| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0126/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/152 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/152
2024 05 01 2024/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт иргэн Л.Ц“гар утасны интернет банкийг ашиглан тэтгэврийн зээл авч өгнө” гэж хуурч, түүний Хаан банкны ____тоот дансны интернэт банканд нэвтэрч, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 400.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг Хаан банкны ____тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч М.Б:
... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч М.Б нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт иргэн Л.Ц“гар утасны интернет банкийг ашиглан тэтгэврийн зээл авч өгнө” гэж хуурч, түүний Хаан банкны ____тоот дансны интернэт банканд нэвтэрч, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 400.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг Хаан банкны ____тоот данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт нь дараах
Хохирогч Х.Ц“Би Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар баг Урд Ногоо тасаг 1-38 тоотод ганцаараа амьдардаг хүн хүүхдүүд маань бүгд тусдаа гарчихсан. Би 2022 оны 11 дүгээр сард Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг Бид Хас Баян-Өлзийт ББСБ- с зээл авахаар очоод эдийн засагчаар ажиллаж байсан М.Б гэдэг эмэгтэйтэй танилцсан гэтэл 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр М.Бтай тааралдаж чи эгчдээ зээл гархаар байна уу? Үзээд өгөөч гэсэн чинь М.Б тухайн өдөр миний гар утсаар миний дансанд нэвтэрч миний тэтгэвэрийн зээл 400.000 төгрөг аваад өөрийнхөө дансанд шилжүүлсэн байсан 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би М.Бтай Борнуур сумын Эрүүл мэндийн төв дээр тааралдаад М.Бгаас миний тэтгэвэрийн зээл гархаар байна уу үзээд өгөөч гэж хэлсэн чинь М.Б миний гар утсыг авч үзээд 800.000 төгрөг өөрийнхөө дансанд шилжүүлж авсан байна М.Б надад мэдэгдэхгүйгээр миний данснаас өөрийнхөө ____тоот данс руу нийт 1.200.000 төгрөг шилжүүлж авч намайг залилсан байна би Улаанбаатар хотод байдаг охин дээрээ очоод ээжийнх нь тэтгэвэр орохгүй байна гэж хэлсэн чинь манай охин надад миний дансыг шалгаж өгөөд таны данснаас М.Б гэдэг хүн тэтгэвэрийн зээл аваад өөрийнхөө дансруу шилжүүлсэн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Бгийн сэжигтнээр өгсөн “Тиймээ би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ц эгчийн ____тоот данснаас 400.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 300.000 төгрөг, 500.000 төгрөг нийтдээ 1.200.000 төгрөг гар утсыг нь гуйж аваад өөрийнхөө ____тоот данс руу шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Бгийн яллагдагчаар өгсөн “Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
... Шүүгдэгч М.Б нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт иргэн Л.Ц“гар утасны интернет банкийг ашиглан тэтгэврийн зээл авч өгнө” гэж хуурч, түүний Хаан банкны ____тоот дансны интернэт банканд нэвтэрч, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 400.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг Хаан банкны ____тоот данс руу шилжүүлэн авч залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна ... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан:
... Гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч байгаа. Бодит хохирол 1,2 сая төлсөн, унааны зардал 210.400 төлөхөө илэрхийлж байна. Бага 3 хүүхдээ аваад Улаанбааатр хотод амьдардаг, жирэмсэн байгаа. Баянцогт сумандаа хяналтад ордог, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа хуульд заасан хугацаагаар хойшлуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Б:
...Миний буруу. Хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч М.Бд холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Залилах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Өөрөөр хэлбэл хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг байна.
Харин шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмшиж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.
Үүний адил шүүгдэгч М.Б нь 2023 оны 7 дугаар сарын 26, 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд Л.Ц“гар утасны интернет банкийг ашиглан тэтгэврийн зээл авч өгнө” гэж хуурч, түүний Хаан банкны ____тоот дансны интернэт банканд нэвтэрч, нийт 1.200.000 төгрөгийг Хаан банкны ____тоот данс руу шилжүүлэн авч залилсан байна.
Дээрх залилсан үйлдэл нь “нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа төгсдөг.
Тэрээр шүүгдэгч М.Бг бусдын эд хөрөнгийг залилаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Х.Цучирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ц1.200.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Хохирогч Х.Ц мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Цэлмэгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр 1.200.000 төгрөгийг нэхэмжилж үүнийг төлсөн, шүүхийн шатанд замын зардал болох 210.400 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан байна.
Шүүхээс шүүгдэгч М.Бг гэм бруутайд тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Цучирсан хохирол болох 210.400 гаргуулахаар шийдэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч М.Б нь шүүхээс гаргасан хохирлыг нөхөн төлөөгүй шүүгдэгч М.Б нь хохирогч Х.Ц2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгаас 210.400 төгрөгийг хохирогч Х.Цолгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
... Гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт зорчих эрх хязгаарлах, хохиролд 210.400 гаргуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бахйгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан:
... Бага 3 хүүхдээ аваад Улаанбааатр хотод амьдардаг, жриэмсэн байгаа, Баянцогт сумандаа хяналтад ордог, ХУД-т амьдарч байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулж өгнө үү. Зорчих эрхийг 6 сар болгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Б:
... Бичиг баримтын асуудлаар Борнуур, Баянцогт, Улаанбаатар хоёрын хооронд зөндөө явдаг. Борнуурт байгаа газраа зарах гээд хөөцөлдөөд байгаа юм... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх шүүгдэгч М.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Гэвч шүүгдэгч М.Б нь жирэмсэн болох нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “...Өрхийн жирэмсний хяналтад байдаг 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр төрөх сүүлийн хугацаа тул тодорхойлолт олгов.” гэх албан бичиг, мөн түүний бие махбодь гадаад харагдах байдал зэргээр нотлогдсон ба түүний холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,
мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,
түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид 1.200.000 төгрөгийг төлснийг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус
тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 /нэг/ жилийн хугацаанд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Б нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,
шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид 1.200.000 төгрөгийг төлснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгаас нийт 210.400 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Цолгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ