан байна.

Шүүх дээрх аргачлалд дурьдсан дагуу, Э.Э, Ц.Д нарын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 535 дугаартай, “...Б.Т-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлтийг үндэслэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс 2-р зэрэглэлийг 4-8% гэж тогтоосон хүрээнд 8%-иар тооцож, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг 7.920.000 төгрөгөөр тогтоосныг дурьдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т нь 2024 оны 1 дүгээр сарын 18-25-ны өдрийн хооронд Орхон БОЭТ-д эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн зардал 7.531.700 төгрөгийг шүүгдэгч Д.Ө хариуцан төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-г “Пэрфэкт-Айрон” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох эрхийг 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ө шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-н “Пэрфэкт-Айрон” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох эрхийг 8 /найм/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Ө-с 7.531.700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

          7.Насанд хүрээгүй хохирогч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Э нар цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эрх хасах ял, торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э