Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/хт2025/00208

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02662 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00999 дүгээр магадлалтай,

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А” ХК-д холбогдох,

265,997,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “А” ХК-д холбогдуулан 265,997,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02662 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-аас 265,997,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,686,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00999 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХК-аас 41,440,568 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 224,556,944 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...56.1…” гэснийг “56.2” гэж, “... үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “А” ХК-аас 365,152.84 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.05-ны өдөр төлсөн 1,686,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А” ХК-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.31-ний өдрийн 191/ШШ2025/02662 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025.06.06-ны өдрийн 210/МА2025/00999 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Хариуцагч “А” ХК-ийн зүгээс магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах буюу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 болон 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг үндэслэн маргаан бүхий үйл баримтад зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн 191/2025/02662 дугаар шийдвэрийн 18 дахь талд “Cloud үйлчилгээ үзүүлэх гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн харилцагч нарт цахим зээлийн үйлчилгээ үзүүлэх программ, түүнд суурилсан дата мэдээллийг хариуцагчийн серверийн тодорхой хэсэгт хадгалуулах, улмаар төлбөр төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагчийн нийтэд санал болгосон Клауд систем нь өөрийн виртуал серверийн орон зай /биет бус/-д тодорхой зай талбайг ашиглуулах, хэрэглэгч хэрэглэсэн зай талбайн хэмжээгээр төлбөр төлөхөөр тохиролцсон түрээсийн гэрээний харилцаа юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан бөгөөд ажиллагч буюу хариуцагч “А” ХК-г тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч буюу “К” ХХК-ийг хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн гэж харилцааг буруу дүгнэсэн.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулагч нь ажил үүргийг тухай бүр тодорхойлж, ажиллагчийг удирдан чиглүүлэх, Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.3-т “Ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” гэж заасан байдаг. Хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэх юм бол ажиллуулагч “К” ХХК тус гэрээний нэмэлт үүрэг болох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, аюулгүй ажиллагааны журам сахиулах, эрсдэлээс сэрэмжлүүлэх зэрэг нэмэлт үүргийг ажиллагчийн өмнө хүлээхээр хуульд тусгасан байдаг бөгөөд “А” ХК нь гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, тоног төхөөрөмжөөр хангуулаагүй, удирдлагад нь ажиллаагүй, ажлаар хангуулаагүй, ийм харилцаа үүсээгүй атал давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж шийдвэрлэсэн.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх мэдээлэл хадгалах буюу клауд үйлчилгээний нөхцөлийн гол зүйл заалтыг шийдвэр гаргахдаа үндэслэл болгоогүй буюу гэрээний зорилго, талуудын хүлээх эрх үүрэг, эрсдэл, мэдээллийн нөөцлөлт, гэрээгээр хүлээх талуудын хариуцлагатай холбоотой зүйл заалтыг үндэслэл болгоогүй, маргааны үйл баримтыг талуудын харилцсан цахим шуудан, албан бичигт үндэслэн буруу дүгнэн тайлбарласан.

Хариуцагч “А” ХК хариу тайлбартаа талуудын хоорондох гэрээний 2.8-д “нөөцлөлт” /backup/ гэж хэрэглэгч өөрийн үүсгэн ашиглаж буй клауд виртуал серверийн дискний мэдээллийг нэг долоо хоногт нэг удаа буюу сүүлийн 4 долоо хоног төлбөртэй хадгалах үйлчилгээг хэлнэ” гэж, 4.6-д “хэрэглэгч үүсгэсэн клауд виртуал серверийнхээ нөөцлөлтийг /үйлчилгээг нийлүүлэгчээс аваагүй тохиолдолд/ хийгээгүйгээс үүдэн гарах аливаа үр дагавар асуудал, доголдол, учирсан хохирлыг нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй” гэж, 5.13-т “хэрэглэгч нь нийлүүлэгч талаас санал болгосон нөөцлөх үйлчилгээг ашиглахгүй тохиолдолд өөрийн сервер доторх мэдээллийн аюулгүй байдал, гадны халдлагаас үүсэн гарах эрсдэлийг өөрөө хариуцна” гэж тодорхой заасныг анхаарч дүгнэсэнгүй.

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар бүрдээ уг клауд үйлчилгээний нөхцөлд заасны дагуу нөөцлөх үйлчилгээ аваагүй тохиолдолд үүссэн бүх эрсдэл хариуцлагыг хэрэглэгч өөрөө хариуцна гэдгийг илэрхийлж байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн 19 дүгээр тал “Нэхэмжлэгч нь хариуцагчийг мэдээллийг хадгалах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан нь дээрх үйлчилгээний нөхцөл, гэрээнд заасан эрх үүргээр үгүйсгэгдсэн. Тодруулбал мэдээллийг нэхэмжлэгч удирдах бөгөөд хариуцагчид энэ талаар эрх үүрэг байгаагүй, түүнчлэн аюулгүй байдлын улмаас программ, түүнд суурилсан мэдээллийг нөөцлөх үүрэг нэхэмжлэгчид байжээ.” гэж дүгнэснийг анхаарч үзэлгүй давж заалдах шатны шүүх үйлчилгээний нөхцөлийн 4.6, 5.13-р заалтуудыг маргааны үйл баримттай уялдуулж дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн 191/ШШ2025/02662 дугаар шийдвэрт үндэслэл бүхий тайлбар хийхгүйгээр өөрчлөлт оруулсан.

Клауд виртуал серверийг ашиглахдаа хэрэглэгч нь нийтэд санал болгож буй үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, бүртгэл үүсгэн, хэрэглэгчийн түвшин, ашиглах орон зай багтаамжийг сонгон ашиглаж байгаа ба сервер дэх мэдээлэл устсан асуудал хэний буруутай үйл ажиллагаанаас болсон буюу гэм бурууг тогтоох боломжгүй талаарх шинжээчийн дүгнэлтийг хэн аль нь үгүйсгээгүй, мэдээлэл устсан шалтгаан нөхцөл, хэн мэдээллийг устгасан эсэхийг тогтоох боломжгүй байна гэдгийг удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр дүгнэснийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.

4.2 Давж заалдах шатны шүүхийн магадлалын 10-р талд “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчийн үүргийн зөрчилтэй шалтгаант холбоотой, мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд хохиролд 41,440,568 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй” гэх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хохирлыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайд;

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 10-р талд “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар хариуцагчийн үүргийн зөрчилтэй шалтгаант холбоотой, мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд хохиролд 41,440,568 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн 191/ШШ2025/02662 дугаар шийдвэрийн 20 дахь талд “Энэхүү хүснэгтийн 1-д зааснаар 17,224 хэрэглэгчийн мэдээллийг бусдаас худалдан авч серверт ажиллаж байсан программд мэдээлэл оруулсан байсан нь устсан гэж тайлбарласан. Гэвч 2,003,833 төгрөгийн үнэ бүхий энэхүү мэдээллийг бусдаас худалдан авч серверт хадгалж байсан гэх тайлбараа гэрээ болон төлбөр төлсөн баримтаар нотлоогүй. Түүнчлэн хэрэв цахим мэдээлэл бусдаас худалдан авч программд мэдээлэл оруулсан бол уг мэдээллийн эх үүсвэр нь нэхэмжлэгчид байх боломжтой бөгөөд нэгэнт үнийг төлж цахим мэдээлэл худалдан авсан бол уг мэдээлэл устгагдсанаар худалдагчаас мэдээллийг дахин үнэ төлбөргүйгээр авах боломжтой гэж үзлээ. Мөн 29,576,750 төгрөгийн үнэ бүхий зээлийн мэдээллийн сан худалдан авч түрээсэлсэн серверт ажиллаж байсан программд бааз үүсгэсэн байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Түүнчлэн зээлдэгчийн мэдээллийн сан нь Монголбанкинд хадгалагдах бөгөөд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч нь эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулах замаар зээлдэгчийн мэдээллийг тогтмол цаг хугацаанд хүлээн авах, шинэчлэх үүрэгтэй байдаг. Интернэтийн төлбөр, СМС буюу ухаалаг мессеж үйлчилгээ, яриа нь гэдэг нь нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагааны зардал тул мэдээлэл устсан үйл баримтад хамааралгүй юм. 21 дэх талд мэдээллийг дахин бүрдүүлэх зорилгоор гуравдагч этгээд нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж бэлнээр болон дансаар мөнгөн хөрөнгө олгосон байна. Гэвч мэдээлэл устахад хариуцагчийн буруутай гэх үндэслэлгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.Түүнчлэн бэлэн мөнгөний зарлагын баримтаас үзэхэд мэдээлэл устсанаас хойш 2 хоногийн дараа хөлс олгож эхэлсэн, өөрөөр хэлбэл мэдээллийг дахин системд оруулж эхэлсэн байгаа нь мэдээлэл эх үүсвэргүйгээр бүрэн устсан гэх тайлбарыг үгүйсгэж байна. Учирсан гэх хохирлын зарим нь маргаж буй үйл явдалд хамааралгүй, зарим нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, зарим нь нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагааны зардал ...” гэх зэргээр үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Мөн шинжээчийн дүгнэлт гаргасан “М” ХХК-ийн дүгнэлтэд серверт ямар хэмжээтэй файл хадгалсан гэдгийг мэдэх боломжгүй, мөн үйлчилгээний нөхцөлд дурдсаны дагуу нийлүүлэгч серверт хандах эрхгүй атал нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан дээрх тоо баримт, мэдээлэл байсныг нотлох талаар Төгрөг аппликейшнийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар хэдэн зээлдэгч татан авсан, сайн скор зээлийн мэдээллийн сангаас хэдэн зээлдэгчийн мэдээлэлд скоринг лавлагаа мэдээлэл авсан, мөн зээлдэгчийн зээлийн мэдээлэл нийлүүлсэн, үүрэн холбооны оператор болон Юнивишн, Мобиком, Жимобайл, Скайтел компаниудаас мессеж үйлчилгээ авсан буюу зээлдэгчийн биллинг үйлчилгээний тайлан, танилт нэвтрэлтийн системээс зээлдэгчийг танин баталгаажуулалт хийсэн үйлчилгээнүүдтэй холбоотой ашиглалт төлбөр тооцоо зэргээр зээлдэгч хэрэглэгчийн бодит тоо хэмжээ, зардлыг нотлох баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч гаргаж өгөөгүй.

Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үйл баримттай цаг хугацааны хувьд зөрүүтэй байгааг анзааралгүй, харилцсан и-мэйл, албан бичигт хариуцагч зөвшилцөх, хэрэглэгчийн гомдол саналыг шийдвэрлэх явцыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж буруу дүгнэлт хийж өөрчлөлт оруулсанд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа 14 хүнийг хөлсөөр ажиллуулж байгаа талаар цахим шуудангаар хариуцагчид мэдэгдсэн, хөлсөөр ажиллах гэрээ, кассын зарлагын ордер, дансны хуулгыг үндэслэн ажлын хөлсний үлдэгдэл шилжүүлсэн баримтыг үндэслэн хохиролд тооцсон. Хэрвээ нэхэмжлэгч 14 хүнийг ажиллуулсан бол тухайн үйл ажиллагаа нь үндсэн үйл ажиллагаанд хамаарах ажил тул аж ахуйн нэгжийн хасагдах зардалд тооцогдох юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нягтлан бодох бүртгэлийн баримт бичигт тусгагдсан, татвар суутган тооцсон баримт байхгүй, санхүүгийн аудитлагдсан тайланд тусгагдаагүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан албан журмаар даатгуулан шимтгэл төлсөн тайлан ирүүлээгүй байхад банкны гүйлгээнээс шүүлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч “К” ХХК-ийн 2023.02.13-ны өдөр “Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх, авах гэрээ” байгуулсан нь маргаан бүхий үйл явдлын дараа буюу 2022.10.18-ны өдрөөс хойш байгуулсан гэрээний төлбөрийг хохиролд оруулан тооцож байгаа нь үндэслэлгүй, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоож чадсангүй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “Тусгай дугаар” ашигласан гэх төлбөрт нийт 10,004,250 төгрөгийн зардлыг хохиролд тооцсон нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Уг дүнгийн дийлэнх хувийг эзэлж буй Мобиком, Юнител, Колл Про зэрэгт төлсөн гэх төлбөрүүд нь гэрээ, үйлчилгээний тайлан зэргээр нотлогдоогүй. Тухайлбал, Мобикомд төлсөн сар бүрийн 225,000 төгрөгийн төлбөр нь бодит хэрэглээний зардал бус, харин ердийн утасны суурь хураамж болох нь тодорхой байна. Мөн “ДАН” системийн зардалд 2,003,833 төгрөгийг хохирол гэж үзсэн. Гэрээнд зааснаар ДАН-аар нэг баталгаажуулалт хийх хөлс нь 71 төгрөг юм. Шүүхийн шийдвэрлэсэн 2,003,833 төгрөгийг гэрээний тариф болох 71 төгрөгт хуваавал, нэхэмжлэгч нийт 28,223 удаагийн гүйлгээ хийсэн мэтээр тооцсон байна. Сайн скортой байгуулсан “ЗМС”-ийн зардалд 16,671,900 төгрөгийг хохирол гэж тооцсон нь хавтаст хэрэгт баримтаар нотлогдсон баримт байхгүй бөгөөд гэрээнд зааснаар ЗМС-ийн нэгж лавлагааны хөлс 1,000 төгрөг юм. Шүүхийн шийдвэрлэсэн 16,671,900 төгрөгийг гэрээний тариф болох 1,000 төгрөгт хуваавал, нэхэмжлэгч нийт 16,672 удаагийн лавлагаа хийсэн мэтээр тооцсон байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Сайн скор Хэрэглэгчийн гэрээ, Мэдээлэл нийлүүлэх гэрээ, 3 дугаар хавтаст хэрэгт Юнивишн, Скайтел Мобиком, Жимобайл зэрэг үүрэн холбооны операторуудтай байгуулсан мессеж тусгай дугаарын үйлчилгээний гэрээнүүд байгаа болно. Нэхэмжлэгч байгуулсан гэрээний нөхцөлд заасан хэрэглэгчийн хандах эрхээр өөрийн авсан зээлдэгчийн лавлагааны тайлан гаргаж авах зээлийн мэдээллийн санд өөрийн нийлүүлсэн мэдээллийн лавлагааг гарган авах, тусгай дугаарын үйлчилгээний хэрэглэгчийн илгээсэн мессеж мэдээллийн баазыг үйлчилгээ үзүүлэгч үүсгэх, үүнд хандах эрхийг хэрэгжүүлэх, биллингийн буюу хэрэглэгчтэй холбоотой төлбөрийг нэхэмжлэх, төлбөрийг нөхөн барагдуулах, найдваргүй авлагын алдагдал хүлээх зэрэг хэрэглэгчтэй холбоотой тооцоог бүрэн хариуцан ажиллах үүргийг үйлчилгээ үзүүлэгч хариуцан ажиллах нөхцөл тусгагдсан байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг зөв дүгнэсэн гэж үзэж байна.

4.3 Шат шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2022.04.06-ны өдрийн 160-р тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудыг маргаанд хамааралгүй мэтээр цаг хугацааны хувьд буруу тайлбарлаж дүгнэсэн тухайд;

Санхүүгийн зохицуулах хорооны 2022.04.06-ны өдрийн 160 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 1.1-д “... энэхүү журмын зорилго нь ... дэвшилтэд технологи ашиглан цахимаар зээлийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлага, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2.1.4-т “харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг байх”, 3.3.5-д “харилцагчийн нууцлал, аюулгүй байдал”, 3.11.8-д “хороонд бүртгэгдээгүй финтек зээлийн бүтээгдэхүүн гаргах”-г хориглож, мөн журмын 4.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дэвшилтэд технологийн шийдэл ашиглан цахим зээлийн бүтээгдэхүүн гаргах тохиолдолд санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ” гэж, 4.4-т “финтек зээлийн бүтээгдэхүүн гаргахад мэдээллийн технологийн хувьд дараах шаардлагыг хангасан байна.” 4.4.1-д “Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэж баталгаажуулсан байх”, 4.4.2-т “MNS ISO/IEC 27001:2021 стандартыг хангасан Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэж баталгаажуулсан байх” гэж заасан бөгөөд энэхүү журмын заалтууд 2022.10.18-ны өдөр буюу маргаан бүхий үйл явдал болсон үед хүчин төгөлдөр хэрэгжиж, үйлчилж байсан. Гэвч шүүхээс 2023.01.25-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 36 дугаар тогтоолоор орсон өөрчлөн найруулсан заалтыг үндэслэн цаг хугацааны хувьд хойно буюу хамааралгүй гэж буруу дүгнэсэн.

Нэхэмжлэгч “К” ХХК нь финтек зээлийн бүтээгдэхүүн болох “Т”-ийг гаргахдаа Санхүүгийн зохицуулах хороонд урьдчилж бүртгүүлээгүй, тусгай зөвшөөрөл авалгүйгээр зээлийн шугам нээж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдээгүй финтек зээлийн бүтээгдэхүүн гаргахыг журмаар хориглосон байтал хууль, журамд заасан шаардлагыг зөрчиж, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн гаргасан нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийг шүүх шийдвэр гаргахдаа дүгнээгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн зарчмыг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь нэхэмжлэгч “К” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны банк бус санхүүгийн байгууллагын газарт 2022.12.19-нд дугаар 2023/56 тоот “финтек зээлийн үйл ажиллагааг бүртгүүлэх хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгээр “Т” нэртэй финтек зээлийн бүтээгдэхүүн бүртгүүлэх хүсэлтийг гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооноос журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа учир бүртгэхээс татгалзсан хариуг удаа дараа ирүүлж байсан ба Санхүүгийн зохицуулах хорооны 2024.02.21-ний 7/632 тоот албан бичгээр финтек зээлийн бүтээгдэхүүнээр бүртгэж авсан энэхүү үйл баримтыг маргаан бүхий үйл явдал болсон өдөр болох 2022.10.18-ны өдөртэй цаг хугацааны хувьд болон хэргийн бодит үйл баримттай харьцуулан дүгнэлт хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “К” ХХК-ийн үйл ажиллагаа “Санхүүгийн зохицуулах хорооны 2022.04.06-ны өдрийн 160 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ийн дагуу 2024.02.21-ний өдрөөс эхэлсэн гэдгийг шүүх анхаарч үзээгүй.

4.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх заалтад заасан “эрх зүйн шинэ ойлголт” гэхэд маргаан бүхий үйл баримт болох “эрх зүйн шинэ тутам харилцаа” гэх ойлголтод хамааралгүй, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, тогтоогүй тухайд:

Нэхэмжлэгч “К” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022.08.10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авч, 2022.09.09-ний өдөр улсын бүртгэлд “К” ББСБ ХХК-г бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрөл авсан хугацаанаас авч үзвэл 2 сар хүрэхгүй хугацаанд зээлийн үйл ажиллагаа тэр дундаа хэрэглээний зээл болох финтек зээлийг олгосон гэх бөгөөд нэхэмжлэлдээ 17,224 хэрэглэгчтэй, 12,340 харилцагчтай, 5,124 зээлдэгч түүнээс 3,306 идэвхтэй зээлдэгчтэй бөгөөд хэрэглэгч тус бүрд 90-100 төрлийн мэдээлэл байдаг гэж дурдсан боловч энэ талаар хангалттай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч гаргаж өгөөгүй.

Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т заасны дагуу эрх зүйн шинэ тутам үүссэн харилцаа, шинэ ойлголтод хамаарна гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлах боловч хариуцагчийн үзүүлж буй сервер түрээсийн үйлчилгээ нь шинэ зүйл биш виртуал буюу биет бус серверийн үйлчилгээг нийтэд санал болгон үзүүлж байгаа болно.

Харин нэхэмжлэгч компанийн үзүүлж буй Финтек зээлийн үйл ажиллагаа нь маргаан бүхий үйл явдал болсон даруй Санхүүгийн зохицуулах хорооноос дүрэм, журмыг гаргаж мөрдүүлсэн шинэ тутам харилцаа байсан. Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй, кибер аюулгүй байдлын үнэлгээ хийлгээгүй аппликейшнаар, ББСБ-ын тусгай зөвшөөрлийг аваагүй байхдаа төрийн мэдээллийн танилт нэвтрэлтийн системийн эрхийг холбогдох төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан холбуулсан болон зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ эрхлэгч Сайн скороор дамжуулан зээлдэгчийн лавлагаа авах мэдээлэл нийлүүлэх хандах эрх нээлгэж ашигласан байдаг. Төрийн болон албаны нууц, хүний хувийн мэдээлэл хуулиар хамгаалагдсан байхад тусгай зөвшөөрөлгүй этгээд бусдаар дамжуулан мэдээлэлд хандан хууль бусаар мэдээлэл цуглуулсан, ашигласан, хадгалсан нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан байна. Энэхүү асуудлыг нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад хамаарахгүй хэмээн хайнга орхиж, дүгнэхгүй өнгөрөөж болохгүй бөгөөд энэ талаар шүүхээс тодорхой дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.06.06-ны өдрийн 210/МА2025/00999 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.31-ний өдрийн 191/ШШ2025/02662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.09.11-ний өдрийн 001/ШХТ2025/00825 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “А” ХК-д холбогдуулан анх 305,628,766 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 265,997,512 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгаж, үндэслэлээ “... “А” ХК нь “Cloud.mn үйлчилгээний гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 9, 14, 16-д тус тус заасан үүргээ биелүүлэлгүй, түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 2022.10.18-ны өдөр манай байгууллагын чухал мэдээлэл буюу албан ёсны бүртгэлтэй 17,224 хэрэглэгч, бидэнтэй зээлийн гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн 12,340 харилцагч, 5,124 зээлдэгч, идэвхтэй зээлийн харилцаа үүсгэсэн 3,306 зээлдэгчийн бүрэн мэдээлэл, манай компанийн хуулийн дагуу Төрийн мэдээллийн нэгдсэн сангуудаас төлбөр төлж авсан 17,224 харилцагчийн бүрэн мэдээллүүд, албан ёсны ухаалаг системийн тусламжтайгаар 12,340 харилцагчийн санхүүгийн чадавхад хийсэн скорингийн цуврал мэдээллүүдийг агуулсан “Үндсэн дата мэдээлэл” устаж, үгүй болсноор манай компанид хохирол учруулсан ба … 17 мянган хэрэглэгчийн мэдээллийг дахин бүрдүүлэхэд гарсан зардал нь 70,979,731 төгрөг, алдагдсан боломж буюу хэрэглэгчийн эрсдэлийг дахин үнэлэхэд гарсан зардал 14,195,946 төгрөг, зээлдэгч нартай холбоо барьж ...зээлийг буцаан төлүүлж чадаагүй эргэж холбогдох боломжгүй болсон 93,696,111 төгрөг, мэдээлэл алдаатай буруу болоод хүү, шимтгэлийн орлого авах боломжгүй болж 25,117,455 төгрөг, үйл ажиллагаа зогссон тул зээлдэгч нарт мэдээлэл өгөх боломжгүй болж зээл олгож байсан бол олох байсан орлого 22,000,000 төгрөг, манай ажилтан АНУ уруу явсан зардал 27,362,734 төгрөг, шинээр 14 ажилтан ажиллуулсан 12,645,535 төгрөг, маркетингийн зардал буюу хэрэглэгчтэй холбогдож нэмэлт зардал гаргасан тул нийт 265,997,512 төгрөг шаардана.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “А” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...манай компани буруутай болохыг тогтоосон зүйл байхгүй, гэрээний заалтууд зөрчигдсөн тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй, бид урьдчилсан байдлаар үүссэн асуудлыг системийн шинэчлэл хийгдэх явцад технологийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэх дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, бидний зүгээс манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, компанийн буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний 2.8 дахь заалтад “Нөөцлөлт (bаскuр) буюу ... нөөцлөлтийн үйлчилгээг аваагүй байсан. ...Энэ нөхцөлд үйлчлүүлэгч нь үүсэж болох эрсдэлийг өөрөө хариуцах талаар гэрээний 5.13 дахь хэсэгт заасан. ...Хэрэв хэрэглэгч өөрийн мэдээллийг нөөцөлж хадгалж байсан бол мэдээлэл бүрэн устахгүй, дахин татаж авах, ашиглах боломжтой байх байсан. ...Нэхэмжлэгч компани нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхгүйгээр, хууль, журамд заасан шаардлагуудын хангахгүйгээр ...цахим зээлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулж байсан,  ...хохирлын талаар гаргасан баримт нь үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй. ...Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу шаардаж байгаа зүйл нь мэдээлэл устсан болон гэрээтэй ямар холбоотой нь тодорхойгүй. ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...зохигч үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх гэрээг цахимаар байгуулсан, түүний агуулгын талаар маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр, ... Cloud үйлчилгээ үзүүлэх гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн харилцагч нарт цахим зээлийн үйлчилгээ үзүүлэх программ, түүнд суурилсан дата мэдээллийг хариуцагчийн серверийн тодорхой хэсэгт хадгалуулах, улмаар төлбөр төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчийн серверт түрээсэлсэн зайнд өөрийн харилцагчдад цахим зээлийн үйлчилгээг холбогдох программ, түүнд суурилж хадгалагдсан мэдээллээр дамжуулан зээлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан, ... улмаар 2022.10.18-ны өдрийн 02 цаг 00 минутад уг программ нь мэдээллийн хамт устгагдсан болох нь “М” ХХК-ийн 2024.05.30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. … хариуцагчийн серверт хадгалагдаж байсан цахим зээлийн үйл ажиллагаанд зориулагдсан программ, түүнд суурилсан мэдээлэл устсан үйл явдалд хариуцагч буруутай гэдэг нь тогтоогдоогүй, учирсан гэх хохирлын зарим нь маргаж буй үйл явдалд хамааралгүй, зарим нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, зарим нь нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагааны зардал байна. Нэхэмжлэгч нь цахим зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан гэх хариуцагчийн тайлбарын хувьд энэ нь маргааны зүйлд хамааралгүй. Учир нь энэ хэрэг нь цахим зээлийн үйл ажиллагааны явцад серверт хадгалагдаж байсан программ, холбогдох мэдээлэл устсантай холбоотой бөгөөд харин цахим зээл олгохтой буюу зээлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан биш. ...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ “...гэрээгээр нэг талаас нийлүүлэгч нь хэрэглэгчид клауд үйлчилгээ, клауд виртуал сервер үүсгэх үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн үүсгэсэн клауд виртуал серверийн CPU, RAM-ны ажиллагаа, дискний багтаамж, сүлжээний холболтын найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллах, нөгөө талаас хэрэглэгч нь үүсгэсэн клауд виртуал серверт мэдээллээ хадгалж, төлбөр төлөхөөр тохиролцсон, гэрээний зүйл нь үйлчилгээ үзүүлэх байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй ба … клауд виртуал серверт хадгалагдаж байсан нэхэмжлэгч “К” ХХК-ийн мэдээлэл 2022.10.18-ны өдөр устсан явдал нь “А” ХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалсан буюу ... “А” ХК нь 2022.10.18-ны өдөр системийн шинэчлэл хийхдээ клауд үйлчилгээний найдвартай ажиллагааг хангаж ажиллаагүйгээс “К” ББСБ ХХК-ийн үүсгэсэн клауд виртуал сервер дэх мэдээлэл устсан гэж үзлээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар ... хариуцагч “А” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ... тул нэхэмжлэгч “К” ХХК нь хохирол төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт ... зааснаар хариуцагчийн үүргийн зөрчилтэй шалтгаант холбоотой, мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд хохиролд 41,440,568 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь мэдээлэл устсан даруйд мэдээллийг сэргээхтэй холбоотойгоор 14 хүнийг хөлсөөр ажиллуулж байгаа талаар 2022.10.22-ны өдөр цахим шуудангаар хариуцагчид мэдэгдсэн, мөн 14 иргэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ хэрэгт авагдсан тул тэдэнд кассын зарлагын ордер үйлдэн урьдчилгаанд төлсөн 2,580,000 төгрөг, түүнчлэн “Х” ХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн ... дансны хуулгыг үндэслэн ажлын хөлсний үлдэгдэл, ЗМС, ДАН үйлчилгээний төлбөр, тусгай дугаарын үйлчилгээ болон интернэтийн төлбөр зэрэг зардалд шилжүүлсэн нийт 38,860,568 төгрөгийг (2022 оны 10  сард 2,366,250 төгрөг, 11 сард 7,224,012 төгрөг, 12 сард 4,329,394 төгрөг, 2023 оны 01 сард 15,806,424 төгрөг, 02  сард 9,134,488 төгрөг) тус тус хохиролд тооцов. АНУ-д суралцаж байсан ажилтан Ж.Нийг ирүүлсэн тийзний зардлыг хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотой гарсан зайлшгүй зардал гэж үзэхгүй, бусад хохирлын хувьд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хангах үндэслэлгүй болно.” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйг харилцааг зөрүүтэй тодорхойлж, ялгаатай шийдэл гаргасан байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

12. Хэргийн баримтаар нэхэмжлэгч “К” ХХК болон хариуцагч “А” ХК нь 2022 оны 09 дүгээр сард “CLOUD үйлчилгээ үзүүлэх” гэрээг цахимаар байгуулсан, гэрээгээр нийлүүлэгч буюу хариуцагч нь өөрийн CLOUD.mn системд хэрэглэгч буюу нэхэмжлэгчийн үүсгэсэн клауд виртуал сервер /цаашид үүлэн технологид суурилсан виртуал сервер гэх/-ийн орчинд файл хадгалах, аппликейшн платформ болон бусад төрлийн үүлэн технологид суурилсан үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгч сарын хэрэглээгээр төлбөр төлөхөөр тохиролцсон ба 2022.10.18-ны өдрийн 02 цаг 00 минутад хариуцагч “А” ХК-ийн үүлэн технологийн дэд бүтцэд суурилсан виртуал серверээс нэхэмжлэгч “К” ХХК-ийн мэдээлэл /цахим өгөгдөл/ устсан үйл баримт тогтоогджээ.

13. Зохигч энэхүү үүлэн технологид суурилсан виртуал сервер дэх нэхэмжлэгчийн мэдээлэл /цахим өгөгдөл/ устсан явдалд хариуцагч буруутай эсэх, улмаар хохирол төлөх болон хохирлын хэмжээний талаар маргасан.

14. Анхан шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ нэхэмжлэгч өөрийн үйл ажиллагаанд хамаарах мэдээллийг хариуцагчийн серверийн тодорхой хэсэгт буюу зайнд хадгалуулах, үүнд төлбөр төлөхөөр тохиролцсон шинжийг үндэслэсэн бол давж заалдах шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэхдээ нэг талаас үүлэн технологид суурилсан виртуал сервер үүсгэх үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн үүсгэсэн виртуал серверийн найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллах, нөгөө талаас хэрэглэгч нь үүсгэсэн  виртуал серверт мэдээллээ хадгалж, төлбөр төлөхөөр тохиролцсон буюу гэрээний зүйл нь үйлчилгээ үзүүлэх гэж дүгнэжээ.

15. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 359 дүгээр зүйлийн 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.”гэж тус тус заасан.

16. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар “… үгийн шууд утгыг анхаарах”, “…хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах” бөгөөд улмаар гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т зааснаар “… түүний үгийн шууд утгыг анхаарах …”, “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.”

17. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д “Энэхүү гэрээгээр нийлүүлэгч тал нь хэрэглэгчийн захиалгын дагуу “CLOUD” үйлчилгээнд ... бүртгэлтэй аккаунттай хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхэд үүсэх харилцааг зохицуулна.” гэж, үйлчилгээний нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 2-т “Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч болон CLOUD.mn системийн хооронд зөвшөөрөгдсөн байх бөгөөд CLOUD.mn-ний бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.”, 3-т “CLOUD.mn-ний хэрэглэгчид тус үйлчилгээг зөвхөн цахим хэлбэрээр үзүүлэх байнгын ажиллагаатай платформ байна.“, гэрээний 2.1-д “ ... “Клауд Виртуал Сервер” гэж үүлэн технологид суурилсан виртуал сервер, файл хадгалах үйлчилгээ, аппликейшн платформ болон бусад төрлийн клауд үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий системийг нийтэд нь хэлнэ.”, 4.9-д “Нийлүүлэгч нь үйлчилгээний найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй. Үүнд: 4.9.1. Хэрэглэгчийн үүсгэсэн клауд виртуал серверийн CPU, RAM-ны найдвартай ажиллагаа, 4.9.2. Дискний багтаамж, 4.9.3. Сүлжээний найдвартай холболт”, 4.14-т “Нийлүүлэгч нь хэрэглэгчид өөрийн үүсгэсэн клауд виртуал серверийг системээс бүрэн хянах боломжийг олгох үүрэгтэй. Үүнд: 1. Клауд виртуал серверийн асаалттай болон унтарсан төлөв, 2. CPU-ны ашиглалт; 3. Санах ойны ашиглалт, 4. Дискний унших хурд, 5. Мэдээлэл урсах сүлжээний хурд;”, үйлчилгээний нөхцөлийн 7 дугаар зүйлийн 5-д “Cloud нь хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар болон зөвшөөрөлгүйгээр гуравдагч талд алдах, устгах, нэвтрэх, өөрчлөх, нийтэд түгээхээс сэргийлж техникийн болон менежментийн хамгаалалтын арга хэмжээнүүд авч ажилладаг ба тогтмол хяналтаас үл хамааран учирч болох бүх аюул, цахим халдлагаас бүрэн хамгаалах нь боломжгүй зүйл гэдгийг тус гэрээг байгуулагч талууд ойлгож зөвшөөрсөн болно.” гэж заасан.

18. Дээрх гэрээний агуулга болон зохигчийн тайлбараас талуудын хүсэл зоригийн илэрхийллийг авч үзвэл нэхэмжлэгч “К” ХХК нь хэрэглэгч бөгөөд цахим зээлийн үйл ажиллагаа явуулахдаа үүнд хамаарах мэдээллийг нийлүүлэгч буюу хариуцагч “А” ХХК-ийн CLOUD.mn үүлэн технологид суурилсан виртуал серверт байршуулж, хадгалж, ашиглах зорилготой байна.

Өөрөөр хэлбэл, “CLOUD.mn”-ийг ашиглан үүлэн технологид суурилсан виртуал серверт мэдээлэл байршуулж байгаа шинжээрээ буюу хэрэглэгч программ хангамжийг биетээр хүлээн авдаггүй ч интернэтээр дамжуулан нэвтрэх, ашиглах эрхтэй ба мөн программ хангамж нь үйлчилгээ үзүүлэгчийн сервер дээр биежсэн байдлаар оршиж байдгаараа түрээсийн гэрээний аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх шинжийг агуулсан байж болно.

Гэхдээ хэрэглэгч интернэтээр дамжуулан программ хангамжийг ашиглаж байгаа хэдий ч гэрээний 2.4, 2.5-д зааснаар файл хадгалах буюу хэрэглэгч өөрийн дата, мэдээллийг /цахим өгөгдөл/ үүлэн технологийн орчинд найдвартай хадгалах, байршуулах үйлчилгээ, аппликейшн платформ буюу хэрэглэгч өөрийн программ хангамжийг нийлүүлэгчийн найдвартай, үл тасалдах, үүлэн технологид суурилсан виртуал серверийн орчинд байршуулах үйлчилгээ зэрэг нь нийлүүлэгчээс хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээнд хамаарч байгаагаас үзэхэд гэрээг бүхэлд нь түрээсийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөө талаас дээрх үйлчилгээнүүд нь дангаараа гэрээний агуулга, гол шинжийг илэрхийлэхгүй, тухайлбал файл хадгалах үйлчилгээний хувьд мэдээллийг байршуулахаас гадна мэдээлэл байрших орчин нь найдвартай байх, улмаар энэ нь хадгалах шинжийг агуулахаар байгаа учраас зөвхөн үйлчилгээ үзүүлэх шинжээр нь хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэх боломжгүй.

Түүнчлэн гэрээнд зааснаар хариуцагч “А” ХХК нь нийлүүлэгч буюу программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч болохынхоо хувьд өөрийн сервер дээр хадгалагдсан программ хангамжийг хэрэглэгчид интернэтээр дамжуулан ашиглуулах, мэдээллийн хадгалалт, системийн засвар үйлчилгээ зэрэг дагалдах үйлчилгээ ч үүнд хамаарах агуулга тусгагдсан.

Дээрх байдлаар талуудын байгуулсан гэрээ нь түрээс, хадгалалт, хөлсөөр ажиллах, худалдах-худалдан авах зэрэг ийнхүү олон янзын хэлбэртэй боловч эдгээрийн аль нэг нь дангаараа давамгайлсан шинжгүй тул Иргэний хуульд заасан тодорхой нэг гэрээний төрөлд бүхэлдээ хамаарахгүй байна.

Иймээс талуудын хүсэл зоригийн илэрхийллийг гэрээг тайлбарлах зарчмын хүрээнд тодорхойлбол талуудын тохиролцоо нь Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч үүргийн үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий хэлцэл байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ гэж үзлээ. 

19. Нэрлэгдээгүй гэрээнд үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарах бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” зарчимтай.

20. Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүлэн технологид суурилсан виртуал сервер дэх мэдээлэл /цахим өгөгдөл/ нь устаж, хохирол учирсан гэж тодорхойлж, уг шалтгаанаар талууд гэрээг цуцалсан болох нь тогтоогдсон.  

21. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

22. Хэрэгт авагдсан “М” ХХК-ийн 2024.05.30-ны өдрийн №ШД-2024/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. “А” ХК-ийн Клауд виртуал серверээс гаргаж авсан лог файлаас үзэхэд “К” ХХК-ийн мэдээлэл 2022.10.08-ны өдрийн 02 цаг 00 минут 23 секундэд устсан байна. 2. “А” ХК-ийн Клауд виртуал сервер дэх “К” ХХК-ийн мэдээлэл “К” ХХК, эсвэл “А” ХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж устсан эсэхийг тогтоох боломжгүй байна. ...” гэжээ.

Иймээс гэрээний агуулга, зорилго, талуудын эрх, үүрэгт нийцүүлэн “А” ХК-ийн үүлэн технологийн дэд бүтэц дээрх виртуал сервер дэх “К” ХХК-ийн мэдээлэл /цахим өгөгдөл/ устсан явдалд зохигчийн хэн аль нь буруутай болохыг буюу үүргээ зөрчсөн эсэхийг гэрээний эрх зүйн зохицуулалтын зарчмаар дүгнэнэ.

23. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд нийлүүлэгчийн эрх, үүргийг тусгахдаа 4.5-д “Хэрэглэгчийн ашиглаж буй үйлчилгээнд дэд бүтцийн доголдол саатал, гэмтэл гарсан тохиолдолд хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр яаралтай арга хэмжээ авах, дахин ачаалуулах, түр зогсоох эрхтэй.” 4.6-д “Хэрэглэгчийн серверт ноцтой зөрчил, гэмтэл саатал илэрсэн тохиолдолд нийлүүлэгч нь үйлчилгээг зогсоож хэрэглэгчид мэдэгдэл илгээх, энэхүү гэрээнд заасан бусад эрхийг эдлэх ба нийлүүлэгч нь хариуцлага хүлээхгүй.”, 4.9-д “Нийлүүлэгч нь үйлчилгээний найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй. Үүнд: 1. Хэрэглэгчийн үүсгэсэн клауд виртуал серверийн CPU, RAM-ны найдвартай ажиллагаа, 2. Дискний багтаамж, 3. Сүлжээний найдвартай холболт”, 4.14-т “Нийлүүлэгч нь хэрэглэгчид өөрийн үүсгэсэн клауд виртуал серверийг системээс бүрэн хянах боломжийг олгох үүрэгтэй” гэж тус тус заасан.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн дээрх үүрэг буюу үйлчилгээний найдвартай ажиллагааг хариуцан ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн CLOUD.mn үүлэн технологид суурилсан виртуал серверт байршуулсан мэдээлэл /цахим өгөгдөл/ устсан гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан “CLOUD үйлчилгээ үзүүлэх” гэрээнд “Клауд Виртуал Сервер”, “Файл хадгалалтын үйлчилгээ”, “аппликейшн платформ” гэдгийг тус тус тодорхойлсон агуулгаас болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд хэрэглэгчийн дата, мэдээллийг үүлэн технологийн орчинд түүнд суурилсан виртуал серверт байршуулах, найдвартай хадгалах зэрэг нь хариуцагчаас нэхэмжлэгчид үзүүлэх үйлчилгээнд хамаарах гол нөхцөл байна.

Хариуцагч нь уг үйлчилгээг үзүүлэхдээ гэрээний 4.9-д зааснаар үйлчилгээний найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллахаар үүрэг хүлээсэн нь гэрээний хугацаанд хэрэглэгч уг гэрээгээр тохиролцсон үйлчилгээг саадгүй авах боломжийг хариуцагч олгож байх үүрэгтэй гэж үзэх тул нэхэмжлэгчийн CLOUD.mn үүлэн технологид суурилсан виртуал серверт байршуулсан мэдээлэл устаж дээрх үйлчилгээг авах боломжгүй болсон явдалд хариуцагчийг уг үүргээ зөрчсөн гэж үзнэ.

24. Хариуцагч өөрийгөө буруугүй гэж үзэхдээ нэхэмжлэгчийг гэрээнд зааснаар нөөцлөх үйлчилгээг нэмэлтээр аваагүй тул мэдээллийг хадгалах, аюулгүй байдал болон бусад үр дагаврыг хариуцахгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Талуудын байгуулсан гэрээний болон үйлчилгээний нөхцөлийн 2 дугаар зүйлийн 8-д “Нөөцлөлт “backup” гэж хэрэглэгч өөрийн үүсгэн ашиглаж буй клауд виртуал серверийн дискийн мэдээллийг нэг долоо хоногт нэг удаа буюу сүүлийн дөрвөн долоо хоног төлбөртэй хадгалах үйлчилгээг хэлнэ.”, үйлчилгээний нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 5-д “Хэрэглэгч системд хандаж серверийн дискийн мэдээллийг хэрэглэгчийн төвшнөөс хамааруулан нөөцөлнө: ...”, үйлчилгээний нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 6, гэрээний 4.8-д “Хэрэглэгч үүсгэсэн клауд виртуал серверийнхээ нөөцлөлтийг /үйлчилгээг нийлүүлэгчээс аваагүй тохиолдолд/ хийгээгүйгээс үүдэн гарах аливаа үр дагавар, асуудал, доголдол, учирсан хохирол зэрэгт нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.” гэж заасан.

Энэхүү гэрээний онцлог нь нийлүүлэгчийн үүлэн технологийн дэд бүтэц дээрх виртуал серверийг хэрэглэгч саадгүй ашиглаж байх нөхцөлийг хангах үүргийг нийлүүлэгч хүлээдэг бөгөөд энэ утгаараа нийлүүлэгч системийн найдвартай байдлыг хангах ёстой.

Гэтэл виртуал серверт байршсан мэдээлэл /цахим өгөгдөл/ устсанаар хэрэглэгч гэрээгээр тохирсон үйлчилгээг авах боломжгүй болсон нь гэрээний үндсэн үүрэг зөрчигдсөн гэж үзэх ба уг нөхцөл байдал нь нөөцлөх үйлчилгээтэй хамааралгүй байна. 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнд заасан нөөцлөх үйлчилгээг нэмэлтээр аваагүйгээс хариуцагч мэдээллийг хадгалах үүрэг хүлээгээгүй гэж үзэхгүй.

25. Гэрээний 5.13-т хэрэглэгч нь нийлүүлэгч талаас санал болгосон нөөцлөх үйлчилгээг ашиглахгүй тохиолдолд өөрийн сервер доторх мэдээллийн аюулгүй байдал, гадна халдлагаас үүсэн гарах эрсдэлийг өөрөө хариуцахаар заасан.

Мөн гэрээний 5.10-т “хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн клауд виртуал серверийн дотоод үйл ажиллагаа, шинэчлэлт, нөөцлөлт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, асуудлыг бүрэн хариуцаж засварлах үүрэгтэй, үүнд: 1. Үйлдлийн системийн найдвартай ажиллагаа, 2. Программ, хангамжийг хадгалж буй өгөгдөл, 3. Программ хангамжийн шинэчлэлт сайжруулалт, 4. Программ хангамжийн лиценз, 5. Программ хангамж ажиллах орчин, 6. Нээлттэй сүлжээний портууд, 7. Мэдээлэл дамжуулах нууцлал” хамаарахаар гэрээнд зааснаас гадна нийлүүлэгч нь эдгээр виртуал сервер доторх үйл ажиллагаа, тохиргоо хэрэглээнд хариуцлага хүлээхгүй байхаар гэрээний 4.12-т заажээ.

Эндээс үзвэл хэрэглэгчийн өөрийн сервер доторх мэдээллийн аюулгүй байдал, гадна халдлагаас үүсэн гарах эрсдэлийг хариуцах үүрэг нь өөрийн сервер доторх мэдээлэл, дотоод үйл ажиллагаанд буюу дээр заасан үйл ажиллагаанд хамааралтай байна. 

Харин нийлүүлэгч нь хэрэглэгчийн клауд виртуал серверийн доторх дата, мэдээлэл, программ хангамжид хандах, харах эрхгүй боловч гэрээний 4.14-т зааснаар хэрэглэгчид өөрийн үүсгэсэн үүлэн технологид суурилсан виртуал серверийг системээс бүрэн хянах боломжийг олгох үүрэгтэй.

Энэ нь хариуцагчийн үүлэн технологид суурилсан дэд бүтэц дээрх виртуал серверээс “К” ХХК-ийн мэдээлэл /цахим өгөгдөл/ устсан явдалд нэхэмжлэгч буруутай гэж үзэх буюу түүний гэрээгээр хүлээсэн дээрх үүрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй.

26. Харин хариуцагч “А” ХК нь гэрээний үүрэг зөрчсөн буруугүй болохоо нотлоогүй боловч системийн шинэчлэл хийхдээ дээрх алдааг гаргасан талаар давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй байна.

Тодруулбал, талууд мэдээлэл устсан талаар харилцан ярилцаж, нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд доголдол үүсгэснээ хариуцагч хүлээн зөвшөөрч, устгагдсан мэдээллүүдийг сэргээх талаар зарим арга хэмжээ авсан, хохирлыг тохиролцож шийдвэрлэхээр хэлэлцсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар болон хэргийн бусад баримтаар үүлэн технологид суурилсан дэд бүтэц дээрх виртуал сервер дэх нэхэмжлэгчийн мэдээлэл устсан нь хариуцагч системийн шинэчлэл хийх явцтай холбоотой болох нь тогтоогдоогүйгээс гадна шинжээчийн дүгнэлтэд устгах /delete/ үйлдэл хийгдсэн гэж тэмдэглэгдсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй тул энэ дүгнэлтийг залруулна.

27. Дээрх байдлаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч нь хохирол төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

28. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хэрэглэгчийн мэдээллийг дахин бүрдүүлэхэд болон хэрэглэгчийн эрсдэлийг дахин үнэлэхэд гарсан зардал, зээлдэгч нартай холбоо барьж, зээлийг буцаан төлүүлэх боломжгүй болсон, мэдээлэл алдаатай буруу болоод хүү, шимтгэлийн орлого авах боломжгүй болсон, олох байсан орлого, ажилтан АНУ-аас авчирсан зардал, хөлсөөр ажиллах гэрээний дагуу төлсөн хөлс зэрэг нийт 265,997,512 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд хохиролд тооцон, нийт 41,440,568 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т нийцсэн, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь устсан мэдээллийг сэргээхтэй холбоотойгоор 14 хүнийг хөлсөөр ажиллуулсан, Зээлийн мэдээллийн сан, ДАН үйлчилгээний төлбөр, тусгай дугаарын үйлчилгээ болон интернэтийн төлбөр зэрэгт зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон, эдгээр нь хариуцагчийн гаргасан үүргийн зөрчилтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

29. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг Санхүүгийн зохицуулах хорооноос  зөвшөөрөл авалгүйгээр цахим зээлийн /финтек/ үйл ажиллагаа явуулсан тул аливаа гарсан эрсдэлийг хариуцахгүй гэж мэтгэлцсэн ба хэргийн баримтаар нэхэмжлэгч “К” ХХК нь 2022.08.10-ны өдөр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авсан, харин нэхэмжлэгч 2022.12.02-ны өдөр кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэж, “Т” аппликейшныг санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх хүсэлтээ гаргасан боловч “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь шаардлага хангаагүй үндэслэлээр финтек зээлийн бүтээгдэхүүнийг бүртгэх асуудлыг хойшлуулж, улмаар “Т” аппликейшнийг 2024.02.20-ны өдөр финтек зээлийн бүтээгдэхүүнээр бүртгэсэн.

Мөн Кибер аюулгүй байдлын тухай хууль 2021.12.07-ны өдөр батлагдаж, 2022.05.01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.14-т заасан “дата төв, түүний салбар болон нөөц төвийн үйл ажиллагаа хариуцсан байгууллага” гэсэн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хариуцагч “А ХК” нь Монгол Улсын Засгийн газрын 2022.05.25-ны өдрийн 207 дугаар тогтоолоор баталсан “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт”-ын 202-т тусгагдсан.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “кибер аюулгүй байдал” гэж кибер орчинд мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдал хангагдсан байхыг хэлэх бөгөөд хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч хэн аль нь үйл ажиллагаандаа кибер аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байна.

Гэхдээ Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “кибер орчин” гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг;” 4.1.4-т “бүрэн бүтэн байдал” гэж мэдээллийг зөвшөөрөлгүй устгах, өөрчлөхөөс хамгаалсан байхыг;” 4.1.5-т “нууцлагдсан байдал” гэж мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, нэвтрэх боломжгүй байхыг; 4.1.6-д “хүртээмжтэй байдал” гэж зөвшөөрөгдсөн хүрээнд мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, ашиглах боломжтой байхыг;” тус тус хэлэхээр зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд мэдээллийн бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал нь алдагдсан байх бөгөөд үүнийг хангах үүрэг нь гэрээгээр хариуцагчид байсан. 

Иймээс хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүйн гадна нэхэмжлэгчийн цахим зээлийн тусгай зөвшөөрөл аваагүй байсан явдал хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

30. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2025/00999 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “А” ХК-аас 41,440,568 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 224,556,944 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,686,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 365,153 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “А” ХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.01-ний өдөр төлсөн 357,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД