Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 153/шш2022/00054

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр             Дугаар 153/ШШ2022/00054             Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, “Төрийн банк” ХХК-ийн Ховд салбарын Баянбүрд тооцооны төв /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 2-8 тоотод оршин суух, ******* овогт *******н ******* /РД:*******/,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 1-12 тоотод оршин суух, ******* овогт *******н ******* /РД:*******/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 6,853,207.34 төгрөг гаргуулах, нотариатын зардал 3,000 төгрөг гаргуулах, нийт 6,856,207.34 төгрөг тухай” нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 153/2021/00612/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сүнжидмаа,

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

(Хамтран хариуцагч Б.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь Б.*******, Б.******* нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 6,853,207.34 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

                 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч *******н *******, *******н ******* нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 6,853,207.34 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 3,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 124,601.84 төгрөг, нийт 6,980,808.34 төгрөгийг гаргуулах тухай. Зээлдэгч *******н *******, *******н ******* нар нь 2017 оны 01-р сарын 11-ний өдөр 111800553029 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 5,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйн цалингийн орлого, Зурагт 55 инч, хөргөгч, 6 ханатай гэр барьцаалсан. Зээлдэгч Б.*******, Б.******* нар нь үндсэн зээлээс 1,980,097.64 төгрөг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн боловч гэрээний төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.4-т заасан үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс *******н *******, *******н ******* нартай байгуулсан Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5 заалт, 6 дугаар зүйлийн 6.2.1 заалтад заасныг үндэслэн 2021 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,519,902.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,914,344.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418,960.32 төгрөг, нийт зээл, хүүний төлбөр 6,853,207.34 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Б.*******, Б.******* нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 6,853,207.34 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 3.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 124,601 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

                 Хариуцагч Б.******* хариу тайлбартаа: Б.******* миний бие “Төрийн банк” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх 2017 онд 5,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд зээлээ хугацаандаа төлж явсаар үндсэн зээлээс 1,980,097 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл 3,519,902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418,960.32 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байна. Гэтэл зээлийн хүү болох 2,914,344.66 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан бөгөөд түүнээс хойш бүтэн 2 жилийн хугацаанд банкнаас ямар ч мэдэгдэл өгөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Миний тооцоогоор үндсэн зээлийн хүү 1,300,000 төгрөг болж. байгаа. Би зээлийн эдийн засагчдаа намайг шүүхэд эртхэн өгөөд зээлийн хүүгээ зогсоох талаар хэлж байсан боловч бүтэн 2 жилийн хугацаанд зээлийн хүүг явуулж байгаад шүүхэд Нэхэмжлэл гаргасан гомдолтой байна. Би хувийн байгууллагад ажиллаж байгаад 2018 онд ажлаасаа халагдаад зээлийг төлөх боломжгүй болсон. Иймд би үндсэн зээл 3,519,902.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418,960,32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бодогдсон хүүгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжилсэн зээлийн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн эдийн засагчтай шүүх дээр уулзаж эвлэрэх талаар ярилцсан боловч түүнд эвлэрэх эрх олгоогүй учраас эвлэрч, харилцсан тохиролцож чадаагүй болно гэв.

                 Хариуцагч Б.******* хариу тайлбартаа: Б.******* миний бие “Төрийн банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би Б.*******гийн 2 дагч гарын үсгийг зурсан болохоос уг зээлийн мөнгөөс ямар нэгэн мөнгө, төгрөг аваагүй. Зээл авснаараа Б.******* төлөх байх гэв.

                 Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/4925 дугаартай итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн нотариатын төлбөр төлсөн баримт, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 111800553029 дугаартай барьцаат зээлийн гэрээ, гэрээний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдэл, “Төрийн банк” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.*******гийн 111800205598 харилцах дансны хуулга, Б.*******гийн зээл төлөлтийн тооцоо зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Төрийн банк” ХХК-иас Б.*******, Б.******* нарт холбогдуулан зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6,853,207.34 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 3,519,902.36 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 924,857 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 4,447,759.36 төгрөг, гаргуулан, үлдсэн 2,408,447.98 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Зээлдэгч Б.Цэнсүрэн, Б.******* нар нь 2017 оны 01 сарын 11-ний өдөр 111800553029 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйн цалингийн орлого, зурагт 55инч,хөргөгч, 6 ханатай гэр барьцаалсан. Гэтэл зээлээ хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул үндсэн зээлийн үлдэгдэл 3,519,902.36 төгрөг, зээлийн хүү 2,914,344.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418,960.32 төгрөг, нийт 6,853,207.34 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Төрийн банкнаас зээл авсан нь үнэн. Банкнаас нэхэмжилж байгаа үндсэн зээл 3,519,902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418,960 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байна. Гэтэл хүү 2,914,344 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 сарын 01-ний өдөр дууссан бөгөөд түүнээс хойш 2 жилийн хугацаанд банкнаас ямар ч мэдэгдэл өгөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээл дууссаны дараах хугацааны хүүг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би Б.*******гийн хоёрдогч гарын үсгийг зурсан болохоос уг зээлийн мөнгөөс ямар нэгэн мөнгө, төгрөг аваагүй. Зээл авснаараа Б.******* өөрөө төлөх байх гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн №111800553029 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ээр Төрийн банкны Ховд салбараас зээлдэгч Б.******* 5,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийн гэрээ байгуулж, барьцаанд ирээдүйд орж ирэх 24 сарын цалин, 6 ханатай гэр, зурагт 55 инч, хоёр хаалгатай хөргөгч барьцаалсан, хамтран зээлдэгчээр Б.******* нар тус тус гарын үсэг зурсан байна. Зээлдэгч Б.******* зээл төлөх хуваарийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын зээлийг хэвийн төлж, 2017 оны 10, 11 дүгээр сарын зээлийг хугацаа хэтрүүлж төлсөн ба 2017 оны 12 дугаар сараас хойш зээл төлөгдөөгүй үйл баримт тогтоогдож байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээг бичгээр байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу зээлдэгч Б.******* 5,500,000 төгрөгийн зээл авсан, 2017 оны 12 дугаар сараас хойш зээл төлөгдөөгүй гэдэгт маргахгүй байна. Төрийн банк нь зээлдэгч Б.******* зээл төлөх хуваарийг зөрчиж 2017 оны 12 дугаар сараас зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар шаардах эрхтэй, зээлдэгч гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Шүүхээс Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ний нөхцөл, барьцаа, талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Барьцаат зээлийн гэрээний 7.1-д Банк нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчийн цалин, түүнтэй адилтгах орлогыг барьцаалсан, гэрээний 6.2.2-т Зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон/шалтгаан хамаарахгүй/, 6.2.5-д “Зээлдэгчийн төлбөрийн чадвар доройтсон, чадваргүй болсон гэж банк үзсэн тохиолдолд банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно”, Гэрээний 4.1.2-т “Энэхүү гэрээний 6.2.1-6.2.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон бол гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл төлүүлэх арга хэмжээ авах, ... гэрээг үргэлжлүүлэх эсэхийг нэг талын санаачилгаар бие даан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна. /хавтаст хэргийн 5-7 дахь хуудас/

Зээлдэгч Б.******* нь цалингийн зээл авахдаа ирээдүйд орж ирэх цалинг 24 сарын хугацаатай барьцаалсан ба тэрээр ажлаас чөлөөлөгдсөнөөр 2017 оны 12 дугаар сараас эхлэн зээл төлөх хуваарь зөрчигдөж эхэлсэн, банк энэ талаар мэдээлэлтэй байсан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдов. Төрийн банкны зүгээс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “...гэрээний нөхцөл 46 хоног хугацаа хэтэрч зөрчигдсөн тул хугацаандаа зээлээ төлөхгүй бол хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээнүүдийг авах болно...” гэдгийг зээлдэгч Б.*******д мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлж байжээ /хавтаст хэргийн 10 хуудас/. Түүнээс хойш Банк зээлдэгчид үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх боловч энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Төрийн банк нь гэрээний дагуу зээлдэгч Б.******* ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон, ирээдүйд орж ирэхээр барьцаалсан цалин болох барьцааны зүйл үгүй болж, зээлдэгчийн төлбөрийн чадвар доройтсон нь тодорхой болсон байхад нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусмагц цуцлах бүрэн эрхтэй байхад зээлийн гэрээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссанаас хойш 2 жил 9 сарын дараа хэтэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь үндэслэлгүй гэж үзлээ.

Харин цалингийн зээлийн гэрээ нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болох хүртэл хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч Б.******* Барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх үүргийг хүлээнэ. Хамтран зээлдэгч Б.******* нь “...би хоёрдогч гарын үсэг зурсан, зээлийг хэрэглээгүй...” гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, Барьцааны гэрээний 3.3-т “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж тус тус зааснаар үндсэн зээлдэгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гүйцэтгэх үүрэгтэй. Зээлийг хэрэглээгүй гэх тайлбар нь хамтран хариуцагч Б.*******ыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Барьцааны гэрээнд заасан эрх, үүрэгтэй танилцаж хамтран зээлдэгч Б.******* гарын үсэг зурсан бөгөөд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Зээлдэгч Б.******* нь 2017 оны 02 дугаар сарын 03-аас 2017 оны 11 сар хүртэл үндсэн зээл, зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүү 1,980,097.64 төгрөг төлсөн тооцоог банкны зүгээс гаргасан бөгөөд зээлдэгч уг тооцоог зөвшөөрсөн. /хавтаст хэргийн 40 дэх хуудас/

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, 452 дугаар зүйлийн 452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан ба Гэрээний 2.1.4-т нэмэгдүүлсэн хүү нь зээлийн 20 хувь байна, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцохоор талууд тохиролцжээ.

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоог Төрийн банкны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Б.*******гийн зээл төлөлтийн тооцооллыг дагуу үндсэн зээл 3,519,902.36 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 924,857 төгрөг, нийт 4,447,759.36 төгрөгийн тооцоо гаргасныг үндэслэн зээлдэгч Б.*******гийн гүйцэтгээгүй үүрэг болох төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон болохыг дурдвал зохино. /хавтаст хэргийн 48-50 дахь хуудас/

Иймд, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд төлөх ёстой үндсэн зээл 3,519,902.36 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 924,857 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 4,447,759.36 төгрөгийг зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч Б.******* нараас тус тус гаргуулан Төрийн банкны Ховд салбарын Баянбүрд тооцооны төвд олгож шийдвэрлэв.

Хариуцагч Б.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.*******ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Төрийн банк-ны нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б.*******, Б.******* нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 4,447,759 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86,066 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

                 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар Б.*******, Б.******* нараас үндсэн зээл 3,519,902.36 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 924,857 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 4,447,759.36 (Дөрвөн сая дөрвөн зуун дөчин долоон мянга долоон зуун тавин ёсөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулан “Төрийн банк”-ны Ховд салбарын Баянбүрд тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,408,447.98 (хоёр сая дөрвөн зуун найман мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг ерөн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Ховд салбарын Баянбүрд тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 86,066 төгрөг гаргуулан “Төрийн банк”-ны Ховд салбарын Баянбүрд тооцооны төвд олгосугай.

                 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.РАУШАН