Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/1320

 

Ш.А-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ш.А-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/493 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.А-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.А-т холбогдох эрүүгийн 2010007720415 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш.А-, 1966 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, мал малладаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Улаанбаатар гарнизоны шүүхийн 1989 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 227 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 15А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар уг ялаас 3 жилийг өршөөн хасч, 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  

             Ш.А- нь учрах саадыг арилгах зорилгоор 79-04 УБҮ улсын дугаартай, “Пронтер” загварын машин механизм ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Хөндлөн-Уул” гэх газарт “Глобал рост” ХХК-ийн баригдаж байсан барилгаас тус ХХК-ийн вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, хохирогч Б.Б-ийн цохилттой дрилл, тасдагч, уртасгагч, утас зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.858.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.А-ийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийн эзэмшлийн 79-04 УБҮ улсын дугаартай автомашиныг хурааж, улсын орлого болгож, шүүгдэгч Ш.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ш.А-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг эс зөвшөөрч байна. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.А-ийн автомашиныг битүүмжилснийг цуцалж, тухайн эд хөрөнгийн үнэ болох 4.500.000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр бичгийн хэлбэрт буухдаа агуулга нь илт өөрчлөгдсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар залруулах хүсэлтийг гаргасан. Гэвч анхан шатны шүүх “давж заалдах шатны шүүхэд ханд” гэсэн хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр  нь уншиж сонсгохдоо нэг өөр, бичгийг хэлбэрт буухдаа нэг өөр байж болохгүй юм. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шийтгэх тогтоолтой яг ижилхэн бичигдсэн байсан. ...” гэв.

            Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.А-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

            Прокуророос Ш.А-ийг учрах саадыг арилгах зорилгоор 79-04 УБҮ улсын дугаартай, “Пронтер” загварын машин механизм ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Хөндлөн-Уул” гэх газарт “Глобал рост” ХХК-ийн баригдаж байсан барилгаас тус компанийн вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, хохирогч Б.Б-ийн цохилттой дрилл, тасдагч, уртасгагч, утас зэрэг эд зүйлийг хулгайлж 1.858.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 2020/ШЦТ/493 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан байх бөгөөд уг шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг буюу шүүх хуралдаан даргалагчаас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгосон байдлаас үзвэл “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.А-ийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, прокурорын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Ш.А-ийн эзэмшлийн 79-04 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-аас 4.500.000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар...” шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

            Гэтэл дээрх шүүх хуралдааны тэмдэглэл /хх 167-170/ болон шийтгэх тогтоол /171-174/-ыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.А-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийн эзэмшлийн 79-04 УБҮ улсын дугаартай автомашиныг хурааж, улсын орлого болгохоор...” шийдвэрлэсэн мэтээр тусгажээ.

Дээрх байдлаас үзэхэд, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь шүүх хуралдааны тэмдэглэл, гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгагдсанаас илт зөрүүтэй буюу шүүгдэгч Ш.А-т урьд цагдан хоригдсон хоног, битүүмжилсэн хөрөнгийг шийдвэрлэсэн байдал зэрэг нь өөр өөр бичигдсэн байна.

Нөгөөтэйгүүр, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах болсон үндэслэлээ огт тусгаагүйн гадна, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6 дахь заалт заалтын шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд болон 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол”, мөн хэсгийн 1.9 дэх заалтад “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” тус тус хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан.

Иймээс шүүгдэгч Ш.А-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Ш.А-т холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгч уншиж сонсгосноор хүчинтэй болсон шийдвэрээ бичгийн хэлбэрт оруулахдаа өөрчлөх хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэрээ ийнхүү өөрчилсөн нь зөвлөлдөх тасалгаанд шүүх хуралдаанаар хэлэлцсэн бүхий л баримтыг судалсны эцэст шийдвэр гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль ёсны зарчим ноцтой зөрчсөн байх агаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л ажиллагааг зөрчиж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон шийдвэрээ өөрчлөн гаргаж хуульд заагдаагүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн тул цаашид ийм хайнга, хариуцлагагүй алдаа давтан гаргахгүй байхыг анхааруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/493 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.А-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ш.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН