| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0075/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/165 |
| Огноо | 2024-09-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, О.Аюурзана,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Б-д холбогдох 2316001970063 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, дүү, ачийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1(нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, С овогт Ж-ын Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Б-ийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод байрлах Д.С-ын гэрт хаалганы цоожийг нь эвдлэн орж том тасдагч 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, призер 1 ширхэг, призерын ком ир, хадаасны буу 1 ширхгийг нууцаар, хууль бусаар авч, нийт 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийн хохирол, мөн Д.М-ын гэрийн тооноор нь орж 32 инчийн зурагт 1 ширхэг, гахайтай бэлэн мөнгө, арьсан хар өнгийн түрийвч дотроо 100,000(нэг зуун мянга) төгрөгтэй, том шар түрийвч, бэлэн 500,000(таван зуун мянга) төгрөг, дунд гарын цагаан зэс аяга 2 ширхэг, эрэгтэй эмэгтэй хос мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн гинж, мөнгөн бугуйвч, бугуйн цаг 2 ширхгийг нууцаар, хууль бусаар авч, нийт 4,240,000(дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** тоотод байрлах хохирогч Д.С-ын гэрийн хаалганы цоожийг нь эвдлэн орж том тасдагч 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, призер түүний ирний иж бүрдэл, хадаасны хийн буу 1 ширхгийг авч бусдад худалдан 580,000(таван зуун наян мянга) төгрөгийн хохирол, мөн хохирогч Д.М-ын гэрийн тооноор нь орж 32 инчийн зурагт 1 ширхэг, гахайтай бэлэн мөнгө, арьсан хар өнгийн түрийвчтэй 100,000(нэг зуун мянга) төгрөг, том шар түрийвчтэй 500,000(таван зуун мянга) төгрөг, дунд гарын цагаан зэс аяга 2 ширхэг, эрэгтэй эмэгтэй хос мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн гинж, мөнгөн бугуйвч, бугуйн цаг 2 ширхгийг авч 4,240,000(дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай хадам ах Ц ***** дугаараас 2023 оны 10 дугаар сарын 07-ны 16 цагийн үед хадам ээж рүү залгаад хашаанд гэрт хулгай орсон байж магадгүй байна гэж залгасан... Очиход манай гэрийн/голын гэр/ цоожийг цүү цуургатай нь мушгисан, тоононы гялгар цаас урагдсан байдалтай байсан. Зүүн талын хадам ах Ц-ийн гэрийн хаалганы цоожийг мөн адил мушгисан, баруун талын гэр /Р/-н тооны гялгар уут урагдсан, амбаарны хаалга онгорхой байсан. Тэгээд цагдаа дуудсан ... Би өөрөө мужаан хийдэг. Улаанбаатар хотод байх хугацаандаа гэртээ том жижиг 2 тасдагч, хуран хөрөө, цахилгаан дрилл, призер, призерийн ком ир гэсэн эд зүйлс байсан... Тухайн эд зүйлсийг хараад бүгдийг нь танина ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/
2. Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Цагдаа ирэхэд ээж үүдний амбаарын хаалга онгорхой дотор гэрийн хаалга цоожтой байна гэж хэлээд хаалга онгойлгож ороод надтай видео дуудлага хийгээд гэрийн эргэн тойрныг харуулсан ... Хойморт байсан 32 инчийн телевизор, хуучны бавай толгойтой хөөрөг /бөөрөн дээрээ “Р” үсэг шиг тэмдэгтэй/, гахайтай мөнгө /2-3 сая төгрөг/, арьсан хүрэн түрийвч дотор байсан 100,000 төгрөг, хар өнгөтэй түрийвч 40,000 төгрөг, шар том түрийвч 20,000 төгрөг, бичиг баримттай төмөр лаазан дотор 500,000 төгрөг, цагаан зэсэн аяга 2 ширхэг, бөгжний саванд байсан эрэгтэй эмэгтэй мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн гинж бугуйвч, хар өнгөтэй эрэгтэй, цагаан өнгөтэй эмэгтэй бугуйн цаг зэрэг зүйлүүд алга болсон байна ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... *** *** тоот хашаанд манай зун бариад өвөлдөө хураадаг гэр байдаг юм. Өчигдөр буюу 10 дугаар сарын 07-нд 5 цагийн үед хашаанд очин гэрт түлээ оруулж гэрээ цэвэрлээд хашаагаа эргэх гээд очиход манай гэрийн цоожийг нь мулталсан, дунд гэрийн тооны гялгар цаас нь урагдсан, цоожийг нь мушгисан, баруун талын гэр тооны гялгар цаас нь урагдсан, үүдний амбаар нь онгорхой байсан. Тэгээд би эхлээд ээж болон охин дүүдээ хашаанд хулгай орсон байна гэж хэлэхэд хүргэн С эхнэрийн хамт, ээж, аав 4 ирсэн ... С гэрээ онгойлгоод гэрт байсан ор хайрцагийг сөхөж үзэхэд дотор нь байсан багажнууд алга гэсэн… 09 дүгээр сарын 30-нд очиж боорцог хайрч, толгой сүүл хуйхалсан. Тэрнээс хойш би очоогүй байж байгаад өчигдөр очсон. Тэр үед зүгээр байсан… Манай гэрээс алдсан зүйлс байхгүй. Дунд гэр болох С-ын гэрээс мужааны багажууд дрилл, том жижиг тасдагч, призер, уран хөрөө, баруун талын гэр буюу Р-ын гэрээс телевизор байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/
4. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6 цаг болж байсан байх. Мужааны багажнууд байсан. 1 том, 1 жижиг тасдагч, модон дээр хээ зурдаг бололтой нэг багаж, миний мэдэхгүй багаж бас байсан. Зарсан хүн надад зээл төлөх гэсэн юм мөнгөний хэрэг гараад байна 160,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь 90,000 төгрөгт өгчих, ямар нэгэн асуудал байхгүй юм байгаа биз дээ гэхэд миний өөрийн багажнууд байгаа юм гэсэн... Зүс харвал муухан таних байх... Би ******** дугаарын дансанд 90,000 төгрөг “1” гэсэн гүйлгээний утгатай хийсэн. Данс эзэмшигч нь Ж******* Б гэсэн байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/
5. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б манай хүү Б руу залгаад “... таксинд яваад өгөөч ...” гээд хэлэхэд манай хүү Б, эхнэр Б, бид 3 /хаягийг нь мэдэхгүй блокон хашаа байсан дотор нь 1 гэр байсан/ тэнд хашааны ар талд зогсож байхад Б тэр айлаас ганцаараа цагаан ууттай багажнууд аваад гараад ирсэн. Тэгснээ “... намайг авах уу...” гэсэн “... ахад нь мөнгө төгрөг алга байна авахгүй...” гэсэн. Доошоо “*****” гэх дэлгүүрт очоод ууттай багажаа аваад дэлгүүр рүү ороод удалгүй гарч ирээд саарал өнгийн Приус-20 машинтай залуутай уулзаад багажнуудаа тэр залууд өгсөн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас/
6. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Б нь цагаан ууттай юм аваад миний багажнууд байгаа юм гээд суусан. Тэднээс “******” гэх дэлгүүрт очоод ууттай багажаа аваад дэлгүүр рүү орсон удалгүй гэрч ирээд Приустэй залууд өгөөд манай машинд суугаад манайд буучихаад ээж рүүгээ яриад гараад явсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас/
7. Гэрч А.С-с хулгайд алдагдсан гэх эд зүйлс болох том шар тасдагч 1 ширхэг, жижиг улаан тасдагч 1 ширхэг, хийн хадаасны буу 1 ширхэг, призер 1 ширхэг, жижиг улаан дрилл 1 ширхийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/
8. Гэрч Б.Б-р шүүгдэгч Ж.Б-г таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./1-р хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас/
9. Шүүгдэгч Ж.Б-ийн эзэмшлийн ХААН банк дахь ******** дугаартай дансанд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******** дугаарын данснаас “1” гэсэн гүйлгээний утгаар 90,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга. /1-р хавтаст хэргийн 67 дугаар хуудас/
10. Гэрч А.С-ын эзэмшлийн ХААН банк дахь ******** дугаартай данснаас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******** дугаарын данс руу “1” гэсэн гүйлгээний утгаар 90,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга. /1-р хавтаст хэргийн 73 дугаар хуудас/
11. Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “*****” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийн шүүгдэгч Ж.Б хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг бусдад худалдсан үйл явдлыг бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 85-89 дүгээр хуудас/
12. Хохирогч Д.М-ын хулгайд алдсан гэх 32 инчийн телевизор, бэлэн мөнгө, зэс аяга, хос мөнгөн бөгж, мөнгөн гинж, мөнгөн бугуйвч, бугуйн цаг гэсэн эд зүйлсийг 4,240,000 (дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгөөр үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-н 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-921/4722 дугаартай шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас/
13. Хохирогч Д.С-ын хулгайд алдсан гэх тасдагч 2 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, призер /ком ирний хамт/ 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, хадаасны буу 1 ширхэг гэсэн эд зүйлсийг 580,000 (таван зуун наян мянга) төгрөгөөр үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-н 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-921/70 дугаартай шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас/
14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан том тасдагч 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, призер 1 ширхэг, хадаасны буу 1 ширхэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Хүн байнга амьдрах орон байр гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд үүнийгээ мэдсээр байж зөрчин хулгайлах гэмт хэрэг үйлдвэл дээрх хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “орон байр” гэх ойлголтод хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж тодорхой тайлбарлажээ.
Иймээс хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох хохирогч Д.С-ын монгол гэрийн цоожийг эвдэлж, Д.М-ын монгол гэрийн тооноор нь нэвтрэн орж тэдний эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн шинжилж, гэрчүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон харьцуулан үнэлж хэргийн үйл баримтыг дээрх байдлаар тогтоосон болно
Харин гэрч М.Б-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “...А-ийн унтаж байсан орыг нааш татаад үзэхэд ам нь боолттой, одоо тайлбарлаж хэлэхэд хэцүү байна. Ууттай зүйл байсан ...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 156-158 дугаар хуудас/, гэрч М.А-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “...Тэр залуу миний унтаж байсан орны хойд талд ууттай зүйл үлдээсэн байж магадгүй...”/1-р хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Уг гэрчүүд нь шүүгдэгч болон тэдний гэр бүлийн гишүүдтэй танил, найз нөхдийн холбоо хамааралтай тул өгсөн мэдүүлгүүдийн нотолгооны ач холбогдол “...магадгүй, хараагүй...” гэх агуулгийн нотломжийн түвшин, мэдүүлэг өгсөн цаг хугацаа зэрэг нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг хэрэг хариуцах чадваргүйн улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан Ц.Э-д нялзаах зорилготой гэж дүгнэн энэ мэдүүлгүүдээр шүүгдэгчийн бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг үгүйсгэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, О.Аюурзана нарын “...шүүгдэгч Б-ийн мэдүүлэг нь гэрч М.Б, М.А нарын мэдүүлгээр нотлогдож, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад Ж.Б-г гэм буруутай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Ц.Э тухайн гэмт хэргийг үйлдээгүй болохыг бүрэн нотлоогүй, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэх агуулга бүхий дүгнэлтийг шүүх хангаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, хохирогч Д.С, Д.М нарын “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоохгүй…” гэх агуулга бүхий хүсэлт/1-р хавтаст хэргийн 17, 19 дүгээр хуудас/, хохирогч Д.С-ын “…Би хулгайд алдсан багажуудаа дахиж шинээр худалдаж авсан байгаа… үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж авмаар байна. Цагдаа дээр хураагдсан байгаа хулгайд алдсан багажуудаа буцааж авахгүй…” гэх мэдүүлэг,/1-р хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/ хохирогч Д.М- ын хулгайд алдсан гэх эд зүйлсийг 4,240,000 (дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгөөр үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-н 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-921/4722 дугаартай шинжээчийн дүгнэлт,/1-р хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас/ хохирогч Д.С-ын хулгайд алдсан гэх эд зүйлсийг 580,000 (таван зуун наян мянга) төгрөгөөр үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-н 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-921/70 дугаартай шинжээчийн дүгнэлт,/1-р хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас/ гэрч А.С-ын эзэмшлийн ХААН банк дахь ****** дугаартай данснаас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаарын данс руу “1” гэсэн гүйлгээний утгаар 90,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга/1-р хавтаст хэргийн 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Б-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б-г тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЦХШЗ/14 дугаартай захирамжаар яллагдагчаар 13 (арван гурав) хоног, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/220 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шатанд 73(далан гурав) хоног, нийт 86(наян зургаа) хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон 86(наян зургаа) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.
Шүүгдэгч Ж.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.С-д 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийн, Д.М-д 4,240,000 (дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлсээс биет байдлаар том тасдагч 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, призер 1 ширхэг, хадаасны буу 1 ширхэг олдож хэрэгт хураагдаж ирсэн байна.
Хохирогч Д.С нь “…Би хулгайд алдсан багажуудаа дахиж шинээр худалдаж авсан… үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж авмаар байна. Цагдаа дээр хураагдсан байгаа хулгайд алдсан багажуудаа буцааж авахгүй …” гэж мэдүүлсэн бөгөөд тухайн багажнуудыг гэрч А.С шүүгдэгч Ж.Б-ээс 90,000 ерэн мянга) төгрөгөөр худалдаж авчээ.
Иймээс шүүгдэгч Ж.Б-ээс хохирогч Д.С-д 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийг, хохирогч Д.М-д 4,240,000 (дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг тус тус гаргуулан хохирогч нарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн том тасдагч 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, призер 1 ширхэг, хадаасны буу 1 ширхгийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдэлгүй худалдаж авсан хууль ёсны эзэмшигч А.С-д буцаан олгохоор шүүх шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч 86 (наян зургаа) хоног цагдан хоригдсон, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ж-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-д 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн цагдан хоригдсон 86 (наян зургаа) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ж.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ж.Б-ээс 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-д, 4,240,000(дөрвөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч 86 (наян зургаа) хоног цагдан хоригдсон, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тасдагч 2 ширхэг, хадаасны хийн буу 1 ширхэг, призер 1 ширхэг, дрилл 1 ширхгийг хууль ёсны эзэмшигч А.С-д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА