Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2022/00018

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2022/00018

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух, ******* овогтой *******ы ******* /РД:*******/-д холбогдох,

2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сантай байгуулсан №10 дугаар гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ч.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга байхдаа аймгийн дарга, Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу 2014 оны 12 дугаар сард сумын өвөлжилт, хаваржилтын бэлтэл хангах зорилгоор тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын няраваар ажиллаж байсан Ч.*******тэй сум хөгжүүлэх сангаас №10 дугаар гэрээ хийлгүүлж 3,000,000 төгрөгийн өвсний нөөц фонд бүрдүүлсэн юм. Уг өвсийг Ховд аймгийн Буянт сумын Буянт Алтайн үрс хоршооноос авч Дуут сумын Засаг даргын Тамгын газрын өвсний скаладанд хадгалсан юм. Энэ хугацаанд 218,000 төгрөгийн өвсний борлуулалт хийж сум хөгжил сангийн дансанд тушаасан болно. Гэтэл 2015 оны 5 дугаар сард сумын нутаг дэвсгэрийг хамарсан 4-5 хоног үргэлжилсэн их хэмжээний цас орж мал хаваржилт, төл бойжилтонд хүндрэл учирч малчдын мал 3-4 хоног бэлчээрт гарах нөхцөлгүй болж аймгийн онцгой комисс, онцгой байдлын газарт нөхцөл байдлын талаар танилцуулсны дагуу тэр үеийн аймгийн Засаг даргын орлогч аар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ирж байдалтай танилцсан юм. Би сумын Засаг даргын хувьд шуурхай арга хэмжээ авах үүднээс фонд нөөцөнд байсан өвсийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 б заалтыг үндэслэн 5 дугаар сарын 18-ны өдөр А\66 тоот захирамж гарган нэр бүхий малчид болон хуц, ухна маллаж байсан малчинд хуваарийн дагуу өвсийг үнэгүй тусламж болгон өгсөн юм. Өвсийг Засаг даргын Тамгын газрын нярав Ч.******* олгож ойрлцоох зарим айл өрхөд Засаг даргын Тамгын газрын ХОҮ 1901 номерийн фермер УАЗ машинаар хүргэн өгч тусалсан юм. Гэтэл өвсний үнэ болох 2,782,000 төгрөг сум хөгжүүлэх сангийн данснаас хасагдаагүй өр хэлбэрээр тайлан тооцоонд тусгагдсан байна. Энэ асуудлыг аймгийн сум хөгжил сан хариуцсан албан тушаалтан, холбогдох ажилтнаас асууж лавлахад шүүхийн шийдвэрээр уг гэрээг хүчингүйд тооцсон шийдвэрийг үндэслэн өөрчлөлт хийж өгнө гэж байгаа тул шүүхэд хандаж байна. Уг асуудлыг хянан хэлэлцэж 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав ажилтай байсан Ч.*******тэй байгуулласан №10 дугаар гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******ийн шүүхэд гаргасан 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сантай байгуулсан №10 дугаартай гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь: 2014 оны 12 дугаар сард Дуут сумын Тамгын газрын нярав хийж байхдаа сум хөгжүүлэх сангаас гэрээ хийж 3 сая төгрөгийн өвсний фонд бүрдүүлсэн. Өвсийг Буянт сумын Буянт алтайн үрс хоршооноос авч складад хураасан. 218,000 төгрөгийн борлуулалт хийж, сум хөгжүүлэх сангийн дансанд тушаасан. 2015 оны 5 дугаар сард их хэмжээний цас орж, хаваржилт хүндэрч сумын Засаг даргын 5 дугаар сарын 18-ны өдрийн А/66 дугаартай захирамж гарч нөөцөд байсан өвсийг малчдад үнэгүй тараах шийдвэр гарсан. Би хуваарийн дагуу малчдад тарааж зарим айлд машинаар хүргэж өгсөн. Өвс тараасан айлуудын нэрс гаргаж Засаг даргад хүлээлгэж өгсөн гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/200 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/66 дугаартай Өвс тараах тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг захирамжийн хавсралт буюу Багуудад өвс тараасан жагсаалт-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн төлбөрийн хүсэлт №01, хяналтын хуудасны баталгаат хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт №01, хяналтын хуудасны баталгаат хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №10 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээний баталгаат хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн баталгаат хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******ийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сантай байгуулсан 10 дугаартай гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Миний бие Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу 2014 оны 12 дугаар сард сумын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зорилгоор сумын Засаг даргын Тамгын газарт няраваар ажиллаж байсан Ч.*******тэй Сум хөгжүүлэх сангийн 10 дугаартай гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгний өвсний нөөц бүрдүүлсэн. Үүнээс 218,000 төгрөгний өвсний борлуулалт хийгдэж, сангийн дансанд тушаасан. 2015 оны 05 дугаар сард хаваржилт хүндэрсэн тул сумын Засаг даргын хувьд шуурхай арга хэмжээ авах үүднээс 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/66 тоот захирамж гаргаж, малчдад нөөцөд байсан өвсийг тусламжаар үнэгүй тараасан юм. Гэтэл Сум хөгжүүлэх санд уг зээлийн үлдэгдэл 2,782,000 төгрөгний өр хэлбэрээр тусгагдсан байна. Тухайн үед дээрх шалтгаанаар нөөцөд байсан өвсийг малчдад үнэгүй тараасан байх тул 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сантай байгуулсан 10 дугаартай гэрээг хүчингүй болгож өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон. Хариуцагч Ч.******* нь ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 05 дугаар сард их хэмжээний цас орж, хаваржилт хүндэрснээр сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/66 тоот захирамж гарч, нөөцөд байсан өвсийг малчдад үнэгүй тараах шийдвэр гарсан. Би хуваарийн дагуу малчдад тарааж, зарим айлд машинаар хүргэж өгсөн... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөржээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, мөн Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/200 дугаартай ...малчдад үнэгүй олгосон өвсний үнэ 2,782,000 төгрөгний гэрээг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулгатай албан бичгийг нэхэмжлэгч нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн боловч хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан болон хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн баримт болох нэг талаас Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга Д.******* /зээлдүүлэгч/, нөгөө талаас Ч.******* /зээлдэгч/ нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат 10 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тус сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/66 дугаартай захирамж, уг захирамжийн Багуудад өвс тараасан жагсаалт бүхий хавсралт, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн төлбөрийн хүсэлт №01, хяналтын хуудас, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт №01, хяналтын хуудас зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат 10 дугаартай гэрээ байгуулагдаж, мөн оны 12 дугаар сарын 15, 27-ны өдрүүдэд Буянт Алтайн үрс хоршооноос нийт 3,000,000 төгрөгний хүсэлт ирүүлсэн байна. Ховд аймгийн Дуут сумын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/66 дугаартай захирамжаар; Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 б-д заасныг үндэслэл болгон малчдад сумын нөөцөд байгаа өвсийг үнэгүй олгож, тусламж үзүүлжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд дээрх үйл баримттай холбогдуулан талууд маргаагүй, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид зээлийн гэрээний дагуу зээлийг эргэн төлөх ёстой байсан гэх байр суурийг илэрхийлсэн.

Сум хөгжүүлэх сангаас олгосон 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн барьцаат 10 дугаартай зээлийн гэрээний 1.4-т Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр хүүг энэхүү гэрээний хавсралт 1/зээлийн эргэн төлөлтийн хуваарь/-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдүүлэгчид төлнө, 1.7-д Зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн дансанд орж ирсэн өдрөөр тус тус тооцно, 2.2.2-т Зээлийн төлбөрийг гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгана, 4.2-т Зээлдэгчийн энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдснээр эсвэл энэхүү гэрээний 2.1.12-т заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болно гэж,

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан... ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь, зээлдэгч Ч.******* нь Сум хөгжүүлэх сангаас 3,000,000 төгрөгний зээл авахдаа өвс худалдан авах зориулалтаар авсан байх бөгөөд Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газарт өвсний нөөц бүрдүүлэх зориулалтаар аваагүй байхаас гадна өөрийнхөө зээлээр авсан мөнгийг сумын Засаг даргын захирамжийн дагуу иргэдэд үнэгүй өвс тараах үүрэг хүлээхгүй ба зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу авсан зээлээ буцаан төлөх үүргийг хүлээх юм.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дугаартай Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай журамд зааснаар сумын Засаг дарга зээлдэгчтэй гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавьж ажиллах эрх, үүрэгтэй байх тул сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож, зориулалт бусаар зарцуулахыг хориглосон болохыг дурдлаа.

Нөгөө талаар, сумын Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хувьд холбогдох хууль тогтоомжид зааснаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, улсын төсвөөс тухайн жилийн төсөвт өвсний нөөцийг бүрдүүлэх зорилгоор төсөв суулгахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулах эрх эдлэхээс биш Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр өвсний нөөц бүрдүүлж, иргэдэд үнэгүй тараах боломжгүй гэж үзлээ.

Иймд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сантай байгуулсан 10 дугаартай гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 59,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд гаргасан 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сантай байгуулсан 10 дугаартай гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 59,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН