| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2021/00460/И |
| Дугаар | 153/шш2022/00106 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 153/шш2022/00106
2022 оны 02 сарын 14 өдөр Дугаар 153/ШШ2022/00106 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 72-р хотхон 5-5 тоотод байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2,34 тоотод байрлах, “*******” ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг, сул зогсолтын цалин 32,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 153/2021/00460/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг, сул зогсолтын цалин 32,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан үндсэн захиалагч болон “Си Би Ай Аутсорс" ХХК-ийн тендерийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар 2019 онд 005 тоот гэрээ байгуулж ажилласан болно. Гэрээт ажлыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Бэст Вүүдэн хаус” ХХК нь гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа мөнгийг авмагц Говь-Алтай аймгийн Алтай суманд очиход захиалагч буюу хариуцагч “Си Би Ай Аутсорс” ХХК нь барилгын ажлын үндсэн техник хэрэгсэл болох ковш, экскаватор болон барилга барих материалаа татаагүй байсан тул миний бие хажуугийн сумаас экскаватор түрээслэн авч ирж барилгын суурийг ухуулсан, энэ хугацаанд барилгын талбайд барилгын материал буугаагүй. Манай ажилчид барилгын талбай дээр 30 хоног хүлээсний дараа барилгын материал ирсэн, бид барилгын ажлыг 15 хоногт хийгээд цутгалтын ажил хийх болоход Говь-Алтай аймгийн 576ТУ Газрын харилцааны газраас цутгалт хийхийг хориглосон албан бичиг ирсэн. Ингээд намайг цутгалт хийх зөвшөөрөл авахуулахаар аймаг руу явуулсан боловч шийдвэр гаргахыг хүлээж буудалд 7 хоног, буцаж Алтай сум ороод 2 хоног өнгөрсний дараа “цутгалтын ажил хийхгүй” гэсэн шийдвэр гарч манай ажилчид нийт 40 хоног сул зогсоод буцсан. Ингээд дараа жилийн буюу 2020 оны 05 дугаар сард дахин очиж ажиллан суурийн ажлыг үргэлжлүүлж 96 хувьтай гүйцэтгээд дахин материалгүй болж буцсан.
2. Барилгын ажлын зурганд өөрчлөлт орж шугаман суурь хийхээр өөрчлөгдсөн, зургийн өөрчлөлтийг хийхийн тулд дахиад 10 хоног шаардагдах болсон тул захиалагчтай утсаар холбогдож ажлын хөлсийг 4,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр харилцан тохиролцож ажлаа хийж байсан ч мөн материал дууссан болно. Ковшийг би өөрөө жолоодож ажилласан цалин өгөөгүй, барилга дээр гарсан асуудал болгоныг өөрийн хөрөнгөөр өөрийн биеэр захиалагчийн өмнөөс хийж байсан боловч цалин өгөлгүй бидний алтан цаг хугацааг үрсэн болно. Барилгын салбарын ажилчид бид улирлын чанартай ажилладаг.
3. Гэрээний 4.5-д захиалагч тал хэв хашмал, цемент, арматурыг цаг алдуулалгүй хангаж ажиллана. Ингээгүйн улмаас гүйцэтгэгч тал сул 4 хоногоос дээш хугацаагаар зогссон бол зогсолтыг тухайн ажиллаж байгаа хүний тоогоор өдрийн 1 хүний дундаж цалин 80,000 төгрөгөөр тооцож гүйцэтгэгч талд төлнө гэж заасны дагуу сул зогсолтын 40 хоног х 80,000 төг х 10 хүн = 32,000,000 төгрөг, хариуцагч *******тай тохирсны дагуу нэмж хийсэн ажлын хөлс 4,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25дугаар зүйлд заасан үндэслэлээр дараах хариу тайлбар гаргаж байна, Нэхэмжлэгч "Бэст Вүүдэн хаус” ХХК нь танай шүүхэд "Си Би Ай Аутсорс” ХХК-с гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Дээрх нэхэмжлэлтэй танилцахад хууль зүйн хувьд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Учир нь “Бэст Вүүдэн хаус” ХХК-нь тус гэрээний дагуу өнөөдрийг хүртэл 005 дугаартай “Алтай суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын суурийн ажил хийх гэрээ” холбоотойгоор ажил хүлээлцэх акт үйлдээгүй мөн санхүүгийн тооцоо нийлсэн акт үйлдээгүй байгаа болно. “Си Би Ай Аутсорс” ХХК-ний зүгээс нийт 27,670,000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Фэйсбүүк хаягаар гар бичмэлээр дараах тооцоолол хийж явуулсан байдаг. Үүнд
1. 24,500,000 төгрөг /гэрээний төлбөр/ + 1,100,000 төгрөг /тогооч Цэцгээ цалин+2,070,000төгрөг /туслах ажилчдын цалин/=27,670,000 төгрөг авсан болно.
2. Авах ёстой 24,000,000 төгрөг /гэрээний төлбөр/ + 4,400,000 төгpөг /алданги, мах, бензин/ + 4,000,000 төгрөг /шугаман суурь/ + 1,000,000 төгрөг /замын зардал/-33,400,000 төгрөг гэж задаргаа хийж авах ёстой мөнгө.
3. 33,400,000 төгрөг-27,670,000 төгрөг=5,730,000 төгрөгийн авлагатай гэж "Бэст Вүүдэн Хаус" ХХК-ний захирлын гар бичмэлд дурдсан байна. "Си Би Ай Аутсорс”ХХК-ний зүгээс “Бэст Вүүдэн хаус” ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй болно. Иймд "Бэст Вүүдэн Хаус" ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт:
Нэхэмжлэгчээс: 2019 оны 005 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчилсэн хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээ, “*******” ХХК-ийн дүрэм, №БУ12-468/17 дугаартай тусгай зөвшөөрөл хавсралтын хамт, Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, барилгын ажлын гэрэл зургууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн,
Хариуцагчаас: 2019 оны 005 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ эх хувиар, 5845301852 тоот дансны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл дэлгэрэнгүй, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Гэрч *******, *******, нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүх гүйцэтгэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний дагуу захиалагч нь барилгын материалыг дутуу нийлүүлсэн, шаардлагатай техник хэрэгслийг бэлэн болгоогүйгээс ажлаа хугацаанд нь дуусгаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Захиалагчийн буруугаас болж “*******” ХХК-ийн 10 ажилчин 40 хоног сул зогссон. Нэхэмжлэлдээ гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэл болон сул зогсолтын цалин болохыг тодруулж байна. Гэрээний дагуу хийсэн ажлын гүйцэтгэл нь 96 хувьтай буюу ганц хоёр өдрийн ажил үлдсэн, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй нь захиалагч “*******”ХХК-ийн барилгын материал дутуу байснаас шалтгаалсан. Мөн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр Говь-Алтай аймагт гүйцэтгэгч компанийн ажилчид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр очиход барилгын талбайд барилгын материал буугаагүй, 30 хоног хүлээсний дараа 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажил эхэлсэн, ажлын явцад барилгын зураг төсөл өөрчлөгдсөнөөр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 10 хоног, нийт 40 хоног сул зогссон. Ажлын талбайд 14-15 хүн ажилласан бөгөөд Говь-Алтай аймгаас туслах ажилтнаар ажилласан хүмүүсийн тоог хасахад “*******” ХХК-ийн 10 ажилтан 40 хоног сул зогссон. Гэрээний 4.5-д зааснаар нэг ажилтны сул зогсолтын хөлсийг 80,000 төгрөг байхаар тохирсон ба 10 ажилтны 40 хоногийн сул зогсолтын цалин 32,000,000 төгрөг болж байна. Барилгын анхны зураг төсөлд өөрчлөлт орсноор нэмэлт ажил хийх шаардлагатай болсон, уг ажлын хөлсийг хоёр компанийн захирал хоорондоо ярилцаж тохирсон, энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй болно. Иймд, сул зогсолтын 10 ажилтны 40 хоногийн цалин 32,000,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 4,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гүйцэтгэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй. Хоёр компанийн хувьд ажлаа хүлээн авсныг нотолсон, тооцоо нийлсэн баримт байхгүй. Ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйд хариуцагч “*******” ХХК-ийн буруу байхгүй, гүйцэтгэгч компанийн ажилчид өөрсдөө ажлын талбайд хугацаандаа ирээгүй байсан. Захиалагч “*******” ХХК нь шаардлагатай барилгын материал, техник хэрэгслийг бэлэн болгосон байсан. Барилгын зураг төсөл нь өөрчлөгдөөгүй, анхны зураг төслөөр хийгдсэн. Хэрвээ барилгын зураг төсөл өөрчлөгдсөн бол барилгыг дахин шинээр барих шаардлага гардаг. Нэхэмжлэгч компанийн 10 ажилчин талбайд ажиллаж байсан гэдгийг нотлох ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин нэхэмжлэгч “*******” ХХК нь ажлаа бүрэн хүлээлгэж өгвөл тооцоо нийлсэн баримтыг үндэслэн 5,730,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Нэмэлт ажил хийлгэхээр хөлс тохиролцоогүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол энэ талаар гэрээний 8.2-д зааснаар бичгээр гэрээ байгуулах ёстой гэв.
4. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг “Гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг, сул зогсолтын цалин 32,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг гаргуулах тухай” гэж тодруулсан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.1. “*******” ХХК нь “*******”ХХК-ийн “Говь-Алтай аймгийн Алтай суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил”-ыг гүйцэтгэхээр шалгарсан тендерт туслан гүйцэтгэгчээр ажиллаж, тус цэцэрлэгийн барилгын ажлын суурийн ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсоноор талуудын хороонд “Говь-Алтай аймгийн Алтай суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын суурийн ажил хийх гэрээ” /цаашид “Гэрээ” гэх/ байгуулагджээ.
4.1.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнг захиалагч “*******”ХХК-нд хүлээлгэн өгөөгүй, хариуцагч “*******”ХХК нь гүйцэтгэгч “*******” ХХК нь хийсэн ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүйгээс ажлын хөлсийг бүрэн төлөхөөс татгалзсан байна.
4.1.3. Нэхэмжлэгчээс гүйцэтгэгч компанийн ажилчдын 40 хоногийн сул зогсолт захиалагчийн буруугаас болсон, ажилчид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талбай дээр ирсэн боловч барилгын материал дутуу байснаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажил эхлэхээр гэрээнд заасан, барилгын зураг төсөл өөрчлөгдсөн, дахин барилгын материал дутсан нь ажилчид хэд хоног сул зогсох нөхцөл үүссэн гэж, сул зогсолт болоогүй, барилгын зураг төсөл өөрчлөгдөөгүй тул нэмэлт ажил хийлгэх шаардлага гараагүй, хэрвээ сул зогсолт болсон бол гүйцэтгэгч компанийн өөрийнх нь буруу гэж хариуцагч маргадаг ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч татгалзлаа нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.
5. Захиалагчийн материал, багаж техник хэрэгслээр гэрээнд заасан барилгын суурийн ажлыг “*******” ХХК гүйцэтгэхээр, захиалагч нь хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.
6. Гэрээний 3.1-д ажлын хөлсийг 24,000,000 төгрөгөөр тогтоосон, ажлын гүйцэтгэлээр тооцож санхүүжилтийг олгохоор тохиролцсон ба нэхэмжлэгч “*******” ХХК нь 24,000,000 төгрөгийн ажлын хөлс олгосон гэдэгт маргахгүй байна. Харин барилгын зураг төсөл өөрчлөгдсөнөөр нэмэлт ажил хийх шаардлагатай болсноор 4,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ажлын хөлс, 40 хоногийн сул зогсолтын хугацаанд 10 ажилтанд олгох цалин 32,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг гаргуулахыг шаарджээ. Хариуцагч “*******” ХХК нь гэрээний 8.2-д “Гэрээний хугацаа, нөхцөл байдлын талаар өөрчлөлт оруулахаар бол хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж заасан тул нэмэлт ажил хийлгэхээр тохиролцоогүй, энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй гэж маргадаг боловч ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгсөн тохиолдолд хоёр компанийн захирлын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн ажлын хөлс 5,730,000 төгрөг төлөхийг зөвшөөрдөг. (Хавтаст хэргийн 13-14, 42 хуудас)
6.1. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийсэн ажлын хөлсийг биш нэмэлт ажлын хөлс 4,000,000 төгрөг шаарддаг бөгөөд энэхүү шаардах эрхийн үндэслэлээ нэмэлт ажил гүйцэтгэх талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй ч хоёр компанийн захирал хоорондоо тохиролцсон гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан. Нэхэмжлэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан болон нэмэлт ажлын хөлс шаардах болсон ажлын үр дүнг тус тус захиалагчид бүрэн хүлээлгэж өгөөгүй, талуудын хооронд ажил хүлээлцсэн баримт үйлдэгдээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т зааснаар хөлс шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2 хоногийн ажил үлдсэн, ажлын гүйцэтгэл 96 хувьтай байна гэх тайлбар нь ажлын хөлс шаардах үндэслэлд хамаарахгүй юм.
Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн тооцоо нийлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй боловч талууд тооцоо нийлсэн баримтад заасан үлдэгдэл тооцооны талаар маргадаггүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тохиолдолд дутуу олгосон ажлын хөлсийг нэхэмжлэгч “*******” ХХК-нд төлөхөөс “*******” ХХК нь татгалзаагүй болохыг дурдах нь зүйтэй.
6.2. “*******” ХХК нь гэрээний 4.5-д “Захиалагч тал хэв хашмал, цемент, арматуроор цаг алдалгүй хангаж ажиллана. Ингээгүйн улмаас гүйцэтгэгч тал сул 4 хоногоос дээш хугацаагаар зогссон бол сул зогсолтыг тухайн ажиллаж байгаа хүний тоогоор өдрийн нэг хүний дундаж цалин 80,000 төгрөгөөр тооцож гүйцэтгэгч талд төлнө” гэж заасныг үндэслэн 40 хоногийн сул зогсолтын цалинг нэхэмжилсэн. Сул зогсолтын цалин шаардсан үндэслэлээ “Говь-Алтай аймагт гүйцэтгэгч компанийн ажилчид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр очиход барилгын талбайд барилгын материалаа татаагүйгээс гэрээнд ажил эхлэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэж заасан. Гэтэл мөн өдөр ч ажил эхлээгүй ба 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 30 хоног хүлээсний дараа 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажил эхэлсэн, ажлын явцад барилгын зураг төсөл өөрчлөгдсөнөөр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 10 хоног, нийт 40 хоног ажилчид сул зогссон. Ажлын талбайд 14-15 хүн ажилласан бөгөөд Говь-Алтай аймгаас туслах ажилтнаар ажилласан хүмүүсийн тоог хасаж, 10 ажилтнаар сул зогсолтын цалинг нэхэмжилж байна” гэж тодорхойлсон.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д “...гүйцэтгэгч тал 4 хоногоос дээш хугацаагаар зогссон бол...” гэж заасан байдлаас үзэхэд сул зогсолтын хугацаанд 4 хоногоос дээш буюу 5 дахь хоногоос эхлэн сул зогсолтын хугацааг тоолохоор тохиролцжээ. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гэрээний 4.5-д заасны дагуу 4 хоногийн хугацааг сул зогсолтын цалинг нэхэмжилсэн 40 хоногийн хугацаанд оруулан тооцсон болохыг шүүх хуралдаанд тайлбарласан. Нэхэмжлэгч “Бэст бүүдэн хаус” ХХК нь захиалагч материалаа хугацаандаа татаагүй байсан нь сул зогсолт үүсэх шалтгаан буюу ажил гүйцэтгэгчийн хувьд олох байсан орлогыг олж чадаагүй бодит хохирол учирсныг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д “гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх”-ээр хуульд заасан ажил гүйцэтгэгчийн хохирол шаардах эрхийг алдана.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг биелүүлж чадаагүй болно.
Тухайлбал, Барилгын суурийн ажлыг гүйцэтгэсэн гэх тус компанийн 10 ажилтнаар хэн гэдэг, ямар чиг үүргийг гүйцэтгэдэг ажилтан ажиллаж байсан, эдгээр ажилчид хөдөлмөрийн гэрээгээр тухайн компанид ажилладаг зэргийг нотолсон нотлох баримт байхгүй байна. Мөн нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажил эхлэхээр талбайд ажилчид ирсэн байсан, ажлын явцад барилгын зураг төсөл өөрчлөгдсөнөөр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 10 хоног сул зогсолт үүссэн, барилгын материалаа бүрэн татаагүйгээс ажил 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн, ажил эхлэхээс өмнө 30 хоног, ажлын явцад 10 хоног сул зогсолт үүссэн гэж сул зогсолтын цалинг нэхэмжилдэг боловч гэрч ******* “... 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ажилласан...” гэж (хавтаст хэргийн 57 хуудас), гэрч ******* “...2019 оны 10 дугаар сарын сүүлчээр очиж ажилласан...” гэж (хавтаст хэргийн 60 хуудас) тус тус мэдүүлснээр барилгын ажил хэзээ эхэлсэн нь тогтоогдохгүй байна. Иймд, Гэрээний 2.3-т “Ажил эхлэх хугацааг 2019 оны 10-р сарын 30” гэж тохиролцсон байх тул гэрээний дагуу “*******” ХХК нь туслан гүйцэтгэгчээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж эхэлсэн байна гэж дүгнэлээ.
Барилгын зураг төсөл өөрчлөгдсөн нь ажлын явцад сул зогсолт үүсэх нөхцөлийг бий болгосон гэж нэхэмжлэгч цалин шаардах үндэслэлээ тодорхойлох боловч өөрт нь олдох боломжтой нотлох баримт болох барилгын ажлыг хийж гүйцэтгэж буй зураг төслийг гаргаж өгөөгүй болно.
Харин ажилчдын цагийн бүртгэлийг хариуцагч “Си Би Ар аутсорс” ХХК-ийн ажилтан бүртгэж байсан, хариуцагч бодит байдлыг үгүйсгэж байна, энэ тухай нотлох баримт хариуцагчид байгаа гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар нь тухайн барилгын талбайд “*******” ХХК-ийн 10 ажилтан ажиллаж байсныг нотолсон нотолгоо болохгүй юм.
Гэрч ******* “... 30 гаруй хоног материал байхгүйн улмаас сул зогссон...” (хавтаст хэргийн 56-58 хуудас), гэрч ******* “...Захиалагч компани материалаа цаг хугацаанд нь ирүүлээгүйгээс 40 гаруй хоног сул зогсолт болсон” (хавтаст хэргийн 59-61 хуудас), гэрч нь “... барилгын материал ирээгүй байна гээд хэд хоног ажиллаагүй, хэд хоног гэдгийг нь санахгүй байна. Хил дээр материал саатаад орж ирэхгүй байна гэж байсан. Өдөрт 12-13 хүн байсан байх, тэдэнд өдөрт 3 удаа хоол хийж өгдөг байсан...” (хавтаст хэргийн 80-82 хуудас) гэж тус тус мэдүүлсэн нь нэхэмжлэгчийн 40 хоног сул зогсолттой байсан гэдгийг нотлох хангалттай нотлох баримт биш бөгөөд гэрч нар сул зогсолт үүссэн гэх хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлэг өгөхөөс гадна сул зогсолт болсон цаг хугацааг тодорхой зааж чадахгүй байна.
6.3. Гэрээний 4.6-д “Захиалагч гүйцэтгэгчийг багаж техникээр хангаж, техникүүдийг операторын хамт ажиллуулна. Үүнд,ковш 2,5-5 тонны кран, жижиг машин, 380в-ын зуурагч, арматурын ком багаж” гэж захиалагчийн үүргийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-д “Гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх” гэж заасантай нийцжээ.
Захиалагч буюу “*******” ХХК нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ажилчид хугацаандаа талбайдаа ирээгүй байсан, барилгын анхны зураг төсөлд өөрчлөлт орсон бол дахин барилгын ажлыг шинээр эхлэх ёстой, барилгын зураг төсөлд өөрчлөлт ороогүй гэж тайлбараа гаргаж мэтгэлзсэн ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлаа нотолсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг биелүүлж чадаагүй болно.
Зохигчдын аль аль нь сул зогсолт үүссэн болон барилгын зураг төсөл өөрчлөгдсөн эсэх талаар тайлбараа гаргаж мэтгэлцдэг ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотолсон нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна. Нотолгооны зарчмаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй тул энэхүү үүргийн хариуцлагын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхээс чиглүүлэх үүргийг хүрээнд зохигчдод ажил гүйцэтгэх гэрээний урьдчилсан нөхцөл болох гүйцэтгэсэн ажлын үр дүн, зураг төсөл, тооцоо нийлсэн баримт зэрэг шаардлагатай нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй болохыг тайлбарлаж, нотлох баримтуудыг шаардсан боловч зохигчдын аль аль нь нотлох баримтаа гаргаж өгөөгүй болохыг дурдвал зохино.
Барилгын суурийн ажлын гүйцэтгэлийн зургийг нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн нь (хавтаст хэргийн 102-128 хуудас) нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар дээрх нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-нд холбогдох “ гэрээний үүргийн гүйцэтгэл 4,000,000 төгрөг, сул зогсолтын цалин 32,000,000 төгрөг, нийт 36,000,000 (Гучин зургаан сая) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 (гурван зуун гучин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН