Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2021/01631

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ..., 5 дугаар баг, ..., ... гудамж, ...тоот хаягт оршин суух, Б... овогт Б гийн Б /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 11 дүгээр хороо, ... дугаар байр, ....тоот хаягт оршин суух, М... овогт Х ын Н /РД: .../-т холбогдох,

 

Гэрээнд үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Х.Н , хариуцагчийн өмгөөлөгч А.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б гийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай нөхөр Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн найз Ю.О гаар дамжуулан Х.Н тэй гэрийнх нь гадаа очиж уулзаад ... дүүргийн 10 дугаар хороо, ... хороололд баригдаж буй шинэ 68 м/к талбай бүхий орон сууцыг түрээслээд худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаанд 8,000,000 төгрөг өгсөн. Орон сууц 2019 оны 09 дүгээр сард ашиглалтад орно, байрандаа орохдоо 2,000,000 төгрөг нэмж өгөхөөр тохирсон. Урьдчилгаа төлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 18-нд Х.Н ийн Хаан банкин дахь ... тоот дансанд 5,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 20-нд Х.Н ийн ... тоот дансанд 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн орон сууц ашиглалтад ороод хүмүүс байрандаа орж эхэлсэн боловч Х.Н нь манай гэр бүлийг байранд оруулаагүй. Анх манай нөхөр Б.Б бид 2 хашаагаа зараад уг байрны урьдчилгааг Х.Н т өгсөн. Одоо бид байр түрээсэлж амьдарч байна. Х.Н т 8,000,000 төгрөг өгснөөс хойш 2 жилийн хугацаанд манай нөхөр Б.Б нь Х.Н ээс мөнгөө нэхэж утсаар ярьдаг байсан. Орон сууцанд орж чадахгүй нь тодорхой болсон тул би Х.Н ээс өгсөн мөнгөө буцааж авахаар шаардахад тэрээр ... би тэр мөнгийг цааш нь хүнд өгсөн, өөрөөсөө өгч чадахгүй гэдэг болсон. Манай нөхөр Б.Б нь ... дүүргийн цагдаагийн хэлтэст Х.Н т холбогдуулан өргөдөл гомдол гаргаагүй, харин цагдаагаас нэг удаа залгахад нь ... би иргэний шүүхэд өргөдөл гаргасан, түүгээрээ асуудлаа шийдүүлнэ гэдгээ хэлснээс хойш дахиж залгаагүй. Иймд орон сууц худалдаж авахаар Х.Н т өгсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Н ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагч, түүний өмгөөлөгч А.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Н нь ... хороололд байр захиалганд оруулж өгнө, болно гэсний дагуу Төрийн орон сууцны корпорацийн ажилтан Л.Б гэх хүнтэй уулзаад өөртөө болон хүүхэддээ байр авах зорилгоор 9,000,000 төгрөг өгсөн. Л.Б манай хүүхдийн байрны захилаганд оруулсан талаар мессеж бичсэн. Ингээд түүний захиалгад оруулж өгч чадах юм байна гэж итгээд өөрийн дансаар Б.Б болон бусад 100 гаран хүнээс мөнгө авч Л.Б д өгсөн. Энэ үйлдэлд ... дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн.... дугаартай хэрэг нээж, Х.Н намайг яллагдагчаар татан шалгаж байгаа. Би нэхэмжлэгч Б.Б гээс шилжүүлсэн авсан 8,000,000 төгрөгөөс өөртөө 3,250,000 төгрөгийг авч ашигласан, үлдсэн 4,750,000 төгрөгийг цааш нь Л.Б д өгсөн.

 

Х.Н нь Төрийн орон сууцны корпорацид ажилладаггүй бөгөөд уг хэрэг нь ... дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-т заасан Бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн, яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаа юм. Х.Н нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар нийт 54 удаа яллагдагчаар байцаагдаж, мэдүүлэг өгсөн. Х.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Х.Н ийг танихгүй гэдгээ хэлсэн. Хүн өөрийн мөнгийг бусдад өгөхдөө хариуцлагатай хандаж хэнд мөнгө өгч байгаагаа мэдэх ёстой байсан. Мөн Х.Н нь Б.Б гээс авсан 8,000,000 төгрөгөөс 3,250,000 төгрөгийг л авсан, 4,750,000 төгрөгийг Л.Б авсан. Иймд уг хэрэг нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.Н т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч Х.Н ... орон сууцны урьдчилгаанд нэхэмжлэгч Б.Б гээс 8,000,000 төгрөгийг хүлээж авсан нь үнэн, энэ мөнгөөс 3,250,000 төгрөгийг өөртөө ашиглаж, үлдсэн 4,750,000 төгрөгийг Л.Б д өгсөн. Л.Б нь манай охин Төрийн орон сууцны копорацид ажилладаг, орон сууцанд оруулж өгч чадна, орох хүн байвал бичиг баримт, мөнгийг нь бүрдүүлээд өг гэсний дагуу 100 гаран хүнээс мөнгө авч түүн руул шилжүүлсэн. Энэ асуудал одоо цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Х.Н нар нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ... дүүргийн 10 дугаар хороо, ... хорооллын 68 м/к талбай бүхий орон сууцыг худалдах-худалдан авахаар тохиролцсон ба зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч гэрээний үүрэгт 2019 оны 05 дугаар сарын 18-нд Х.Н ийн Хаан банкин дахь ... тоот дансанд 5,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 20-нд 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч Б.Б гийн Хаан банкин дахь ... тоот дансны, хариуцагч Х.Н ийн Хаан банкин дахь ... тоот данснуудын дэлгэрэнгуй хуулгаар тогтоогдсон. Нэхэмжлэгч Б.Б нь ... гэрээ байгуулснаас хойш 2 жил өнгөрсөн боловч манай гэр бүлийг орон сууцанд оруулж өгч чадахгүй нь тодорхой болсон гэх үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 8,000,000 төгрөгөө буцаан шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч Х.Н ийн ... би Б.Б гээс орон сууцны урьдчилгаанд 8,000,000 төгрөг авсан, үүнээс 3,250,000 төгрөгийг өөртөө ашигласан, 4,750,000 төгрөг Л.Б д өгсөн, Б.Б г ... хорооллын орон сууцанд оруулж өгч чадаагүй. Энэ асуудал цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх тайлбараас үзэхэд Х.Н нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй, цаашид өгөхгүй нь тодорхой тул гэрээний урьдчилгаанд авсан 8,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн ... уг асуудал нь ... дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх татгалзал үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Б нь Х.Н т холбогдуулан цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаагүй, энэ нэхэмжлэлтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаагүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... Б.Б нь цагдаад өргөдөл гаргаагүй, уг асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа гэдгээ хэлсэн гэх, хариуцагчийн ... ... дүүргийн цагдаагийн хэлтэст Б.Б өргөдөл гаргаагүй гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Х.Н ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Н ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР