Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/хт2025/00210

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03709 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2025/01171 дүгээр магадлалтай,

Б.С-гийн нэхэмжлэлтэй,

Г” ХХК-д холбогдох,

Орон сууцны төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Алданги, торгууль, хохиролд нийт 337,139,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Э.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан орон сууцны төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алданги, торгууль, хохиролд нийт 337,139,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03709 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Г” ХХК-аас 100,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,834,649 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас 670,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2025/01171 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03709 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Г” ХХК-аас 100,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгож, хариуцагч Б.С-гаас 133,671,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож сөрөг нэхэмжлэлээс 203,468,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгч Б.С-гаас 826,306 төгрөгийг гаргуулж хариуцагч “Г” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,843,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн...”, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т “...хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн...” гэж заасны дагуу хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4.1-д “... Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д “...захиалагч тал өөрөө гэрээг цуцлах хүсэлт гаргасан, гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн ч гэсэн орон сууцаа суллах хүртэл алданги үргэлжлүүлэн өгнө. Захиалагч тал орон сууцаа суллаж гүйцэтгэгч талын төлөөлөгчид актаар хүлээлгэн өгөх хүртэл “...Орон сууц худалдах, худалдан авах тухай...” ***тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцож мөн хоног тутам 0.5 хувийн алдангийг мөн гүйцэтгэгч талд төлнө...” гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал нэхэмжлэгч Б.С гэрээний үүргийн зөрчил гаргасан, улмаар хариуцагч талын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 2023.03.06-ны өдрөөс орон сууцыг хариуцагч компанид шилжүүлсэн 2024.11.27-ны өдөр хүртэл хугацааны алдангийг хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэх эрхтэй байна...”, мөн шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4.2-т “... Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 267,342,500 төгрөгийг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлавал 133,671,250 төгрөгийг нэхэмжлэгч Б.С-гаас гаргуулж хариуцагч “Г” ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна гэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь нэхэмжлэгч Б.С буюу захиалагчийн зүгээс “... Орон сууц худалдах, худалдан авах тухай...” ***тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар гэрээг өөрийн хүсэлтээр цуцлах санал гаргаагүй бөгөөд “Г” ХХК нь гэрээг цуцлах нэхэмжлэл шүүхэд гаргасан.

Мөн “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.С-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасны дагуу “Г” ХХК-ийн нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаар шийдвэрээр Б.С-гийн эзэмшлээс “Г” ХХК-ийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах, 79.8 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэрээр Б.С болон “Г” ХХК нарын хооронд байгуулсан “... Орон сууц худалдах, худалдан авах тухай...” *** тоот гэрээг цуцалж, гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон ба “Г” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээг цуцлуулахдаа гэрээний хохирол, гэрээний алданги, торгуулийн асуудлаа шийдвэрлүүлэх ёстой байсан байна.

Гэтэл шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн гэрээний харилцаатай холбоотой асуудлыг дахин шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс цуцлагдсан гэрээтэй холбоотой асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй...” гэж заасныг зөрсөн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.01-ний өдрийн 191/ШШ2025/03709 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т “магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх...” гэж заасны Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.07.04-ний өдрийн 210MA2025\01171 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.01-ний өдрийн 191ШШ2025\03709 дүгээр шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.10.08-ны өдрийн 001/ШХТ2025/00970 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Б.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Б.С нь “Г” ХХК-д холбогдуулан орон сууцны төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...“Г” ХХК-тай 2020.07.01-ний өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, *** тоот, 3 өрөө орон сууцыг 367,342,500 төгрөг байхаар тохиролцож, эхний ээлжид 100,000,000 төгрөгийг төлж, гэрээнд заасан хуваарийн дагуу буюу 2021 оны туршид үлдэх мөнгийг төлж барагдуулахаар болсон. “Г” ХХК надтай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба ... гэрээний дагуу төлсөн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулаагүй. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Б.С нь анх гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээж, энэ үүргийнхээ дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байвал 14 хоногийн дараа орон сууцыг суллаж өгөхөө илэрхийлсэн байдаг. ...Нэхэмжлэгчээс байр чөлөөлөх шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж, явсаар байгаад 2023 оны 11 дүгээр сард байраа хүлээлгэж өгсөн байдаг. ...Түүний орон сууцны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлээс болж гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдсан ба энэ хугацаанд тэрээр тус байранд амьдарч байсан. Үүнээс болж орон сууцанд засвар үйлчилгээ хийж, зах зээлийн үнээс бага үнээр бусдад зарж борлуулсан зэрэг олон хохирол учирсан.” гэж маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан.

9. Хариуцагч Г” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ алданги, торгууль, хохиролд нийт 337,139,750 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...Талуудын хооронд байгуулагдсан 2020/07/01-252 дугаартай болон 2020/07/01-252-НГ-01 гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн болох 267,342,500 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувийн алдангийг тооцвол хоногт 1,336,713 төгрөг бөгөөд Иргэний хуульд заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсний дагуу 133,671,250 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацаанд тухайн орон сууцны түрээсийн төлбөрийг сарын 2,500,000 төгрөгөөр тооцож, 52 сард нийт 130,000,000 төгрөгийг олох байсан орлого гэж үзэж байна. Гэрээнд заасны дагуу гэрээ цуцалсны төлбөр 5 хувь  буюу 18,367,125 төгрөг, орон сууцыг дахин сэргээн засах зардлыг гэрээнд заасан 15 хувиар тооцож, 55,101,375 төгрөг, нийт 337,101,375 төгрөгийг иргэн Б.С-гаас нэхэмжилж байна.” гэжээ.

10. Нэхэмжлэгч Б.С нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Тухайн үед өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алданги, бусад бүх төлбөрөө тооцох ёстой байсан. Шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2024.11.25-ны өдөр Б.С нь байраа чөлөөлж өгсөн. Байраа чөлөөлж өгөхдөө тог, ус, цахилгаан, халаалт зэргийн төлбөрийг төлж байсан. СӨХ-ны төлбөрт 1,1660,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг бүрэн төлж барагдуулсан. Гэрээг дуусгавар болгож дүгнэсэн учраас гэрээг үндэслэж мөнгөн дүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ...” гэж маргажээ.

11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “… Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК нь гэрээний үүрэгт хүлээн авсан 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй. ... Сөрөг нэхэмжлэлийн хувьд … талууд гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон байх хэдий ч алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, үүрэг дуусгавар болсон тул хариуцлагын үүрэг буюу алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. ... Хариуцагчаас олох байсан орлого буюу хохиролд 130,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хариуцагчийн тайлбараар сард 2,500,000 төгрөг буюу 52 сарын хугацаанд 130,000,000 төгрөгийн орлого олох байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй. ... Хариуцагч ... зардал гарсан эсэх, гарсан бол хэчнээн төгрөгийн зардал гарсан талаарх холбогдох баримт, нотолгоог гаргаж өгөх, нотлох үүрэгтэй. Гэрээгээр зардлын хэмжээг тохиролцсон нь тухайн хэмжээний зардлыг бодитой гарсан гэж үзэхгүй юм. Иймд 73,468,500 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.

12. Давж заалдах шатны шүүх “... Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүргийн хүрээнд нэхэмжлэгч Б.С орон сууцыг “Г” ХХК-д хүлээлгэж өгсөн. Харин “Г” ХХК нь нэхэмжлэгчид орон сууцны урьдчилгаанд төлсөн 100,000,000 төгрөгийг буцааж шилжүүлэх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Сөрөг нэхэмжлэлийн тухайд ... Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д ... заасныг тайлбарлавал нэхэмжлэгч Б.С гэрээний үүргийн зөрчил гаргасан, улмаар хариуцагч талын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2023.03.06-ны өдрөөс орон сууцыг хариуцагч компанид шилжүүлсэн 2024.11.27-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэх эрхтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 267,342,500 төгрөгийг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлавал 133,671,250 төгрөгийг нэхэмжлэгч Б.С-гаас гаргуулж хариуцагч “Г” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Анхан шатны шүүх хариуцагч талыг олох байсан орлого буюу хохиролд 130,000,000 төгрөг, орон сууцны засварын зардалд гэрээгээр тохиролцсоны дагуу гэрээний нийт үнийн дүн болох 367,342,500 төгрөгийн 15 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож, 55,101,375 төгрөг, гэрээ цуцалсны төлбөр 18,367,125 төгрөг ... тус тус гаргуулах тухай шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон. ... гэрээний 2.6-д захиалгын гэрээ цуцлагдвал орон сууцыг анхны байдалд оруулахаар шинэчлэн засварлах засварын зардалд гэрээний нийт 367,342,500 төгрөгийн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг захиалагчийн төлсөн төлбөрөөс суутгана гэж талууд тохиролцсон ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гарах зардал биш гарсан зардлыг хариуцагч шаардах эрхтэй тул 55,101,375 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. ...” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

13. Дээрх байдлаар хоёр шатны шүүх талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүргийн талаар адил дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийг хангасан боловч гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролтой холбоотой сөрөг шаардлагын талаарх нотлох баримтыг зөрүүтэй үнэлж, ялгаатай шийдэл гаргасан байна.

14. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.С болон “Г” ХХК-ийн хооронд 2020.07.01-ний өдөр 2020/07/01-252 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020/07/01/-252-НГ-01 дугаартай орон сууц худалдах-худалдан авах нэмэлт гэрээ тус тус байгуулагдаж, гэрээгээр “Г” ХХК нь *** тоот орон сууцыг хүлээлгэн өгч, Б.С нь орон сууцны үнэд нийт 367,342,500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч орон сууцны үнэд нийт 100,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүйгээс хариуцагч “Г” ХХК-аас нэхэмжлэгч Б.С-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.06-ны өдрийн 181/ШЗ2023/07752 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэрлэсэн, 181/ГХ2023/00494 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.11.27-ны өдрийн гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тэмдэглэлээр *** тоот хаягт байрлах, 79.8 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг “Г” ХХК-д шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон, зохигч энэ талаар маргаагүй.

15. Зохигчийн хооронд гэрээнээс татгалзах тухай маргааныг өмнө шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгасан боловч нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн мөнгийг хэрхэхийг шийдвэрлээгүй байна.

Иймээс нэхэмжлэгч орон сууцны үнэд төлсөн 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алданги, торгууль, хохирол төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж, эдгээр шаардлага үндэслэлийн хүрээнд зохигч маргажээ.

16. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.”

Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагч талд хүлээлгэн өгсөн тул тэрээр гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд энэ үндэслэлээр хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууцны үнэд төлсөн 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

17. Харин хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар зөрүүтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүх  алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо зохигч гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон тул хариуцагч алданги шаардах эрхгүй гэсэн нь зөв бөгөөд давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Энэ нь давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсан үйл баримтыг хуульд нийцсэн гэж гэрээг дуусгавар болсныг зөвшөөрсөн атлаа талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний 2.5-д “захиалагч тал өөрөө гэрээг цуцлах хүсэлт гаргасан, гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн ч гэсэн орон сууцаа суллах хүртэл алданги үргэлжлүүлэн төлнө. Захиалагч тал орон сууцаа суллаж гүйцэтгэгч талын төлөөлөгчид актаар хүлээлгэн өгөх хүртэл “Орон сууц худалдах-худалдан авах тухай” 2020/0701/-252 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцож мөн хоног тутам 0,5 хувийн алдангийг мөн гүйцэтгэгч талд төлнө” гэж заасан алдангийн тохиролцоог шүүхийн шийдвэр гарснаас хойш орон сууцыг хариуцагчид шилжүүлэх хүртэлх хугацааны алданги гэж тодорхойлж, гэрээний нэмэлт үүргийг хангаж шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон.

Тодруулбал, гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох учир үүнээс хойш тухайн гэрээнээс аливаа үүрэг үүсэхгүй тул давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсанаас хойших хугацааны алдангийг гаргуулсан нь буруу болжээ.

“Алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх ба үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулах тул бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг акцессор шинжтэй. Үндсэн үүрэг хүчингүй болсон эсхүл дуусгавар болсон бол энэхүү арга хэрэгжих боломжгүй болно. Шүүхийн практикт гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүргийг бүхэлд нь дуусгавар болгодог тул нэмэлт үүргийг шаардах эрхгүй гэж, эсхүл талуудын зарчимд үндэслэн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр алдангийг гаргуулсан, эсхүл гэрээнээс татгалзах хүртэлх хугацааны алдангийг гаргуулж шийдвэрлэсэн тохиолдол байх ба гэрээнээс татгалзах хүртэлх хугацааны алдангийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга бус хохирол гэсэн агуулгаар тайлбарлаж гаргуулсан тохиолдол нэлээд байна. Онолын хувьд хохирлыг нотолдог бол алданги нь нотлохгүйгээр, хоног тутамд тодорхой хувиар тооцон гаргуулдаг анзын төрөл бөгөөд алдангийг хохирол гэсэн агуулгаар тодорхойлж, үндэслэлээ нотолсон бол энэ нь үүргийн шаардах эрх бус бөгөөд Иргэний хуулийн 222, 227 дугаар зүйлийг зөрчөөгүй юм. Иймд гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болох тул зөвхөн хохирол шаардах эрх үүсдэг эрх зүйн нэгдмэл ойлголтыг тогтоох нь зүйтэй.”[1] (“П” ХХК ба ДХХК, 181/2023/03197/И, УДШ (Иргэний хэргийн танхим) 001/ХТ2025/00020)

Зохигчийн хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний 2.5-д зааснаас гадна үндсэн гэрээний 4.7-д “Захиалагч нь 1.9-д заасан графикт хуваарийн төлбөрүүдийг гэрээгээр тохиролцсон цаг хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн захиалгын алдангийг гүйцэтгэгч талд төлөх болно”, 4.10-т “Захиалагч барилга ашиглалтад орсон тухай мэдэгдэл авснаас хойш 20 хоногийн дотор гүйцэтгэгч талтай тооцоо нийлэн үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулан орон сууцаа хүлээн авна. Хэрвээ Захиалагч гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд 21 дэх хоногоос эхлэн сунжруулсан хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг гүйцэтгэгч талд төлнө. Хэрэв шаардлагатай тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээний 5.4-т заасан хариуцлагыг тооцно” гэж тус тус алдангийн нөхцөлийн талаар тусгажээ.

Алдангийн нөхцөлийн талаар гэрээний эдгээр заалтаас үзэхэд захиалагч үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд тодорхой хувиар тооцож анз төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасан алданги төлөх агуулгатай гэж үзэхээс гадна үүргийн зөрчлөөс шалтгаалж алдангийн хувийг өөр өөрөөр тогтоосон байна.

Харин нэмэлт гэрээний хувьд захиалагч талын буруутайгаас гэрээ цуцлагдаж, орон сууцыг гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд алданги тооцож төлүүлэх агуулга тусгагдсан хэдий ч үндсэн болон нэмэлт гэрээнд гэрээ цуцлагдсан тохиолдолд хохирол төлөх хэлбэрүүдийг тохирсон байх тул уг заалтыг хохирол төлөх агуулгатай гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймээс хариуцагчийн алданги 133,671,250 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно.

18. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй ба нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй.

Талууд орон сууцыг худалдах-худалдан авах талаар үндсэн болон нэмэлт гэрээ байгуулсан ба энэ нь талуудыг гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох *** тоот хаягт байрлах, 79.8 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц ашиглалтад орж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байсан тул орон сууцны үнийг графикт төлбөрийг хугацаанд  төлөх, захиалсан байрандаа орж амьдрах болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь орон сууцаа буцаан авахтай холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг нэмэлт гэрээгээр зохицуулж, зарим нөхцөлийг үндсэн гэрээний агуулгад нийцүүлэн тохиролцсон гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Б.С нь 2020.07.01-ний өдөр орон сууцыг эзэмшилдээ хүлээн авч гэрээний үнэд 100,000,000 төгрөгийг төлж, 2020.07.01-ний өдрөөс 2024.11.27-ны өдөр хүртэл 4 жилийн хугацаанд орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан боловч үлдэх 267,342,500 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргийг зөрчсөн бөгөөд ийнхүү гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйд буруугүй болохоо нотлоогүй, хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэлгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.  

Энэ үндэслэлээр хариуцагч “Г” ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй.

19. Хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг сарын 2,500,000 төгрөгөөр тооцож, 52 сард  олох байсан орлого нийт 130,000,000 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэн гэрээний нийт дүнгээс гэрээ цуцалсны торгуулийг 5 хувиар тооцож 18,367,125 төгрөг, орон сууцыг дахин сэргээн засах зардлыг 15 хувиар тооцож, 55,101,375 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Зохигчийн хооронд байгуулагдсан үндсэн гэрээний 5.4-т “Захиалагч тал гэрээний 4.9-д заасан нөхцөлийн дагуу өөрийн хүсэлтээр гэрээ цуцлах болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд гүйцэтгэгч нэг талын санаачилгаар гэрээг дангаар цуцалж, захиалгын алданги, гэрээ цуцалсны торгуулийг үл маргах журмаар урьдчилан төлсөн төлбөрөөс суутгана. Гэрээ цуцалсны торгуулийн хэмжээ нь гэрээний нийт дүнгийн 5 хувьтай тэнцүү болно. Үүнд: 5.4.1-д “Гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөлгүй 20 хоногийн хугацаа хэтэрсэн. 5.4.2-т “Гэрээний 4.1, 4.4, 4.5, 4.6, 4.10, 4.14, 4.18 заалтуудыг биелүүлээгүй болон биелүүлэхээс татгалзсан, биелүүлэх талаар сануулсныг хүлээн аваагүй. 5.4.3-т “Дангаараа дур мэдэн гэрээг зөрчсөн” гэж, нэмэлт гэрээний 2.6-д “захиалгын гэрээ цуцлагдвал тухайн орон сууцыг анхны байдалд оруулахаар шинэчлэн засварлах засварын зардалд гэрээний нийт 367,342,500 төгрөгийн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг захиалагчийн төлсөн төлбөрөөс суутгана. Гэрээ цуцалсан торгуулиас тусдаа суутгал болно.”, 2.7-д “Төлбөр тооцоо хугацаандаа дууссан тохиолдолд “Орон сууц худалдах, худалдан авах тухай” 2020/07/01-252 тоот гэрээний 4.7-д заасан нөхцөлийн дагуу гэрээ дүгнэж, хариуцлагыг тооцно. Харин “Орон сууц худалдах, худалдан авах тухай” 2020/07/01-252 тоот гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй болон гэрээ цуцлагдах тохиолдолд 2020/07/01-252 тоот гэрээний 4.7, 5.4 болон 5.5-д заасан хариуцлагыг тооцож, нэмэлт гэрээний 2.6-д заасан төлбөрийг суутгана.” гэж заажээ.

Эдгээр заалтын агуулга нь захиалагч талын буруутайгаас гэрээ цуцлагдсан нөхцөлд торгууль шаардах, мөн засварын зардал зэрэг төлбөрийг гүйцэтгэгч буюу хариуцагч шаардахаар тохиролцсон байх ба энэ нь гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол гаргуулах тохиолдлыг талууд тохиролцсон гэж үзэхээр байна.

Хоёр шатны шүүх зохигч гэрээнд ийнхүү тохиролцсон нь хохирлыг нэхэмжлэгчээр төлүүлэх шууд үндэслэл болохгүй буюу анхан шатны шүүх баримтаар нотлогдсон тохиолдолд, давж заалдах шатны шүүх зардлыг бодитоор гаргасан тохиолдолд шаардах эрхтэй гэж үзсэн нь буруу биш боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нотлох үүргийн хуваарилалтыг оновчтой тодорхойлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул залруулна.

20. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.”

Энэ хуульд зааснаас үзэхэд орон сууцыг эзэмшиж, ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг олох байсан орлогыг хохирол гэж үзэх боломжтой боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч үүнийг нотлоогүй байна.

Талууд гэрээнд торгууль, засварын зардал төлөх үндэслэлийг тодорхой тохиролцсон бөгөөд тухайлбал, гэрээ цуцалсны торгуулийн хэмжээ нь гэрээний нийт дүнгийн 5 хувьтай тэнцүү байх, засварын зардалд гэрээний нийт 367,342,500 төгрөгийн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг захиалагч буюу нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс суутгаж, үүнийг төлөх үүргийг гэрээнд зааснаар нэхэмжлэгч хүлээсэн.

Тодруулбал, нэхэмжлэгч орон сууцыг эзэмшиж, тухайн орон сууцанд амьдарч байсан тул гэрээнээс татгалзсан тохиолдолд орон сууцыг шинэчлэн засварлах зардалд нийт гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг тооцохоор тохирсон нь дээрх хуульд заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарна.

Улмаар захиалагчийн буруутайгаас гэрээнээс татгалзах нөхцөл бий болсон бол гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар заасан нь гэрээний үүрэг зөрчсөний хариуцлагын шинжийг агуулсан, энэхүү төлбөр нь дээрх засварын зардлаас тусдаа тооцож, төлсөн төлбөрөөс тооцож суутгахаар талууд нэмэлт гэрээнд тохиролцсон байна.

Иргэний хуулийн  189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд үүргийн зөрчлөөс шалтгаалж тодорхой хувиар торгууль төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д нийцсэн.

Иймээс хариуцагч торгууль 18,367,125 төгрөг, засварын зардал 55,101,375 төгрөг нэхэмжилсэн нь гэрээг үндэслэсэн, үүнийг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй тул нийт 73,468,500 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй.

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” мөн хуулийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж нотолгооны үүргийн талаар заасан.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй ба энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэж мэтгэлцэж байгаа бол эсрэг талын гаргасан тайлбар, нотлох баримтыг няцаасан байх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хариуцагч уг хохиролтой холбоотой тодорхой баримт гаргаж өгөөгүй боловч талууд гэрээгээр тодорхой нөхцөлийг тохирсон байх ба энэ тохиолдолд баримтаар няцаах үүрэг нь нэхэмжлэгчид хамааралтай гэж үзэхээс гадна Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.

22. Мөн үндсэн гэрээний 5.5-д “Гэрээний 5.4-т заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан бол түүнээс үүдэн гарах аливаа хохирлыг захиалагч хариуцах бөгөөд тухайн орон сууцны дараагийн захиалагч өмнөх захиалагчийн төлсөн төлбөртэй дүйцэхүйц сууцны төлбөрийг хийсэн тохиолдолд гүйцэтгэгч тал дээрх суутгалуудыг хийж үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.” гэж, нэмэлт гэрээний 2.8-д “Гүйцэтгэгч тал буцаан авсан тухайн орон сууцыг засварласны дараа дахин борлуулах бөгөөд тухайн орон сууцны дараагийн захиалагч өмнөх захиалагчийн төлсөн төлбөртэй дүйцэхүйц хэмжээний төлбөрийг хийсэн тохиолдолд 2020/07/01-252 тоот гэрээ, нэмэлт гэрээний дагуу тооцсон алданги, торгууль, суутгалыг хасаж үлдэгдэл төлбөрийг буцаан олгох болно.” гэж заасан.

Гэрээний дээрх заалтаас үзэхэд орон сууцыг өөр этгээдэд худалдсан тохиолдолд төлбөрөөс гэрээнд заасан дээрх төлбөрүүдийг суутган тооцож, үлдэгдэл төлбөрийг олгохоор талууд тохиролцсон байна.

Гэвч маргааны зүйл болсон орон сууцыг цааш өөр этгээдэд худалдсан болохыг хариуцагч үгүйсгээгүй боловч энэхүү гэрээнд зааснаар зөрүү тооцох эсэх талаар зохигч мэтгэлцээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул талуудын зарчмын дагуу хяналтын шатны шүүхээс уг нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй болно.

23. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2025/01171 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03709 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-аас 100,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэгч Б.С-гаас 73,468,500 төгрөг гаргуулж, хариуцагч “Г” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 263,671,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,000 төгрөг, хариуцагч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,834,649 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д, нэхэмжлэгч Б.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид 525,292 төгрөг гаргуулж хариуцагч “Г” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Б.С-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.08.11-ний өдөр төлсөн 826,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                            Б.УНДРАХ

                                                                                                         Д.ЦОЛМОН

 

 

 

[1] Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол 2025.01.07 №001/ХТ2025/00020

https://shuukh.mn/single_case/10726?daterange=2025-01-01%20-%202025-12-09&id=3&court_cat=1&bb=1