| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0350/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/360 |
| Огноо | 2024-08-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/360
2024 08 09 2024/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Р.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Р.Н-т холбогдох эрүүгийн 2425000000416 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Р.Н
Шүүгдэгч Р.Н нь;
2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хүүхэлдэйн театр”-ын урд талын саравчинд сууж байсан насанд хүрээгүй А.Т-н “Iphone-13 promax” /айпоне-13 промакс/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Р.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед “Жүр-Үр” дэлгүүрт ээж Л.Э, хүү Н-. хамт орж торт аваад гарсан, тэгээд...“100 айл” худалдааны төв рүү ээж, хүүгийн хамт алхсан. “Хүүхэлдэйн театр”-ын хашааны хажууд гар утас унасан байхаар нь аваад цааш алхтал хүмүүс байхаар нь сандарсандаа мод руу шидчихсэн, “100 айл”-аас багаж хэрэгслээ аваад “Хүүхэлдэйн театр”-ын ойр ирээд нөгөө шидсэн гар утсаа хальт хартал байхгүй болохоор цааш алхсан. Манай хүү Н тухайн шидсэн гар утсыг модон дундаас олоод надад авч ирж өгсөн, саравчинд байсан хүмүүс байхгүй болохоор нь шууд гэр лүүгээ явчихсан.” гэх хавтаст хэргийн 29-30 дахь талд авагдсан мэдүүлгээс гадна,
насанд хүрээгүй хохирогч А.Т-н “...би “Хүүхэлдэйн театр”-ын саравчинд найз С хамт сууж байгаад үүргэвчээ сандал дээр тавиад дээр нь гар утсаа тавьсан, тухайн үед би цүнхээ газар унагаасан үед дээр нь байсан утас унасан гэдгийг хараагүй, түүнээс хойш 30 орчим минутын дараа явах гээд эд зүйлээ авах гэтэл миний гар утас байхгүй байсан, сууж байсан газрынхаа ойр орчмоос холдолгүй байж байгаад найз С-н утсаар залгахад дуудаад хариу өгөхгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1934 дугаартай; “...“Iphone-13 promax” гар утас 1.400.000 төгрөгийн үнэлгээтэй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хүүхэлдэйн театр”-ын орчинд байх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн 6 секундэд улаан өнгийн саравчтай малгайтай, цэнхэр пудволктой, алаг өнгийн шорттой эрэгтэй, баруун гартаа хайрцагтай зүйл өргөсөн, түүний хажууд бага насны, хар өнгийн саравчтай малгайтай, улаан өнгийн цамцтай, түүний араас цагаан өнгийн пудволктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эмэгтэй алхаж явна. ...улаан өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн пудволктой, эрээн шорттой, баруун гартаа хайрцагтай зүйл барьсан эрэгтэй хүн хашааны хажуу хэсэгт суугаад эд зүйл авч байгаа мэт үйлдэл хийгээд босоод цааш яваад хашааны хажуу мод руу эд зүйл шидэж байгаа бичлэг байна.” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
“...“Жүр-Үр” дэлгүүр доторх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...улаан малгайтай, цэнхэр өнгийн пудволктой эрэгтэй хүн, “ХААН” банкны виза картаар худалдан авалт хийсэн.” мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Н “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,
мөрдөн байцаалтын явцад “Iphone-13 promax” загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч А.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ж нар хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдсон тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахыг тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Бусад асуудал;
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хүүхэлдэйн театр”-ын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б тайж овогт Р.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Н-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх хугацаанд шүүгдэгч Р.Н-т мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хүүхэлдэйн театр”-ын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э