| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00763/И |
| Дугаар | 153/ШШ2022/00062 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2022/00062
| 2022 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2022/00062 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багт оршин суух, ******* овогтой *******ын ******* /РД:*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 11 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух, ******* овогтой *******ы ******* /РД:*******/-д холбогдох,
Морьдын үнэ 9,500,000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...*******ын ******* миний бие 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* овогтой Телеуханы *******тай нийт 13,300,000 /арван гурван сая гурван зуун мянган төгрөг/-ийн үнэ бүхий 10 тооны морьдыг худалдах, худалдан авахаар тохиролцож 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар баталгааны хуудаст гарын үсэг зурж баталгаажуулан зарсан. Гэтэл Т.******* нь 2021 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын сүүлчээр 3,000,000 сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл болох 9,500,000 төгрөг бүхий адууны үнийг төлөхгүй байсаар өдийг хүрлээ. Утсаар ярихаар маргааш нөгөөдөр сарын дараа гэдэг байдлаар худлаа хэлж байна. Мөн өөрийн биеэр хүний машин хөлслөн 2-3 удаа очиж уулзсан боловч мөнгө төгрөг байхгүй боломжгүй байна, удахгүй өгнө гэх зэргээр худлаа хэлж арга заль хэрэглэсээр өнөөдрийг хүргэлээ. Хавсралтаар бид хоёрын хооронд байгуулсан баталгааны хуудсыг нотлох баримтаар хүргүүлж байна. Иймд миний бүрдүүлсэн материалыг үндэслэн иргэн Т.*******аас баталгааны хуудасны дагуу үлдэгдэл 9,500,000 төгрөгийг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* ах надад эдгээр 10 тооны адууг цааш нь зарж өг гээд манай хашаанд авчирч өгсөн нь үнэн. Тухайн үед энэ 10 адууг үхэр оролцуулж зарж өгч болно гэсэн. Би тэгээд 5 настай хүрэн морь, 4 настай хүрэн морь, 2 настай шарга даага, 2 настай хүрэн даага, сартай хүрэн морь, хүрэн морь, бор морь гээд эдгээр долоон адууг би тус бүрийн 1,000,000 төгрөгөөр үнэлж авсан нь үнэн. Энэ долоон адууны 7,000,000 төгрөгийг би өгөхийг зөвшөөрч байна. Тухайн үед энэ 7 адууг үхэрээр солиод авсан үхрээ ******* ахад өгье гэсэн миний авсан үнээс хямдаар бодож авна гэхээр нь би ******* ахад өгөөгүй. Дараа нь бэлэн 7,000,000 төгрөг өгөхөөр тохирсон. 2,000,000 төгрөгийн үнэтэй хүрэн морийг ******* ах гээд залууд тал үнийг нь тэр залуугаас аваад тэр залууд зарсан. Үлдсэн 3,000,000 төгрөгийн үнэтэй соёолон азарган хар үрээ болон 2,000,000 төгрөгийн үнэтэй хээр даагыг үнэтэй байна гээд хүмүүс аваагүй тул би буцаах гэж байтал адууны жинхэнэ эзэн нь болох гээд хүн 90440050 гэсэн дугаараар надтай холбогдоод адууны эзэн байна, хар үрээг 1,500,000 төгрөг, хээр даагыг 1,000,000 төгрөгт бодоод надад өг гээд хэлсэн. *******ийн адуу биш, тэнд хамаагүй гээд надад мөнгийг нь энэ данс руу хий гээд өөрийнхөө дансыг надад өгсөн. Тэгээд би тэр хоёрыг нь 2,500,000 төгрөгт нь зараад өөрөөсөө 500,000 төгрөг нэмээд гээд хүний данс руу 3,000,000 төгрөг хийсэн. Би ******* ахын нэхсэн 9,500,000 төгрөгийг ийм учиртай хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо үлдсэн 6,500,000 төгрөгийг би өгөхийг зөвшөөрч байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Т.*******, нарын байгуулсан Баталгаа гаргах нь баримт, Edii Edii гэх фейсбүүк цахим чатаар харьцсан чатны хуулбарууд зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлээс 8,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ...миний бие 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Т.*******тай нийт 13,300,000 төгрөгийн үнэтэй 10 тооны морь худалдахаар харилцан тохиролцож, Т.******* нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг бүрэн төлж барагдуулахаар баталгааны хуудаст гарын үсэг зурсан. Гэтэл Т.******* 2021 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сард 3,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 9,500,000 төгрөгийн үнэтэй адууны үнийг төлөхгүй байсаар өдий хүрлээ. Иймд, Т.*******аас 9,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд анх Т.*******аас 9,500,000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.*******аас гэх залууд худалдсан 2,000,000 төгрөгийн үнэтэй хүрэн морийн үнээс би өөрөө тэр залуутай ярьж байгаад 1,000,000 төгрөгийг авсан тул 8,500,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч Т.******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд ...Б.******* ахаас 10 тооны адуу авсан нь үнэн. Уг 10 адуунаас 2,000,000 төгрөгийн үнэтэй хүрэн морийг Б.******* ах гэх залууд худалдаж, түүнээс тал үнийг нь авсан. Харин 3,000,000 төгрөгийн үнэтэй хар азарган соёолон болон 2,000,000 төгрөгийн үнэтэй хээр даагын эзэн гэх н. нь над руу утсаар холбогдож, 2 адуу Б.*******ийн адуу биш, түүнд хамаагүй, надад мөнгийг төлнө гэснээр би 3,000,000 төгрөгийг н.гийн дансанд хийсэн. Иймд үлдсэн 5,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргана.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Баталгаа гаргах тухай баримт, мөн гийн гэрчээр шүүх хуралдаанд өгсөн ...Б.******* нь миний төрсөн ах, би гэрчээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Уг баримтад зурагдсан гарын үсэг минийх мөн. Би баримтад дурдагдсан 13,300,000 төгрөгийн үнэтэй 10 тооны адууг Говь-Алтай аймгаас ачиж ирж, Т.******* гэдэг залууд хүлээлгэж өгсөн нь үнэн болно... гэх мэдүүлэг зэргээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.*******ийн 13,300,000 төгрөгийн үнэ бүхий 10 тооны адууг гээс хариуцагч Т.*******д хүлээлгэж өгсөн нь, хүлээж авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ.
6. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба энэ үүргээ худалдан авагч буюу хариуцагч Т.******* нь зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн байх тул нэхэмжлэгч Б.******* нь худалдсан морьдын үнийг шаардах эрхтэй байна.
Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргийг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.*******ы ...3,000,000 төгрөгийн үнэтэй хар азарган соёолон болон 2,000,000 төгрөгийн үнэтэй хээр даагны эзэн гэх н. нь над руу утсаар холбогдож, 2 адуу Б.*******ийн адуу биш, түүнд хамаагүй, надад мөнгийг төлнө гэснээр би 3,000,000 төгрөгийг н.гийн дансанд хийсэн... гэх боловч н.гийн дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******аас нийт авах ёстой 13,300,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг авсан нь дээрх байдлаар нотлогдсон тул Т.******* нь нэхэмжлэгч Б.*******д 8,300,000 төгрөг төлөхөөр байх бөгөөд 200,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй юм гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн facebook цахим харилцааны баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхаас гадна тухайн харилцаагаар хэн хэнтэй харилцаж байгаа нь тодорхой бус байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
Иймд, талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу худалдан авагч нь худалдагчаас шилжүүлсэн хөрөнгийг хүлээн авч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд 13,300,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан нь нотлогдсон тул 13,300,000 төгрөгнөөс 5,000,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагч Т.*******аас 8.300.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 147,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******ы *******аас 8,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас 147,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН