Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2022/00139

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2022/00139

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Галдан бошгит /Их Монгол/ 110А дугаар байрны 42 айлын орон сууцны 20 тоотод оршин суух, *******ад холбогдох,

Байрны үлдэгдэл төлбөр 32,288,000 төгрөг, алданги 7,749,120 төгрөг, нийт 40,037,120 /дөчин сая гучин долоон мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ийн захирал ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь Д.Ганбаттай 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Галдан бошгит /Их Монгол/ 110А дугаар байрны 42 айлын орон сууцны 20 тоот 91,24 м2 3 өрөө байрыг м2-ыг нь 1,200,000 төгрөгөөр бодож 109,488,000 төгрөгөөр худалдсан болно. Байранд орсноос хойш 10,000,000 төгрөгийг компаний менежер *******ийн дансанд төлсөн. Д.Ганбатын байр нь 91,24 м2 байсан бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журамд заасан хавсралтын Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80 м2-аас ихгүй байна гэсэн журамд зааснаар орох боломжгүй байсан учраас ипотекийн зээлийг 80 м2-аар хийж зээлэнд орж 67,200,000 төгрөгийн зээл гаргуулсан байдаг.

Одоо үлдэгдэл 32,288,000 төгрөгийг төлөөгүй явж байна. Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу байрны урьдчилгаа төлбөр 30% өгөөд түлхүүр гардаж авах үедээ 70% төлж байрны төлбөрөө бүрэн төлж дуусгах ёстой байсан. 

Гэтэл Д.Ганбатынх 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр түлхүүр гардаж авснаас хойш өдийг хүртэл орон сууцны төлбөрөө барагдуулж дуусаагүй байна.

Иймд Д.Ганбатаас байрны үлдэгдэл төлбөр 32,288,000 төгрөг, 4 жилийн хүү 15,498,240 төгрөг, алданги 7,749,120 төгрөг, нийт 55,535,360 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Д.Ганбат нь *******-ийн барьж байсан байрнаас 2016 оны 9 дүгээр сард 109,488,000 төгрөгийн орон сууцыг худалдан авч орсон. 2017 оны 9 дүгээр сард, 10 сард 10,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 67,200,000 төгрөг, нийт 77,200,000 төгрөгийг байрны төлбөрт өгсөн. Тухайн үед гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр байр баригдаж дуусах хугацаанд байрны төлбөрийн 70 хувийг төлөөд орон сууцанд орох байсан. Гэтэл 5 жилийн хугацаанд байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй учир хариуцагч Д.Ганбатаас алданги, хүүг нэхэмжилсэн боловч тэрээр төлөхгүй байсан тул Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Байрны үлдэгдэл төлбөр 32,288,000 төгрөг, хүү 15,498,240 төгрөг, алданги 7,749,120 төгрөг, нийт 55,535,360 төгрөгийг нэхэмжилж байгаа.

...Хүү тооцох талаар гэрээнд тусгагдаагүй, мөн хүү тооцох тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, хүү 15,498,240 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас байрны үлдэгдэл төлбөр 32,288,000 төгрөг, алданги 7,749,120 төгрөг, нийт 40,037,120 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна... гэжээ.

3. Хариуцагч Д.Ганбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Миний бие нь нэхэмжлэлийн шаардлага болох байрны үлдэгдэл төлбөр 32,288,000 төгрөгийг төлнө. Харин хүү 15,498,240 төгрөг, алданги 7,749,120 төгрөгийг төлөхгүй... гэжээ.

4. Нэхэмжлэгчээс *******-ийн захирал *******гаас 1 жилийн хугацаатай *******т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн Хаан банк дахь ******* тоот депозит дансны хуулгууд зэрэг баримтуудыг,

Хариуцагч талаас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК-ийн нэхэмжлэлээс 32,288,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 7,749,120 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК нь шүүхэд анх хариуцагч Д.Ганбатаас байрны үлдэгдэл төлбөр 32,288,000 төгрөг, 4 жилийн хүү 15,498,240 төгрөг, алданги 7,749,120 төгрөг, нийт 55,535,360 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Д.Ганбатаас байрны үлдэгдэл 32,288,000 төгрөг, алданги 7,749,120 төгрөг, нийт 40,037,120 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ Д.Ганбат нь Электро-Инсталэйшн ХХК-ийн барьж байсан байрнаас 2016 оны 09 дүгээр сард 109.488.000 төгрөгийн орон сууцыг худалдан авч, 2017 оны 09 дүгээр сард 10.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 67.200.000 төгрөг, нийт 77.200.000 төгрөгийг байрны төлбөрт өгсөн. Тухайн үед гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр байр баригдаж дуусах хугацаанд байрны төлбөрийн 70 хувийг төлөөд орон сууцанд орох байсан. Гэтэл 5 жилийн хугацаанд байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй учир хариуцагч Д.Ганбатаас алданги, хүүг нэхэмжилсэн боловч тэрээр төлөхгүй байсан тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд, байрны үлдэгдэл төлбөр 32,288,000 төгрөг, хүү 15,498,240 төгрөг, алданги 7,749,120 төгрөг, нийт 55,535,360 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Электро Инсталэйшн ХХК-ийн нэхэмжилсэн байрны үлдэгдэл 32,288,000 төгрөгийг төлнө. Харин хүү 15,498,240 төгрөг, алданги 7,749,120 төгрөгийг төлөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Электро Инсталэйшн ХХК-ийн захирал Ө.Түвдэндорж болон Д.Ганбат нарын хооронд байгуулсан Орон сууц захиалах 20 дугаартай гэрээ, Электро Инсталэйшн ХХК-ийн 000147553 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Электро Инсталэйшн ХХК-ийн ХААН банкны 509900469 харилцах дансны 2017.09.14-2017.09.15, 2018.09.01-2018.12.01-ний өдрийг дуусталх хугацааны депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 20 дугаартай Орон сууц захиалах гэрээ байгуулагдаж гэрээнд захиалагчаар Д.Ганбат, гүйцэтгэгч Электро Инсталэйшн ХХК-ийн захирал Ө.Түвдэндорж нар гарын үсэг зурсан, 2016 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд орох орон сууцнаас хариуцагч Д.Ганбат 80 м2 талбайтай, 3 өрөө байр захиалж, нийт үнийн дүн 96,000,000 төгрөгөөр тохиролцжээ. Талууд хооронд гэрээ байгуулах үед Электро Инсталэйшн ХХК-ийн захирал Ө.Түвдэндорж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Түвдэндорж овогтой Батбуянг захирлаар бүртгэж дахин гэрчилгээ олгосон ба Электро Инсталэйшн ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн хариуцагч Д.Ганбат нь Электро Инсталэйшн ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 67,200,000 төгрөг, нийт 77,200,000 төгрөг төлсөн нь Электро Инсталэйшн ХХК-ийн ХААН банкны 509900469 харилцах дансны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь байрны үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс үүдэлтэй алданги 7,749,120 төгрөг байна. Харин Орон сууц захиалах гэрээний дагуу хариуцагч Д.Ганбат нь худалдан авсан байрны үлдэгдэл 32,288,000 төгрөгийг нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК-д төлөх ёстой талаар болон Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан баг, Их монгол хотхон, 110А дугаар байрны 20 тоот 91,24 м2 талбайтай, 3 өрөө байрыг м2-ыг нь 1,200,000 төгрөгөөр бодож, нийт 109,488,000 төгрөгөөр тохиролцон худалдан авсан талаар маргаагүй байна.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК болон хариуцагч Д.Ганбат нарын хооронд дээрх байдлаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Д.Ганбат нь нийт 109,488,000 төгрөг төлөх ёстойгоос 77,200,000 төгрөг төлж, үлдэгдэл 32,288,000 төгрөг төлөөгүй байх учир нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК нь харицагч Д.Ганбатаас байрны үлдэгдэл төлбөр 32,288,000 төгрөг шаардах эрхтэй байх бөгөөд харин нэхэмжлэгчээс алданги 7,749,120 төгрөг шаардах эрхгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрэээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хуульчилсан байхад талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах гэрээний 3.1-д Захиалагч нь орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтэрсэн сар тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан нь алданги хоногоор, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр тооцохоор зохицуулсан хуулийн заалтыг зөрчжээ. Энэ тухай шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн талууд гэрээний 2.1-д төлбөрийн 30 хувийг гэрээ хийгдмэгц, түлхүүр гардуулах үед 70 хувийг төлөхөөр тохиролцсон ч хэдий хугацаанд хэдэн төгрөгийг төлж дуусгах талаар гэрээнд тодорхой хугацаа зааж тохиролцоогүй тул алданги тооцсон хугацаа болон хэдэн төгрөгөөр тооцсон нь тодорхойгүй байна гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэх бөгөөд Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах гэрээний алданги гаргуулах заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц захиалах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 32,288,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК-нд олгож, алданги 7,749,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,627 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д.Ганбатаас 319,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар баримт ирүүлээгүй, нэхэмжлэгчий төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой талаар санал гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Ганбатаас Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 32,288,000 (Гучин хоёр сая хоёр зуун наян найман мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК-д олгож, нэхэмжлэгчийн алданги 7,749,120 (Долоон сая долоон зуун дөчин есөн мянга нэг зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,627 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Ганбатаас 319,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Электро Инсталэйшн ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН