| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/01633/И |
| Дугаар | 001/хт2026/00005 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/хт2026/00005
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04255 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01486 дугаар магадлалтай,
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Г” ХХК, Т.Э, Т.Ч нарт холбогдох ,
Зээлийн гэрээний үүрэгт 46,537,402 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Г-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Г” ХХК, Т.Э, Т.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,537,402 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04255 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Г” ХХК-аас 46,537,402.33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, хариуцагч Т.Э, Т.Ч нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, 2011 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай *** маркийн *** арлын дугаартай ачааны автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай *** маркийн *** арлын дугаартай чиргүүлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 460,837.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас 460,837.01 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01486 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04255 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2011 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай *** маркийн *** арлын дугаартай ачааны автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай, *** маркийн *** арлын дугаартай чиргүүлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “460,837.01” гэснийг “390,637” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Чоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын өмгөөлөгч С.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2002 оны 263 дугаар тогтоолын 3-т шүүх нь “Үндсэн хуулиар шууд зохицуулаагүй харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуульд нийцсэн... хуулийг хэрэглэнэ.” гэсэн тайлбарыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд “үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа төлөх мөнгөн төлбөрийг” гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарлалт тогтоосон атлаа мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”, гэснээр зээлдэгчийн банк, ББСБ-д төлөх мөнгөн төлбөрийн дүнг хязгааргүй болгосон байна. Аливаа банк, ББСБ-ын ард эцсийн эзэмшигч нь иргэн л байдаг. Гэтэл Монгол Улсын Иргэний хуулиар иргэн А-гийн өмнө зээлийн гэрээний дагуу хүлээх хариуцлагыг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар хязгаарласан атлаа иргэн Б-ийн өмнө мөн адил зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн мөнгөн төлбөрийг хязгааргүй тогтоосон. Үүний улмаас өнөөдрийн шүүхийн практикт банк, банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлээр гүйцэтгээгүй үүргийн дүнг 3-4 нугалж шийдвэр гаргах нь ердийн үзэгдэл болжээ. Монгол Улсын шүүх хүний эрхийг хангах, шударга ёсыг тогтоох Үндсэн хуулийн хамгийн гол чиг үүргээсээ хазайж иргэдээ улам бүр тэгш бус болгоход чиглэсэн шийдвэр гаргаж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дүгээрт заалтад “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн төдийгүй Монгол Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолын “шүүх нь ...маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуульд нийцсэн... хуулийг хэрэглэнэ.” гэснийг зөрчиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийн заалт хэрэглэж маргааныг шийдсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Мөн энэ маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т заасан хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой маргаан. Энэхүү маргаанд Зээлийн гэрээний төлбөр хийгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа атал мөнгөн төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр аль аль шатны шүүх үүрэг гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь мөн нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг бүрдүүлж байгаа. Учир нь мэтгэлцээний явцад нэхэмжлэгч болон хариуцагч хоёулаа ийм агуулгатай тайлбар хийсэн. Магадлалын тодорхойлох хэсгийн 6-д “Хариуцагч нь “А” ХХК-аас 2018-2019 онд нийтдээ 437,900,000 төгрөгийн 12 зээл авсан, 4 үл хөдлөх хөрөнгө, хэд хэдэн автомашин төлж барагдуулсан.” учир шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Магадлалын тодорхойлох хэсгийн 7-д “Нэхэмжлэгч нь бид удаа дараа нэхэмжлэгч талын захиралтай уулзаж тооцоо нийлүүлье гэсэн санал тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагч нэхэмжлэгч талын захиралтай холбоо бариагүй байгаа.” Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өгсөн хөрөнгийг аль үүргийн гүйцэтгэлд яаж тооцох талаар тооцоо нийлээгүй атал юуг үндэслэж төлбөр төлөгдөөгүй гэж нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй хэвээр байхад нэхэмжлэлийг хангасан шийдвэр, магадлал гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, үнэн зөв байх шаардлагыг хангаагүй.” гэжээ.
5. Хариуцагч нарын өмгөөлөгч С.Г-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.02-ны өдрийн 001/ШХТ2025/01137 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч нарын өмгөөлөгч С.Г-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Г” ХХК, Т.Э, Т.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,537,402 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч “Г” ХХК-тай 2018.12.13-ны өдөр ЗГ00180233 дугаар зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *** дугаартай фидуцийн гэрээг байгуулж, 2011 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай *** маркийн *** арлын дугаартай ачааны автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай *** маркийн *** арлын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч компанийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 4,440,000 төгрөг, зээлийн хүүд 3,224,800 төгрөг, нийт 7,664,800 төгрөг төлсөн. Үлдэх төлбөрийг төлөөгүй. Хэрэв зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний дагуу дээр дурдсан тээврийн хэрэгслүүдийг зээлдэгчийн эзэмшлээс гаргуулан зээлдэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлэн өгөхийг зээлдэгчид даалгахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч Т.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Зээлийг хувьдаа авч ашиглаагүй бизнесийн зорилгоор авсан бөгөөд бүх зээлийг “Т” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ зээлийн гэрээний хугацаа 2019.12.13-ны өдөр дуусгавар болж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан.” гэж маргажээ.
9. Хариуцагч Т.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Би нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2018.11.22-ны өдөр зээл эхэлсэн. Бид нар нийт 13 удаа 447,900,000 төгрөгийн зээл авч, ... төлөлтөд 262,450,000 төгрөг, хүүд нь 140,000,000 төгрөгийг төлсөн. 2019-2020 онд ковидын эхлэл үе байсан тул үйл ажиллагаа доголдсон байсан. ...Тухайн үед бид нар 4 орон сууц болон 3 тээврийн хэрэгслийг зараад үүнийг төлсөн. ... зээлийн гэрээнд “Г” ХХК-ийн нягтлан бодогчийн хувиар гарын үсэг зурсан.” гэж маргажээ.
10. Анхан шатны шүүх “… Зээлдэгч буюу хариуцагч “Г” ХХК нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх нэхэмжлэгчийн тооцооллыг үгүйсгэж тайлбар татгалзлаа илэрхийлээгүй, мөн зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгосон гэх боловч баримтаар нотолж чадаагүй учир нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй гэж үзнэ. Иймд 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас үндсэн зээлийн үлдэгдэл 15,560,000 төгрөг, үндсэн хүү 26,20,577.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,744,325 төгрөгийг шаардах эрхтэй. ... хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “…2022 онд зээлийн төлбөрт орон сууц тооцож төлөхөөр санал тавьсан…” гэх тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт … зааснаар 2022 онд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ. ... Нэхэмжлэгч компани болон хариуцагч компанийн хооронд 2018.12.13-ны өдөр байгуулагдсан *** дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ээр хариуцагч компанийн өмчлөлийн 2011 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай *** маркийн *** арлын дугаартай ачааны автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн *** улсын дугаартай *** маркийн *** арлын дугаартай чиргүүлийг нэхэмжлэгч компанийн өмчлөлд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт … заасны дагуу хариуцагч компани нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. …” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ “...Зээлийн гэрээний нэг тал болох хариуцагч “Г” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Ч, нягтлан бодогч Т.Э нар гарын үсэг зурсан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгч компани, хариуцагч Т.Ч, Т.Э нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ. ... Нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл, тэрээр зээлийн мөнгөн хөрөнгийг мөнгөн хэлбэрээр хариуцагчаар буцаан төлүүлэхээр шаардсан байна. Үүний зэрэгцээ нэхэмжлэлд фидуцийн гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийг даалгуулах агуулгаар шаардлагаа томьёолсон байх боловч үндэслэл тодорхой бус буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийн агуулгаар шаардаагүй байх ба хариуцагч уг асуудлаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй, ... нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэх замаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардлагаа тодорхойлоогүй байна. Иймээс шүүхийн шийдвэрт заасан мөнгийг хариуцагч сайн дураар төлөөгүй нөхцөлд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд шилжсэн фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэхээр шаардах боломжтой болох бөгөөд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь тодорхой бус болсон тул ... ачааны автомашин, ... чиргүүлийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.
12. Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний үүрэг, түүний тооцоолол, хөөн хэлэлцэх хугацааны талаар зөрүүгүй дүгнэсэн боловч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргийн талаар ялгаатай дүгнэлт хийсэн бөгөөд зээлийн тооцоолол, хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийг буруу хэрэглэсэн агуулгаар гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
13. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Г” ХХК, Т.Э, Т.Ч нарт холбогдуулан хариуцагч “Г” ХХК-тай 2018.12.13-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардсан байх бөгөөд зохигч уг гэрээний үүргийн биелэлт, түүний тооцоолол, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд дээрх гэрээнээс гадна өөр 10 гаруй зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүсч, заримыг нь шүүх шийдвэрлэсэн талаар зохигч мэтгэлцжээ.
14. Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү төлөлтийн тооцооны баримтаас үзэхэд 2018.12.13-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч хэрхэн тооцож, үндсэн зээл 15,560,000 төгрөг, үндсэн хүүд 26,201,577.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,744,325 төгрөг, нотариатын зардал 31,500 төгрөг, нийт 46,537,402.33 төгрөгийг шаардсан үндэслэл тодорхойгүй байна.
Тухайлбал, зээл, зээлийн хүү төлөлтийн тооцооны баримт /хх-21-22/ нь нэг талын буюу нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримт байх бөгөөд уг баримт нь дансны гүйлгээ үлдэгдэл хуулга /хх-55-91/ гэх баримттай нийцэх эсэх тооцоолол ойлгомжгүй, уг баримтад тэмдэглэгдсэн 2018.12.14-ний өдөр Т.Ч-т олгосон гэх 20,000,000 төгрөгийн зээл, 2018.12.14-ний өдөр Т.Эт олгосон гэх 20,000,000 төгрөгийн зээлийн хувьд тус тус хариуцагч “Г” ХХК-д хамааралтай гэж үзэх нь эргэлзээтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2018.12.13-ны өдөр хариуцагч “Г” ХХК-тай байгуулсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардсан байх бөгөөд хариуцагч талаас төлсөн төлбөрийг бусад зээлийн гэрээ болон энэхүү зээлийн гэрээний үүрэгт хэрхэн тооцсоныг тодруулахгүйгээр нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлийн тооцооллыг зөвхөн энэ гэрээнд хамааралтай гэж дүгнэх боломжгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй.
15. Түүнчлэн хоёр шатны шүүх дээрх байдлаар зохигчийн хооронд байгуулагдсан бусад зээлийн гэрээний талаарх үйл баримт тодорхойгүй байхад анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч Т.Чийг 2022 онд зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д нийцээгүй.
Тодруулбал, дээрх байдлаар зохигчийн хооронд үүссэн бусад зээлийн гэрээтэй холбоотой асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хариуцагч “Г” ХХК-тай байгуулсан 2018.12.13-ны өдрийн ЗГ00180233 дугаартай гэрээний үүргийн биелэлтийг тооцох, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдээгүй байна.
16. Иймээс дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04255 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01486 магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч С.Г-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД