Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 118

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Даваадалай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Жанлай овогт Батхүүгийн Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201726030573 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ООТТ харуул хамгаалалтын албан хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 3-87Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жанлай овогт Батхүүгийн Даваадалай /РД:ПИ87072013/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Даваадалай 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайнь 3 дугаар гудамж 87Б тоот хашааны гадна 27-60 УБЦ улсын дугаартай автомашинаар гэрийнхээ гадаа хүргүүлэхдээ таксины жолооч С.Ууганчулууныг чи надаас илүү мөнгө нэхлээ гэх шалтгаанаар төлбөр тооцоогоо хийхгүй зугтааж, улмаар түүний толгойн тус газар нь төмрөөр нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Даваадалай: ...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ангийнхаа хүүхдүүдтэй сургуулийн 90 жилийн ойгоор уулзсан. Тэгээд Саппорогийн ар талын замаас такси бариад таксины жолоочийн утсаар эхнэр лүүгээ яриад гэртээ очсон.  Таксины тооцоо 15.000 төгрөг гарсан гэхээр нь арай их байна гээд үл ойлголцоод маргалдсан. Тухайн үед бид хоёр барилцаж аваад би доор нь орж унасан. Унахдаа газар байсан хүүхдийнхээ тоглодог дугуйны төмөр бариулыг аваад санамсаргүй толгой руу нь цохисон. Тэгээд толгой нь жоохон хагарсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой эвлэрсэн байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Ууганчулуун хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 27-60 УБЦ улсын дугаартай Тоёота приус-20 загварын авто машинтай гадуур халтууранд явж байхад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын зам дээр үл таних эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь машиндаа суулгасан. Миний машинд суусан хүн архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн хаана очих вэ гэхэд Нисэх орно гэсэн. ...Миний машинд суусан залуу эхнэртэйгээ ярьж байхдаа намайг уучлаарай, би чамд хайртай гээд уйлж унжаад байхаар нь чи надад гар утсаа өг би эхнэртэй чинь яриад чамайг хүргээд өгье гэж хэлээд эхнэртэй нь утсаар ярихад манай гэр Нисэхэд байдаг, наад хүнээ хүргээд өгчих, таксины төлбөрийг нь асуудалгүй өгнө гэхээр одоо ах нь хүргээд өгчихнө гээд утсаа салгасан. ...Хэдэн төгрөгийн төлбөр гарсан бэ гэхэд нь 15,000 төгрөг гэж хэлсэн. Тэгтэл ямар их гардаг юм бэ гэж надтай маргалдаж байгаад би чамд 1,000 төгрөг өгнө гээд ам хэлээ ололцохгүй болохоор сагсны шийдэн дээр тоглож байсан хүүхдүүдээс тусламж гуйх санаатай очиж ...нөгөө залуугийн эхнэр лүү мессеж бичүүлж байх зуур нөгөө залуу зугтаасан. Эхнэр лүү нь залгаад танай хүн зугтаачихлаа гэтэл манай гэр наад байрны чинь арын гудамжинд хоёр дах хаалга гэхээр нь явж очтол нөгөө залуу хашааны хаалгыг түгжих гээд зогсож байсан. Нөгөө залууд чи ямар муухай залуу вэ, чамайг тэр холоос авчирч байхад гэхэд би чамд мөнгө өгөхгүй 1,000 төгрөг авбал ав гээд зогсож байтал гэрээс 10 гаруй насны эрэгтэй хүүхэд гарч ирэхээр нь миний дүү том хүн байвал дуудчих гэхэд нөгөө залуу чинь миний хүүхэдтэй ярьдаг хэн бэ гэж хэлээд  газар хэвтэж байсан төмрийг аваад миний толгойн тус газар цохисон. ...Бид хоёр замдаа ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Хүргүүлж ирсэнийхээ дараа мөнгөө өгөхгүй, гэрээ заахгүй бултаж зугтаагаад маргаан болсон. ...Надад одоо санал хүсэлт байхгүй. Эмчилгээний зардалд 400,000 төгрөг авсан. Цаашид хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Б.Даваадалай надаас уучлалт гуйсан, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа... /хх-ийн 21-22/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Даваадалай хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ...машинаас буугаад гэртээ харих санаатай зам дээрээс гар өргөн марк дугаар нь тодорхойгүй таксинд суугаад Нисэх рүү гэж хэлсэн. Замдаа жолоочийн гар утсыг нь гуйж эхнэртэйгээ яриад жолоочтой юм яриад явсан. Ингээд машинд суугаад нилээн муудсан бөгөөд нэг мэдэхэд гэрийн гадаа ирчихсэн жолоочтой таксины төлбөрийн талаар маргалдаж байгаад жолоочийг сагсан бөмбөгийн шийдэн дээр тоглож байсан хүүхдүүдтэй юм ярьж байх зуур гэр лүүгээ зугтаагаад гүйчихсэн. Намайг дөнгөж хашаандаа орж явтал таксины жолооч ах араас ирээд чи мөнгөө өгөлгүй зугтаалаа гэж хэлээд намайг барьж аваад газар унагаасан. Тэгэхээр нь би уурлаж газар байсан төмрийг аваад цохичихсон. ...Таксины төлбөр 15,000 төгрөг нэхээд байсан. Тухайн үед надад арай илүү гарчихсан юм шиг санагдаад таксины жолоочтой маргалдсан. ...Би гэм буруугаа ойлгосон хохирлыг барагдуулсан...  /хх-ийн 33, 38/ гэсэн мэдүүлгүүд,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-10/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6121 дугаар акт дүгнэлтэд ...Дүгнэлт 1. Ууганчулууны биед зулайн зүүн хэсэгт шарх, 2 өвдөгт зулгарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23/,

-  Тодорхойлолт /хх-ийн 39/,

- Шүүгдэгч Б.Даваадалайгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 41/,

- Хаан банкы орлогын баримт /хх-ийн 48/,

- Хохирогч С.Ууганчулууны Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 49/,

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Даваадалай нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайнь 3 дугаар гудамж 87Б тоот хашааны гадна 27-60 УБЦ улсын дугаартай автомашинаар гэрийнхээ гадаа хүргүүлэхдээ таксины жолооч С.Ууганчулууныг чи надаас илүү мөнгө нэхлээ гэх шалтгаанаар төлбөр тооцоогоо хийхгүй зугтааж, улмаар түүний толгойн тус газар нь төмрөөр нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Ууганчулууны мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6121 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч Б.Даваадалайгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Даваадалайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ууганчулуунд хөнгөн зэргийн гэмтэл учирсан /хх-ийн 26/ ба эмчилгээний зардал 400,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкы орлогын баримт,  хохирогч С.Ууганчулууны мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанд хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Шүүгдэгч Б.Даваадалайгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирогч С.Ууганчулуун хэрэг бүртгэлтийн шатанд ...Надад одоо санал хүсэлт байхгүй. Эмчилгээний зардалд 400,000 төгрөг авсан. Цаашид хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Б.Даваадалай надаас уучлалт гуйсан, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа... гэж мэдүүлсэн, шүүх хуралдааны өмнө ...шүүгдэгч Б.Даваадалайтай эвлэрсэн, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно... гэсэн хохирогчийн тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Даваадалайг учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч, шүүгдэгч нар  сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Даваадалай нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комис-т даалгаж, эрүүгийн 201726030573 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жанлай овогт Батхүүгийн Даваадалайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комис-т даалгасугай.

 

4. Эрүүгийн 201726030573 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Б.Даваадалайд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Даваадалайд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР