Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2309

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02130 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд нийт 417 841 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Норовсамбуу, Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд худалдагч тал манай компанид 2 500 ширхэг таблетийг нийлүүлэх, нөгөө талаас манай компанийн зүгээс тус бүрийг нь 260 ам.доллараар үнэлж, 650 000 ам доллар шилжүүлэх гэрээг байгуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан. “С” ХХК-ийн зүгээс 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 195 000 ам.доллар, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл 70 хувь буюу 455 000 ам.доллар буюу нийт 650 000 ам.долларыг хариуцагч талд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээнд бараа нийлүүлэх хугацааг тодорхой заасан бөгөөд хариуцагч тал хугацаа хэтрүүлж 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 140 ширхэг таблет, 7 дугаар сарын 09-ний өдөр 900 ширхэг таблет, 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 700 ширхэг таблет, 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 785 ширхэг таблет тус тус нийлүүлж, эцсийн байдлаар 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүрэн нийлүүлж дууссан. 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр компанийн зүгээс гүйцэтгэх захирлын тушаал гарч, смарт таб бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж, нэг бүрийн үнийг нь 490 000 төгрөг байхаар тогтоож, 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зах зээлд худалдсан. Худалдаанд гаргасны дараа тухайн барааг худалдаж авсан хэрэглэгчдийн зүгээс цэнэглэгч тасарсан, цэнэг авдаггүй, баттерей нурсан, компьютерт холбогддоггүй, асч унтардаг, гацдаг, халдаг, “touch screen” товчлуур ажиллагаагүй, сэрүүлэг шиг чимээ гардаг, таблет шатсан, таблет цоожлогдсон, 3G сүлжээнд ордоггүй гэх мэт смарт табын биет байдлын доголдол, чанар стандарттай холбоотой гомдлуудыг компанид гаргаж эхэлсэн. Дээрх гомдлын талаар “М” ХХК-д гомдлын талаар удаа дараа мэдэгдэж, хэлж байсан. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр смарт табыг үйлдвэрлэгч Хятадаас төлөөлөгч, “М” ХХК-ийн төлөөлөгч, “С” ХХК-ийн төлөөлөгч нар оролцоод смарт таблетад хамтарсан шалгалт хийсэн. Шалгалтаар цэнэглэгч тасарсан, гацдаг, асдаггүй, карт уншихгүй, таблет цоожлогдсон, дэлгэц хагарсан, мэдрэгч ажиллахгүй байгаа, цэнэг авдаггүй гэх зэрэг,  5MPX камертай гэсэн боловч 2MPX камертай, 3G сүлжээнд ордоггүй зэрэгт нэг бүрчлэн хамтарсан шалгалт хийж, дүгнэлт гаргаж талууд гарын үсгээ зурж, эвдрэл гэмтэл, биет байдлын доголдолтой, хэвийн ажилладаггүй гомдлууд дээр ажилласан. Хамтарсан дүгнэлтээр 2012 оны 11 дүгээр сарын 09-ний бүх асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэж дуусна гэсэн тохиролцоонд хүрсэн. Тухайн үед “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан н.Болор 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр “М” ХХК-ийн захирал н.Анхбаярт гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Компанийн зүгээс “М” ХХК-д доголдлыг арилгах, өөр бараа бүтээгдэхүүнээр солих санал гаргасан боловч захирлын мэдэгдлийг хүлээн авснаас хойш төлбөрийг шилжүүлээгүй. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдвэрлэгч, худалдагч, худалдан авагч нар байлцаж, смарт таб бүтээгдэхүүнийг биет байдлын доголдолтой гэдгийг тогтоосон. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Nokia баталгаат засварын төвийн хийсэн дүгнэлтээр биет байдлын доголдолтой нь тогтоогдсон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч нар бараа бүтээгдэхүүнийг биет байдлыг доголдолтой гэдгийг хангалттай тогтоосон. Тийм учраас биет байдлын доголдолтой бараа бүтээгдэхүүн 851 ширхэг таблет нийлүүлснийг буцаан өгч, хохирол болох барааны үнэ 325 550 679 төгрөг, хохирол буюу зайлшгүй олох ёстой байсан орлого 92 290 320 төгрөг, нийт 417 841 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно гэсэн. Гэрээнд заасан чанарын шаардлагаараа таблетийг доголдолтой гэж үзэж байгаа бол буруу юм. Шинжээчийн дүгнэлтийг үзвэл илүү гарч байгаа үзүүлэлт ч байгаа, дутуу гарч байгаа үзүүлэлт ч байгаа. Хариуцагчийн зүгээс 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Иргэний хуульд зааснаар гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Гэтэл баталгаат хугацааг оруулан тоолоход 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусч байна. 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 3 жил тоолоход 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусч байна. Хариуцагч энэ хооронд нэхэмжлэл гаргасан гэж байгаа ч хэргийн материалд нэхэмжлэлийг буцаах шийдвэр авагдсан байгаа учир нэхэмжлэл гаргаагүйд тооцогдоно. Мөн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт зааснаар доголдолд үндэслэн шаардах эрхээ алдсан. 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг шилжүүлэн өгсөн байхад сүүлд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шаардлага гаргасан. Тэгэхээр энэ хоёрын хооронд маш удаан хугацаа байна. “С” ХХК нь мэдээлэл холбооны салбарт ашгийн төлөө хуулийн этгээд учраас аж ахуй эрхлэгч гэж үзэж байна. Тиймээс барааг хүлээн авахдаа шалгах үүргээ биелүүлээгүй нь гомдлын дагуу шаардах эрхээ алдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүлээн авахдаа мэдэх боломжтой байсан, мөн хохирол гэх зүйлийг юунд үндэслэж, яаж тодорхойлсон нь хэргийн материалаас харагдахгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 295 955 163.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэгдэл 851 ширхэг таблетийг хариуцагчид буцаан өгч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121 885 837 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 1 637 726 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 247 160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинжээчийн ажлын хөлсөнд 1 400 000 төгрөгийг гаргуулж шинжээч Б.Бүрэнжаргалд 700 000 төгрөг, Ж.Баттогтоход 700 000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу Дэ.Энхцэцэг шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гаргасан боловч шүүгчийг татгалзан гаргах үе өнгөрсөн гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр зохигчийн эрхийг эдлүүлэхгүй, тайлбар хэлэх боломж олголгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон юм. Мөн хариуцагчийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэргийн нотлох баримтаас хасуулж, дахин шинжээч томилуулах болон 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтийг тус тус хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь хариуцагч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Дээрхээс харвал 851 ширхэг таблет тус бүрээр шинжээчийн дүгнэлт гаргах ёстой гэсэн шийдвэрээсээ шүүх буцаж, харин хэргийг яаран шийдвэрлэхийг зорьж буй нь харагддаг. Түүнчлэн хариуцагч талын зүгээс талуудын маргааны зүйл болсон таблетыг эд мөрийн баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шинжээчийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон асуудал гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Ийнхүү хариуцагч талаас удаа дараа гаргасан хүсэлтүүдийг хангаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч талыг өөрийн татгалзлын үндэслэл, тайлбараа нотлох баримтаар нотолж чадсангүй гэж шүүх дүгнэв” гэсэнд, түүнчлэн нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, үндэслэлийн талаар дүгнэлт өгсөн атлаа хариуцагч талын тайлбар, үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй нь шүүх нэг талыг барьж, хууль дээдлэх, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх зарчмыг тус тус зөрчсөнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь “С” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1100 дугаартай “Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай” гэсэн гэрээ цуцлах мэдэгдлийг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх мэдэгдлийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд өгөөгүй байдаг бөгөөд хэргээс л тус мэдэгдэлтэй танилцсан болно. Шүүх хариуцагч талыг тухайн мэдэгдлийг хүлээн авсныг ч тодруулахгүйгээр, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн дээрх мэдэгдэлд “хамтарсан уулзалтын хүрээнд илрүүлсэн доголдлыг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний дотор арилгахаар нэмэлт хугацаа тогтоож” гэж байгаа боловч хариуцагчтай доголдлын талаар хамтарсан уулзалт хийсэн зүйл байхгүй юм. Шүүхийн шийдвэрт мөн “бараанууд биет байдлын доголдолтой болох нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БНХАУ-ын DS Kingdom Technology Limited компанийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хамтарсан уулзалтаар 2012 оны 11 дүгээр сарын 09-ний дотор шинээр солих, бүрэн засварлахаар тохирсон байна” гэх боловч хэргийн материалд хамтарсан уулзалт хийж, доголдлыг хүлээн зөвшөөрсөн ямар ч нотлох баримт байхгүйг шүүх анхаарч үзээгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 851 ширхэг таблет нь бусдад худалдагдаад буцаж ирсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг бөгөөд шүүх нэхэмжлэгчээс таблетыг худалдан авсан этгээдийн буруутай үйл ажиллагаанаас эдгээр таблетууд гэмтэл, доголдол авсан байхыг тооцож үзээгүй. Нэгэнт нэхэмжлэгч нь бусдад таблетыг зарсан тул түүний дараагаар хариуцагчийг доголдолтой бараа нэхэмжлэгчид шилжүүлсэн тухай ярих боломжгүй бөгөөд доголдлын талаарх шалтгаант холбоо тасрах ёстой. Нөгөө талаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хуульд зааснаар нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй юм.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг шалган авах үүргээ хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлээр шаардах эрхээ алдсан байхад Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэснийг шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэргийн 16 дахь талд авагдсан 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн proforma Invoice гэсэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бичмэл баримт, мөн 21-ээс 24 дэх талд авагдсан гаалийн бичиг дээр таблетын загвар нь Q721 биш 7079Е загвар болох нь тодорхой харагдаж байна. Иймд барааг нэхэмжлэгч тал гааль дээрээс авсан бөгөөд гаалийн бичиг дээр гэрээнд заасан 0721 бус 7079Е загвар байхад гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг шалгаж үзэх ёстой байтал нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгт шууд худалдаанд гарган түүний дараагаар хэрэглэгчээс ирүүлсэн гомдлоор мэдсэн гэдэг. Нэхэмжлэгч компанийн захирлаар ажиллаж байсан Д.Болор нь “шалгаж үзсэн” гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг. Иймд уг шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхийн шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байгаа учраас тус хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “М” ХХК”-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохиролд нийт 417 841 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлэгч буюу “М” ХХК нь захиалагч “С” ХХК-д 2500 ширхэг таблетыг дагалдах хэрэгслийн хамт 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн нийлүүлэн, түүний өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь барааг тогтоосон хугацаанд хүлээн авч, үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх4-7/

Гэрээний зүйл болох таблет нь хавсралтад заасан техникийн үзүүлэлт, чанар стандарт, тоо хэмжээ, өнгө, дизайны шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилсон байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 80 ширхэг таблетыг гэрээнд заасан техникийн үзүүлэлтийг бүрэн хангахгүй, биет байдлын доголдолтой, ажиллагааны үеийн доголдол нь үйлдвэрлэгчээс шалтгаалсан, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхгүй учир зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж дүгнэжээ. /хх126-137/

851 ширхэг таблетаас 80 ширхгийг санамсаргүй байдлаар сонгож техникийн үзүүлэлтэд нь дүгнэлт гаргасан гэх шинжээчийн тайлбарласнаас өөр 851 ширхэг таблет бүгд доголдолтойн улмаас борлогдоогүй талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд 851 ширхэг таблетын үнийг гаргуулж, таблетыг буцаах маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор өөрийн компанийн агуулахад байгаа 851 ширхэг таблетад үзлэг хийлгүүлэхийг хүссэн хүсэлтийг шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасныг хариуцагч тал тайлбар гаргаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй гэж хойшлуулжээ. /хх85/

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд 851 ширхэг таблетыг эд мөрийн баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх таблетыг эд мөрийн баримтаар гаргуулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэн, хүсэлтийг хангаагүй байна. /хх163/

Иймд зохигчдын 851 ширхэг таблетад үзлэг хийлгэх, эд мөрийн баримтаар гаргуулах, нэхэмжлэлд дурдсан 851 ширхэг таблетад бүгдэд нь шинжээчийн дүгнэлт гаргуулах талаарх хүсэлт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу, нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй гэж үзэх бөгөөд маргааны үйл баримт буюу 851 ширхэг таблет доголдолтой эсэх нь тогтоогдоогүй байхад үнийг гаргуулж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 638 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ