| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/00707/И |
| Дугаар | 102/шш2021/01530 |
| Огноо | 2021-06-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 102/шш2021/01530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, 15 дугаар хороо, ...ийн гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Д ын Э /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 8 дугаар хороо, ... дүгээр хороолол, ...дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, М овогт Ц ын У /РД: .../,
Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, .... дугаар байр, .... тоот хаягт оршин байх, С ХХК /РД: .../ нар холбогдох,
55,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э..., хариуцагчийн өмгөөлөгч Б.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э... нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ц.У гийн хэлсний дагуу С ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу С ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Арцатын ам гэх газар баригдаж буй Гачуурт гарден цогцолборын ... тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий байшинг барьж ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх ёстой байсан. Д.Э ийг очиж үзэхэд уг байшингийн газар шорооны ажил нь хийгдэж байсан тул Д.Э нь итгэсэн, мөн С ХХК-ийн зүгээс байшингийн мөнгө болох 55,000,000 төгрөгийг Ц.У д өгөөрэй гэсний дагуу кассын орлогын ордер дээр бичиж тэмдэглэж 55,000,000 төгрөгийг Ц.У хүлээлгэж өгсөн, уг мөнгийг авсан тухайгаа хариуцагч хүлээн зөвшөөрдөг. 2015 оны 08 дугаар сард уг байшинг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч байшин баригдаагүй юм. Тиймээс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр С ХХК-тай дахин гэрээ байгуулж 2016 оны 11 дүгээр сард байшинг хүлээлгэж өгөх талаар тохиролцсон боловч одоог хүртэл уг байшинг хүлээлгэж өгөөгүй байна. 2017 оны 08 дугаар сард Д.Э нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг хэрэг нь 3 жилийн турш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж 2020 оны 12 дугаар сард иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байна гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсний дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Ц.У гаас 55,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Бид 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ц.У , С ХХК нарыг хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн орон сууц захиалан байгуулах гэрээнүүдийг үндэслээгүй. Ц.У , С ХХК нараас 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. С ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, уг гэрээг нотлох баримтын үндсэн дээр хавтаст хэрэгт хавсрагснаас биш уг гэрээний үүргийг шаардаагүй тул С ХХК-ийг уг хэрэгт хариуцагчаар байснаа болиод татгалзсан. Харин Д.Э нь мөнгөө өгсөн хүнээсээ мөнгөө буцааж авахын тулд Ц.У г хариуцагчаар татсан. Хариуцагч Ц.У нь Д.Э ээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. Иймд Ц.У г Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэж байна гэв.
Хариуцагч Ц.У гийн өмгөөлөгч Б.З ын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.У нь Д.Э ээс 55,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч уг иргэний хэргийн хариуцагч нь Ц.У мөн үү гэдэг нь эргэлзээтэй юм. Учир нь нэхэмжлэгч Д.Э нь С ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байна. Үүнээс үзэхэд уг иргэний хэргийн хариуцагч нь С ХХК юм. Ц.У нь С ХХК-д газар эзэмших эрхийн 4 гэрчилгээг шилжүүлж өгсөн байдаг. Иймд гэрээ байгуулсан С ХХК-тай хариуцлагын асуудал ярих нь үндэслэлтэй байна. Харин хариуцагч Ц.У болон Д.Э нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Хариуцагч Ц.У нь уг 55,000,000 төгрөгийг С ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулаагүй, харин өөрийн эзэмшлийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ц.У д холбогдуулан 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч тал ... Д.Э , Ц.У нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Харин хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс 55,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч Д.Э нь С ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ багйуулсан. Хариуцагч Ц.У нь уг 55,000,000 төгрөгийг С ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулаагүй, өөрийн эзэмшлийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Ц.У биш, С ХХК байх тул хариуцагчаа зөв тодорхойлох шаардлагатай гэж маргажээ.
Хариуцагч Ц.У д шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул өөрийн эзгүйд өмгөөлөгч Б.З ыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр бичгээр шүүхэд мэдэгдсэн, мөн хариуцагч нь шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Д.Э нь С ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр С ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам гэх газарт Гачуурт гарден цогцолборын ... тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулж, Д.Э т хүлээлгэн өгөх, Д.Э нь орон сууцны үнэ 176,400,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, Д.Э , С ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ц.У г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, 55,000,000 төгрөгийг шаардсан болно.
Нэхэмжлэгч Д.Э , С ХХК-иудын хооронд байгуулагдсан дээр дурдсан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ болон У ХХК гэх тэмдэг дарагдсан Кассын орлогын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байрны урьдчилгаа төлбөр гэх гүйлгээний утга бүхий 55,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн ордерыг хариуцагч үгүйсгээгүй, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн ... 55,000,000 төгрөгийг хариуцагч Ц.У хүлээн авсан, өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... байрны урьдчилгаанд 55,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ц.У д хүлээлгэж өгсөн гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.Э , хариуцагч Ц.У нарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээний харилцаа үүсээгүй боловч 55,000,000 төгрөгийг хариуцагч Ц.У нь хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч Ц.У г Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, мөн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Ц.У гаас 55,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.У гаас 55,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 432,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР