Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2022/00147

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2022/00147

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаагийн 18 айлын 15 тоотод оршин суух, *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаагийн 18 айлын 15 тоотод оршин суух, *******д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаа 18 айлын 15 тоот ипотекийн зээлд байгаа 3 өрөө /дугаар *******/ байрны зээлийг *******аар төлүүлэх, хэрвээ ******* байрны зээлийг төлөхөөс татгалзсан тохиололд миний бие ******* нь үлдсэн зээлээ төлж харин байрны гэрчилгээн дээрх хамтран эзэмшигчээс *******ы нэрийг хасах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие ******* нь 2007 онд *******тай танилцаж хамтран амьдарч байгаад 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтийн 0092 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн. Үүнээс хойш өдийг хүртэл бид 14 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүү *******, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ******* хүүгээ төрүүлсэн. Бид үр хүүхдээ төрүүлэн элэг бүтэн сайхан амьдарч байтал ******* нь сүүлийн нэг жилийн хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн мөн тэр хүнтэйгээ нийлэн шүүхэд салах өргөдөл өгөөд зогсохгүй намайг хэл амаар доромжилж, үр хүүхэдтэй чинь гудамжинд гаргана гэх мэтээр дарамталж байгаа. Бид анх хуримаа хийхэд аав ээжийн бидэнд өгсөн 6 ханатай гэрийг ******* нь гэрлэлт цуцлахаас өмнө шүүхийн маргаантай байх хугацаанд зарсан. ******* нь удаа дараа миний биед гар хүрч байсан. Шүүхийн маргаантай байх үед ч мөн надад гар хүрч миний духан дээр үлдээсэн сорви одоог хүртэл арилаагүй байна. Бид хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулж, бидний хүүхдүүд болох ******* ******* нар нь миний асаргаанд ирсэн тул мөн хуулийн дагуу *******аас хүүхдийн тэтгэмж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаа 18 айлын 15 тоот ипотекийн зээлд байгаа 3 өрөө /дугаар *******/ байрны зээлийг *******аар төлүүлэх, учир нь энэ байр 72,000,000 төгрөгийн үнэтэй, анх байр авахад байрны урьдчилгаа болох 12,000,000 төгрөгийг ******* миний бие төлсөн, мөн бид хамтран ярилцаж шийдсэний үндсэн дээр 2 дахь хүүхэд болох *******г 2019 онд үр шилжүүлэн суулгах хагалгаагаар төрүүлсэн. Энэхүү эмчилгээний зардалд нийт 16,000,000 төгрөг болсны 6,000,000 төгрөгийг ******* би цалингийн зээл авч 10 сая төгрөгийг хувь хүмүүсээс зээлж төлсөн. Миний бие 6 сая төгрөгийн цалингийн зээлээ төлж байгаад 2021 оны 8 дугаар сард хувь хүнээс зээлсэн 10 сая төгрөг нэхэгдсэний улмаас нэмж цалингийн зээл авсан. Одоогоор энэ бүх зээлийг төлдөг бөгөөд зээл маань 2024 оны 02 дугаар сард дуусна. Эдгээр шалтгааны улмаас миний бие байрны зээлээ төлөх боломжгүй тул *******аар төлүүлж өгнө үү. Хэрвээ ******* байрны зээлийг төлөхөөс татгалзсан тохиолдолд миний бие ******* нь үлдсэн зээлээ төлж харин байрны гэрчилгээн дээрх хамтран эзэмшигчээс *******ы нэрийг хасуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Би хүүхдийн тэтгэлгээ төлнө, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид өгнө, байраа эхнэр хүүхэддээ шилжүүлж өгнө. Байрны зээл төлөхгүй. Байрны гэрчилгээнээс нэрээ хасуулж авмаар байна.

...Зээлийн гэрээ байгуулсан банк дээр очиж зээл төлөх боломжгүй, зээлийн гэрээнээс хасаж өгөхийг хүсэхэд тодорхой хариу өгөөгүй, миний бие хүүхдүүдийн тэтгэлгийг төлөх болно. Цаашдаа ч гэсэн хүүхдүүдээ харж хандаж, анхаарал тавих болно... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Буянт өрх ЭГБХН-ийн өрхийн эмч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолтууд, Боржигон овогт Батсайханы Тэмүүлэн, Боржигон овогт Батсайханы Тэмүүжин нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******, ******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2021/00647 дугаартай шийдвэрийн баталгаат хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 11-ний дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудыг,

Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаа 18 айлын 15 тоот ипотекийн зээлэнд байх 3 өрөө /дугаар *******/ байрны зээлийг *******аар төлүүлэх, хэрвээ ******* байрны зээлийг төлөхөөс татгалзсан тохиолдолд миний бие ******* нь үлдсэн зээлээ төлж харин байрны гэрчилгээн дээрх хамтран эзэмшигчээс *******ы нэрийг хасах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны шатанд тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 647 дугаартай шийдвэрээр хүүхдийн асрамжийг шийдвэрлэсэн тул хүүхдийн асрамжийг дахин шийдвэрлэх шаардлагагүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт зохигчид нэхэмжлэлийн шаардлага тус бүрт эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсныг шүүх хуралдаан дээр гаргасан. Үүнд: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч *******, хариуцагч ******* бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.

Нэг: Хариуцагч ******* миний бие нь өөрийн төрсөн хүүхэд болох *******, ******* нарт хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаа 18 айлын 15 тоотод байрлалтай, 71.6 м2 талбайтай, Ү-1617004833 дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-нд заасны дагуу сар бүр төлөх 474,500 төгрөгийг цаашид төлөхгүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь ипотекийн зээл дуустал төлж барагдуулна.

Хоёр: Нэхэмжлэгч ******* миний бие 1 дугаартай ипотекийн зээл болох 474,500 төгрөгийг сар бүр төлж зээлийн гэрээг дуустал би өөрөө төлнө.

Гурав: Хариуцагч ******* миний бие байрны гэрчилгээнээс өөрийн нэрийг хасуулах болно гэж харилцан тохиролцжээ.

1. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагын хувьд:

******* болон ******* нар нь 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүү *******, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүү ******* нар нь төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаат хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д ...Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно... гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлэг дээр харилцан тохиролцсон хэдий ч хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү *******, ******* нарыг сар бүр эцэг ******* нь сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

2. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаа 18 айлын 15 тоот ипотекийн зээлд байгаа 3 өрөө /дугаар *******/ байрны зээлийг *******аар төлүүлэх, хэрвээ ******* байрны зээлийг төлөхөөс татгалзсан тохиолдолд миний бие ******* нь үлдсэн зээлээ төлж харин байрны гэрчилгээн дээрх хамтран эзэмшигчээс *******ы нэрийг хасуулах тухай шаардлагын хувьд:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар хамтран амьдрах хугацаанд бий болсон хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон буюу Ховд аймаг, Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаагийн 18 айлын 15 тоот байрны ипотекийн зээлийг хариуцагч ******* төлөхгүй байхаар, харин зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгч ******* төлж дуусгахаар, уг ипотекийн зээл төлөгдөж дууссаны дараа эсхүл зээлийг төлж дуусахаас өмнө зээл олгосон банкны зүгээс зөвшөөрсөн тохиолдолд ******* улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, 71.6 м.кв талбайтай тус байрны өмчлөлийн гэрчилгээнээс *******ы нэрийг хасуулахаар харилцан тохиролцсон болохыг дурдаж, Ховд аймаг, Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаагийн 18 айлын 15 тоот байрыг нэхэмжлэгч *******д үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 541,624 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн илүү төлөгдсөн 471,424 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү *******, ******* нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *******д даалгасугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй, хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүний адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар хамтран амьдрах хугацаанд бий болсон хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон буюу Ховд аймаг, Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаагийн 18 айлын 15 тоот байрны ипотекийн зээлийг хариуцагч ******* төлөхгүй байхаар, харин зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгч ******* төлж дуусгахаар, уг ипотекийн зээл төлөгдөж дууссаны дараа эсхүл зээлийг төлж дуусахаас өмнө зээл олгосон банкны зүгээс зөвшөөрсөн тохиолдолд ******* улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, 71.6 м2 талбайтай тус байрны өмчлөлийн гэрчилгээнээс *******ы нэрийг хасуулахаар харилцан тохиролцсон болохыг дурдаж, Ховд аймаг, Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаагийн 18 айлын 15 тоот байрыг нэхэмжлэгч *******д үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,624 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн илүү төлөгдсөн 471,424 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ТАСХЫН