Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хурметханы Тасхын |
Хэргийн индекс | 153/2022/00027/И |
Дугаар | 153/ШШ2022/00129 |
Огноо | 2022-02-25 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2022/00129
2022 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2022/00129 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 3- 29 тоот оршин суух, *******д
1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* миний бие иргэн *******тэй хамт 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 304 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбай тохижуулах ажил хийсэн. Ажиллаж байх хугацаанд ******* нь тухайн тоглоомын талбайд ажил хийж байсан хүмүүст Өмнөговь аймагт 10 өдрийн ажил байна та нар хийх үү гэдэг саналыг тавьсан. Ямар ажил байна гэж асуухад Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд баригдаж байгаа шинэ Соёлын төвийн гадна талбайн тохижилтын /1200 м2/ талбай бетондох ажил байна гэж хэлсэн. Тухайн ажлыг хурдан хийвэл 7-8 хоногт л багтаагаад хийх боломжтой гэж хэлсэн. Бид нар ажлын хөлсөө нэг хүний 1,600,000 төгрөгөөр тохирсон. 1,600,000 төгрөгөөсөө урьдчилгаа 500,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр авсан. Бид нарыг тухайн ажлыг хийлгэхээр ******* ахлаж авч явсан. Би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймаг руу гарахын өмнө *******д манай эхнэр төрөх дөхсөн байгаа учраас би явахаа болилоо гэж хэлэхэд, ******* надад хандаж та явна гэснээрээ явчих эхнэрийг чинь өвдөхөөр би таны цалинг бүрэн өгөөд буцаана гэж хэлсэн учраас би итгээд явсан. Бид нар Ховд аймгаас приус 20 маркийн 2 автомашинтай нийт 6 хүн Өмнөговь аймаг руу явсан. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд очсон. Тухайн сумд очиж барилга хариуцан ажиллаж байсан ******* гэдэг хүнтэй уулзсан. Бид нарын хийх ёстой ажлын боржуур Улаанбаатар хотоос ирээгүй байсан учраас 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс тухайн сумд шинээр баригдаж байсан Соёлын төвийн шат хийх ажилд орсон. Том, жижиг нийлсэн 5 ширхэг шатны марш хадаж зангидах, шат цутгах, хөгжлийн бэрхшээлтэй хүний орж гарах зам цутгаж, газар шорооны ажил хийж эхэлсэн. *******гээс бид нар өөр ажил хийж байгаа учраас цалин хөлс нэмж өгөх юм уу гэж асуухад, та нарын цалин дээр 500,000 гаруй төгрөг нэмэгдэх юм байна гэж хэлсэн. Бид нар цалин нэмж өгнө гэсэн учраас тухайн ажлуудыг хийсэн. Хийх ёстой ажлын боржуур Улаанбаатар хотоос 7 хоногийн дараа ирсэн. Талбай тэгшлэх, боржуур суулгах ажлаа хийгээд 12 хонож байхад Ховдоос эхнэр өнөө, маргаашгүй төрөх нь гэж ярьсан. Ингээд би *******д би буцахгүй бол болохгүй нь гэж хэлсэн. ******* надтай хамт ажиллаж байсан *******,*******,*******, нарт хандаж би Ховд аймгаас гарахдаа ******* ахын цалинг буцах болоход нь бүрэн өгнө гэж хэлсэн. Та 4 цалинг тэнцүү хуваахыг зөвшөөрч байна уу гэж асуухад надтай хамт ажиллаж байсан 4 хүн зөвшөөрсөн. Цалингаа *******тэй нийлээд 6 хүнд тэгш хуваахаар болсон. Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үд хүртэл ажиллаж байгаад үдээс хойш Ховд аймаг руу гарахаар болон. Би *******гээс цалингаа авъя гэхэд надад таны цалинг араас чинь таныг Ховд аймаг ороогүй байхад хийнэ гэхээр нь би итгээд Ховд аймаг руу явсан. Ховд аймагт ирээд 3-4 хоногийн дараа ******* рүү утсаар залгахад утсаа авахгүй байсан. Нэг удаа мэссэж бич гэдэг хариу өгсөн. Би хамт ажиллаж байсан хүмүүс рүүгээ залгаж асуухад намайг дансаа явуул гэж байна гэхээр нь би дансаа явуулсан боловч миний данс руу мөнгө хийгээгүй. Намайг Ховд аймагт ирсний дараа надтай хамт ажил хийж байсан хүмүүс 5-6 хоног ажиллаж цутгах талбайнхаа ихэнх талд ороод тухайн ажил тог тасарсны улмаас зогсож 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******,*******,******* нар цалингаа аваад Улаанбаатар хот руу явсан байсан. Миний цалинг тухайн ажиллаж байсан хүмүүстэй адил тэнцүү хувааж бодсон. ******* нь намайг залилж миний цалинг надад өгөхгүй 2 сар гаруй болж байна. Иймд *******гээс ажлын хөлс 1,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна.
...Харин миний утасны дуудлагыг авдаггүй. Намайг явснаас хойш хамт ажиллаж байсан хүмүүс маань 6, 7 хоног ажиллаад ажлаа 70 хувьд хүртэл нь хийгээд Улаанбаатар хот руу явцгаасан байсан. Тэгэхэд хүн бүрийн 900,000 орчим төгрөгийг хувааж өгсөн. Миний мөнгийг бас хамруулж хувааж бодсон. Хариуцагч нэг удаа надтай утсаар ярихдаа Танд тэгж байгаад мөнгө өгнө гэсэн. Нагац ахын маань машинд хариуцагчийн компанийн тамга нь байсан. Нагац ах маань хөдөө явах болоод намайг тамгыг нь өгөөрэй гэхэд нь би Мөнгөө авч байж өгнө гэж хэлээд авсан. Нэг удаа хариуцагч тамгаа авахаар ирсэн. Тухайн үед би Тамгыг чинь өгөхгүй. Цалин өг гэхэд над руу уурлаж байгаад явсан. Маргааш нь хариуцагч над руу залгаад Тамга хэрэггүй болсон. Та наад тамгаа ав гэж хэлсэн... гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гийн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд баригдаж байгаа Соёлын төвийн гадна тохижилтын 1200 м2 талбай бетондох 10 өдрийн ажил хийх саналыг тавьж, нэг хүний ажлын хөлсийг 1,600,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 500,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгаас Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд 2 машинаар 6 хүн очсон. Бид нарын хийх ёстой ажлын боржур Улаанбаатар хотоос ирээгүй байсан учир 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс тус сумын Соёлын төвийн шат хийх ажилд орж, том, жижиг 5 ширхэг шатны марш зангидах, шат цутгах, хөгжлийн бэрхшээлтэй хүний орж, гарах зам цутгаж, газар шорооны ажил хийсэн. Харин үндсэн хийх ёстой ажлын боржур Улаанбаатар хотоос 7 хоногийн дараа ирж, талбай тэгшлэх, боржур суулгах ажлаа хийгээд 12 хоноод Ховд аймагт эхнэр өнөө маргааш төрөх гэж байна гэж ярьснаар би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш Ховд руу буцахаар болж, *******гээс цалингаа авъя гэхэд, таны цалинг араас чинь дансаар шилжүүлнэ гэхээр би итгээд Ховд аймаг руу ирсэн боловч намайг залилж, миний цалинг өгөхгүй 2 сар гаруй болж байна. Иймд, *******гээс ажлын хөлс 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардсан авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасанчлан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн 25, 26, 38 дугаар зүйл, заалттай танилцсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх ашиг сохирхлыг хамгаалах эрх, үүргийг шүүхээс тайлбарлан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэх заалтад нийцнэ.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж зааснаас үзэхэд хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зориг, үйлдэл, эс үйлдэл аль ч тохиолдолд түүний зөвшөөрлийг шүүх шийдвэрлэхдээ бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэж буй эсэх нь эргэлзээтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн шаардлагаа нотолж чадаагүй болно.
Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар *******тэй хөлсөөр ажиллах гэрээг амаар хэлэлцэн тохиролцсон гэх боловч хэдэн хоногийн хугацаатай, ямар төрлийн ажил хийж гүйцэтгэх, хэдэн төгрөгний хөлс авах, хэрэв тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн бол тодорхой хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн талаарх, мөн ямар хэмжээний мөнгө авах эсэхээ тохиролцсон гэх үйл баримт нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн иргэн *******гийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга бүхий баримт нь хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
Иймд, нэхэмжлэгч *******ы хариуцагч *******гээс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы хариуцагч *******гээс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН