Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2022/00064

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2022/00064

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, Шураг багт оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг Жаргалант сум, Бугат багт оршин суух, Мянгад овгийн Мягмаржавын ******* /РД:*******/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч М.******* холбогдуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2017 оны 8 дугаар сард М.*******той танилцаад 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бидний дундаас хүү төрсөн. Намайг хурим найраа хийе гэхэд М.******* нь дүү оюутан, санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар хуримаа хойшлуулаад бид хуримаа хийж, гэрлэлтээ батлуулж чадаагүй. 2018 оны 11 дүгээр сард М.******* нь хүү бид хоёрыг өөрийн аав, ээжийнхээ гэрт авчирсан бөгөөд түүнээс хойш бид 3 жил хамт амьдарсан.

2020 оны 12 дугаар сард М.******* нь намайг ажлын газрын залуутай хий хардаж нүүрэн тус газар гараараа хүчтэй цохиж, хамар хавдтал зодож байсан. Үүнээс хойш М.******* нь байнгын үснээс зулгааж, надад гар хүрдэг болсон. М.******* нь 2020 оны өвөл миний хоолойноос боож чамайг ална зодож байсан удаатай. Мөн М.*******ийн дүүгээс болж хэрүүл үүсэж, М.*******ийн аав нь намайг ална гээд над руу дайрч байсан. 2021 оны 11 дүгээр сард М.******* нь чи зайлаад өг гээд миний үснээс зулгааж, чирж дарамталж зодож байсан удаатай.

Намайг хэрүүл хийх болгондоо М.******* нь хардаж чамайг ална, зайлаад өг гээд хэлэх хэлэхгүй бүх л муу муухай үгээр доромжилдог. Мөн М.*******ийн ээж аав нь чи манайд ирж бузарлалаа, бузар авгай, зайлаад өг гээд дайрч доромжилж гэрээсээ хөөсөн.

Би олон удаа М.******* болон түүний гэрийнхэний энэ муухай үйлдлийг тэсэж, хүүгээ бодож тэднийг олон удаа уучилсан. М.******* нь 2021 оны 12 дугаар сард үл ялих шалтгаанаар намайг зодож, үснээс зулгааж, хоолой боож алах шахсан. Энэ явдлаас хойш би хүү г аваад хөдөө өөрийн аав ээжийндээ очсон. Одоо М.******* бид хоёр тусдаа амьдарч байгаа.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дэх хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоохоор хуульчилжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлд заасны дагуу 2 хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх , эрүүл аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй.

Иймд 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү гийн тэтгэлэгийг эцэг Мянгад овгийн Мягмаржавын *******оос гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 8 дугаар сард Т.*******тэй танилцаад 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бидний дундаас хүү төрсөн. Үүнээс хойш бид хүү г аав ээж 3 нас хүртэл өсгөж, бид 3 аав ээжийн гэрт хамт амьдарч байсан. Би ажлын журмаар хөдөө сумуудаар 2-оос 3 хоног явдаг. Бидний дунд янз бүрийн хэрүүл маргаан болж байгаагүй, 2021 оны цагаан сарын өмнө айлд очиж бууз боох нэрийдлээр хүү г аваад явсан. Тэрнээс хойш би хүү тай холбоогүй, сураг сонсоход Т.******* нь өөр нөхөртэй болсон, хүү г хөдөө танихгүй аав, ээждээ хүргэж өгсөн, цэцэрлэгт өгөөгүй. Миний аав намайг ирж аван өвөө эмээд хүргээд өг гэж уйлдаг гэсэн. Тиймээс миний хүү болох гийн эрх зөрчигдөж байгаа тул би хүүхдээ авч, цэцэрлэгт өгч өөрөө өсгөнө. Т.******* нь нөхөртэй тул миний хүүг авч хэлэлцэхгүй байгаа би хүүхдээ хүнд өгч хойд эцгийн нүүр харуулахгүй, тэтгэмж төлөхгүй өөрөө авах хүсэлтэй байгаа. Үүнийг та бүхэн яаралтай шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 8 дугаар сард Т.*******тэй танилцаад 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бидний дундаас хүү төрсөн. Үүнээс хойш бид хүү г 3 нас хүртэл аав ээжийн гэрт хамт амьдарч байсан. 2021 оны цагаан сарын өмнө айлд очиж бууз боох нэрийдлээр хүү г авад явсан. Тэрнээс хойш би хүү тай холбоогүй, сураг сонсоход Т.******* нь өөр нөхөртэй болсон, хүү г хөдөө танихгүй аав, ээждээ хүргэж өгсөн. Хүү минь намайг ирж ав, өвөе эмээд хүргээд өг гэж уйлдаг гэсэн. гийн эрх зөрчигдөж байгаа тул би хүүхдээ өөр дэзрээ авч өсгөх хүсэлтэй байна. Иймд хүү г миний асрамж үлдээж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.******* би хариуцагч М.*******ийн 2022 оны 01 сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

М.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие 2017 оны 8 дугаар сард М.*******той танилцсан. 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү төрсөн. Намайг төрөх үед М.******* ирээгүй, би төрөх гээд өвдөөд байна ирээч гэхэд би ажилтай байна, би очиж яах юм, чи өөрөө төр гэж хэлж байсан, төрсний дараа гэртээ гараад хүүдээ нэр өгөх гэж байна чи ирэхгүй юмуу хүүдээ ямар нэр өгөх талаар асуухад наад хүүхэд чинь миний хүүхэд биш, чи өөрийнхөөрөө овогло гэж хэлж байсан. М.*******ийн энэ хэлсэн үг үйлдэлд би одоо ч гомдож явдаг.

Намайг хурим найраа хийе гэхэд М.******* нь дүү оюутан, санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар хуримаа хойшлуулаад бид хуримаа хийж, гэрлэлтээ батлуулж чадаагүй. 2018 оны 11 дүгээр сард М.******* нь хүү бид хоёрыг өөрийн аав ээжийнхээ гэрт авчирсан бөгөөд түүнээс хойш аав ээжийнд 3 жил хамт амьдарсан. Хүү астам, хатгаатай гэх оношоор өвдөж эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэж эмчлүүлэхэд М.******* нэг ч удаа хоол цай хийж эргэж ирж байгаагүй, хүү д /хувцас хунар, хоол унд, эм тан/ хэрэглээний мөнгө өгдөггүй, би энэ хугацаандаа хүүгээ ганцаараа л өсгөсөн.

2020 оны 11 дүгээр сард М.*******ийн дүүгээс болж хэрүүл үүсэхэд М.*******ийн аав нь намайг ална гээд над руу хутга аваад дайрч байсан. 2020 оны 12 дугаар сард М.******* нь намайг ажлын газрын залуутай хий хардаж нүүрэн тус газар гараараа хүчтэй цохиж, хамар хавдтал зодож байсан. М.******* нь 2019 оны өвөл намайг аавынхруугаа явчихаад ирье гэхэд дандаа явна гэх юм гээд намайг хаалга руу түлхэж унагаагаад миний хамаг хувцсыг гаргаж шидээд, цүнхний оосороор миний хоолойноос боож чамайг ална гээд чирж гэрээс гаргасан. Хоолойноос боож чирсэнээс болж би хүзүүгээ хөдөлгөж чадахгүй болж ажлаа хийж чадахгүй, ажлын газрын хүнтэйгээ хамт бариачид очиж бариулж зүгээр болж байсан. Энэ талаар тухайн үед миний ажиллаж байсан Ховд Арвай хүнсний газрын ажилчид бүгд мэднэ. М.******* нь намайг өөрийн төрсөн аав ээж, ах дүү нарынхаар оруулж гаргадаггүй, уурладаг, аав ээжийнх рүүгээ явах юм бол хүүхэд үлдээчихээд ганцаараа зайл гэдэг байсан. М.******* нь хэрүүл хийх болгондоо чамайг ална, чи зайлаад өг гээд хэлэх хэлэхгүй бүх л муу муухай үгээр доромжилдог. 2020 онд манай аав ээжийнд миний сүй хадаг ямар ч өдөр товлоогүй гэнэт ирсэн байсан. Тэгээд манай ах дүү нар та нар бүхэл бүтэн 2 хүн авах гэж байж, ямар ч өдөр товлохгүй ирлээ гэж хэлээд явуулсан. Үүний дараа М.*******ийн ээж аав нь чи манайд ирж манайхыг бузарлалаа, бузар авгай, зайлаад өг гээд дайрч доромжилж гэрээсээ хэд хэдэн удаа хөөсөн.

Би М.*******той хамт байх хугацаанд байнгын сэтгэл санааны болон бие махбодь, эдийн засгийн хүчирхийлэлд өртдөг байсан. М.******* нь надтай хамт амьдарч хугацаандаа өөр эмэгтэй чатлаж, утсаар ярьж уулздаг байсан. Намайг хэнтэй ярьж.уулзаж байгааг нь асуухад чамд хамаагүй гэж хэлдэг байсан.

Би олон удаа М.******* болон түүний гэрийнхэний энэ муухай үйлдлийг тэсэж, хүүгээ өнчрүүлэхгүй гэж бодож тэднийг олон удаа уучилж байсан. Гэтэл М.******* нь 2021 оны 12 сард үл ялих шалтгаанаар намайг зодож, үснээс зулгааж, хоолой боож алах шахсан. Энэ явдлаас хойш би хүү гийн хамт хөдөө өөрийн аав ээжийндээ азжаргалтай эрүүл энх амьдарч байна. Хүү г би өөрөө өсгөж, хүн болгосон учир хүүгээ өөрийн асрамжиндаа авна, М.*******ид хүүгээ өгөхгүй.

Иймд М.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Т.*******ээс өөрийн иргэнийи цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан фото зураг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын тодорхойлолт, Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын Шураг багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 198 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Мянгад овогт *******ийн /РД:ПЮ18282616/-гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр тодорхойлолт, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын тодорхойлолт, Нутгийн өгөөж хоршооны даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч М.*******ид холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Т.******* нь М.*******той 2018 оноос хамтран амьдарч эхэлсэн ба тэдний дундаас 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүү нь төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаат хуулбар зэргээр тогтоогдож байна.

Т.*******, М.******* нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.

Мэтгэлцээний байр суурийн хувьд зохигчийн хэн аль нь хүү г өөрийн асрамжид авна гэж маргасан болон хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэдэг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.******* нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай ...Т.******* нь өөрийн хүү болох гийн хамт манай багт оршин суудаг нь үнэн болно... гэх, тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сар гэсэн огноотой ...3 нас, 5 сартай, эрэгтэй одоо Эрдэнэбүрэн сумд эрүүл бойжиж байгаа нь үнэн болно... гэх, Нутгийн Өгөөж хоршооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай ...Т.******* нь тус хоршоонд 250,000 төгрөгний цалинтай үйлчлэгчээр ажилладаг болно... гэх тодорхойлолтуудыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарын хамт гаргаж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдээ өөрөө асрамжилж, хамт амьдарч байгаа болон тогтсон орлого бүхий ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдсон болно.

Талуудын мэтгэлцээний байр суурь, хэрэгт цугларсан нотлох баримтаар эцэг, эхийн хүүхдээ асрах боломжийн хувьд хэн нэгнийг онцгойлон авч үзэх боломжгүй байгаа боловч хүүхдийн нас, хүйсэнд тохирсон хайр халамжийн онцлог, асрах арга барил, хүү нь одоо эхийн асрамжид байгаа, мөн бага насны хүүхдийг ээнэгшин дасан зохицсон, хамтдаа байсан гэр бүлээс нь салгаж одоо өсөж буй орчинг солих нь хүүхдэд сөргөөр нөлөөлөх тул одоо байгаа асрамжийг үргэлжлүүлэн хүүхдийг эхийн асрамжид үлдээж, энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох эрх нээлттэй болохыг дурдвал зохино.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү г сар бүр эцэг М.*******оор нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 35,614 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 35,164 төгрөгийг төрийн санд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү г эх Т.*******ийн асрамжинд үлдээж,

хариуцагчийн гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.*******оор нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.*******т даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 35,164 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож,

хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 35,164 төгрөгийг төрийн санд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАСХЫН