Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0618

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Э,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216, 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалуудын дагуу урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч З.Ц нар биечлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Х.Э нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ асуудлуудыг нэгэнт та бүхнийг ойлгосон гэж ойлгож байна. Энэ өдрийн анхны хурал болж байгаад баяртай байна. Дандаа өмнөх шүүх хуралдаанууд үдээс хойш болдог байсан. Хүний амьдрал шийдэж байгаагаа мэдэхгүй ядраад хайнга ханддаг юм болов уу гэж боддог байлаа. Өнөөдөр харин эхний хурал болж байна. Энэ маргаан нь дэндүү даамжирч байна. Би 11 жилийн нүүр үзэж байна. Би 6 шүүгчийг Ёс зүйн хороонд өгсөн. Ц.Б шүүгч тэргүүнтэй 6 шүүгч тайлбар бүгд өгсөн байдаг.

Гэхдээ эдгээр гомдлуудаа би татаж авсан. Учир нь би хамгийн гол нь бурханд итгэдэг. Би шүүгч биш. Зовлон үзсэн хүний хувьд хэлж байна. Ёс зүйн хорооны дарга нь 11 сард дахиад шинээр бүрэлдэхүүнд 11 хүн томилогдох юм. Тэр болтол таны асуудал шийдэгдэхгүй гэж хэлсэн.Би өөрөө удаан хугацаанд ажилгүй байж, би өөрөө алдсан хүн байж энэ олон шүүгч нартай тэрсэлдээд яахав. Алдаа гаргадаггүй хүн байдаггүй. Харин алдаагаа давтахгүй байх нь гол зүйл гэж боддог. Би хэн нэгнийг буруутгамааргүй байна. Би зөвхөн үнэнчээр явж байгаа. Намайг ёс бусаар халсан нь үнэн. Хавтаст хэрэгт энэ талаар бүрэн авагдсан. Прокурорын газраас өөрийг чинь хохироосон байна гэдгийг хэлсэн. Өөрт олгогдсон эрх ашгаа хувийн эрх ашигтай нийцүүлсэн байна гэдэг. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа гэж нэг юм байгаа гэсэн байдаг. Гэхдээ нэг зүйл нь та хохирсон гэдгийг хэлээд байгаа юм.

Удаа дараа шаардаад авсан баримтууд байгаа. Шүүхийг би нотлох баримтын хүрээнд тодорхой баримтаар мэтгэлцэх асуудал өрнө нь гэж байдаг. 7 шүүх хуралдаан болсон. Намайг миний талаар гүжирдээд бичсэн. Нэгэнт хуйвалдсан юм чинь аргагүй. Шүүгчийн захирамжтай зүйлийг л гарын авлага болж ажилласны төлөө л хохирогч болсон шүү дээ.

Одоогоос 10 жилийн өмнө би омголон байж, бурханд итгэдэггүй байсан. Миний талд үнэн байгаа гээд л махан биеэрээ дайрдаг байсан. Намайг буруутгадаг ганц л зүйл байсан. Энэ бол шүүх дээр ингэж явж байгаа гээд л тэгдэг байсан. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газраар би 2 жил явсан. 7 шүүхийн шийдвэр бүгд миний талд гарсан байдаг.

Библэ дээр булгаас цэвэр ус бохир ус зэрэг гардаггүй. Аль нэг л гардаг гэж байдаг. Эв зүйгээр шийдэх гэдэг нь зөв гээд би Ёс зүйн хороонд өгсөн байсан гомдлуудаа татаж авсан. Улс төрчийн хувьд би нэг зүйл хэлмээр байна.

Би энэ газраас өмнөх шүүх хуралдаанаар би нэлээн ууртай гарсан. Би бурхандаа залбираад тайтгарсан. Би бусдыг шүүдэг хүн биш юм байна. Бусдыг шүүх шүүгч нар байхад би ингээд яах вэ гэдгийг ойлгосон. Энэ баримтуудад тулгуурлаад мэтгэлцэх гэдэг зарчим байгаа.

Би 10 жилийн өмнө ч тэр хуулийг мэдэхгүйдээ л унаад байсан. Ингэж явж байгаад Захиргааны хэргийн 2 дахь магадлалаас ойлгож байна. Миний өмгөөлөгч өмнө нь шүүгч хийдэг байсан хүний хувьд хэлсэн. Чиний асуудлуудыг шийдээгүй байхад 216, 90 дүгээр тушаал гарсан байна.

Эс үйлдэхүйгийн хувьд би олон хүнээс асуусан. Хуульч, академич С.Н багшаас ч би асуусан. Энэ бол яах арга гүй эс үйлдэхгүй гэж хэлсэн. Хүн ер нь нэг газраас нэг газарт тушаал бууж очиж байгаа. Баянзүрх дүүргийн татварын газарт 100 гаруй ажилтантай. Налайх дүүрэг нь 10-иад л хүнтэй. Би 2 шатны шүүхээр ялсан. Дараа нь би татгалзаагүй шүү дээ, татаж авсан. 23 минут болсон шүүх хуралдааныг 7 минутад болсон гэж тэмдэглэсэн. Дээд шүүхийн бичлэг авах гэхээр одоо байхгүй гэж байгаа.

Шүүгч Н.Д-д гомдох зөндөө л үндэслэл байгаа. Тэр талаар авсан атлаа яагаад хавтаст хэрэгт хавсаргаагүй юм бол. Ийм зүйл зөндөө байгаа. Өмнөх шүүх хуралдаанаас өмнө Татварын газрын хүмүүс хэлж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчтэй их ойр байсан юм байна гэж байсан. Гэхдээ би тэрэнд итгээгүй. Гэтэл өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хэлээд Ц.Б ерөнхий шүүгч шүүх хуралдаанаас гарсан.

Би 5 хүүхэдтэй. Хамгийн бага нь 2 нас хүрч байна. Энэ хүүхдүүдийнхээ талхны төлөө тэмцээд байгаа. Над шиг олон хүн битгий ингээсэй гээд л тэмцээд явж байна. н.Нэргүй гэж тэнд нэг л их хууль бус хүн байна. Хууль бус хүмүүс нь ингээд ажиллаад байхаар яаж төр нь сайн сайхан явах юм бэ? Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үндсэн гол үүрэгтэй. Харин анхан шатны нэгжүүд нь хэрэгжүүлэх гол үүрэгтэй. 3 шатны шүүхийн албадан гүйцэтгэхтэй зүйлийг л хамгаалаад ийм байдалд орсон.

Заримдаа надад уйлмаар, дуулмаар, бухимдмаар л байна. Ямар сайндаа л би 6 шүүгчийн Ёс зүйн хороонд өгч байна. Яагаад би ийм шударга байсан атлаа ингээд би яллагдаад яваад байгаа юм бэ? Үүнийг би ойлгохгүй байгаа. Яагаад би н.Зандраа гэдэг хүн надад уучлаарай гэж хэлж байсан атлаа дахин дахин ингээд яваад байгаа юм бэ? Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хариуцагч Эрдэнэцогт чинь шүүгчийн туслах нь байсан хүн байна гэдгийг сайн мэдлээ. Ойрхон гэмгүй болсон хүн. Би таван хүүхэдтэй. Ажилгүй байсан хугацааны мөнгийг, ядаж байрны мөнгө аваад бурханруугаа явж нүд аних юмсан гэж боддог. Ийм дээр нь тулсан байна. У.Хүрэлсүхэд би захиа бичсэн. Энэ дотроос гараад л байх юм. Энэ Ц.Б шүүгчийн баг яаж ажиллаад байгаа юм бэ? Яг өгөх гэхээр улс төржөөд яваад байх юм гээд өгөхөө болсон. Би өмнө хүмүүст нэг зүйлд олзлогдог байсан. Би архи гэдэг юманд олзлогдож байсан. Одоо би бурханд итгэдэг болсны дараа архи амсаагүй. Хүний өмнө олзлогдох зүйл одоо байхгүй. Миний аав надаа үхэхээсээ өмнө Миний хүү шударга бай. Хэзээ нэгэн цагт үнэн гэдэг зүйл ялдаг төдийгүй ялладаг шүү миний хүү гэж хэлдэг байсан. Иймд та бүхнийг асуудалд бодитой хандаасай гэж хүсэж байна.

Би өөрөө алдаж онож байсан хүн. Миний зүрх шархалж үзсэн. Буруугаар олсон хөрөнгөөр чи талх хүүхдүүддээ өгвөл хайрга дайрга жажилсан хүн шиг болно гэдэг. Бохироор мөнгө би олохгүй. Татварт байхдаа би нэг төгрөгийг авлига аваагүй. Би өөрийгөө магтан сайрхаад байгаа юм байхгүй. Гэхдээ энэ бол үнэн үг учир би зоригтой хэлж байна. Би 7 шүүх хуралдаанд ялсан учир би айгаад байх юмгүй. Тухайн үеийн хамгийн том Прокурор нь намайг хүлээж авч уулзаагүй ч гэсэн энэ хүн буруугүй байна гээд тогтоосон. Хамгийн гол нь баримтад тулгуурлаж шийдвэр гаргана уу гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хууль зүйн дүгнэлтээ тайлбар дээрээ бичсэн байгаа. Товчхон хэлье. Нийслэлийн татварын газрын дарга 2009 оны 10 дугаар сарын 21 өдөр 211 тушаал гаргасан. Энэ бол Анхан болон Давж заалдах шатны шүүхээр нь хянагдаж байсан. Хяналтын шатны шүүх хуралдаан болохын өмнө шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Төрийн албаны тухай хуулийн 39.1, 11.15, албан хаагчийг ажлаас нь халсан, чөлөөлсөн шүүхийн хүчин төгөлдөр асуудал гараагүй байсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 41.7-д холбоотой асуудлыг шүүхийн шийдвэр гараагүй байхад ажлын байранд томилгоо хийхгүй гэдэг тушаал гаргасан. Энэ бол хүчин төгөлдөр биш, хууль бус гэж үзсэн. Үүнд үндэслээд 2009 оны 90 дүгээр тушаалаар сахилгын арга хэмжээ авсан. Энэ тушаал дагаад бас хүчин төгөлдөр бус байгаа юм. Үндэслэлдээ би бүгдийг нь бичсэн байгаа. Хууль бус маргааны акт гэж эрх зүйн зөрчилдөөнтэй захиргааны актыг ойлгоно. Илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Захиргааны акт нь илт хууль бус бол тухайн актыг гаргах гол нөхцөл болж байгаа бөгөөд захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна. Илт хууль бус захиргааны акт нь хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байна. Энэ 2 тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр тушаал мөн тус оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Налайх дүүргийн татварын хэлтсийн даргаар эхлээд түр томилоод дараа нь бүр мөсөн томилсон. Үүнийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг бас Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Үүнийг Дээд шатны шүүхээс татсан байдаг. 1/29 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. Энэ 2 тогтоол нь хүчин төгөлдөр байна гэж нэхэмжлэгийн зүгээс үзэж байгаа.Үүнийг хэвээр нь үлдээж өгнө үү. Ямар нэгэн байдлаар төрийн албанаас халагдаагүй байна. Ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй байна. Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргад хэвээр үлдээж өгнө үү.

Эс үйлдэхүйн тухайд О.Э дарга нь 2 өрөө байр өгнө гэж амласан. Гэхдээ энэ амлалтандаа хүрээгүй. Налайх дүүгийн Засаг даргатай ч харилцаж байсан. Байранд тохиролцож байсан. Энэ эс үйлдэхүйг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...3 ч удаагийн шүүх хуралдаанд орж байна. Нэхэмжлэгч нь үндсэндээ 2009 оноос хойш шүүхээр явж байгаа. Дандаа шүүхийн шийдвэртэй асуудал байгаа. 2009 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Налайх дүүрэгт томилогдсон асуудал байгаа. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон магадлалаар нэхэмжлэлийн шаардлага хангагдаад явж байсан. Ингээд Дээд шүүхийн хуралдааны үеэр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг.

Үүнтэй холбоотойгоор уулзалтын протокол гэсэн зүйл байдаг. Налайх дүүрэгт амьдран суухтай холбоотойгоор нийгмийн асуудал шийдэх гэх мэт асуудал шийдсэн тэмдэглэл байгаа. Уулзалтын протокол дахь амлалтаа биелүүлэхгүй байна гэсэн нэхэмжлэл яваад байна.

2010 онд нэхэмжлэгчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд орж ирэхгүйгээр халсан байдаг. Үүнтэй холбогдуул нэхэмжлэгч нь шүүхэд хандсан бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэртэй ба Э.Эг халсан тушаал үндэслэлтэй гэсэн байдаг. Ийнхүү 2010 оноос хойш нэр төр сэргээлгэх гэх мэт зүйлээр иргэн болон эрүүгийн шүүхээр явсан байдаг. Энэ бол тусдаа асуудлаар явсан. Энэ асуудлыг 2020 онд нэхэмжлэл гаргасан байдаг.

Анх маш тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байдаг. Тодруулж чадаагүй явсаар байгаад өдийг хүрсэн. Хариуцагчийн зүгээс даалгах шаардлага бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж чадахгүй явсаар байдаг. Тэгээд Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа өөр агуулгаар гомдоод байдаг.

2009 оны 906 болон 2010 оны Нийслэлийн татварын газрын тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд 3 шатны шүүхийн шийдвэр байх тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ яриад байгаа асуудлаараа Улсын дээд шүүхээр тогтоолгож байсан. Энэ яриад байгаа асуудлуудын талаар хүчин төгөлдөр шийдвэр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байнга л доромжилж байдаг. Энэ бол бүүр хэвшмэл асуудал боллоо. Хүний нэр төрд халдаад л яваад байдаг. Өөрөө маш сайн мэдэж байгаа. Төрийн алба нь гуйлтаар ч юм уу ямар нэгэн өөр байдлаар орох боломжгүй байдаг. Тийм учир болзол шаардлагыг нь хангаад ороод ирсэн хүн ажиллах үүрэгтэй байдаг. Нөгөө талаар орон сууц өгнө гэдэг амлалт биелүүлээгүй гэдэг. Төрийн алба нь хэн нэгэнд байр олгоно гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчтэй холбоотой 2009 болон 2011 оны хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн удаа, нэмэгдүүлж, өөрчилж, тодруулсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216, 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалуудын дагуу урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах гэж тодруулсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216, 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалуудын дагуу урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Улмаар тус газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалаар Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Эг мөн өдрөөс эхлэн тус Татварын хэлтсийн даргаар жинхлэн томилжээ.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалуудыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 212 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/29 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс би нэхэмжлэлээсээ татгалзаагүй, татан авсан, шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгасан гэж маргажээ.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч оролцсон бөгөөд тус тэмдэглэлд 2 шатны шүүх миний талд шийдвэрлэсэн. Э дарга намайг дуудаж Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хугацаа зааж, хугацаа дуусмагц төрийн албанд эргэж ажиллуулах тухай тушаал гаргая гэсэн юм. Ийм нөхцөл болзолтойгоор бид ярилцаж тохиролцоод би нэхэмжлэлээ татах хүсэлт гаргасан гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах талаар зохицуулаагүй, харин нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг, уг эрхийг эдэлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/29 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байна.

Мөн Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаар томилсон ч тус газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс мөн уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 462 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 32, 2018 оны 06 дугаар сарын 27- ны өдрийн 115 дугаар тогтоолуудаар хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гээд 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актуудын үндэслэлээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Нийслэлийн татварын газрын дарга 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаал гаргасан тул илт хууль бус, мөн нэхэмжлэгчийг Налайх дүүргийн Татварын газрын даргаар томилсон тушаал хүчин төгөлдөр байгаа гэж тодорхойлжээ.

Дээрх нөхцөл байдлаас үл хамаарч нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актууд болон үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Нийслэлийн Татварын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалуудын дагуу урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын зөвшилцлийн дагуу дээрх захиргааны актуудыг зөвтгөж гарсан, нэхэмжлэгчийн хувь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус байх нөхцөлүүдийг хуульчилсан бөгөөд дээрх маргаан бүхий захиргааны акт нь уг нөхцлүүдийн альнд ч хамаарахааргүй байна.

Нөгөөтэйгүүр илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх бөгөөд дээрх тушаал болон өмнө гарсан шилжүүлэн томилсон тушаалуудын дагуу нэхэмжлэгч нь Налайх дүүргийн Татварын газрын дарга, даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ажил үүргээ гүйцэтгэсэн, уг тушаалыг илт хууль бус захиргааны актад тооцсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.

Иймд Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  1. Амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Татварын газрын дарга С.Э, нэхэмжлэгч нар уулзан 1. Н.Э 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2009 оны 10 дугаар сарын 30-ны дотор татаж авах, 2. С.Э, Н.Эгийн Баянзүрх дүүргийн татварын албаны даргаас чөлөөлөх тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь заалтыг үндэслэх, 3. Н.Эгийн ТЕГ-ын даргад тавьсан хүсэлт, нийгмийн асуудал шийдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцож тэмдэглэл хөтөлжээ.

Мөн Нийслэлийн Татварын газрын 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1326 тоот албан бичгээр Налайх дүүргийн Засаг даргад хандаж, Н.Эгийн орон байрны асуудлыг шийдвэрлэх саналтай байх тул тус дүүрэгт 2 өрөө орон сууц ямар үнэтэй байгаа талаар мэдээлэл ирүүлэхийг хүсчээ.

Уг албан бичгийн дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/572 тоот албан бичгээр орон сууцны үнийн мэдээллийг хүргүүлжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд тодорхой нөхцөл тавьж хэлцэл хийгдсэн байх бөгөөд уг хэлцэл нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэж байх тул Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай /2002 оны / хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана гээд 27.1.2-д албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, 27.1.5-д төрөөс орон байраар хангагдах гэжээ.

Төрийн албан хаагч нь дээрх баталгааг зөвхөн төрийн алба хаах хугацаандаа эдлэх боломжтой бөгөөд уг баталгааг нөхөн эдлүүлэх, дүйцүүлэх боломжгүй.

Учир нь хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг албан үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулж 2 өрөө орон сууцаар хангахаар тохиролцож хэлцэл /амлалт/ хийсэн боловч нэхэмжлэгч нь уг тохиролцооноос 5 сар 9 хоногийн дараа сахилгын шийтгэл хүлээн ажлаас халагдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн гээд 54.1.6-д заасныг баримтлан Н.Эгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Татварын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Татварын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалуудын дагуу урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.5-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

Д.ХАЛИУНА