Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/303

 

 

2024      07          01                                         2024/ШЦТ/303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                           

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн 242500******** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймаг Баруунбүрэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *********************************************** тоотод оршин суух хаягтай, урьд;

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван сар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

Ш овогт Б-ын Д /РД: **************/,

Шүүгдэгч Б.Д нь;

2024 оны 5 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Өнөр бейкери”-н гадаа “засвар хийсэн цонхны пассат дээр суусан” гэх шалтгаанаар уурлан хохирогч Э.М-ийн нүүр хэсэгт нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун хоншоор яс, баруун нүдний ухархайн доод болон гадна хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Б.Д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна,  тухайн үед М гэх эрэгтэй дөнгөж хийгээд дууссан цонхны пассат дээр суучихаар нь уур хүрээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Би энэ явдалд маш их харамсаж, тэр залуугийн эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг өгсөн.” гэх хавтаст хэргийн 36 дахь талд авагдсан мэдүүлгээс гадна,

хохирогч Э.М-ийн өргөдөл,

хохирогч Э.М-ийн “...тухайн үед гадаа халуун байсан учраас “Мөнхийн-Ус” хүнсний дэлгүүрийн хойд тал “Өнөр бейкери”-н гадна талын цонхны тавцан дээр суусан, гэтэл дотроос нэг залуу гарч ирээд “хүний хийж байгаа юман дээр суулаа хоёр п***а” гээд миний баруун шанаа, хамар хоёрын дунд нэг удаа гараараа цохисон. ...эмчилгээний 3.000.000 төгрөг өгсөн, одоо Б.Д гэх эрэгтэйтэй холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 9 дэх тал/,

гэрч Г.Б-ийн “...М ах хүмүүсийн дөнгөж хийгээд дууссан цонхны тавцан дээр суучихсан, гэтэл “Өнөр бейкери” дотроос нэг залуу гарч ирээд уурлаж, “п***а”, “наахуу” гээд М ахын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Цохиулсных нь дараа М ахын царайг хартал баруун хацар хэсэг нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 451 дугаартай; “...1.Э.М-ийн биед баруун хоншоор яс, баруун нүдний ухархайн доод болон гадна хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх баруун хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн доод болон гадна хана, хамар ясны хугарал, баруун нүд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн  дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.М-ийн эрүүл мэндэд “баруун хоншоор яс, баруун нүдний ухархайн доод болон гадна хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан нь Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 451 дугаартай дүгнэлтээр болон хэрэгт цуглуулсан бусад баримтуудаар нотлогдсон бөгөөд хохирогч Э.М-ийн “...эмчилгээний 3.000.000 төгрөг өгсөн, Б.Д гэх эрэгтэйтэй холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 9 дэх талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул

шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш овогт Б-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.Э