Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/308

 

 

2024       07         01                                           2024/ШЦТ/308

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                       

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Э-т холбогдох эрүүгийн 2425000000**** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын 15-ны өдөр Булган аймаг Орхон суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ***** дугаар ангийн гэрээт харуул хамгаалалтын харуулчин ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт *********************************** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Б овогт Ц-ын Э /РД; ***********/,

2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч Ц.Э нь;

2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт **-**ОРО улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Ц.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.М-ы “...согтуу залуу тээврийн хэрэгсэл жолоодож байна.” гэх мэдээллийг тус Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь  тал/,

түүний илтгэх хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын ашиглах зөвшөөрөлтэй “Alcotest7510” загварын амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар шүүгдэгч Ц.Э-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг, мөн түүний согтолтын зэргийг нь шалгахад 3.23%-ийн согтолттой байсныг тогтоосон эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Цагдаагийн алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 16 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн “...Уртынгол баг төв замын уулзвараас урд зүг Дэнж баг руу эргэдэг салдаг зам дээр миний урд явсан машин эргэх гээд зогсохоор нь ард нь хүлээгээд зогсож байтал миний машины араас нэг машин ирээд мөргөчихсөн, бууж ирээд хартал машины арын талын гупер нилдээ хагарсан байсан. Миний машиныг мөргөсөн Toyota prius-30” загварын машины жолоочийг буугаад ирэхээр нь ойртоод “хэрхэн, яаж шийдвэрлэх” талаар ярих гэтэл архи, согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэх /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

гэрч Б.М-ы “...2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаас үүрэг чиглэл аваад 17 цагаас өглөөний 10 цаг хүртэл шөнийн эргүүлд үүрэг гүйцэтгэсэн. Тус өдөр 16 цаг 55 минутад цагдаагийн газрын Шуурхай удирдлагын 7035102 дугаараас “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарлаа” гэх дуудлага мэдээлэл аваад очиж шалгахад иргэн Ц.Э нь **-**ОРО улсын дугаартай Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа **-**БУН улсын дугаартай Toyota prius-20” загварын машины араас мөргөсөн байсан. ...**-**ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн согтолтыг хэмжих багажаар үзэхэд 3.23%-ийн согтолттой байсан учраас жолоочийн регистрийн дугаарыг багажаар шалгахад 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байсан тул жижүүрийн бүрэлдэхүүнд илтгэх хуудас бичиж хүлээлгэн өгсөн.” гэх /хавтаст хэргийн 23 дахь тал/,

яллагдагч Ц.Э-ийн “...Би 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэртээ амарч байхдаа ганцаараа 0.5гр архийг уучихаад унтсан, өглөө нь манай найз залгаад “Булган явчихаад ирье” гэхээр нь “найз нь өчигдөр орой унтахаас өмнө нэг шил архи уучихсан, тэгэхдээ унтаад боссон юм чинь гайгүй байх” гэж хэлээд гэрээсээ “Toyota prius-30” загварын **-**ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Уртынгол багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож яваад миний урд явсан цагаан өнгийн “Toyota prius-20” загварын машины араас нь мөргөчихсөн. Тэгсэн жолооч нь бууж машинаа хараад цагдаагийн газарт дуудлага өгөөд цагдаагийн алба хаагч нар ирээд согтолт хэмжих багажаар үзэхэд миний согтолтын зэрэг 3.23%-тай гарч ирээд жолоочийн бичиг баримт шалгадаг багажаар шалгаад намайг эрхээ хасуулсныг мэдсэн. Би тухайн өдрийн өглөө ажлаасаа буугаад гэртээ ирээд өдрийн 12 цагийн орчимд ганцаараа нэг шил архи уусан, маргааш өглөө нь буюу 2024 оны 5 дугаар сарын 18-ны өглөө босож ирээд гэрт байсан лаазтай пивыг уучихсан юм. Би “Toyota prius-30” загварын **-**БУН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг тэр өдөрт нь засварын газарт аваачаад 2.100.000 төгрөгөөр засуулаад хохиролгүй болгосон.” гэх /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ мэдүүлгүүдийг,

мөн Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.О-ын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 42/05-488 дугаартай, “...Ц овогтой Э /РД: ************/ нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 717338 тоот дугаартай АВ ангилалтай жолоодох эрхийг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай эрх хасагдсан байна” гэсэн албан бичиг, холбогдох зөрчлийн материал /хавтаст хэргийн 62, 63-76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ц-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасаж, гурван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч Ц.Э-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан шүүхийн шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж,

торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э