Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2022/00153

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2022/00153

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: А.Э нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газарт холбогдох,

Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А.Э нь Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт 2004 оноос хойш нягтлан бодогчоор тасралтгүй 17 жил тус газарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Улсад нийтдээ 29 жил ажилласан, тэргүүний ажилтны нэг байсан. Тус газрын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар албаны дарга Д.Б, нягтлан бодогч А.Э, жолооч М.Ж нарт сахилгын арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Албаны дарга Уг шийдвэртэй холбоотойгоор хөдөлмөрийн маргаан гарсан. Учир нь Үндэсний аудитын газраас гаргасан дагаж мөрдөж буй Төрийн аудитын байгууллагаас Санхүүгийн тайланд аудит хийх журам-ын 12.11. Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг залруулах боломж байгаа эсэхийг эхэлж шийдвэрлэх бөгөөд залруулаагүй алдаа, зөрчлийн шинж байдлаас нь хамааран дараах шийдвэрүүдийн аль нэг хэлбэрээр эцэслэн шийдвэрлэж, баримтжуулан баталгаажуулна. Үүнд: 12.11.1 зөвлөмж өгөх; 12.11,2. төлбөрийн акт тогтоох; 12.11.3. албан шаардлага өгөх; 12.11.4. асуудлыг хууль хяналтын бусад байгууллагад шилжүүлэх/ гэсэн заалтыг зөрчсөн, уг журмын заалтад сахилгын арга хэмжээ авах гэсэн үг өгүүлбэр байхгүй тул дээрх журмыг зөрчсөн үйлдэл харагдаж байна, мөн байгууллагын дотоод журамд аудитын шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээлгэх заалт байхгүй байгаа тул сахилгын арга хэмжээ тооцогдох боломжгүй гэдгээ байгууллагын удирдлагад мэдэгдсэн. Төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөхтэй холбоотой харилцаа нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Мөн тус газрын даргын 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн Б/44 тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулиийн 131 дүгээр зүйлийн 131.2. Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна заалтыг зөрчин тушаал гаргасан гэж үзэн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй уг сануулах сахилгын ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн А.Э нь 2022 оны 01 дүгээр сард Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Байгаль орчин; аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Я.Ж миний бие сахилгын шийтгэл оногдуулсан талаар тайлбарлан баримтыг хүргүүлж байна. Тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Б нь нягтлан бодогч А.Э-д 2021 оны 12 сарын 15-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтыг үндэслэн Төрийн аудитын газрын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудит, 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 01/36 тоот албан шаардлагаар албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулахаар ирүүлснийг үндэслэн сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Үүнд: Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газраас 2021 оны 02 сарын 19-ний өдөр ирүүлсэн 01/36 тоот албан шаардлагад 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар зөрчлүүд илэрснийг дурдаад Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ гэсэн заалтын дагуу албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн Ой, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн албаны дарга Д.Б, нягтлан бодогч А.Э, жолоочийн тооцооны хуудсыг журмын дагуу хөтлөөгүй жолооч М.Ж нарт сахилгын шийтгэл оногдуулан биелэлтийг 2021 оны 03 сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг хариуцуулсан байдаг. Албан шаардлагын биелэлтийг хангах үүднээс 3 албан хаагчид /Ой, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн албаны дарга Д.Б, нягтлан бодогч А.Э, жолооч М.Ж/ танилцуулахад сахилгын арга хэмжээ ногдуулах шийдвэрийг тус ажилтнууд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн дараах үндэслэл тайлбарыг ирүүлсэн. Үүнд: Төрийн захиргааны албан хаагчдад Монгол улсын Төрийн албаны тухай хууль-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, төрийн үйлчилгээний ажилтанд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл. 131.1 -д /Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна/ гэсэн байдаг. Иймд хариуцлага тооцуулах боломжгүй. Төрийн аудитын байгууллагаас Санхүүгийн тайланд аудит хийх журам-ын 12.11-д Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг залруулах боломж байгаа эсэхийг эхэлж шийдвэрлэх бөгөөд залруулаагүй алдаа, зөрчлийг алдаа зөрчлийн шинж байдлаас нь хамааран дараах шийдвэрүүдийн аль нэг хэлбэрээр эцэслэн шийдвэрлэж, баримтжуулан баталгаажуулна. Үүнд: 12.11.1.Зөвлөмж өгөх, 12.11.2.төлбөрийн акт тогтоох, 12.11.3.Албан шаардлага өгөх, 12.11.4.асуудлыг хууль хяналтын бусад байгуулагад шилжүүлэх гэж заасан байдгаас сахилгын арга хэмжээ авах заалт байхгүй гэж тайлбарласан. Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болдбаатар нь уг 3 албан хаагчийн тайлбарыг хүлээн авч сахилгын шийтгэл оногдуулаагүй бөгөөд энэ тухайгаа 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 221 дугаар албан тоотоор аймгийн Санхүү, төрийн сангиин хэлтэст тайлбар хүргүүлсэн байдаг. Аймгийн Төрийн аудитын газраас аймгийн ЗДТГ-т Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2021 оны 02 сарын 19-ний өдөр ирүүлсэн 01/36 тоот албан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа талаар албан тоот ирүүлсэн, мөн уг асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн гэж 2021 оны 12 сарын 15-ны байгууллагын хурал дээр танилцуулж тушаалын төсөл бэлтгэн танилцуулахыг үүрэг болгосон. Ингээд нягтлан бодогч А.Э-д 2021 оны 12 сарын 15-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Төрийн аудитын газрын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудит, 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 01/36 тоот албан шаардлагаар албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулахаар ирүүлснийг үндэслэн сануулах сахилгын шийтгэл оногдуулан тушаалын хувийг аймгийн Төрийн аудитын газарт хүргүүлсэн байдаг гэжээ.

Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дүгээр тушаал /хуулбар хувь/.

 

Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/105 дугаартай Н.Д-г Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж /хуулбар хувь/,

-Говь-Алтай аймгийн Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/36 дугаар албан шаардлагын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олны хурлын тэмдэглэл,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дүгээр тушаал /эх хувь/,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчалын газрын Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт тайлан /1 хавтас 24 хуудас/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч А.Э нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газарт холбогдуулан Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газраас 2021 оны 02 сарын 19-ний өдөр ирүүлсэн 01/36 тоот албан шаардлагад 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар зөрчлүүд илэрснийг дурдаад Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ гэсэн заалтын дагуу албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн Ой, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн албаны дарга Д.Б, нягтлан бодогч А.Э, жолоочийн тооцооны хуудсыг журмын дагуу хөтлөөгүй жолооч М.Ж нарт сахилгын шийтгэл оногдуулан биелэлтийг 2021 оны 03 сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг хариуцуулсны дагуу нягтлан бодогч А.Э-д 2021 оны 12 сарын 15-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулан тушаалын хувийг аймгийн Төрийн аудитын газарт хүргүүлсэн... гэж татгалзжээ.

Нэхэмжлэгч А.Э нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газарт 2004 оноос хойш одоог хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байгаа болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дүгээр тушаал болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч А.Э-д сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч А.Э нь ...Төрийн аудитын байгууллагаас Санхүүгийн тайланд аудит хийх журам-ын 12.11. Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг залруулах боломж байгаа эсэхийг эхэлж шийдвэрлэх бөгөөд залруулаагүй алдаа, зөрчлийн шинж байдлаас нь хамааран дараах шийдвэрүүдийн аль нэг хэлбэрээр эцэслэн шийдвэрлэж, баримтжуулан баталгаажуулна. Үүнд: 12.11.1 зөвлөмж өгөх; 12.11,2. төлбөрийн акт тогтоох; 12.11.3. албан шаардлага өгөх; 12.11.4. асуудлыг хууль хяналтын бусад байгууллагад шилжүүлэх/ гэсэн заалтыг зөрчсөн, уг журмын заалтад сахилгын арга хэмжээ авах гэсэн үг өгүүлбэр байхгүй тул дээрх журмыг зөрчсөн үйлдэл харагдаж байна, мөн байгууллагын дотоод журамд аудитын шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээлгэх заалт байхгүй байгаа тул сахилгын арга хэмжээ тооцогдох боломжгүй гэдгээ байгууллагын удирдлагад мэдэгдсэн. Төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөхтэй холбоотой харилцаа нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Мөн тус газрын даргын 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн Б/44 тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулиийн 131 дүгээр зүйлийн 131.2. Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна заалтыг зөрчин тушаал гаргасан гэж үзэн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэж маргажээ.

1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулиар хүчингүй болжээ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байх тул уг хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнөх харилцаанд хуучин Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээр байх тул уг шүүхийн шийдвэрт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ. Нэхэмжлэгч А.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1- д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж,

131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэдэг нь ажилтан сахилгын зөрчил гаргасныг тодорхой хугацааны дараа эсхүл хяналт шалгалтаар уг зөрчлийг илрүүлсэн байдлыг ойлгох бөгөөд уг илрүүлсэн зөрчилд нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахыг, харин зөрчил гаргаснаас хойш зургаан сар гэдэг нь тухайн зөрчлийг гаргаснаас зургаан сарын дотор ажил олгогч нь сахилгын шийтгэлийг ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгон сахилгын шийтгэл ногдуулахыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл нь Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/36 дугаар албан шаардлагаар нэхэмжлэгч А.Э-д сахилгын шийтгэл оногдуулахаар шаардсаныг сахилгын зөрчил гаргасныг илрүүлсэн гэж үзэх бөгөөд ийнхүү илрүүлснээс хойш 9 сар 24 хоногийн дараа буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл оногдуулсан байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дугаартай А.Э-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дугаартай А.Э-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ