| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0303/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/306 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/306
2024 07 01 2024/ШЦТ/306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Э-т холбогдох эрүүгийн 2425000000**** дугаартай хэргийг 2024 оны 6 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ********************************* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
И овогт Г-ын Э /РД; *************/,
Шүүгдэгч Г.Э нь;
2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 16.20 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мазаалай” гэр ахуйн барааны дэлгүүрт тус дэлгүүрийн худалдаалж буй угаалгын машин дээр түр тавьсан байсан хохирогч Д.Э-гийн эзэмшлийн “Iphone-12” /Айфонэ-12/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 950.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Г.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Мазаалай” дэлгүүрт угаалгын машин үзээд зогсож байхад дээр нь ягаан гэртэй гар утас байхаар нь “хүн үлдээчихсэн юм байна” гэж бодоод аваад “ашиглая” гэсэн санаа зорилготой...худалдагчид хэлэлгүй аваад гараад явсан. ...2024 оны 6 дугаар сарын эхээр цагдаагаас хүн залгаад “та хүний гар утас авсан байна” гэхээр нь үнэнээ хэлээд гар утсыг авч ирээд өгсөн.” гэсэн хавтаст хэргийн 38-39 дэх талд авагдсан мэдүүлгээс гадна,
хохирогч Д.Э-гийн өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мазаалай” гэр ахуйн барааны дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
хохирогч Д.Э-гийн “...2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мазаалай” худалдааны төв ажил дээрээ байх үед шинэ бараа ирсэн, зарж байсан угаалгын машин дээр гар утсаа тавьж байгаад бараагаа хүлээн авсан, ...бараагаа тоолж дуусчихаад утсаа авах гэтэл миний “Iphone-12” загварын гар утас байгаагүй, хяналтын камер шүүж үзсэн чинь судалтай хар өнгийн цувтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн цүнхтэй, шар өнгийн малгайтай, хар нүдний шилтэй 50-60 орчим насны эмэгтэй хүн тортой эд зүйл барьсан байхаар нь татаж харсан чинь “Зүрх мартахгүй” дэлгүүрийн бараа байхаар нь орж асуухад “манай дэлгүүрт худалдан авалт хийсэн” гэж хэлсэн, камер шүүж үзэхэд 16.11 цагт Хаан банкны картаар 20.330 төгрөгийн худалдан авалт хийсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
гэрч Н.О-ийн “...Над руу утсаар яриад “эгч нь нэг хүний гар утас авчихсан юмаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
гэрч Н.О-ийн “...“Цахилгаан барааны дэлгүүрт явж байгаад угаалгын машин дээр байсан гар утсыг авчихсан” гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
2023 оны 1 дүгээр сард “Орхон аймаг Баян-Өндөр сум “Tedy” худалдааны төвөөс “Iphone-12” загварын гар утсыг 1.680.000 төгрөгөөр худалдаж авч байсан гар утасны үнэлгээг 950.000 төгрөгөөр тогтоов.” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
“Iphone-12” загварын гар утас, Д-ын Э гэсэн иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг сэжигтэн Г.Э-ээс хүлээн авч, хохирогч Л.Э-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50, 51, 52 дахь тал/,
шүүгдэгч Г.Э-ийн “...хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э-д 950.000 төгрөгийн хохирол учирсан нь мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаагаар нотлогдсон бөгөөд “Iphone-12” загварын гар утсыг хохирогч Л.Э-д хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 50, 52 дахь талуудад авагдсан мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,
тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч Г.Э нь ухамсарлан ойлгосон байх тул
шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Бусад асуудал;
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мазаалай” гэр ахуйн барааны дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагыг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт Г-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Э-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-т мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мазаалай” гэр ахуйн барааны дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагыг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э