Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/309

 

 

2024       07         01                                           2024/ШЦТ/309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Зт холбогдох эрүүгийн 242500******** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Увс аймаг Тэс суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт *************************** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Х овогт Б-ын З /РД; ***********/,

Шүүгдэгч Б.З нь;

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанд татагдаж, ******** аймаг ****-****** сум Говил баг Зэвсэгт хүчний ****** дугаар ангид хугацаат цэргийн алба хаах үедээ 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүршүүрийн өрөөнөөс олсон төмөр боолтыг залгиж, өөрийн биед гэмтэл учруулах аргаар цэргийн албанаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Б.З дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би боолт залгисан үйлдэлдээ үнэхээр их харамсаж байгаа, ...прокурорын тогтоолыг зөвшөөрч байна.” гэсэн хавтаст хэргийн 46-48, 68-69 дэх талуудад авагдсан мэдүүлгүүдээс гадна,

Зэвсэгт хүчний *** дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Т-ийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай; “...Тус ангийн танкийн ротын I салааны сумлагч Б овогтой байлдагч З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн цэргийн албаны эсрэг гэмт хэргийг биедээ гэмтэл учруулах аргаар цэргийн албанаас зайлсхийх буюу 28.6 дугаар зүйлийг зөрчсөн тул хуулийн дагуу шалгаж өгнө үү.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

цэргийн алба хаагч Б.З-ын дэлгэрэнгүй судалгаа /хавтаст хэргийн 7-8  дахь тал/,

Зэвсэгт хүчний *** дугаар ангийн байранд хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-11, 12-13 дахь тал/,

Б.Б-аас гаргаж өгсөн, улаан өнгийн тагтай, хуванцар савтай бараан өнгийн нэмэх толгойтой хугархай шуруп нэг ширхэгийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15, 16 дахь тал/,

гэрч Б.М-ын “...2024 оны 1 дугаар сарын 26-ны өдөр Б.З шуруп буюу төмөр боолт залгисан гэх мэдээг би салаан захирагчаас нь анх сонссон,  ... хагалгаагаар түүний олгойноос гадны биет буюу төмөр боолт залгисан байсан. Энэ тухай Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв болон цэргийн ангийн эмнэлгийн албанд үзүүлж байхдаа хэлээгүй, “гэдэс өвдөөд байна” гэж ярьж байсан, харин эмнэлгийн албаны дарга “гадны биет залгисан байж магадгүй” гээд хэвлийн тойм зураг авхуулахад боолт залгисан байсан нь харагдсан. Тэгээд үүнийг нь гадагшлуулах зорилгоор...эмчилгээ явуулсан боловч уг эмчилгээний эсрэг Б.З үйлдэл хийж байсан, уг гадны биет нь гадагшлахгүй байсан учраас Улаанбаатар хот руу салаан захирагчийн хамт явсан. ...эмнэлгийн албаны дарга байлдагч Б.З-той ярилцлага хийхэд хаанаас авснаа хэлээгүй, харин боолтыг “өөрөө залгисан” талаараа хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

гэрч М.Б-ийн “...Б.З-той цэргийн ангид ирээд танилцсан. ...Намайг ангийн дотоод манаанд гарч байхад “Б.З боолт залгичихсан байна” гээд ангийн эмнэлэгт үзүүлээд, нэгдсэн эмнэлэг рүү авч явж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

гэрч Г.А-ийн “...2024 оны 1 дүгээр сарын 26-ны орой штабын дарга залгаад “Б.З-ын бие өвдлөө” гэхээр нь хойд эмнэлэг рүү...очтол олгойн шинжтэй өвдөлт ярьж байгаад, эмнэлэгт үзүүлэхэд “ходоод, элэг цөсний оношгүй, хэвийн” гээд явуулах гэж байхад нь эхо-д харсан чинь хэвлийн тойм зурагт гадны биет байсан. ...2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хагалгаанд ороод биеэс нь төмөр боолт гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

гэрч Д.Б-ийн “...Б.З нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 186 дугаар цэргийн ангийн танкийн ротын 1 дүгээр салааны сумлагчаар татагдаж ирж, хугацаат цэргийн алба хааж байсан...2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Б.З-ын “гэдэс гүйлгээд хэвлийгээр өвдөж байна” гээд эргүүлээр гарч байсан ахлах ахлагч Б-ийн хамт Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж ЭХО-д харуулахад “гадны биет байгаа” талаар хэлж гаргах арга хэмжээ авсан боловч гарахгүй байсан тул миний бие 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн орой галт тэргээр Улаанбаатар хот руу авч яваад 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өглөө галт тэрэгнээс бууж цэргийн нэгдсэн эмнэлэгт очиж түүнийг хэвтүүлэн эмчлүүлэхээр болж хэд хоног гадны биетийг өөрөөр нь гаргах гэсэн боловч гарахгүй байсан тул хагалгаа хийж гаргаж ирээд би өөрийн биеэр хагалгаа хийсэн эмчээс нь хүлээж авахад хар өнгөтэй, нэмэх толгойтой хар шуруп байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

гэрч С.С-ын “...би Б.З-ын хэвлийг нээж шалгах, гадны биетийн байрлалыг олох, гадны биетийг авах мэс засал хийсэн, Б.З-ын хэвлийн бүдүүн гэдэсний мухар олгойн үзүүр хэсэгт орж байрласан жижиг хэмжээтэй, мохоо үзүүртэй шурупыг мэс заслаар гарган авсан. ...Б.З-ын биеэс гарсан шурупыг ангийн эмч Алтангэрэлд өгч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Т-ийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 247 дугаартай албан бичгийн хавсралт болох 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай; “...Б.З Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 441 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 255 дугаар заалтыг үндэслэн уг өвчний учир “Цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэхгүй” гэж шийдвэрлэв.” гэх цэргийн эмч нарын комиссын магадалгаа /хавтаст хэргийн 121, 122 дахь тал/,

шүүгдэгч Б.З-ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 133 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн алба хаагч өөрийн биед гэмтэл учруулах аргаар цэргийн албанаас зайлсхийсэн.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,

тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч Б.З нь ухамсарлан ойлгосон байх тул

шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Бусад асуудал;

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн улаан өнгийн тагтай, хуванцар савтай бараан өнгийн нэмэх толгойтой хугархай шурупыг  шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Х овогт Б-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн алба хаагч өөрийн биед гэмтэл учруулах аргаар цэргийн албанаас зайлсхийсэн.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 28.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.З-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.З-т мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн улаан өнгийн тагтай, хуванцар савтай бараан өнгийн нэмэх толгойтой хугархай шурупыг  шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э