Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1241

 

 

 

 

  

 

    2020            9             22                                      2020/ДШМ/1241

 

 

Г.Г-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч К.Бауиржан, Ц.Амар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1456 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын хамтарч гаргасан давж заалдах гомдол, прокурор А.Ариунаагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Г.Г-д холбогдох эрүүгийн 1906 0327 02389 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Г нь БНХАУ-ын иргэн Н.М-д Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нисора” цамхгийн ... тоот оффист байхдаа “Миний нэр дээр гэрээгээ хийчих төлбөрөө бүрэн төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... дугаар байрны ... тоот 102.5 м.кв талбайтай 4 өрөө сууцыг “Э” ХХК-тай Орон сууц захиалах гэрээ байгуулан, уг орон сууцны төлбөрийг төлөх зорилгоор:

- 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 61.000.000 төгрөгийг,

- 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 39.000.000 төгрөгийг,

- 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 30.000.000 төгрөгийг,

- 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөгийг,

- 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 20.000.000 төгрөгийг,

- 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 45.000.000 төгрөгийг,

- 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөгийг,

- 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны ... тоот дансаар 31.200.000 төгрөгийг,

- 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны ... тоот дансаар 8.538.000 төгрөгийг тус тус бэлнээр болон өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч бусдад нийт 254.738.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Г.Г-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... дугаар байрны ... тоот бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Г нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхболд, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нар хамтарч гаргасан давж заалдсан гомдолдоо: “...Г.Г-ийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд “Э” ХХК-ний кассанд 9 удаагийн орлогоор 253.175.000 төгрөг төлсөн цаг хугацаанд хохирогч Н.М бэлнээр болон дансаар Г.Г-д орон сууцны төлбөр төлж байсан цаг хугацаа давхцаж байгаа үйл баримтад анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж дүгнэлт хийлгүй цагаатгах тогтоол гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт орон сууцны төлбөрийг автомашин худалдан борлуулсны орлого, Н.М-ийн орон сууц түрээслэх гэрээний орлогоор төлсөн гэж маргасан Г.Г-ийн гэрч, яллагдагчийн мэдүүлэг нь эрүүгийн хэрэгт хотлох баримтаар авагдсан байдаг. Шүүгдэгч Г.Г-ийн Хаан банкны төгрөгийн данс, ам.долларын данс, Хас банкны данс, Голомт банкны данс, Худалдаа хөгжлийн банкны дансны харилцах гүйлгээгээр орон сууцны төлбөр 253.175.000 төгрөгийг “Э” ХХК-д төлсөн үйл баримт тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, эрүүгийн хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг тогтоох зорилгоор “Э” ХХК-д Г.Г 253.175.000 төгрөгийг ямар эх үүсвэрээр төлбөр төлсөн үйл баримтыг зайлшгүй тогтоох ажиллагааг хийн, нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүй анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй цагаатгах тогтоол гаргасан байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1456 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэрч БНХАУ-ын иргэн Түшиг, гэрч Б.Отгонжаргал нарын мэдүүлгээр БНХАУ-ын иргэн хохирогч Н.М-ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 60.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөгийг тус тус иргэн Б.Отгонжаргалын эзэмшлийн хаан банкны ... тоот данснаас шилжүүлсэн болох нь тогтоогддог. Мөн БНХАУ-ын иргэн хохирогч Н.М-ийн “Э” ХХК-ний ... хотхоны ... дугаар байрны ... тоот 102.5 м.кв талбайтай 4 өрөө сууцны төлбөрт 254.738.000 төгрөгийг бэлнээр болон дансаар Г.Г-д шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан байдаг. Г.Г-ийн хувьд уг орон сууцны төлбөрт төлсөн 9 удаагийн төлбөрийг хаанаас, ямар эх сурвалжаар төлсөн болохоо бүрэн зааж чаддаггүй, зөвхөн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 39.000.000 төгрөгийн төлбөрт 3 ширхэг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16.000.000 төгрөгийн төлбөрт 1 ширхэг, нийт 4 ширхэг “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслүүдийг тус тус өгсөн нь төлбөрийн баримтаар харагддаг бөгөөд Г.Г-ийн эзэмшлийн арилжааны банкуудын дансны хуулга болон бусад байдлаар орон сууцны төлбөрийг төлсөн болох нь тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг тусгахаар заасан байтал хохирогч БНХАУ-ын иргэн Н.М, гэрч БНХАУ-ын иргэн Түшиг, Б.Отгонжаргал нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан санхүүгийн нотлох баримтууд, арилжааны банкны дансны хуулгууд зэргийг үгүйсгэж байгаа нотлох баримт хэрэгт авагдаагүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Прокуророос “Г.Г нь БНХАУ-ын иргэн Н.М-д Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нисора цамхгийн ... тоот оффист байхдаа “Миний нэр дээр гэрээгээ хийчих төлбөрөө бүрэн төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... дугаар байрны ... тоот 102.5 м.кв талбайтай 4 өрөө сууцыг “Э” ХХК-тай Орон сууц захиалах гэрээ байгуулан, уг орон сууцны төлбөрийг төлөх зорилгоор нийт 9 удаагийн үйлдлээр нийт 254.738.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдон тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох хохирогч Н.М-ийн: “...2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөгийг төлөхөд Г.Г “миний зарж байгаа 4 ширхэг “приус” загварын автомашиныг 39.000.000 төгрөгт тооцоод төлбөртөө оруулаад төлөөч” гэж надад хэлэхэд би зөвшөөрсөн. Би Г.Г-мйн 4 ширхэг “приус” загварын автомашины үнэ 39.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үед түүний дансаар шилжүүлж өгсөн. Байрны 253.780.000 төгрөгийг Г.Г компаний данснаас бэлнээр гаргуулж аваад надтай болон ганцаараа орон сууцны борлуулалтын албан дээр очиж төлбөрийг төлж байсан. ...орон сууцыг өмчлөх талаар бид хоёрын хооронд ямар ч гэрээ хэлцэл байхгүй. ...” /1 хх 22-23/,

 

гэрч Б.Батбилэгийн: “...Г.Г байрны бартерт 45.000.000 төгрөгт машин өгсөн, үлдэгдэл 198.175.000 төгрөгийг бэлнээр кассанд тушаасан байсан. Машиныг Г.Г өөрөө өгсөн, мөнгө Г.Г өөрөө өгч байсан ба Н.М гэх хүнээс нийт 2 удаа 55.000.000 төгрөгийг тушаасан нь баримтаар харагдаж байна. Бусад мөнгийг Г.Г өгч байсан. ...” /2 хх 44/,

 

шүүгдэгч Г.Г-ийн: “...санхүүгийн хүнд байдалд орсон учраас 2016 онд Н.М-д оффисоос гарах, түрээсийн байрнаасаа гарах шаардлага гарч ирсэн. Би тухайн үед өөрийн унаж байсан машиныг зарчихсан, бэлэн 63.500.000 төгрөгтэй, мөн би ажлынхаа хажуугаар Япон улсаас суудлын машин оруулж ирж борлуулахаар машин оруулаад ирчихсэн байсан үе юм. Н.М нь санхүүгийн хувьд хүнд байдалд орсон учраас бид хоёр ярилцаад Н.М өөрт нь бэлэн мөнгө байхгүй учраас надад хандаад “шинэ баригдаж байгаа орон сууцнаас томхон хэмжээтэй өөрөө амьдраад, оффис давхар хийчихээр орон сууц захиалах хэрэгтэй байна. Надад мөнгө байхгүй, чи боломжоороо урьдчилгаа энэ тэрийг өгөөд захиалчих, би Хятад яваад Илион Ресурс группээс түрээсийн мөнгө оруулж ирээд чамд түрээсийн төлбөр байдлаар мөнгө өгнө. Оффис, амьдрах байраа нэгтгэчих юм бол чамд сард төлж байсан түрээсийн төлбөрүүдээ өгөөд явж байя, цаашид үйл ажиллагааг иймэрхүү зохицуулалтаар явуулъя” гэж тохиролцсон. ...энэ байр худалдаж авахад Н.М-аас 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, 5 дугаар сарын 29-ний өдөр 45.000.000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 31.000.000 төгрөг гээд нийт 86.000.000 төгрөг гарч байгаа нь баримтаар нотлогдоно. Байрны нийт үнэ нь 253.175.000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Н.М-ийн төлсөн 86.000.000 төгрөгийг хасахаар би 167.175.000 төгрөг төлсөн байна. ...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 45.000.000 төгрөгийг Н.М надад түрээсийн мөнгөндөө өгөх ёстой байсан ба 45.000.000 төгрөгийг миний бие байрны мөнгөнд өг гэж хэлээд өгүүлж, баримтыг нь би өөрөө авсан. 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би бэлэн мөнгөний машинаас тав таван саяаар авч 10.000.000 төгрөгийг Н.М-д өгч түүгээр тушаалгаж баримтыг нь авсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөр 16.000.000 төгрөгт 1 ширхэг “Тоёота приус-30” загварын машин өгч, үлдэгдэл 22.175.000 төгрөгийг бэлнээр өгч тооцоог дуусгаж нийт 253.175.000 төгрөгийг дуусгаж тооцоог хаасан. ...2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тушаасан 61.000.000 төгрөгийг тушаахдаа би өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 13.000.000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 28.000.000 төгрөгийг аваад өөрт бэлэн байсан 20.000.000 төгрөг, ингэж нийлээд 61.000.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 5 дугаар сард “Э” ХХК-тай гэрээ байгуулах байсан ба тухайн үед гэрээ хийгдээд мөнгө хийнэ гэж байсан ба би данснаасаа гэрээгээ байгуулна гэж мөнгийг гаргаж байсан. Гэтэл уг компаний захирлууд нь зөвшөөрч машин оролцуулж төлбөрийг хийхээр болоод 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн. ...2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Э” ХХК-аас “яаралтай 30.000.000 төгрөгийг гаргаад өг” гэхээр нь би Энхтуяа гэх хүнээс 30.000.000 төгрөгийг зээлж өгсөн. ...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би өөрийн данснаас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11.000.000 төгрөг, мөн сарын 07-ны өдөр 9.000.000 төгрөгийг авч ажилтай байж байгаад 25-ны өдөр нь бэлнээр аваачиж тушаасан. ...2016 оны 4 дүгээр сард Монгол Улсын Гаалиар би өөрөө оруулж ирсэн 3 ширхэг “Тоёота приус-30” загварын автомашиныг 39.000.000 төгрөгт бодож өгсөн. ...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний төрсөн дүү Г.Ган-Эрдэнийн өөрийнхөө нэрээр оруулж ирсэн “Тоёота приус-30” загварын 1 ширхэг автомашиныг 16.000.000 төгрөгт бодож өгсөн. ...Н.М бид хоёр амаар ярилцаж тохиролцоод итгэлцлийн үүднээс тохирсон байсан. Би нэг удаа 45.000.000 төгрөгийг Н.М түрээсийн төлбөрт авч, түүгээр шууд “Э” ХХК-д тушаалгасан байгаа. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.М-аас надад 31.000.000 төгрөгийг миний данс руу өөрийн ... дугаарын данснаас “байр худалдаж авах” гэж утга бичээд хийсэн байсан. Н.М-ийн хувьд надад түрээсийн төлбөр гэж нийт 76.000.000 төгрөгийг л өгсөн.” гэх мэдүүлгүүд /1 хх 25-26, 28,0 2 хх 89-90/,

 

орон сууц захиалах гэрээ /1 хх 32-35/, “Эрчимт сүлжээ зам” ХХК-аас ирүүлсэн орон сууцны төлбөрийн баримт, гэрээ /1 хх 62-72/, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хх 76/, Гаалийн Ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03-2/1818 дугаартай албан бичгээр ирүүлсэн “... регистртэй Г.Г-ийн нэрээр 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 12 хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл, /2 хх 118-119/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 174-213, 238, 239-242, 243-244, 2 хх 59-60, 3 хх 6, 7-10, 11/ үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 14-17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

хохирогч БНХАУ-ын иргэн Н.М нь гадаадын хөрөнгө оруулалттай “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал, болон цагаатгагдсан этгээд Г.Г нь тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Э” ХХК-тай Г.Г нь орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... хотхоны ... дугаар байрны ... тоот 102.5 м.кв талбайтай 4 өрөө сууцыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны хооронд бартер болон кассаар бэлэн тушааж нийт 9 удаагийн үйлдлээр 253.175.000 төгрөгийг шилжүүлэн төлбөрийг барагдуулснаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ цагаатгагдсан этгээд Г.Г-ийн нэр дээр гарчээ.

 

Орон сууц захиалгын гэрээг анхнаасаа Г.Г-ийн нэр дээр байгуулсан бөгөөд хохирогч Н.М, ““Ш” ХХК-ийн төлөөлж байгуулсан баримт байхгүй байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 68-72 дугаар талд авагдсан кассын зарлагын баримтуудаас үзэхэд найман удаагийн төлөлтийг Г.Г хийж, харин нэг удаагийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 45.000.000 төгрөгийн төлөлтийг хохирогч Н.М төлж гарын үсэг зурж “Э” ХХК-ийн санхүүгийн албанд бэлэн мөнгө тушааж байсан, харин бартерийн автомашиныг Г.Г хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн тооцоо /1 хх 31/, орлогын ордер тасалбар /1 хх 68-72/ автомашин хүлээлгэн өгсөн баримт /1 хх 38/ болон Г.Г-ийн мэдүүлэг /1 хх 25-26, 27-28/, 163/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

 

Энэхүү үйл баримтын талаар цагаатгагдсан этгээд Г.Г болон хохирогч Н.М нар нь маргаагүй, харин болж өрнөсөн үйл явдлын талаар хохирогч болон шүүгдэгч нар нь өөр өөр байдлаар тайлбарлаж байна. Тухайлбал,

 

хохирогч Н.М тайлбарлахдаа: “...Компанийн үйл ажиллагааны зардлыг багасгах зорилгоор орон сууц, оффис худалдан авах шийдвэр гаргасан. Орон сууцаа компанийн нэр дээр авах уу, өөрийн нэр дээр авах уу гэдэг асуудлыг ярилцсан. Г.Г хэлэхдээ “...Та компанийн нэр дээр авбал төлбөрөө 100 хувь одоо төлөх болно. Монгол хүний нэр дээр авбал төлбөрийг хэсэгчилж төлж болно. Миний нэр дээр гэрээ хийчих, төлбөрөө бүрэн төлсний дараа гэрчилгээг таны нэр дээр гаргаж өгнө“ гэсэн учир төлбөрийг Г.Г-аар тушаалгаж байсан. Орон сууцыг компанидаа авсан...” гэсэн бол,

 

цагаатгагдсан этгээд Г.Г тайлбарлахдаа: “...Н.М хэлэхдээ “Чи байр өөрийн мөнгөөр худалдаад авчих, би энэ байрыг чамаас түрээслэе. Чамд ашигтай” гэсэн. Тийм учраас би байрны захиалгын гэрээ хийсэн. Харин эхний төлөлтийн 60.000.000 төгрөгийг Н.М бэлэн өгсөн, үлдэх 40.000.000 төгрөгт нь би өөрийн оруулж ирж зарж байсан дөрвөн ширхэг машиныг өгсөн. Бусад бүх мөнгийг би бололцоогоороо төлж дуусгасан” гэжээ.

 

Хэрэгт уг орон сууцны төлбөрийг гадаадын хөрөнгө оруулалттай “Ш” ХХК-аас гаргуулж Г.Г-аар дамжуулж “Эрчимт сүлжээ зам” ХХК-д төлж байсан гэх баримт, мөн хохирогч Н.М болон Г.Г нарын хооронд тэдний хэн алины тайлбарласан шиг “Гадаадын иргэн, компанийн нэр дээр орон сууц авахад ашиггүй тул Монгол Улсын иргэний нэр дээр гэрээ хийгээд дараа нь шилжүүлж өгөх” талаар тохиролцсон зүйл баримтаар тогтоогдохгүй байна. Харин цагаатгагдсан этгээд Г.Г нь борлуулж байсан автомашинаасаа 4 ширхгийг уг сууцын төлбөрт тооцуулж “Э” ХХК-ий санхүүгийн албанд хүлээлгэн өгсөн, мөн бэлэн мөнгө төлсөн болох нь гэрч Б.Батбилэгийн /2 хх 44/, гэрч Г.Ган-Эрдэнэ /1 хх 165-166/, гэрч Ж.Ганбаатар /1 хх 167/, гэрч М.Шинэбаяр /1 хх 168/ нарын мэдүүлгүүд, Г.Г-ийн гаалийн бүрдүүлэлт хийсэн лавлагаа /1 хх 224-225/, автозогсоол хүлээлгэн өгөх комиссын акт /1 хх 173/, автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ /1 хх 214-216/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Н.М нь дээр дурдсанчлан уг орон сууцны эхний төлөлтийн 60.000.000 төгрөгийг болон нэг удаагийн төлөлт 45.000.000 төгрөгийг өгсөн болох нь баримтаар тогтоогдож байгаагаас  “Г.Г нь компаний данснаас бэлнээр гаргуулж аваад надтай болон ганцаараа орон сууцны борлуулалтын албан дээр очиж төлбөрийг төлж байсан, Г.Г-ийн “Э” ХХК-ий санхүүгийн албанд төлсөн мөнгө нь “Ш” ХХК-ий мөнгө” гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, оролцогч талуудын хооронд ямар байдлаар тохиролцож хэлцэл хийгдсэн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар “Э” ХХК-ийн барьсан барилгыг Г.Г гэрээ байгуулж орон сууц худалдаж авсан, 9 удаагийн төлбөр төлөлтийн хоёр удаагийн төлөлтийг хохирогч Н.М төлсөн бусад төлөлтийг Г.Г төлж дуусгасан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Г-ийн нэр дээр бүртгэлтэй байгаагаас өөр байдал тогтоогдоогүй, энэ хэлцэлд оролцогч талууд гомдлын шаардлага гаргаж маргалдсан бөгөөд үүнийг бусдын эд хөрөнгийг дараа нь буцааж өгөх бодолгүйгээр, залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Хэлцлийн хүрээнд Г.Г-ийн хийсэн үйлдлүүдийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субъектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж удаан хугацааны турш холбогдох бүх шалгалтуудыг хийсэн байх боловч мөрдөн байцаалтаар түүнийг гэм буруутай болохыг тогтоож чадаагүй байх бөгөөд Г.Г, Н.М нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна.  

 

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

 

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол...-ыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Дээрхээс дүгнэхэд энэхүү маргаан нь гадаадын хөрөнгө оруулалттай “Ш” ХХК-ий эд хөрөнгөөр компаний үйл ажиллагааны хүрээнд орон сууц худалдан авсан, тухайн компаний хөрөнгө нь ямар эх сурвалжаар дамжиж хаашаа, ямар зорилгоор шилжүүлсэн талаарх хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн ажилтнуудын хоорондын маргаан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа буюу хүний эрх, эрх чөлөөнд халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй төдийгүй Г.Г, Н.М нарын хооронд тохиролцсон хэлцлийн үүргийн биелэлтээс шалтгаалсан маргаанаа Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх бүрэн боломжтой, эрх бүхий этгээд нь уг маргаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрх нээлттэй байна.

 

Талуудын хооронд тохиролцсон хэлцлийн үүрэг, түүний гүйцэтгэлтэй холбоотой маргаан гэж үзсэн тул Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхболд, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын хамтарч гаргасан “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1456 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Ариунаагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай Улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхболд, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                     ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ